Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2026/0550

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

          Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга М.Э

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч  “Г” ХХК

          Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

 

          Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” *** дугаар шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0421 дүгээр шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х

          Хэргийн индекс: 128/2026/0206/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” *** дугаар шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 421 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаанд түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байна.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга М.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” ** дугаар тогтоол нь өмнө гарсан Засгийн газрын тогтоолуудаар авсан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг үргэлжлүүлэн сунгасан тогтоол бөгөөд уг тогтоолуудаар иргэдийн хөл хориог хязгаарлаагүй, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”,  34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус хуульчилсан.

          3.2 Гэтэл “Г” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан тусгай зөвшөөрлийг олгосон өдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дотор төлөх ба мөн зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс өмнө төлөх ёстой байсан. Учир нь холбогдох эрх бүхий байгууллагаас Ковид-19 цар тахалтай холбогдуулан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аливаа асуудлыг зохицуулаагүй бөгөөд Засгийн газрын дээрх тогтоолуудаар банк, санхүүгийн үйл ажиллагааг хязгаарлаагүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох” гэж хуульчилсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх талаар төсөөтэй харилцааг зохицуулсан Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж 6.1.41 дэх заалтын г-д “хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс алданги тооцуулах, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхээ хянуулах боломжтой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

          3.3 Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 421 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-ын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

          Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;

          3. “Г” ХХК нь  Ө аймгийн Б сумын нутагт, ..... нэртэй газарт орших 758 гектар талбай бүхий MV-00****  дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан.

          4. Маргаж буй Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” *** дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр “Г” ХХК-ийн MV-00**** дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

         5. “Г” ХХК-иас 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмал, Газрын тосны газрын даргад гомдол гаргаж, тус Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1/**** дугаар албан бичгээр “...танай хүсэлтийн дагуу МВ-00**** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх боломжгүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргах хугацаа хэтэрснийг үүгээр мэдэгдэж байна” гэх хариуг өгсөн байна.

          6. Үүний дараа “Г” ХХК-иас 2025 оны 10 дугаар сарын 28-ний өдөр Ашигт малтмал, Газрын тосны газрын даргад “...2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/**** тоот албан бичгээр ирүүлсэн хариу нь үндэслэлгүй байх тул миний гаргасан гомдлыг бүхэлд нь хянаж, тус Газрын Кадастрын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны *** дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэж гомдол гаргасан. 

          7. Ашигт малтмал газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Б 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1/**** дүгээр албан бичгээр “ ... 2021 оны *** дугаар шийдвэрээр “Г” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын МВ-00**** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх ...захиргааны актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба тус асуудлаар ...56 дугаар зүйлийн 56.6-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч шүүхэд хандах эрх нь нээлттэй болно...урьдчилан шийдвэрлэх журмаар гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг нэхэмжлэгчид өгчээ.

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          8. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална”, 56.1.2-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасан.

          9. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож, жил бүр урьдчилан төлөх үүрэгтэй бөгөөд уг төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцох, улмаар хуульд заасан хугацаа хэтэрсэн бол тусгай зөвшөөрлийг цуцлах эрх зүйн үр дагавартай байна.

          10. Анх “Г” ХХК-д 758 гектар талбай бүхий ****А дугаартай ашигт малтмал ашиглах лицензийн гэрчилгээг 2001 оны 03 дугаар сарын 19-ний өдөр олгосон байх ба нэхэмжлэгч жил бүрийн 03 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө дараа жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилж төлөх бөгөөд уг хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд алдангийн хамт төлөх сүүлийн хугацааг тухайн жилийн 04 дүгээр сарын 18-ны өдөр гэж тодорхойлохоор байна.

          11. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн  “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 09 дүгээр тогтоолын 6-д “Хуулийн ... 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 62 дугаар зүйлийн 62.6-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж тус тус заажээ.

          12. Нэхэмжлэгчээс “...тухайн цаг хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахлын хүрээ хязгаар буураагүй, зарим сумдад хязгаарлалт тогтоосон зорчих хөдөлгөөнд оролцох боломжгүй нөхцөл байдалтай байсан. ...хуулийн 56.3, 56.4-д заасан зохицуулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдлыг хянан үзэх, түүний үндсэн дээр тусгай зөвшөөрлийг цуцлах, ...30 хоногийн хугацаанд гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрх байсан. Гэтэл 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс тооцож 5 сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд манай компаниас өөрт учирсан хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох боломж олгоогүй. ...бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргахдаа урьдчилан мэдэгдэх, оролцоог хангаагүйгээс хуульд заасан хугацаанаас өмнө цуцлагдаж энэ үр дагаварт хүрсэн...” гэж маргаж буй нь доорх тогтоогдсон нөхцөл байдлуудаар үндэслэлгүй байна.

          13. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хариуцагчаас “Г” ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй тул хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 8/**** дугаар албан бичгийг “Г” ХХК-д, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 8/**** дугаар албан бичгийг “Х” ХХК-д тус тус хүргүүлжээ.

          14. Монгол шуудан Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 18/*** дүгээр шүүхэд ирүүлсэн албан бичгээр “...“Г” ХХК-д хүргүүлсэн 8/**** дугаар албан бичгийг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 18 цаг 13 минутад Б дүүргийн ** дугаар хороо, “Г” ХХК-ийн бичиг хэрэг, нарийн бичиг н.М-д, “Х” ХХК-д хүргүүлсэн 8/**** дугаар албан бичгийг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 19 минутад С дүүргийн * дүгээр хороо, “Х” ХХК-ийн байранд бичиг хэрэг, нарийн бичиг н.Б-д тус тус гардуулсан” болох нь холбогдох баримтаар тогтоогдож байна.

          15. Мөн хариуцагчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 8/**** дугаар албан бичгээр “...2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар шийдвэрээр MV-00**** дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан” тухай мэдэгдлийг “Г” ХХК-д хүргүүлсэн болох нь Монгол шуудан Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18/*** дүгээр албан бичгээр “...тус мэдэгдлийг 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 18 цаг 46 минутад Б дүүргийн ** дугаар хороо, “Г” ХХК-ийн байранд бичиг хэрэг, нарийн бичиг н.М-д гардуулсан” талаар баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

          16. Дээрх баримтуудаас үзэхэд, хариуцагчаас I) Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7-д заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 8/1225 дугаар албан бичгээр “Г” ХХК-д MV-00**** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг, II) мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2-т заасан үндэслэл бүрдсэн тул 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” *** дугаар шийдвэрээр “Г” ХХК-ийн MV-00**** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж, энэ талаар 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 8/2158 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн тус газарт бүртгүүлсэн албан ёсны хаягаар гардуулж, хүргүүлсэн болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийг хуульд заасан мэдэгдэх, хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй  байна.

          17. Хариуцагчаас давж заалдах гомдолдоо “...Засгийн газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” ** дугаар тогтоол нь өмнө гарсан Засгийн газрын тогтоолуудаар авсан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг үргэлжлүүлэн сунгасан тогтоол бөгөөд иргэдийн хөл хорио болон банк, санхүүгийн үйл ажиллагааг хязгаарлаагүй, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх талаар төсөөтэй харилцааг зохицуулсан Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж, 6.1.41 г-д “хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс алданги тооцуулах, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхээ хянуулах боломжтой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм” гэх гомдлыг гаргасан.

          18. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн *** дүгээр албан бичигт “...“Г” ХХК-ийн ерөнхий захирал Л.Ч нь 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Ц суман дахь газар тариалан, мал аж ахуйн салбартаа тусгаарлалтад байгаа бөгөөд 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн зорчих хөдөлгөөнд оролцох боломжтой” гэж, мөн сумын Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаар албан бичигт ”...газар тариалангийн үйлдвэрлэл богино хугацаанд буюу жилийн 4 дүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал явагддаг тул Л.Ч нь Ц сумын Т * дугаар багийн .............. хаяг бүхий өөрийн эзэмшлийн газарт дээрх хугацаанд түр оршин суудаг болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолтыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгчээ.

          19. Энэ тохиолдолд маргаж буй захиргааны акт 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гарснаас хойш нэхэмжлэгчээс 5 жил, 3 сар гаруй хугацааны дараа захиргааны байгууллагад гомдол гаргасан, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нөхцөл байдал, үндэслэл тогтоогдохгүй байна.

          20. Иймд нэхэмжлэгч нь өөрөөс хамаарах буруутайн улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7-д заасныг хэрэгжүүлж ажиллаагүй бөгөөд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг хүлээн авсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульд заасан хугацаанд 2022 оны тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэж үзнэ.

          21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь цаашид зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал нь маргааны үр дагаварт голлох ач холбогдолтой байхын зэрэгцээ шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн боловч тэрхүү тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлийг шаардана.

          22. Шүүх хэргийн оролцогчдоос гаргасан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн нийт нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж, үнэлсний үндсэн дээр талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн, уг харилцааны хүрээнд хэн ямар эрх, үүрэг хүлээсэн, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлсэн буюу хэрэгжүүлээгүй, улмаар маргаан чухам ямар үйл баримт, үндэслэлээр үүссэн талаар тодорхой дүгнэлт хийх боломжтой болсон тохиолдолд хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.

          23. Энэ хэргийн тухайд хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч “Г” ХХК нь MV-00**** дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн 2022 оны төлбөрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульд заасан хугацаанд төлөөгүй, хариуцагчаас хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдэл болон цуцалсан захиргааны актыг тухай бүр нь хүргүүлсэн, мэдэгдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд маргаж буй захиргааны акт болох 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” *** дугаар шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

          24. Анхан шатны шүүхийн “маргаан бүхий акт 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаанд түдгэлзүүлж” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтрээгүй байжээ.

          25. Учир нь шүүх нэхэмжлэгчээс төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх, улмаар хариуцагчийн гаргасан шийдвэр хуульд нийцсэн эсэх үйл баримтыг тогтооход шаардлагатай нотлох баримтуудыг хэрэгт цуглуулсан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр дүгнэлт хийж, хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

           Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-ын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 421 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” *** дугаар шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-ын давж заалдах гомдлыг хангасугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                           Б.АДЪЯАСҮРЭН

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА