Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/724

 

 

 

 

   2023        11         09                                   2023/ШЦТ/724

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа, 

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Б.Г /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт БГд холбогдох эрүүгийн 2311 01575 1295 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

У овогт БГ, регистрийн дугаар ФА92032134.................................,

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хадам эх, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар ..................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ...................... байгаа гэх,

Урьд: Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдснаар/:

Шүүгдэгч БГ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч А.Ог хардсаны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа зодож, үснээс нь чирж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч А.Огийн “...Би Гансүх гэх хүнтэй хамтран амьдраад 4 жил болж байгаа ба бид хоёр дундаасаа нэг хүүтэй. 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв дээр байж байгаад орой 17 цагийн үед ажлаа тараад нөхөр Гансүхийг дуудсан. Ингээд манай нөхөр ажил дээр ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нэлээн согтуу байдалтай ирсэн бөгөөд бид хоёр уулзсан ба тухайн өдөр Эмнэлгийн ажилчдын баярын өдөр байсан учраас манай эмнэлгийн ажилчид зугаалгаар явахаар болсон байсан ба би яваагүй байсан боловч манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас намайг буруугаар ойлгож бид хоёр хоорондоо маргаан үүсгэсэн. Тэгээд бид хоёр хоорондоо яриад манай эмнэлгийн хажуу тал руу явсан бөгөөд тухайн газар нь ямар нэгэн хяналтын камер байхгүй хэсэгт ирээд зогсож байтал миний утас руу нэг танихгүй дугаар 2-3 удаа залгасан чинь нөхөр уурлаад шууд миний нүүр лүү гараараа нэлээн олон удаа хүчтэй цохисон. Мөн миний толгой руу гараараа цохиод үснээс татаад газар унагаад чирсэн бас хөлөөрөө миний нүүр хэсэг рүү хүчтэй дэвссэн ба миний хамраас цус гараад би цагдаагийн байгууллагад хандсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10196 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “А.Огийн биед зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна” гэжээ /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар тал/,

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Гийн “Би Оюунзаяа гэх хүнтэй 2019 оноос хойш хамтран амьдарч байгаа бөгөөд бид хоёр гэрлэлтийн баталгаагүй, дундаасаа нэг хүүтэй юм. 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр орой 19 цагийн үед эхнэр Оюунзаяа ажил дээр хүрээд ир гэхээр нь би түүний ажил болох Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв дээр ирсэн. Намайг ирэх үед эхнэр Оюунзаяа ажил нь тарчихсан байсан ба бид хоёр тэдний ажлын хажуугийн сааданд суугаад 1 шил хараа нэртэй 0,5 литрийн хэмжээтэй архи хувааж уусан Ингээд эхнэр Оюунзаяа урьд өдөр нь найзуудтайгаа гараад түүнээс үүдэн бид хоёр бага зэрэг маргаантай байсан ба энэ асуудлаа шийдэх гэж байсан боловч эхнэр Оюунзаяагийн утас руу нэг эрэгтэй хүн залгаад одоо хүртэл ууж байгаа юм уу, хаана байна, яваад очъё гэж ярихаар нь би уурлаад түүнийг хардаад толгой руу нь гараараа цохисон мөн түүнийг үснээс татаад газарт унагаад толгой дээр нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Ингээд эхнэр Оюунзаяагийн хамарнаас цус гарсан ба эхнэр Оюунзаяа цагдаагийн байгууллагад хандсан ...” би өөрийн хийсэн буруу үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 45-49 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 41 дүгээр тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч Баянжаргалын Гансүх нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдрагч А.Ог хардсаны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа зодож, үснээс нь чирж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч А.Огийн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10196 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/, Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар тал/, Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7 дугаар тал/, шүүгдэгчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г нь хохирогч А.Ог хардсаны улмаас түүний биед зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд 260 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Б.Г нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүх шүүгдэгч Б.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч А.О нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй ба тэрээр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “... гомдол саналгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

 Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт БГийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.РЕНЧЕНХОРОЛ