Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 159/ШШ2022/0006

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                              

Хэргийн индекс: 159/2022/0007/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч Ө.Баярсайхан,

Гуравдагч этгээд: Г.Баянмөнх,

Гомдлын шаардлага: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 0090086 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа, хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч Ө.Баярсайхан, гуравдагч этгээд Г.Баянмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Гомдол гаргагч Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 0090086 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдол гаргасан.

            2. Хариуцагч  Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч Ө.Баярсайхан 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр иргэн Г.Баянмөнхийг Оросын холбооны Улсаас Монгол Улсын хилээр орж ирэхдээ их хэмжээний валютыг гаальд мэдүүлэхдээ худал мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3-д заасан гаалийн байгууллагад худал мэдүүлсэн зөрчил гаргасан гэж үзэж 1.170.000 рублийг хураан авч, валютын үнийн дүнгийн 15 хувиар торгох шийтгэл оногдуулжээ.

            3. Гомдол гаргагч Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ. Шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 0090086 дугаар шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус байна гэж дүгнэлт бичжээ. Үүнд:

“... Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа би, тус аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч Ө.Баярсайханы 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Г.Баянмөнхийг Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар торгож, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг гомдлоор хянавал:

            Г.Баянмөнх нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Оросын холбооны улсаас Монгол Улсын хилээр нэвтрэхдээ зорчигчийн гаалийн мэдүүлгийг бөглөхдөө биедээ авч явсан 1.170.000 рублийг худал мэдүүлэн, нуун далдалж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн гэх үйлдэлд 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 0090086 дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/ Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар Г.Баянмөнхийг биедээ авч явсан 1.170.000 рублийг хурааж, хураан авсан валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

            Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тухайн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ба энэ тохиолдолд тухайн зөрчил гаргагчийн үйлдэл, эс үйлдэхүйн нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3-д заасан зөрчлийн хэргийн субъект мөн эсэхийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар шалгаж, ямар зорилгоор Монгол Улсын хилээр мөнгө /валют/ авч явсан болох Мөнгө угаах болох терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан мэдээлэх үүрэгтэй этгээд буюу уг хуулийн 5 дугаар зүйлд заасан харилцагч мөн эсэхийг тогтоох ажиллагааг явуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг, мөн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан үзлэг хийсэн тухай тэмдэглэлд гэрчээр гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч Ж.Жамъяансэнгийг оролцуулсан мөн хуулийн 3.7 дугаар зүйл “Хөндлөнгийн гэрч” гэж хэнийг хэлэх, мөн шийтгэлийн хуудас бичснээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон байтал 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр холбогдогчоос тайлбар гаргуулан авах ажиллагаа явуулан ямар зорилгоор мөнгө /валют/ авч явсныг тодруулан процесс ажиллагаа явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “Зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгах” гэж заасныг тус тус зөрчиж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хялбаршуулсан журмаар явуулсан байна.

Иймд тус аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч Ө.Баярсайханы 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Г.Баянмөнхийг Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар торгож, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 0090086 дугаартай шийтгэлийн хуудсыг /маягт-2/ хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч Ө.Баярсайхан 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйл шийтгэл оногдуулах харилцааг зохицуулсан. Тус зүйлд нөхцөл үүсгэхдээ “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон” гэж эхэлж байна. Нөхцөл байдлыг тогтоосон байх шаардлага тавигдсан гэж ойлгож байгаа. 1.3-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй” гэж тодолж өгсөн. Үйлдлийг тогтоох шаардлага тавигдаж байгаа болохоос биш зорилго, хандлага гэх мэт субъектив нөхцөлийг тогтоох үүргийг эрх бүхий албан тушаалтан хүлээхгүй байхаар зохицуулагдсан байдаг. Харин 1.3 заалтын үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг тогтоох ёстой байсан. Энд эрх бүхий албан тушаалтны бичсэн шийтгэлийн хуудас дээр Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсгээр зүйлчилсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсэгт “Гаалийн байгууллагад”

22.1 үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн

22.2 үнэн зөв мэдүүлэг гаргахаас татгалзсан

22.3 худал мэдүүлсэн гэсэн гурван үйлдлийг зааж өгсөн байх бөгөөд “худал мэдүүлсэн” гэх үйлдэл үйлдсэнийг нь тогтоожээ. Өөр хууль биш харин Зөрчлийн тухай хууль гэж онцолсон байдалд анхаарна гэж ойлгож байна. Ингэхээр эрх бүхий албан тушаалтан Ө.Баярсайхан нь Зөрчлийн тухай хуульд зөрчил гэж үзсэн үйлдлийг нотолж шийтгэлийн хуудас бичсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн “Зөрчлийн хаэрэг бүртгэлийг дуусгах” гэх ойлголтоор шийтгэлийн хуудас бичсэн огноо нь хэдийгээр 3 дугаар сарын 17-ны өдөр байх боловч 22-ны өдөр нэмэлт тайлбар авсан нь дээрх ойлголтыг зөрчсөн болохгүй байх. Эхний өдөр буюу шийтгэлийн хуудас бичигдсэн өдөр иргэн Г.Баянмөнх нь тайлбар гаргах, гарын үсэг зурахаас эрс татгалзаж, утсаар ярьж хэн нэгнээс зөвлөгөө авсны дараа “өмгөөлөгчтэй тайлбар өгнө” гэж байсан. Гэвч 22-ны өдөр ирээд өмгөөлөгчгүй тайлбар өгснийг эрх бүхий албан тушаалтан тайлбар авахаас татгалзах үндэслэл олдохгүй болохоор тайлбар авсан байна. Энэ нь холбогдогчийн эрхийг хамгаалах ажиллагаа гэж ойлгож байна. Түүнээс бус байцаан шийтгэх хууль зөрчсөн процессын алдаа гэж үзэхээргүй гэж ойлгож байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйл “хөндлөнгийн гэрч” 2-д “Хөндлөнгийн гэрч тухайн зөрчлийн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна” гэсэн шаардлага тавигдсан байдаг. Хилийн боомт газарт тусгай дэглэм үйлчилсэн орчинд хөндлөнгийн ямар нэг иргэх байх боломжгүй үед үзлэгийг хийж гүйцэтгэсэн байх бөгөөд өөрийн явуулж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тухайн газарт үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчийг татан оролцуулсан нь “тухайн зөрчлийн хэрэгт хувийн сонирхолгүй” байх шаардлагыг зөрчсөн болохгүй гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч Ө.Баярсайхан иргэн Г.Баянмөнхийн улсын хилээ орж ирэхдээ бэлэн валют болох 1.170.000 рублийг гаалийн мэдүүлэгт бичилгүй нуунд далдлах арга хэрэглэн оруулсан үйлдэлд бичсэн 0090086 тоот шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд Г.Баянмөнх 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаагийн дүгнэлттэй, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч Ө.Баярсайхан холбогдох зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан. Г.Баянмөнх миний бие нь доорхи тайлбарыг гаргаж байна. Миний бие 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Оросын холбооны Улсаас Монгол Улсын хилээр нэвтрэхдээ зорчигчийн гаалийн мэдүүлгийг бөглөхдөө биедээ байсан 1.170.000 рублийг худал мэдүүлсэн, нуун дарагдуулсан гэх үндэслэлээр рубль хураалгах валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнхцэх төгрөгөөр торгуулах шийтгэл оногдуулсан. Тухайн үед гаалийн байцаагч Г.Баярсайхан нь шууд хялбаршуулсан журмаар шийтгэлийн хуудас бичиж шийтгэл ногдуулсан нь 2022 оны 3 дугаар сарын 17-нд мөнгө хураах үедээ тухайн байцаагч ямар үндэслэл ямар хуулийн заалтаар шийтгэвэр бичиж буй талаар тайлбар мэдээлэл өгөөгүй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдогчийн эрх, үүргийг танилцуулаагүй болно. Мөн ямар ч асуумж мэдүүлэг аваагүй уг мөнгөний зорилго гарал үүслийн талаар асуугаагүй. Мөнгө хураах үед мөнгөний сери дугаарыг биечлэн байлцуулж хөтлөөгүй. Хурааж авсан мөнгө рублийг яаж шийдвэрлэх нь тодорхойгүй, шийтгэлийн хуудасны нэг хувийг гардуулж өгөөгүй шүүхэд гомдол гаргах эрхтэй эсэх талаар эрх үүргийг тайлбарлаж сануулаагүй. Шийтгэлийн хуудсанд шууд гарын үсэг зурахыг шаардсан тул зурахаар татгалзсан өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Мөн миний гаалийн мэдүүлэг гүйцэт дуусгавар болоогүй гарын үсэг зураагүй байхад бүх процесс дууссаны дараа та гарын үсгээ зураагүй байна заавал зурах ёстой гэж хэлж зуруулсан 5 хоногийн дараа буюу 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тайлбар авсан болно. Иймд Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаагийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1.1, 1.4-т тус тус заасны дагуу бичсэн  2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаар дүгнэлт үндэслэлтэй байх тул Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 0090086 дугаар шийтгэлийн хуудас[1]-ыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор холбогдогч Г.Баянмөнхийн бичгээр гаргасан гомдол[2]-оор 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаар дүгнэлтдээ ... Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн хэргийн субъект мөн эсэх, ямар зорилгоор Монгол Улсын хилээр мөнгө /валют/ авч явсан, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн мэдээлэх үүрэгтэй этгээд, харилцагч мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй, хөндлөнгийн гэрчээр гаалийн улсын байцаагчийг оролцуулсан, шийтгэлийн хуудас оногдуулсны дараа холбогдогчоос тайлбар авсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн... гэж маргадаг.

2. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11гаалийн хяналт гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлж, биелэлтийг нь хангуулах зорилгоор гаалийн байгууллагаас хэрэгжүүлэх цогц арга хэмжээг” ойлгох бөгөөд Гаалийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1-д тус тус заасны дагуу гаалийн байгууллага нь гаалийн хууль тогтоомжийг гаалийн харилцаанд оролцогчид болон нийтэд чөлөөтэй, үнэ төлбөргүй мэдээлэх үүрэгтэйгээс гадна гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх ба зөвлөгөө өгөх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батлахаар зохицуулсан байна.

Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 735 дугаар тушаалын хавсралтаар баталсан Гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх журам-ын 2.1 “Гаалийн улсын байцаагч бүр хариуцаж буй ажил үүргийн хүрээнд зөвлөгөө өгөх үүрэгтэй.”, 2.4 “Энэ журмын 2.1-2.3-д заасан албан тушаалтнууд зөвлөгөөг хуулийн хүрээнд бодитой өгөх үүрэгтэй.”, 3.1 “Зөвлөгөөг... аман болон бичгийн хэлбэрээр өгч болно.” гэж тус тус заажээ.

Гэтэл гуравдагч этгээд нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зорилгоор бус, Оросын Холбооны Улсаас өвчтэй хүнд захисан эм, тариа нь барааны хоригоос шалтгаалан тасарсны улмаас эмний мөнгийг эзэнд нь буцааж өгөх зорилгоор 1.170.000 рублийг биедээ авч явсан болох нь түүний шүүхэд бичгээр гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт зэргээс тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагч зорчигчийг /гуравдагч этгээдийн/ гаалийн мэдүүлэг бөглөх үед нь түүнд Гаалийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-т заасан зохицуулалтыг тайлбарлаж, валютыг гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн татвараас чөлөөлөгддөг, гаальд мэдүүлснээр ямар нэгэн татвар ногдуулахгүй. Харин мэдүүлээгүйн улмаас Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээх талаар мэдээлж, зөвлөөгүй нь гуравдагч этгээдээс Сэлэнгэ аймгийн Гаалийн газарт 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр, Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр, шүүхэд 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тус тус бичгээр гаргасан тайлбар болон хариуцагчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэргээр тогтоогдлоо.

Иймд дээрх үйл баримтаас үзвэл хариуцагч гаалийн улсын байцаагч гаалийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ иргэд олон нийт болон гаалийн харилцаанд оролцогч нарт хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх, гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлэх зорилгоор зөвлөгөө, мэдээлэл өгөх үүргээ бүрэн, бодитой хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

            3. Эрх бүхий этгээд зөрчлийг хянан шалгахдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дараах журмыг зөрчсөн байна.

Хариуцагч 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 0090086 дугаар шийтгэлийн хуудсаар Г.Баянмөнхийг Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн  22.3-д зааснаар гаалийн байгууллагад худал мэдүүлсэн зөрчил гаргасан гэж үзэж 1.170.000 рублийг хурааж, валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн зорилт нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1"мөнгө угаах" гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг, мөн зүйлийн 3.1.2"терроризмыг санхүүжүүлэх" гэж террорист этгээд, террорист үйлдэл, үйл ажиллагаанд зарцуулагдахыг мэдсээр байж шууд болон шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, өөрчилсөн, шилжүүлсэн, зарцуулсныг тус тус ойлгохоор байна.

Гэтэл хариуцагч гуравдагч этгээдийн биедээ авч явсан гадаад валют нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэсэн ойлголтод хамаарч байгаа эсэхийг шалган тогтоох зорилгоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргийг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дутуу хэрэгжүүлсэн.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т "зөрчлийн хэрэг бүртгэлт" гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг; хэлнэ гээд мөн хуулийн 2.4 дүгээр зүйлд зааснаар эрх бүхий этгээд нь нийт 14 бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр, 4.1 дүгээр зүйлд заасан зөрчил шалгах ажиллагааг явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхээр тус тус хуульчилсан бөгөөд дээрх ажиллагааг хуулийн хүрээнд хийж гүйцэтгэсэн бол эрх бүхий этгээдээс зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаж, холбогдох шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуулчилсны дагуу хариуцагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.2-д зааснаар холбогдогч /гуравдагч этгээд/-д 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр  шийтгэл оногдуулснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгасан атал 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр холбогдогч /гуравдагч этгээд/-оос тайлбар[3] авсан нь ойлгомжгүй байна.

Улмаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтны энэ хуулийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэр, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол гаргах, давж заалдах хугацаа дуустал хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг зохих журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг зөрчлийн хэрэгт хавсаргана.” гэж заасныг зөрчиж, хураан авсан гадаад валютын хадгалалтын талаар зөрчлийн хэргийн материалд хавсаргаагүй, шүүхээс шаардсны дагуу гаргаж өгсөн баримтад улсын орлогын няравт хүлээлгэн өгсөн гэж тэмдэглэл[4] үйлдсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 3“Хураан авсан үндэсний болон гадаад валютыг тусгай дансанд байршуулна.” гэж заасантай нийцэхгүй.

Хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар холбогдогчийн эрхийг хангаж зөрчлийн хэргийн материалыг танилцуулаагүй, мөн зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан холбогдогчийн эрх, үүргийг танилцуулаагүй болох нь зөрчлийн хэргийн материал болон гуравдагч этгээдийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул эрх бүхий этгээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй гэж шүүх дүгнэв.

Иймд дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзвэл  иргэн Г.Баянмөнхийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчиж, гаалийн байгууллагад худал мэдүүлсэн зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл оногдуулсан нь дээр дурдсан холбогдох хууль тогтоомж болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасан үр нөлөөтэй байх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг тус тус зөрчсөн байх тул Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 0090086 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин прокурорын дүгнэлтэд хөндлөнгийн гэрчээр зөрчлийн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг бус харин адил чиг үүрэг бүхий гаалийн улсын байцаагч Ж.Жамьянсэнгийг оролцуулсан гэх боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлд  заасны дагуу хүний биед үзлэг хийхэд хөндлөнгийн гэрчийг байлцуулах шаардлагагүй бөгөөд харин эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 7-д ...эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно.” гэж заасны дагуу шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн гэрч байлцуулахаар хуульчилсан байх тул хариуцагчаас холбогдогч /гуравдагч этгээд/-ийн биед үзлэг хийсэн ажиллагааг үгүйсгэх үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй.

Мөн түүнчлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1“Дараах этгээд энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан гүйлгээний талаар энэ хуулийн 16.1-д заасан Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд гуравдагч этгээд нь тус хуулийн 4 дүгээр зүйлд заасан мэдээлэх үүрэгтэй этгээд биш бөгөөд тэрээр мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан гүйлгээ хийгээгүй тул түүний гаальд бус санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх гүйлгээ хийсэн этгээд мөн эсэхийг шалгах нь уг зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн  22.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2, 2.4 дүгээр зүйлийн 1.5, 3.1 дүгээр зүйлийн 2.1, 2, 3, 4.12 дугаар зүйлийн 2, 3, 6.10 дугаар зүйлийн 1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаагийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагч Ө.Баярсайханы 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 0090086 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХЗАЯА

 

 

 

 

 

   

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 9-р хуудас

[2] Хавтаст хэргийн 69-р хуудас

[3] Хавтаст хэргийн 15-р хуудас

[4] Хавтаст хэргийн 36-р хуудас