| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 119/2026/0036/3 |
| Дугаар | 221/МА2026/0551 |
| Огноо | 2026-08-05 |
| Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмч, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2026/0551
“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.С
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Ж” ХХК
Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга
Хариуцагч Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газар
Хариуцагч Тендерийн Үнэлгээний хороо
Гуравдагч этгээд “С” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Сургуулийн барилга, 250 суудал (Орхон, Б сум, Р баг) БЯ2026******* дугаар тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны ** дугаар сарын 20-ны өдрийн ** дугаар тэмдэглэл, дүгнэлт, зөвлөмжийг, Орхон аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/*** дугаар, 1/*** дугаар шийдвэр (албан бичиг)-ийг, Орхон аймгийн Засаг даргын “С” ХХК-тай байгуулсан ХЗА-**/** дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, мөн Сургуулийн барилга, 250 суудал БЯ/2026******* дугаар тендерийг хууль журамд нийцүүлэн дахин зарлахыг хариуцагч Худалдан авах ажиллагааны газарт даалгуулах, Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01/**** дугаар “Ж” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан шийдвэр (албан бичиг)-ийг хууль бус байсан болохыг тогтоолгох
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 119/ШШ2026/0045 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С
Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н
Хариуцагч Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э
Хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны дарга Б.Б
Хариуцагчийн өмгөөлөгч Р.Н
Гуравдагч этгээд “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х
Хэргийн индекс: 119/2026/0036/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Сургуулийн барилга, 250 суудал (Орхон, Б сум, Р баг) БЯ2026******* дугаар тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны ** дугаар сарын 20-ны өдрийн ** дугаар дүгнэлт, тэмдэглэл зөвлөмжийг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/*** тоот “Ж” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/*** тоот “С” ХХК-тай Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Засаг даргын “С” ХХК-тай байгуулсан ХЗА-**/** тоот Сургуулийн барилга, 250 суудал (Орхон, Б сум, Р баг) Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчингүй болгуулах, Сургуулийн барилга, 250 суудал (Орхон, Б сум, Р баг) БЯ/2026******* тоот тендерийг хууль журамд нийцүүлэн дахин тендер зарлахыг хариуцагч Худалдан авах ажиллагааны газарт даалгуулах, Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01/**** тоот “Ж” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 45 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 16 дугаар зүйлийн 16.2.1, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.9, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3, 30 дугаар зүйлийн 30.1, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Сургуулийн барилга, 250 суудал (Орхон, Б сум, Р баг) БЯ2026******* дугаар тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ** дугаар дүгнэлт, тэмдэглэл зөвлөмжийг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/*** тоот “Ж” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Засаг даргын 2026 оны ** дугаар сарын 20-ны өдрийн 1/*** тоот “С” ХХК-тай Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Засаг даргын “С” ХХК-тай байгуулсан ХЗА-**/** тоот Сургуулийн барилга, 250 суудал (Орхон, Б сум, Р баг) Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчингүй болгуулах, Сургуулийн барилга, 250 суудал (Орхон, Б сум, Р баг) БЯ/2026******* тоот тендерийг хууль журамд нийцүүлэн дахин тендер зарлахыг хариуцагч Худалдан авах ажиллагааны газарт даалгуулах, Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01/**** тоот “Ж” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан.
3.1 “...Хуулийн дагуу зураг төсвийн тодруулга оруулаагүй тухайд, Тендерийн цахим сайтад тавигдсан БЯ/2026Ө****** тоот урилгад 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 17 цаг 40 минутад “Сонирхогч оролцогч нарын анхааралд Оролцогчоос зураг төсвийн мэдээлэл дутуу байна гэх тодруулга утсаар ирсэн ба зураг төсвийн мэдээлэл дутуу орсон байж болзошгүй байгаа тул зураг төсвийн мэдээллийг шинэчлэн ТЭЗҮ хэсэгт оруулсан болно. Сонирхогч, оролцогч та бүхэн цахим системийн ТЭЗҮ хэсгээс зураг төсвийг нягталж оролцохыг хүсье” гэсэн тодруулгыг оруулсан байна. Үүний дагуу тухайн хугацаанд шинэчлэлт нь орсон байна. Гэтэл “С” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалаас харахад 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 02/** тоотоор буюу зураг төсвийн шинэчлэлт орохоос даруй 6 хоногийн өмнө төсөвт өртгийн үнэлгээг 5,608,189,248 төгрөгөөр ирүүлсэн байх бөгөөд түүнд хавсаргасан мэргэшсэн төсөвчин Д.С-ийн төсөв нь 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийнх байна. Үүнээс харахад дутуу байсан зураг төсвийн мэдээллийг “С” ХХК нь 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэхэд мэдэж байсан бөгөөд үнийн санал болгосон байсан нь харагдаж байна. Энэ нь хуулийн өрсөлдөх тэгш боломжтой, ил тод байх зарчмыг зөрчсөн төдийгүй “С” ХХК-д давуу байдал үүсгэсэн гэх нөхцөл байдал бий болж байна. Нөгөөтээгүүр өөрчлөлтийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6-д заасан хугацаанд буюу 5-аас доошгүй өдөр байж чадаагүй буюу цаг хугацааны хувьд ажлын 3 хоногийн өмнө байсан.
3.2 К банкны тодорхойлолтын тухайд, “С” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалаас үзэхэд К банкны 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 26/** тоот тодорхойлолтыг ирүүлсэн байх бөгөөд түүнд “тус сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд 5.723,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилт олгох боломжтойг тодорхойлж байна” гэж тусгасан байна. Тодруулбал эцэслэн зээл олгохоор шийдвэрлэсэн болон ямар нэгэн саадгүйгээр шууд олгох зээлийн мөнгөн дүн бүхий тодорхойлолт биш байна.
3.3 Хүний нөөцийн тухайд, “С” ХХК нь 2025 онд 23 ажилтантай, 2026 онд 26 үндсэн ажилтантай байна. Эдгээр ажилчдыг бүгдийг нь өмнө нь шалгарсан болон одоо шалгарсан тендерт санал болгосон гэдгийг “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны асуулт хариултын үе шатанд хэлсэн байдаг. Гэтэл Тендерийн баримт бичгийн ТШЗ-ийн 17.1-д 19-өөс доошгүй ажилтантай байх шаардлагыг заасан байна. “С” ХХК нь 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Тээвэр ложистикийн төвийн ажлын байрны их засварын ажил ЭҮТӨҮГ/2026*******/01/** тоот тендер, 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Төв агуулах 1, 2-ын барилгуудын их засварын ажил ЭҮТӨҮГ/2026*******/01/** тоот тендер, 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр И сургуулийн Спорт заал барих ажил ӨРАХААГ/2026*******/01/** тоот тендер, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Б сум, Р баг/ БЯ/2026*******/01/01 тоот тендер, 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Эрдэнэтэд үйлдвэрлэв худалдаа үйлчилгээний төсвийн барилгын гадна инженерийн шугам сүлжээ ОРАХААГ/2026********/01/** тоот тендерт орж шалгаран гэрээ байгуулсан байна.
3.4 Мөн Эрдэнэтэд үйлдвэрлэв барилга барих 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдөр, Д багийн хэрэглэгчдийг төвлөрсөн шугамд холбож, өргөлтийн насос станц шинээр барих ажил 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 06, Б сум соёл амралтын хүрээлэн байгуулах ажил 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд нэг ажилтан болон техник тоног төхөөрөмж, технологийг давхар олон тендерт санал болгосон байхаар байна. ТШЗ-ийн 17.6-д заасны дагуу 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шалгаран гэрээ байгуулсан Эрдэнэтэд үйлдвэрлэв худалдаа үйлчилгээний төсвийн барилгын гадна инженерийн шугам сүлжээ ОРАХААГ/2026*******/01/01 тоот тендерийн мэдээллийг V бүлгийн “Маягт-5”-ын дагуу үнэн зөв бөглөж ирүүлнэ гэж заасны дагуу бөглөж ирүүлээгүй байна. Тус тендерт шалгарч гэрээ байгуулсан нь сайтад үзлэг хийсэн баримтаас тодорхой харагддаг.
3.5 Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 17.1-д 19-өөс доошгүй ажилтантай байх шаардлагыг заасан байх бөгөөд үүний 8 нь өөрийн үндсэн ажилтан байх шаардлагыг тавьсан байна. Харин “С” ХХК нь санал болгосон 19 ажилтан нь бүгд өөрийн үндсэн ажилтан хэмээн мэдүүлсэн гэж шүүх хуралдаанд тайлбарласан. Үндсэн ажилтан мөн эсэхийг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн кодоор л тодорхойлох боломжтой байна. Түүнээс биш ийм агуулгаар шимтгэл төлөлтийг ийм кодоор төлж байгаа талаар “С” ХХК-ийн тендерийн цахим материалд байхгүй. Хэрэв үндсэн ажилтан бол Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 19.1-ийн 8-д зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 3 сар тендерт оролцогч тасралтгүй төлсөн байх шаардлагыг тавьж байна. Гэтэл “С” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалаас үзэхэд ХАБЭА-н ажилтнаар санал болгосон Б.А нь 2022 оноос хойш “М” ХХК-д үндсэн ажил эрхэлдэг байна. “М” ХХК нь мөн тендер шалгаруулалтад орж ажилладаг компани байх бөгөөд 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Б багт нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилтын ажил, 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ч багт нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилтын ажил, 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Үерийн сувгийн засвар хийх, шороо нурахаас хамгаалсан хашлагыг солих ажлын тендер авч ажиллаж байна.
3.6 Мөн “С” ХХК-ийн Б.А-ын талаарх танилцуулга 2017 оноос хойш “С” ХХК-д ажиллаж байгаа талаар бичсэн байх ба 2025 оны 12 сар, 2026 оны 01 сарын даатгуулагчийн төрөл нь ***** буюу улирлын шинж чанартай ажилтны кодоор төлсөн байна. Үндсэн цагт ажиллах чухал ажил бөгөөд зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулан хоёр байгууллагын үндсэн ажлын цагт ажиллах боломжгүй ажил болно. “С” ХХК-ийн Халаалт агаар сэлгэлтийн инженерээр санал болгосон Э.Э нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанаас харахад “Ш” ХХК Э Төрийн өмчит ХК-д ажилладаг байна. Э Төрийн өмчит ХК-д даатгуулагчийн төрөл нь ***** буюу үндсэн ажилтан байна. Харин “С” ХХК-д ***** кодоор буюу үндсэн ажилтны кодоор төлөөгүй бөгөөд сүүлийн 2 сарын нийгмийн даатгалын төлөлт байхгүй байна.
3.7 “С” ХХК-ийн Холбооны инженерээр санал болгосон Л.Б нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанаас харахад М Төрийн өмчид ХК-д ажилладаг байна. М Төрийн өмчит XК-д даатгуулагчийн төрөл нь ***** буюу үндсэн ажилтан харин “С” ХХК-ийн үндсэн ажилтан биш байна. Хэрэв үндсэн ажилтан биш бол Хөлсөөр ажиллах гэрээг хавсаргасан байх ёстой болно. “С” ХХК-ийн Өрлөгчнөөр санал болгосон Г.Ц-д олгосон Барилгын хөгжлийн төвийн олгосон гэх Өрөг угсрагчийн үнэмлэх нь хүчингүй үнэмлэх байна. Учир нь үнэмлэх дээр Барилгын хөгжлийн тамга тэмдэг байхгүй байгаа нь илт шууд харагдаж байгаа болно.
3.8 Мөн тус асуудлаар Барилгын хөгжлийн төвөөс Захирлын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/*** дугаар тушаалаар Г.Ц-д олгож байсан эсэх талаарх тодруулахад 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01/**** тоот албан бичгээр Г.Ц-д өрлөгчний үнэмлэх олгож байгаагүй талаар ирүүлсэн. Сантехникчээр санал болгосон М.Э-д олгосон “Э” ХХК-ийн 2020 онд олгосон гэх №Ма20-**** Сертификат, мэргэжлийн үнэмлэх нь тендерийн цахим материалын файлын 16 дугаар хуудсанд, Р.Г-т олгосон “Э” ХХК- ийн 2019 онд олгосон гэх №Ма19-**** Сертификат, мэргэжлийн үнэмлэх нь тендерийн цахим материалын файлын 36 дугаар хуудсанд байх бөгөөд хүчингүй сертификатууд, үнэмлэхүүд байна. Учир нь “Э” ХХК нь Сантехникчийн буюу “мэргэжлийн сургалт” явуулах тусгай зөвшөөрөлгүй байгууллага байна.
3.9 Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.4-т заасан үйл ажиллагааг мэргэжлийн боловсрол, сургалт гэж ойлгоно. Тус хуулийн 4.1.2, 4.1.3-т заасан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам олгодог байсан. Харин 4.1.4-т заасан мэргэжлийн сургалт эрхлэх зөвшөөрлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас олгодог байсан. “Э” ХХК нь мэргэжлийн сургалт явуулах тусгай зөвшөөрөлгүй нь мэдээллийн сайт болон Боловсролын яамны 2022 оны тусгай зөвшөөрлийн мэдээллээс харагдаж байна.
3.10 Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 01/**** тоот “Ж” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан шийдвэрийн тухайд, Нэхэмжлэгч нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.9-д заасны дагуу уг барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг бүтэц, дээврийн ажлуудыг бие даан бүрэн гүйцэтгэсэн болно. Уг барилга угсралтын ажил дэлхий нийтийг хамарсан давагдашгүй хүчин зүйл болох ковид цар тахлын нөлөөлөл, барилгын бараа, материалын үнийн огцом өсөлт, тээвэр логистикийн үнийн өсөлт, ажиллах хүчний зардал өссөн зэрэг эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас зогсонги байдалд орсон болно. Энэ байдлыг даван туулах, ажлыг хэвийн үргэлжлүүлэх санал, санаачилгыг гүйцэтгэгч компанийн зүгээс захиалагч байгууллага болон холбогдох төрийн байгууллагад удаа дараа илэрхийлж, хүсэлт гаргасан байсан боловч захиалагч байгууллага болон Боловсролын яамны зүгээс Барилгын тухай хуульд заасан захиалагчийн үүргээ үл биелүүлж, эс үйлдэхүй гаргаснаар уг гэрээг ажил бүрэн зогсоход хүрсэн болно. Үүнд гүйцэтгэгч компанийн зүгээс ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргаагүй болно.
3.11 Захиалагчийн зүгээс дан ганц талын санаачилгаар гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээг цуцалж, улмаар уг ажлын үлдэгдэл ажил дээр 5,722,835,326 төгрөгийн санхүүжилт бүхий тендерийг дахин зарлаж, уг ажлын гүйцэтгэлийг өөр компанид буюу “С” ХХК-иар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Захиргааны шийдвэрүүд нь хууль бус, холбогдох хуулийн зохицуулалтуудыг зөрчиж гаргасан шийдвэр болно.
3.12 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.4.4-д заасны дагуу шаардлага хангаагүй “С” ХХК-ийг шалгаруулж Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Б сум, Р багГ БЯ/2026******* тоот тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэр, дүгнэлт, зөвлөмж гаргасан нь хууль бус бөгөөд түүнийг үндэслэн байгуулсан гэрээ хууль бус байна. Дээрх үндэслэлээр хууль бус маргаан бүхий тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, тендерээс татгалзсан мэдэгдэл, байгуулсан гэрээний улмаас 5 дугаар зүйлийн 5.1-д заасан зарчим зөрчигдөж байх бөгөөд хууль зөрчин тендерээс татгалзаж, “С” ХХК-ийг шалгаруулсан нь нэхэмжлэгчийн тендерт оролцох эрх, гэрээ байгуулах эрх, тендерт өрсөлдөх тэгш боломж болон хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. “Ж” ХХК нь шаардлагад нийцсэн материал хүргүүлсэн байдаг. Тиймээс дээрх үндэслэл, тайлбараар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадахгүй байна.
3.13 Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 45 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
4. Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Р.Н нар нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.С-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;
3. Өмнө нь 2019 онд Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газраас Сургуулийн барилга 250 суудал (Орхон, Б сум, Р баг) бүхий ажлын тендер зарлаж, уг тендерт нэхэмжлэгч “Ж” ХХК нь шалгарч, Орхон аймгийн Засаг дарга, “Ж” ХХК нар 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн УТ-09/** дугаар гэрээг байгуулж, гэрээний нийт дүн 2,496,445,905 төгрөг байхаар, үүнээс Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд 1,900,000,000 төгрөгийн санхүүжилтийг олгохоор, Сургуулийн барилгын ажлыг хуанлийн 100 хоногт ашиглалтад оруулахаар болжээ.
4. Ажлын явцад “Ж” ХХК-иас гэрээний хугацааг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгуулахаар хүсэлт гаргаж, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн СХ-94/** дугаар гэрээгээр ажлыг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр гэрээг сунгаж, мөн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хил гааль хаасантай холбоотой барилгын материал хугацаандаа ирэхгүй байгаа тул гэрээг дахин хүсэлт гаргаж, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн СХ-48/** дүгээр гэрээгээр 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр тус тус сунгаж байжээ.
5. 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Засаг даргаас 01/**** дугаар албан бичгээр “...танай хүсэлтийн дагуу ажил гүйцэтгэх хугацааг удаа дараа сунгаж шийдвэрлэсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, тогтоосон хугацаанд ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй, гэрээний хэрэгжилтийг хангаагүй тул УТ-09/** дугаартай ...гэрээг цуцалж байгаа тухай” нэхэмжлэгч “Ж” ХХК-д мэдэгдсэн байна.
6. Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Аймгийн 2026 оны төсөв батлах тухай” 02/** дугаар тогтоолоор аймгийн 2026 оны төсвийг баталж, үүнд Сургуулийн барилга, 250 суудал, Орхон, Б сум, Р багт баригдах сургуулийн барилгын ажилд (нийт төсөвт өртөг 6,075,000,000 төгрөг) орон нутгийн төсвөөс 2,053,600,000 төгрөг, 2026 оны улсын төсвөөс 2,389,500,000 төгрөг, нийт 4,443,100,000 төгрөгийг аймгийн 2026 оны Худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд тусган баталжээ.
7. Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Сургуулийн барилга 250 суудал, (Орхон, Б сум, Р баг) БЯ/2026******* дугаар, нийт 5,722,835,326 төгрөгийн төсөвт өртөгтэй 2 дахь нээлттэй тендер шалгаруулалт зарлаж, Тендерийн үнэлгээний хороо 2026 оны ** дугаар сарын 20-ны өдөр хуралдаж, “С” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж шалгаруулж, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/*** дугаар албан бичгээр (5,551,900,000 төгрөг) “гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдсэн.
8. “Ж” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасны дагуу шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн гэж үзэж тендерээс татгалзаж байгаа тухай 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/*** дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.
9. Улмаар Үнэлгээний хорооны дээр шийдвэрийг “Ж” ХХК-иас эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/**** дугаар албан бичгээр “... “С” ХХК-ийн тендерт ирүүлсэн ...“Сургуулийн барилга, 250 суудал, (Орхон, Б сум, Р баг) ажлын төсөв”-ийн төсөвт өртгийн нэгдсэн товчоонд нийт дүн 5,608,189,248 төгрөг гэж заасан байх тул дээрх шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэх хариуг “Ж” ХХК-д өгчээ.
10. Орхон аймгийн Засаг дарга болон “С” ХХК-ийн хооронд 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ХЗА-**/** дугаар “Сургуулийн барилга, 250 суудал (Орхон, Б сум, Р баг) Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байна.
Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д “Тендер шалгаруулалтын баримт бичиг гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж тус тус заасан.
12. Сургуулийн барилга 250 суудал (Орхон, Б сум, Р баг) Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 9.1-д “...Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга авах бол энэ тухай хүсэлтийг тендерийн нээлтээс ажлын 5-аас доошгүй өдрийн өмнө бичгээр болон тоон гарын үсгээр баталгаажуулан цахимаар захиалагчид гаргаж болно. Тодруулга авах хүсэлтэд үйлчилгээний хураамж төлсөн баримтыг хавсаргана. Захиалагч тодруулга авах хүсэлт хүлээн авснаас хойш тодруулгыг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө бичгээр гаргана” гэж тусгажээ.
13. “С” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалаас үзэхэд, 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Тендерийн маягт-1” 02/** дүгээр албан бичгээр төсөвт өртгийн үнэлгээг 5,608,189,248 төгрөг гэж, Мэргэшсэн төсөвч Д.С-ийн 2026 оны ** дугаар сарын 05-ны өдрийн “Төсвийн нүүр хуудас”-т 5,608,189,248 төгрөг гэж Тендерийн баримт бичгийг хүргүүлсэн байна.
14. Гэвч “С” ХХК нь тендерийн зураг төсөв, ажлын тоо хэмжээ болон бусад мэдээллийг бусад оролцогчдоос өмнө захиалагч, түүний албан тушаалтан, эсхүл бусад этгээдээс тендер шалгаруулалтын бусад оролцогчдод олгогдоогүй мэдээллийг урьдчилан мэдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Мөн Сангийн яамны 2026 оны 03/**** дугаар албан бичгээр энэ талаар хянаж үндэслэлтэй гэх хариуг өгсөн.
15. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д “Оролцогч санхүүгийн чадавхыг дараах баримт бичгээр нотолж болно”, 16.2.1-д “харилцагч банкны мэдэгдэл” гэж, Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д “Санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг шаардах эсэх, Тийм”, ...Арилжааны банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт ирүүлнэ. (Банкны судлагдсан зээлийн авч болох мөнгөн дүн бүхий тодорхойлолт нь зохих журмын дагуу өмнө нь судлагдчихсан, тендерт шалгарсан тохиолдолд ямар нэгэн саадгүйгээр шууд олгох зээлийн мөнгөн дүн бүхий тодорхойлолт гэж ойлгоно. Тендерт шалгарсан нөхцөлд судалж, зохих журмын дагуу зээл олгох боломжтой гэсэн утга бүхий тодорхойлолт, мөн Банк бус байгууллагын тодорхойлолтыг үнэлгээнд харгалзан үзэхгүйг анхаарна уу) гэжээ.
16. “Капитрон банк” ХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 26/** дугаар тодорхойлолтоор “С” ХХК нь ... тендерт оролцож байгаатай холбогдуулан тус сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд 5,723,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилт олгох боломжтойг тодорхойлсон байна.
17. Энэ талаарх анхан шатны шүүхийн “...Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д “...Тендерт шалгарсан нөхцөлд судалж, зохих журмын дагуу зээл олгох боломжтой гэсэн утга бүхий тодорхойлолт ...-ыг үнэлгээнд харгалзан үзэхгүйг анхаарна уу” гэсэн нь тендер шалгаруулалт явагдсаны дараа буюу тендерт оролцогч тендерт оролцоод, шалгарсны дараа зээлийг судлуулж, дараа нь зээл олгох боломжтой гэсэн тодорхойлолтыг үнэлгээнд үнэлэхгүй гэсэн ойлголт учраас нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.
18. Нэхэмжлэгчийн зүгээс “С” ХХК-ийн тендерт санал болгосон хүний нөөцийн ажилтнуудын хөдөлмөрийн харилцаа, үндсэн ажилтан эсэхтэй холбоотойгоор шаардлага хангаагүй гэж давж заалдах гомдол гаргасан боловч энэ нь үндэслэлгүй байна.
19. Учир нь Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.1-д “Оролцогчид тавих санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын шаардлага”, Ажил гүйцэтгэх хүний нөөц: Шаардана. Ерөнхий инженер 1, 5 ба түүнээс дээш жил, үндсэн ажилтан байх, Талбайн инженер 1, 3 ба түүнээс дээш жил, үндсэн ажилтан байх, харин Дулааны инженер 1, Ус хангамж, ариутгах татуургын инженер 1, Цахилгааны инженер 1, Халаалт агаар сэлгэлтийн инженер 1, Холбоо дохиолол, мэдээллийн инженер 1 байх ба 3 ба түүнээс дээш жил, тухайн байгууллагын болон гэрээт ажилтан байж болно, ХАБЭА ажилтан 1, 3 ба түүнээс дээш жил, үндсэн ажилтан байх, Мэргэжилтэй ажилчид 10 ба түүнээс дээш, 50 хувь тухайн байгууллагын ажилтан байх, ТШЗ 19.1-д “Ажил гүйцэтгэх хүний нөөцийн нотлох баримтууд”, Маягт 2. Хүний нөөцийн мэдээлэл хүснэгтээр гарган ирүүлэх ба ажлын туршлага чадавхын мэдээллийг ажилтан тус бүрээр гаргаж ирүүлнэ гэжээ.
20. Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ** дугаар тэмдэглэлд “С” ХХК-ийн хувьд “...Ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлагад Иргэний ба үйлдвэрийн барилга мэргэжилтэй Г.Д, , Талбайн инженерээр Б.Н, Дулааны инженерээр Ц.Н, Ус хангамж ариутгах татуургын инженерээр Б.Ц, Цахилгааны инженерээр А.А, Халаалт агаар сэлгэлтийн инженерээр Э.Э, Холбоо дохиоллын инженер Л.Б, ХАБЭА ажилтнаар Б.А ...нарын нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн лавлагаа ирүүлсэн. Мэргэжилтэй ажилчид 10 хүн санал болгосон бас тус бүрийн мэргэжлийн үнэмлэхийг ирүүлсэн 50 хувь нь үндсэн ажилтан байх шаардлагыг хангасан байна...” гэж нэг бүрчлэн тусгагдсан, Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтэд дурдсан шаардлагыг хангасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар (флаш) тогтоогдож байна.
21. Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй”, 57.2-д “Дараах тохиолдолд ажилтан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл авна”, 57.2.1-д “ажилтан үндсэн ажил олгогчтой энэ хуулийн 65 дугаар зүйлд заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан”, 57.2.3-д “ажилтан цахилгаан, дулааны эрчим хүч, нийтийн усан хангамж, олон улс, хот хоорондын болон хот, суурин газрын нийтийн тээвэр, тусгай зориулалтын тээвэр, цахилгаан холбоо, төмөр зам болон иргэний нисэхийн хөдөлгөөний удирдах алба зэрэг хүн амын аюулгүй байдал, эрүүл мэнд, тав тухтай орчинд амьдрах эрхийг хангахтай холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэг бол” гэж заасан.
22. Гуравдагч этгээд “С” ХХК нь дулааны инженер, ус хангамж, ариутгах татуургын инженер, цахилгааны инженер, халаалт, агаар сэлгэлтийн инженер, холбоо дохиолол, мэдээллийн инженерийн хувьд шаардлагатай мэргэжил, ажлын туршлагыг нотлох баримтуудыг тус тус ирүүлсэн байх ба түүнчлэн 10 ажилтны мэдээлэл, тэдгээрийн мэргэжлийн үнэмлэхийг ирүүлсэн бөгөөд 50 хувь нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх шаардлагыг хангасан болох нь тогтоогдож байх тул Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.1-д заасан ажил гүйцэтгэх хүний нөөцийн тоо, мэргэжил, ажлын туршлага, үндсэн ажилтан байх болон мэргэжилтэй ажилчдын 50 хувь нь тухайн байгууллагын ажилтан байх шаардлагыг “С” ХХК хангасан гэж үзэхээр байна.
23. Өөрөөр хэлбэл, “С” ХХК нь Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.1-д заасан хүний нөөцийн шаардлагыг хангах ажилтнуудын мэдээлэл, тэдгээрийн мэргэжил, ажлын туршлага, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх баримт болон мэргэжлийн үнэмлэхийг зохих журмын дагуу ирүүлсэн бөгөөд Тендерийн үнэлгээний хороо эдгээр баримтыг хянан үзэж, шаардлага хангасан гэж үнэлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.
24. Харин Барилгын хөгжлийн төвийн захирлын тушаалаар “С” ХХК-ийн ажилтан Г.Ц-д 15/*** дүгээр өрөг угсрагч мэргэжлийн дөрөвдүгээр зэрэг олгож, энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Барилгын хөгжлийн төвөөс тодруулахад, Барилгын хөгжлийн төвийн 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01/**** дүгээр албан бичгээр архивт иргэн Г.Ц-д өрөг угсрагчийн үнэмлэх олгож байсан талаарх мэдээлэл байхгүй байна” гэх хариуг өгсөн байна.
25. Тус байгууллагын Архивт мэдээлэл байхгүй гэх нөхцөл байдал нь тухайн үйл баримт огт болоогүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд архивын бүртгэлд мэдээлэл хадгалагдаагүй, бүртгэлд ороогүй, архивын мэдээлэл бүрэн бус байсан зэрэг нь өөрөөс нь үл хамаарах шалтгаан байх тул уг албан бичгийг үндэслэж Г.Ц-д мэргэжлийн үнэмлэх олгогдоогүй гэж шууд дүгнэх нь учир дутагдалтай.
26. Орхон аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/*** дугаар албан бичгээр “С” ХХК-д Сургуулийн барилга 250 суудал, (Орхон, Б сум, Р баг) БЯ/2026******* дугаартай ажлын тендерт хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан тул гэрээ байгуулах эрхийг олгож байна гэх мэдэгдэл, 01/*** дугаар албан бичгээр “Ж” ХХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасны дагуу дараах шаардлагыг хангаагүй тул татгалзаж байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, татгалзах үндэслэлд ТШЗ 16.1, 19.1-д заасны дагуу 7 үндэслэлээр захиалагчийн тавьсан шаардлагыг хангаагүй тул татгалзсан талаарх албан бичгийг тус тус хүргүүлсэн нь үндэслэлтэй байна.
27. Иймд маргаж буй дээрх 01/*** дугаар, 01/*** дугаар албан бичгүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 28.1.3-д заасанд нийцэж байна.
28. Улмаар Орхон аймгийн Засаг дарга болон “С” ХХК-ийн хооронд 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Сургуулийн барилга 250 суудал, (Орхон, Б сум, Р баг)” Ажил гүйцэтгэх гэрээ ХЗА-**/** дугаар гэрээг хууль бус гэж үзэх үндэслэл мөн тогтоогдохгүй байна.
29. Тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээр “Ж” ХХК-ийн тендерийн материал нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1-т “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх” гэж заасны дагуу шаардлага хангаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэл бүхий байна.
30. Тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл болон нэхэмжлэгчээс тендерт ирүүлсэн баримт бичгүүдийг харьцуулан үзэхэд “Ж” ХХК нь Тендерийн баримт бичгийн ТШЗ 16.1, 19.1-д заасан захиалагчийн шаардлагуудыг бүрэн хангаагүй болох нь тогтоогдсон бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс дээрх шаардлагыг хангаагүй гэх үйл баримтыг бүхэлд нь үгүйсгээгүй.
31. Дээрх үйл баримтаас үзэхэд захиалагч нь Тендерийн үнэлгээний хорооны үнэлгээний дүнг үндэслэн хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан гуравдагч этгээд “С” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, хуульд заасан хугацаа, журмын дагуу гэрээг байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчөөгүй байна.
32. Тиймээс “С” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Тендерийн баримт бичиг болон холбогдох хуульд нийцсэн гэж үзэх бөгөөд уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Тогтоох хэсэгт баримталсан хуулийн зүйл, заалтуудыг хассан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 45 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...5 дугаар зүйлийн 5.1, 16 дугаар зүйлийн 16.2.1, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3, 26.3, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3, 51 дүгээр зүйлийн 51.1” гэснийг хасаж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА