Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 159/ШШ2022/0005

 

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, “Сэлэнгэ минералс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/44 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            “Сэлэнгэ минералс” ХХК 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Манай компани Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг Бортолгой, Угалзын хоолой гэх газарт 2006 оноос хойш XV-008947 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд 4.625.25 га талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулж, 2014 онд MV-017548 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 574.98 га талбайд 40 жилийн хугацаатай буюу 2044 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаагаар зохих хууль тогтоомжийн хүрээнд авсан. Дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу уурхайн эдэлбэр газрын гэрээ байгуулах хүсэлтийг компанийн зүгээс гаргаж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/19 дугаар захирамжаар уурхайн эдэлбэр олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулан, 000315587 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан.

            Манай компани MV-017548 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2016, 2017 онуудад 5 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн Баяжуулах үйлдвэр, тэсрэх бодисын агуулах, хаягдалын талбай, лабораторын бүтээн байгуулалтын ажлыг хийж, хөрөнгө оруулалт зогссонтой холбоотойгоор үйл ажиллагаагаа 2018 оноос зогсоосон. 2020 оноос үйл ажиллагаагаа сэргээж, хөрөнгө оруулалт татахаар ажиллаж эхэлсэн боловч Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал өвчний улмаас удааширч, 2021 оны 7 дугаар сараас эхлэн Ашигт малтмал, газрын тосны газар Уулын ажлын төлөвлөгөө батлуулан бэлтгэл малталтын ажил хийж эхэлсэн.

            Гэтэл Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/44 дугаар захирамжаар манай компанийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр уурхайн эдэлбэр газрын зориулалтаар 574.78 га газар эзэмших эрх авсан боловч тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 5 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр 000315587 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Уг захирамж болон 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн хүчингүй болгосон мэдэгдлийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гардаж авсан. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/44 тоот захирамжийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

            Нэг. Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн.

            1.Захиргааны ерөнхий 26, 27 дугаар зүйлд заасны дагуу аливаа төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэн, хуулийн этгээдэд чиглэсэн шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийхээр зохицуулсан байдаг. Гэтэл Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/44 тоот захирамж гаргаж, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд байгуулсан уурхайн эдэлбэр газар  эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо “Сонсох ажиллагаа” хийгээгүй, эрх ашиг нь хөндөгдөх манай компанийн тайлбар, саналыг сонсохгүй хууль ёсны эрхийг хааж, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн.

2.Манай компани 2021 оны 7 дугаар сараас үйл ажиллагаагээ эхлэхдээ Ашигт малтмал, газрын тосны газраар уулын ажлын төлөвлөгөөг батлуулан, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/60 дугаартай албан тоотоор Уурхайн үйл ажиллагааны талаар, 01/61 дугаартай албан тоотоор Компанийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэх удирдлага солигдсонтой холбоотойгоор манай компанийн эзэмшлийн газар, түүний татварын өр төлбөрийн талаарх мэдээллийг гарган өгч, бидний ажилд туслалцаа үзүүлэхийг хүсч, үүссэн өр төлбөрийг богино хугацаанд барагдуулан, холбогдох гэрээ хэлцэлийг зохих журмын дагуу байгуулан ажиллах болохоо мэдэгдсэн. Уг албан тоотуудад хариу өгөхгүй, компанийн ажилчид очиж уулзахаар газрын даамал, Засаг дарга нь зөвхөн гүйцэтгэх удирдлагатай уулзана гэдэг хариу өгч, уулзахаар очихоор томилолттой гээд байдаггүй байсан. Ингээд дахин 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 01/01 дугаартай албан тоотоор ахуйн хог хаягдалын гэрээ, орон нутагтай хамтран ажиллах гэрээ, газрын хянан баталгаа, төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ажил хийгдэх тул Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус үнэлгээг хийлгэхэд татгалзах зүйлгүй албан тоот гаргах өгөхийг, 01/02 дугаартай албан тоотоор Компанийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэх удирдлага солигдсонтой холбоотойгоор манай компанийн эзэмшлийн газар, түүний татварын өр төлбөрийн талаарх мэдээллийг гарган өгч, бидний ажилд туслалцаа үзүүлэхийг хүсэж, үүссэн өр төлбөрийг богино хугацаанд барагдуулан, холбогдох гэрээ хэлцэлийг зохих журмын дагуу байгуулан ажиллах болохоо дахин илэрхийлсэн.

Гэвч мөн л уг албан тоотод хариу өгөхгүй, уулзахаар очихоор байхгүй, уурхай дээрх ажилчид явуулахаар зөвхөн захиралтай чинь уулзана гэдэг. Ингээд 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол сумын Засаг дарга, газрын даамалтай уулзахад танай компанийн уурхайн эдэлбэр газрыг 3-н шалтгаанаар цуцлаж, кадастрын цахим системээс газрыг устгасан гэдэг мэдээлэл өгсөн. Энэ нь Иргэдийн төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Хоёр. 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн мэдэгдэл, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/44 тоот захирамжийн үндэслэл хэсгийн тухайд:

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй:

Манай компанийн 2016, 2017 оны газрын төлбөрөө хуулийн хугацаанд төлсөн бөгөөд 2018 оноос хойш үйл ажиллагаа зогсож, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/61 дугаартай албан тоот, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01/02 дугаартай албан тоотоор компанийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэх удирдлага солигдсонтой холбоотойгоор манай компанийн эзэмшлийн газар, түүний татварын өр төлбөрийн талаарх мэдээллийг гарган өгч, бидний ажилд туслалцаа үзүүлэхийн хүсэж, үүссэн өр төлбөрийг богино хугацаанд барагдуулан, холбогдох гэрээ хэлцэлийг зохих журмын дагуу байгуулан ажиллах болохоо мэдэгдсэн боловч хариу өгөөгүй. Улмаар 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Засаг дарга, газрын даамалтай уулзахад газрын нөхөн бүрдүүлэлт хийгдээгүй тул татвар бодогдох боломжгүй гэдэг тайлбар өгсөн. Үүнээс өмнө манай албан тоотоор газрын төлбөрийг гаргаж өгөхийг хүссэн албан тоот удаа дараа өгч, газрын төлбөрөө төлөхөө илэрхийлсээр байхад ямар нэгэн санаачилга гаргаагүй байдлаар дүгнэж, газрын нөхөн бүрдүүлэлтээс шалтгаалан газрын төлбөр бодогдохгүй байгаа талаар манай компанид мэдэгдээгүй, мэдэгдэх үүргээ газрын даамал хэрэгжүүлээгүй, төрийн байгууллага, албан тушаалтны санаатай, санамсаргүй эс үйлдэхүйгээс шалтгаалж, манай компани газрын төлбөрөө төлж чадаагүй болно. Мөн 2020 он, 2021 оны эхний хагас жилд дэлхий нийтийг хамарсан цар тахал өвчин бүх нийтийг хамарсан хөл хорионы улмаас орон нутагт зорчих боломжгүй байсан.

2.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 5 жил дараалан ашиглаагүй:

Манай компани нь MV-017548 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 574.98 га талбайд 40 жилийн хугацаатай буюу 2044 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаагаар зохих хууль тогтоомжийн хүрээнд авсан. Дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу уурхайн эдэлбэр газрын гэрээ байгуулах хүсэлтийг компанийн зүгээс гаргаж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/19 дугаар захирамжаар уурхайн эдэлбэр олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулан, 000315587 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан.

Уг уурхайн эдэлбэр газарт зөвхө нэр бүхий /эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан/ ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулах бөгөөд үүнийг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг, олборлолтын үйл ажиллагаа явуулах эсэх тухай тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийн асуудал бөгөөд олборлолт болон бэлтгэл ажил хийгдэх тохиолдолд жил бүр уулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар батлуулан, түүнийхээ хүрээнд ажиллаж, тайлагнадаг. Уурхайн эдэлбэр газрын эрхийн гэрчилгээ бол Газрын тухай хуулийн дагуу орон нутагт газрын төлбөр төлөх зохицуулалттай. Гэтэл Засаг дарга захирамжиндаа зориулалтын дагуу 5 жил ашиглаагүй гэжээ. Манай компани 2018, 2019, 2020 онуудад хөрөнгө оруулалт, дэлхий нийтийг хамарсан цар тахал ковид-19 өвчний улмаас олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд Засагийн газраас дотоод хөл хориог цуцалсантай холбоотойгоор 2021 оны 7 дугаар сараас уурхайн бэлтгэл малталтын ажил явуулах уулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмал, газрын тосны газраар батлуулан ажиллаж эхэлсэн. Гэтэл Засаг дарга ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газарт 5 жил үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газраар зохих уулын ажлын төлөвлөгөөг батлуулан ажиллаж байгаа компанийн уурхайн эдэлбэр газрыг цуцалж байгаа нь илт үндэслэлгүй, хууль буруу хэрэглэсэн шийдвэр гэж үзэж байна.

3.Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй:

Манай компани нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу уурхайн эдэлбэр газрын гэрээ байгуулах хүсэлтийг компанийн зүгээс гаргаж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/19 дугаар захирамжаар уурхайн эдэлбэр олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулан, 000315587 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай авсан. Уг уурхайн эдэлбэр газрын эзэмших эрхийн хугацаа 2031 онд дуусахаар байтал илт үндэслэлгүй, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/44 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны эрхийг хамгаалж өгнө үү.” гэжээ.

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга Р.Батжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нэхэмжлэл гаргасан “Сэлэнгэ минералс” ХХК нь Баянгол сумын Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/19 дугаартай захирамжаар MV-017548 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлд заагдсан 574,98 га газрыг уурхайн эдэлбэр газрын зориулалтаар газар эзэмших эрх авч гэрээ байгуулж гэрчилгээ авсан.

1.2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмшигчтэй гэрээ байгуулж газар эзэмшигчийн эрх үүргийг гэрээнд заасны дагуу тодруулж танилцуулан улмаар тухайн оны газрын төлбөр 4607680 төгрөгийг “Сэлэнгэ минералс” ХХК нь Сэлэнгэ төрийн сангийн 100130000943 тоот дансанд төлсөн.

2.2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тухай газар эзэмшигч “Сэлэнгэ минералс” ХХК-ийн гэрээг дүгнэж гэрээний дундаж үзүүлэлт 82 хувьтай дүгнэгдсэн. Газрын төлбөрийг 1 дүгээр сарын 20-нд 2303840 төгрөг, 11 дүгээр сарын 02-нд 2303840 төгрөг, нийт 4607680 төгрөг буюу гэрээнд заасан төлбөрийн хэмжээнээс 24160 төгрөгийг дутуу төлсөн болно.

3.2018 оноос тухайн компани үйл ажиллагаа доголдож авсан зориулалтын дагуу үйл ажиллагааг тухайн газар дээр явуулаагүй бөгөөд компанийн эзэн, гэрээ байгуулсан ОНХА-ны дарга Г.Цэрэнтогтох нар огт холбоо харилцаагүй болсон. Энэ онд газар эзэмших эрхийн гэрчилгээг дүгнүүлээгүй бөгөөд сунгуулах тухай хүсэлт ч ирээгүй болно. Газрын төлбөрийн дансны шүүлтээр 2018 оны 3 дугаар сарын 28-нд 2304000 төгрөгийг төлсөн болохыг тогтоосон. Газар эзэмшүүлэх гэрээний 3.5-д “Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамаарах хугацаанд нь төлөх” гэж заасныг зөрчсөн.

2019, 2020, 2021 онуудад тухайн газарт зориулалтын дагуу ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр огт төлөөгүй зэрэг нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй гэж үзсэн. Нэхэмжлэлийн 1 дүгээрт заасан газрын төлбөр төлөх боломжоор хангаагүй, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01/02 тоо албан бичгийн хариу өгөөгүй гэдэг тухайд дараах тайлбараар няцааж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ. Үүнд:

2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтөөр газрын нэгж талбарын дугаар, газрын эзэмшил ашиглалтын төрөл, газрын суурь үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс талбайн хэмжээ газрын суурь үнэлгээ, төлбөр төлөгч, төлбөрийн хувь хэмжээ, ногдуулалт төлөлт болон холбогдох бусад мэдээллийг цахим бусад хэлбэрээр газрын төлбөрийн болон татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага харилцан солилцохоор заасан.

Энэхүү хуулийн хүрээнд газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар болон Татварын ерөнхий газар хамтран дундын мэдээллийн сан байгуулан газрын төлбөр татварын системийг Татварын удирдлагын нэгдсэн системтэй холбож, харилцан мэдээлэл солилцох ажлыг Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 2020 оны А/05 тоот тушаалаар 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд нэвтрүүлж эхэлсэн. Газрын төлбөр, татварын системийг газрын төлбөр, татвар, улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хураамжийг ногдуулах болон үүнтэй холбоотой өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тухайн ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар нь 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн хэмжээнд газар эзэмшигч иргэн аж ахуйн нэгж байгууллагын газрын төлбөрийн ногдуулалтыг татварын удирдлагын нэгдсэн системд илгээж холболтын ажил хийгдсэн. Газрын төлбөр татварын системийг Татварын удирдлагын нэгдсэн системтэй холбож, харилцан мэдээлэл солилцох ажил хийгдэх явцад буюу 2020 оны 01 дүгээр улирлын байдлаар Сэлэнгэ газрын төлбөрийн 100130000943 данс нь хаагдаагүй тул тухайн дансанд газрын төлбөр төлөлт хэвийн төлөгдөх үйл ажиллагаа явагдаж байсан. 100...943 тоот дансаар 2020 оны 01 дүгээр улирлын байдлаар 315 иргэн аж ахуйн нэгж байгууллагын 61665513 төгрөг төсөвт орсон байна. Иймд “Сэлэнгэ минералс” ХХК нь газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд 100130000943 тоот дансанд 2018, 2019, 2020 онуудын газрын төлбөрийг төлөх боломжтой байсан гэж үзэж байна.

2.Нөхөн бүрдүүлэлтээр Газрын кадастрын мэдээллийн санд оруулах боломжгүй байсан талаар дараах тайлбарыг гаргаж байна. Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/181 тоот тушаалаар батлагдсан “Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн систем ажиллуулах журам”-ын 9.7-д “Шинээр үүсэх нэгж талбарыг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх тохиолдолд газар зохион байгуулалтын баталгаажуулсан төлөвлөгөөний давхараас оруулна.” “Сэлэнгэ минералс” ХХК-ийн эзэмшлийн газрыг систем нөхөн бүрдүүлэлтээр оруулахаар ажлын нэгж талбар үүсгэхэд

а/ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны А/197 дугаар захирамжаар 0,5 га өвөлжөө фермерийн зориулалтын газар эзэмшигч иргэн Я.Даваадуламын 1 нэгж талбар,

б/ сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/204 дугаар захирамжаар 0,5 га өвөлжөөний зориулалтын газар эзэмшигч иргэн П.Төмөртулга, Р.Батжаргал нарын 2 нэгж талбар,

в/ сумын Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/183 дугаар захирамжаар 12,97 га үр тарианы зориулалтаар газар эзэмшигч иргэн Р.Батжаргалын 1 нэгж талбартай тус тус давхцалтай байгаа тул Газрын тухай хууль болон газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж газрын гэрээ гэрчилгээг шинээр үүсгэж эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлж Э дугаар авч газрын төлбөрийн бодолтыг хийх байсан тул нэхэмжлэхийн шаардлагыг хүлээн авах нөхцөлгүй.

Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн систем ажиллуулах журмын 9.10.4-д Эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлж дугаар авсны дараа газар эзэмших, ашиглах, эрхийн гэрээний төслийг системд бүртгэж тухайн нэгж талбарын төлбөрийн бодолтыг хийнэ. Журмын 13.1.5-д “Эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр мэдээллийн санд нэгж талбарын мэдээллийг засварлахыг хориглосон” тул захирамжийг хуулийн дагуу хүчингүй болгосон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ.” гэжээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...  Нэхэмжлэгч “Сэлэнгэ минералс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Шинэбаатар, хариуцагч Баянгол сумын Засаг дарга Р.Батжаргал нар харилцан тохиролцож дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулав.

Нэхэмжлэгчийн зүгээс: Ашиглалтын лицензтэй талбай Сэлэнгэ аймгийн Баянгол сумын хараа 1 дүгээр багийн нутаг Бор толгойн Угалзын хоолойд байрлах нэгж талбарын 170300315 дугаар бүхий 574,9 га-д хамаарах 3 айлын өвөлжөөний газар, иргэн Н.Хүрэлчулуун “Хүрэл Өлзий” ХХК-ийн эзэмшлийн тариалангийн талбайн давхацсан хэсгийг хасч уурхайн эдэлбэр газраа үргэлжлүүлэн эзэмших, газрын төлбөртэй холбоотой асуудлыг нэхэмжлэгч тал хариуцан шийдвэрлэх, нэхэмжлэгч, хариуцагч тал Ашигт малтмалын тухай хуулинд заасны дагуу хамтран ажиллах нийгмийн хариуцлагын гэрээг байгуулна.

Хариуцагчийн зүгээс: Хариуцагч Баянгол сумын Засаг дарга Р.Батжаргал Баянгол сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/44 дүгээр захирамжийг талууд харилцан тохиролцож эвлэрч байгаа тул хүчингүй болгох, нэхэмжлэгч кадастрын шинэчилсэн зураг хийлгэсний дараа газар эзэмших гэрээ, гэрчилгээг боломжит хугацаанд шийдвэрлэж өгөх.

Талууд нэхэмжлэлийн шаардлагад заасан асуудлаар дахин шүүхэд маргахгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Сэлэнгэ минералс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/44 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч “Сэлэнгэ минералс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Шинэбаатар, хариуцагч Баянгол сумын Засаг дарга Р.Батжаргал нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж заасан бөгөөд хариуцагч 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” эрхтэй гэж заасан бөгөөд 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.3-д “Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар болох шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг, мөн нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасныг танилцуулж, нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг баримтлан “Сэлэнгэ минералс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/44 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “Сэлэнгэ минералс” ХХК нь уг асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.ОДБААТАР