Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2020/ДШМ/14

 

 

2020 оны 02 сарын 13 өдөр                               2020/ДШМ/14                                                                Зуунмод

 

 

С.Б-, Г.Б- нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Нэргүй,

Нарийн бичгийн дарга У.Золчимэг нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 09 сарын 05-ны өдрийн 2017/ШЦТ/252 дугаар шийтгэх тогтоолтой С.Б-, Г.Б- нарт холбогдох 201719000165 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Нэргүй давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...С.Б-ын өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан "Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах" тухай хүсэлтийн дагуу хэргийг хянахад: Аймгийн прокурорын газраас С.Б- нарт холбогдох эрүүгийн 201719000165 дугаартай “2017 оны 02 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг "Урангийн хөндий" гэх газарт бэлчиж байсан иргэн Ш.Нэмэхжаргалын эзэмшлийн адуунаас 3 тооны адууг хулгайлж бусдад 1.500.000 төгрөгний хохирол учруулсан" гэх үйлдэлтэй хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч "С.Б-ыг бусадтай бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусад бага бус хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-, С.Б- нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж, шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглээгүй шүүгдэгч нарын эрхийг зөрчсөн байна гэж дүгнэхээр байна.

Учир нь шүүгдэгч нар нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хорих ял хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хорих ял шийтгэнэ" гэж ялын доод хэмжээг 6 сараар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн байхад шүүхээс С.Б-, Г.Б- нарт хорих ялын доод хэмжээг "хоёр жилээр" тогтоосон зүйл ангид заасан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн хуулийг илт буруу хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэхь хэсэгт заасан "хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн" гэх үндэслэл шинээр илэрсэн гэж дүгнэхээр байна.

Иймд С.Б- нарт холбогдох эрүүгийн 201719000165 дугаартай хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн 252 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нэргүй гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг илт буруу хэрэглэснээс болж шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохоор байгаа. Мөн С.Б- нар нь дахин гэмт хэрэг үйлдэж, анхан шатны шүүхээс тэдгээр хэргийг прокурорт буцаасан. Анхан шатны шүүхийн С.Б- нарт холбогдох хэргийг буцаасан шийдвэр нь прокурорын дүгнэлт бичигдсэнээс хойш гарсан. Иймд дүгнэлтэд дурдсан “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр” гаргасан хүсэлтээ өөрчилж, хэргийг прокурорт буцаалгахаар дүгнэлт гаргаж байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Б-, Г.Б- нарт холбогдох эрүүгийн 201719000165 дугаартай хэргийг прокурорын дүгнэлт гаргаснаар хянаж үзлээ.

            Шүүгдэгч С.Б-, Г.Баззаррагчаа нар нь бүлэглэн, машин механизм, тээврийн хэрэгсэл ашиглан, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг “Урангийн хөндий” гэх газарт бэлчиж байсан иргэн Ш.Нэмэхжаргалын эзэмшлийн адуунаас хөх бор морь, шарга морь, сартай зээрд гүү зэрэг нийт 3 тооны адууг хулгайлсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдож, Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 05-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Сартуул овогт Сосоржавын Б-, шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Б- нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-, С.Б- нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

- 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Б-, С.Б- нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж,

- 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан С.Б-, Г.Б- нарын цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж,

- 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 800 000 төгрөгийн үнэ бүхий хонгор халзан морийг улсын орлого болгож,

- 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дахь хэсэгт зааснаар ялтан С.Б-, Г.Б- нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, 3 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж,

- 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дахь хэсэгт зааснаар ялтан С.Б-, Г.Б- нарт тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгож шийдвэрлэжээ.

Прокуророос “... шүүгдэгч нар нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хорих ял хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хорих ял шийтгэнэ" гэж ялын доод хэмжээг 6 сараар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн байхад шүүхээс С.Б-, Г.Б- нарт хорих ялын доод хэмжээг "хоёр жилээр" тогтоосон зүйл ангид заасан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн хуулийг илт буруу хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэхь хэсэгт заасан "хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн" гэх үндэслэл шинээр илэрсэн гэж дүгнэхээр байна. Иймд С.Б- нарт холбогдох эрүүгийн 201719000165 дугаартай хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн 252 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр” дүгнэлт гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны үед прокурор  “Шүүгдэгч нарт холбогдох өөр хэргүүд анхан шатны шүүх хуралдаанаас прокурорт буцсан тул хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэвэл шүүгдэгч нарын эрх зүйн байдал нь дээрдэхээр байх тул давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасан дүгнэлтэн дээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгах саналтай байснаа өөрчилж шүүгдэгч С.Б-, Г.Б- нарт холбогдох эрүүгийн 201719000165 дугаартай хэргийг прокурорт буцаалгахаар дүгнэлт гаргаж байна.” гэжээ.

Прокурорын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 05-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарч чадаагүй байна.   

Шүүгдэгч нарт оногдуулах ял нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрсөн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хууль буцаан хэрэглэхгүйгээр шүүгдэгч Г.Б-, С.Б- нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ялаар тус тус шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дахь хэсэгт зааснаар тус тус тэнсэж, тус тус хянан харгалзсан нь Эрүүгийн хуулийг илт буруу хэрэглэсэн нөхцөл байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах нөхцөл байдал байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасаншүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал буюу шүүгдэгч С.Б-ад холбогдох хэргүүд анхан шатны шүүх хуралдаанаар прокурорт буцсан талаар прокурор шүүх хуралдаан дээр тайлбар гаргаж байна.

Иймд прокурорын дүгнэлт нь үндэслэлтэй байх тул дүгнэлтийг хүлээн авч Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 05-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 05-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Б-, Г.Б- нарт холбогдох эрүүгийн 201719000165 дугаартай хэргийг прокурорт буцаасугай.

2. “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” прокурор Д.Нэргүйгийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

 

 

      ШҮҮГЧИД                                                  Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ