Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 01308

 

        Д.О, Д.Б нарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00897 дугаар шийдвэртэй, Д.О, Д.Б нарын нэхэмжлэлтэй, С.О, Т.С нарт холбогдох

 Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 80 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч С.О-ийн өмгөөлөгч Б.Б-ын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Б, хариуцагч С.О-ийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Т.С-ын өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Д.О, Д.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б миний бие 2014 оны 12 дугаар сард эгч Д.О-д байр авах гэж хайж байгаад Я.Б, Т.С нартай уулзсан. Тэгэхэд Т.С нь “ашиглалтанд ороогүй, карказ нь боссон байр байна, би 2 машин өгөөд уг байрыг бартераар сольж авч байгаа, энэ байрыг хямд авах уу” гэхээр нь би эгчтэйгээ очиж байрыг үзэхэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд баригдаж байгаа 12 давхар орон сууц байсан. Барилгын ажлыг гүйцэтгэж байсан хүнийг С.О гэж байсан бөгөөд түүнтэй уулзаад “та надтай бартераар гэрээ хийх үү” гэхэд зөвшөөрсөн. Тухайн барилгын захиалагч “Б” ХХК-ийн нягтлан бодогч, менежертэй уулзаж асуухад “С.О-ийн нэр дээр байр байгаа нь үнэн” гэж баталсан. Компаний нэрээр гэрээ хийх гэсэн боловч захирал нь гадаад явсан байсан. Хариуцагч С.О Баянзүрх дүүрэгт миний нэг таньдаг нотариат байгаа, тэнд гэрээ хийгээд нэрээ шилжүүлье гэсэн. Тэгээд С.О, Т.С, Я.Б, Д.О бид нар нотариат орэ хүн бүр дээр  хэлцэл хийж, Т.С, Я.Б нарт 80 000 000 төгрөг өгсөн. Эхлээд 15 900 ам.доллар, дараа нь Капитрон банкнаас эгчийнхээ байрыг тавиад 40 000 000 төгрөг авч өгсөн. Уг байр 2016 оны 03 дугаар улиралд ашиглалтанд орно гэсэн боловч 2016 оны 04 дүгээр сард очиход бидний авах гэж байсан байранд айл орсон байсан. Залилангийн шинжтэй учраас эрүүгийн журмаар шалгуулсан. “Б” ХХК-ийн нягтлантай уулзаад, С.О ажлаа гүйцэд хийгээгүй, 7 000 000 төгрөгийн өртэй учраас зарим байранд өөрчлөлт орсон, энэ талаар Т.С, Я.Б нарт хэлсэн. Иймд Т.С, С.О нараас 80 000 000 төгрөгийг нэхэмжилж, хариуцагч Я.Б-оос татгалзсан байгаа гэжээ.

Хариуцагч Т.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн найз Я.Б-оор дамжуулан С.О, Д.Б нартай автомашин, орон сууцны наймаа хийсэн. Би өөрийн мэдлийн өгөх мөнгө, автомашинаа С.О-д бүрэн хүлээлгэн өгсөн болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан хохирлыг С.О-ээс гаргуулж өгнө үү. 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр С.О-ийн дүү Ц.М нь найзтайгаа барьж байгаа байшингаас  Я.Б-д өгнө гэж хэлээд мөнгө авсан боловч тэр байр нь баригдахаа больсон. Тэгээд уулзахад Ц.М нь манай ах С.О “машин оролцуулж байр авч болно” гэж хэлсэн гэсэн. Тэгээд Ц.М бид гурав Халдвартын эмнэлгийн хойно баригдаж байгаа барилга дээр очиж С.О-тэй анх  уулзсан. Миний 41-42 УБЯ улсын дугаартай Форд экспедейшн /Ford expedition/ авто машиныг үзье, байрны гүйцэтгэл хийж байгаад  байр авна, машин оролцуулж зарж болно гээд миний машиныг авч үлдсэн. Мөн орой нь манай гэрийн гаднаас суудлын 20-17 УНТ улсын дугаартай суудлын Мерседес бенз /Mercedes Benz/ маркийн автомашиныг үзээд С.О нь 2 жижиг байр байна, зөрүүг тооцоод ав гээд авч явсан. Тэгээд Д.Б-тай таарч, авахаар тохирсон байрыг үзүүлсэн.

 Анх Д.Б-аас 3 500 ам.долларыг хүлээж аваад Ц.М өгсөн бөгөөд С.О-тэй утсаар ярихад Ц.М-т өгчих гэсэн. Хэд хоногийн дараа Д.Б, Д.О нарт байрыг шилжүүлж өгсөн. Би өөрт байсан хоёр машинаа С.О-д өгөөд, машиныхаа мөнгийг Д.Б, Д.О нараас авсан. Би өөрийн эзэмшлийн хоёр машинаа С.О-д хүлээлгэж өгч төлбөр тооцоо дууссан. Нэхэмжлэгч нарт төлбөр төлөхөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч С.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 онд Д.Б, Д.О нар энэ асуудлаар Баяннол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан боловч намайг 3 шатны шүүхээс ямар нэгэн мөнгө төгрөг төлөх ёсгүй, энэ хэрэгт холбогдолгүй гэж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би хуурай дүү н.М-т “...надад  машин хэрэгтэй байна, ажлын хөлсөнд байр авахаар болсон” гэдгээ хэлэхэд Т.С, Я.Б хоёрыг танилцуулсан. Тухайн үед Форд экспедейшн /Ford expedition/, Мерседес бенз /Mercedes Benz/ маркийн автомашиныг Т.С-оос авахдаа үнэ хөлсөө тохироогүй, 2 машин авахгүй, надад Ланд 100 маркийн машин өгчих, үлдэх 6 000 000 төгрөгийг байр ашиглалтанд орохоор өгөөрэй гэж хэлсэн. Ланд 100 маркийн машиныг 45 000 000 төгрөгөөр тооцсон. Т.С 2 машинаа үлдээчихье, би таньд Ланд-100 маркийн машин өгнө, та Д.Б, Д.О нартай гэрээ хийчих гэхээр нь гэрээ хийсэн.

 Би 2015 оны 01 дүгээр сард Форд экспедейшн /Ford expedition/ маркийн автомашиныг хөдөө унаж явахад эвдэрсэн, Т.С янзалж өгнө гэсэн. Тэгээд 2015 оны 07 дугаар сард Форд экспедейшн /Ford expedition/ маркийн машинаа янзлана гэж аваад хүнээр эвдүүлсэн. Одоо Мерседес бенз /Mercedes Benz/ авто машин надад байгаа. Би Т.С-оос авсан Мерседес бенз /Mercedes Benz/ маркийн автомашин болон 9 000 000 төгрөгийг өгнө. Миний бие Д.О, Д.Б нараас нэг ч төгрөг аваагүй гэжээ.

     Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.О-ээс 74 258 600 /далан дөрвөн сая хоёр зуун тавин найман мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж Д.О, Д.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 5 741 400 төгрөгийн нэхэмжлэл, хариуцагч Т.С-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгч нар нь хариуцагч Я.Б-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч С.О-ээс 529 243 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

    Хариуцагч С.О-ийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...бид байрны өмчлөгч болохоо тогтоолгохоор шүүхэд хандтал С.О, Я.Б, Т.С нар нь хоорондоо өглөг авлага, маргаантай байсан нь тогтоогдож, байр бидний өмчлөлд шилжих боломжгүй болохыг мэдсэн” гэжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар С.О, Я.Б, Т.С нар хоорондоо маргаантайг мэдсэн боловч  Я.Б, Т.С нарт өгсөн 80 000 000 төгрөгөө С.О-ээс нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Байрны өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй учраас өгсөн зүйлээ буцаан нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд 80 000 000 төгрөгийг Я.Б, Т.С нарт өгсөн тухай шүүхийн шийдвэрийн 2 дахь хуудсанд бичигдсэн байна. С.О нэхэмжлэгч нараас 80 000 000 төгрөг аваагүй бөгөөд Я.Б, Т.С нар авсан болох нь хангалттай тогтоогддог, талууд энэ талаар маргаагүй. С.О нь Т.С-оос нэг машин авсан, миний нэр дээр байгаа буцааж авахгүй байгаа гэж мэдүүлдэг. Харин Форд экспедейшн /Ford expedition/ маркийн автомашиныг С.О аваагүй, нэр нь шилжээгүй бөгөөд тэрээр нэхэмжлэгч нараас авсан 80 000 000 төгрөгөө буцааж өгөөд С.О-ээс нэг машинаа авах боломжтой юм.

     Нэхэмжлэгч нар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргахдаа "....нийт 80 000 000 төгрөгийг С.О-д өгсөн" гэж нэхэмжлэл гаргаж байсан боловч анхан болон давж заалдах шатны шүүх нэгдүгээрт С.О 80 000 000 төгрөг аваагүй, хоёрдугаарт тухайн орон сууцны өмчлөгч болж чадаагүй нь тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн үед миний бартерын гэрээгээр нэхэмжлэгч нартай хийсэн хэлцэлд 80 000 000 төгрөг гэсэн үг үсэг, тохиролцоо байдаггүй.

        Я.Б,   Т.С   нар   С.О-ээс   тухайн   орон   сууцнуудыг бартерын гэрээний дагуу авах бол худалдаж авъя гээд нэг машин өгч байсан зүйл байгаа, гэхдээ тэр машиныг огт үнэлээгүй, тохиролцоогүй. Нэгэнт орон сууцны асуудал бүтэхгүй болсон тул өгсөн машинаа ав, хүнээс авсан мөнгөнүүдээ буцааж өг гэсэн шаардлагыг С.О тавьсаар ирсэн. С.О болон өмгөөлөгчөөс  Я.Б, Т.С гэх хүмүүс дээрх Д.О, Д.Б нараас авсан 80 000 000 төгрөгөө буцааж өгөхгүйн тулд С.О-д машин өгсөн, машины үнийг 80 000 000 төгрөгөөр тохиролцсон гэх мэт зүйл ярьж хэргийг будилаантуулж байна гэж үздэг.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг анхан шатны шүүх зөрчиж, мөнгө аваагүй хүнээс мөнгө гаргуулахаар шийдвэрлэж, мөнгийг авсан хүмүүст холбогдох нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болголоо. Нэхэмжлэгч нар нь хуурай ах Я.Б болон найз Т.С нарт 80 000 000 төгрөгийг өгсөн хэмээн нэхэмжлэл гаргасан атлаа Я.Батболдод холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд шүүх Т.С-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Анхнаасаа нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 62.1.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Я.Б, Т.С, С.О нараас 80 000 000 төгрөгийг гаргуулна гэсэн боловч хэнээс хэдэн төгрөг гаргуулах нь тодорхойгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, С.О-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

         Нэхэмжлэгч Д.О, Д.Б  нар нь С.О, Т.С нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 80 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

        Хариуцагч  С.О нь “Б” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Орон сууцны бартер хөрөнгө оруулалтын гэрээ” тус тус байгуулж, “Б” ХХК-ийн захиалгаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арт 14 дүгээр байрны 62 046 000 төгрөгний үнэ бүхий 48  тоот 2 өрөө, 57 006 000 төгрөгнийн үнэ бүхий 69 тоот 1 өрөө орон сууцыг 2015 оны 3 дугаар улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ. /хх 64-65/

      Хариуцагч С.О нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбартаа 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хэлцлээр “Блю драгон” ХХК-ийн барилгын ажлын хөлсөндөө бартераар авч байгаа дээрх 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.Б-д 57 000 000 төгрөгөөр, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.О-д 62 046 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, төлбөрийг 100 хувь хүлээж авсан гэх боловч уг хэлцлүүдийг нэхэмжлэгч нар захиран зарцуулах эрх бүхий этгээд хийгээгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр байна.  /хх 11-14, 58-63/

      Дээрх хэлцлийн дагуу Т.С нь хариуцагч С.О-д орон сууцны үнэд Форд экспедейшн /Ford expedition/ маркийн 41-42 УБЯ улсын дугаартай автомашиныг 25 000 000 төгрөгөөр, Мерседес бенз /Mercedes Benz/ маркийн 20-17 УНТ улсын дугаартай автомашиныг 35 000 000 төгрөгөөр тооцож хүлээлгэн өгсөн боловч, түүнд Форд экспедейшн /Ford expedition/ автомашиныг буцаан өгсөн үйл баримтууд талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар маргаангүй. 

    Талуудын хооронд байгуулагдсан дээрх хэлцлийн дагуу худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээний дагуу эд хөрөнгүүдийг шилжүүлж өгөх үүргээ хариуцагч Т.С биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзаж, шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгөө шаардсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээний хувьд хариуцагч С.О-ийг гэрээний оролцогч гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүх түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь зөв.  

      Нэхэмжлэгч нар нь худалдах, худалдан авах гэрээний дагуу 80 000 000 төгрөгийг хариуцагч Т.С болон иргэн Я.Б нар төлсөн, уг мөнгөн хөрөнгөөс 9 000 000 төгрөгийг С.О авсан гэх тайлбарыг өөрөө гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэл болох тул хариуцагч С.О-ээс 9 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй.

       Харин хариуцагч Т.С, нэхэмжлэгч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч Т.С талуудын тохиролцооны дагуу орон сууцыг нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгөө Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах эрх үүсчээ.

      Иймд хариуцагч Т.С-д шилжүүлсэн 3500 ам.доллар, 15 900 ам.доллар бүгд 19 400 ам.долларыг Монгол банкны нэг ам.долларын ханш 1 869,2 төгрөгөөр тооцоход 36 258 480 төгрөг дээр бэлнээр өгсөн 38 000 000 төгрөг нийт 74 258 600 төгрөгөөс хариуцагч С.О-ийн хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан 9 000 000 төгрөгийг хасч үлдэх 65 258 000 төгрөгийг хариуцагч Т.С-оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.О, Д.Б нарт олгох нь зүйтэй байна.

        Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч С.О-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00897 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч С.О-ээс 9 000 000 төгрөг, хариуцагч Т.С-оос 65 258 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.О, Д.Б нарт олгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 742 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтад “529 243 төгрөг” гэснийг “158 950 төгрөг, хариуцагч Т.С-оос 484 240 төгрөгийг тус тус” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.О-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Г.ДАВААДОРЖ

                                                                                                           Д.БАЙГАЛМАА