Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 01320

 

 

 

 “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн 182/ШШ2018/00627 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн хариуцагч  “М” ХХК-д холбогдуулан 99105990, 99104838, 99055464 дугаар дээрх лизингийг төлбөрийг 2 211 750 төгрөгөөр тогтоолгох, тус дугааруудыг нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утаснуудын төлбөрт нийт 3 376 741 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Туул нар оролцов.

 

            Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр  “М” ХХК-тай Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээг байгуулан 9910-5990, 9910-4838, 9905-5464 дугааруудыг тогтмол ашиглаж ирсэн. Компани дээрх дугаар дээр 3 удаа нийт 8 гар утас лизингээр авч гэрээнд заасны дагуу төлбөрийг төлж ирсэн боловч 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэл 2016 оны 11 дүгээр сараас доголдож 2016 оны 11,12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сарын хэрэглээний болон лизингийн төлбөр 887 910 төгрөгийг хугацаа хэтрүүлэн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төлсөн. Компанийн санхүүд давагдашгүй хүчин зүйл нөлөөлж Татварын байгууллагын зүгээс хийгдсэн хяналт шалгалттай холбоотой маргаан үүсч шийдвэрлүүлэхэд их цаг хугацаа зарцуулахаас гадна төлбөрийн хүндрэл бүрэн арилаагүй байгааг хариуцагч ойлгохыг хүсээгүй. Нэхэмжлэгч хэдийгээр хэрэглээний төлбөрийг хугацаа хоцроож төлсөн боловч одоогоор хэрэглээний ямар нэг төлбөрийн үлдэгдэлгүй байхад хэрэглээг нээж өгөхгүй манай эрх ашгийг хохироосоор байна. Гар утас төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээний 2.5 дах заалтыг барьж Гар утасны лизингийн төлбөрийг үндсэн үнээр тооцож 3 376 742 төгрөгийн төлбөрийг төлөхөөс нааш үйлчилгээ үзүүлэхгүй гэж давуу байдлаа ашиглан гэрээгээ дангаар цуцлаад байна. Олон удаа лизингээр гар утас авсан тул хөнгөлөлттэй үнээр 3 утас лизингээр авсан. Хөнгөлөлттэй үнээр нь тооцож лизингийн төлбөрт 2 211 750 төгрөг төлөх хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Хариуцагч дээрх дугааруудын орох болон гарах хэрэглээг хязгаарлаж, барьцаа төлбөрийг төлбөрт суутгаж улмаар дугааруудыг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хураан авахаа 2017 оны 6 дугаар сарын 08-ны 8/2823 тоотоор мэдэгдсэн бөгөөд одоо дугааруудыг бүрэн хааж системээс устгасан байна. Түүнчлэн хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу 9910-4838, 9910-5990, 9905-5464 дугаарыг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх шүүгчийн захирамж гарсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч байгууллагад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан тоотоор мэдэгдсэн. Гэтэл хариуцагч 9910-4838 дугаарыг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр, 9910-5990 дугаарыг 2017 оны 11 дүгээр сард мөн 9905-5464 дугаарыг 2018 оны 02 дугаар сард тус тус гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь шүүхээс гаргасан захирамж, шийдвэр холбогдох хуулийг үл хүндэтгэсэн хэрэг юм. Иймд нэхэмжлэгчийн хэрэглээний төлбөрийн үлдэгдэлгүй дараа төлбөрт 9910-5990, 9910-4838, 9905-5464 дугааруудын лизингийн үлдэгдэл төлбөрийг 2 211 750 төгрөгөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 9910-5990, 9910-4838, 9905-5464 тоот дараа төлбөрт дугааруудыг “Г” ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч  “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:  2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч нь маргаан бүхий дугаарууд дээр хөнгөлөлттэй үнээр “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ”-г байгуулан 3 ширхэг гар утас худалдан авсан боловч гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “Г” ХХК-д албан тоот хүргүүлсэн. Одоогийн байдлаар нэхэмжлэгчийн төлөөгүй үлдэгдэл төлбөр эцсийн байдлаар 3 376 741 төгрөг байгаа бөгөөд одоог хүртэл төлөлгүй манай байгууллагыг хохироосоор байна. Нэхэмлэгч нь үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 230 000 төгрөгийг буцаасан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утаснуудын төлбөрт нийт 3 376 741 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д заасныг тус тус баримтлан 9910-5990, 9910-4838, 9905-5464 дугаар дээрх лизингийн төлбөрийг 2 211 750 төгрөгөөр тогтоолгох “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утаснуудын төлбөрт нийт 3 376 741 төгрөгийг “Г” ХХК-аас гаргуулж   “М” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлан 9910-5990, 9910-4838, 9905-5464 дараа төлбөрт дугааруудыг “Г” ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэх шаардлагаасаа “Г” ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 978 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 68 978 төгрөг гаргуулж хариуцагчид олгож, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/Ш32017/08765 дугаар шүүгчийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар авсан арга хэмжээ нь энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч компанийн захирал өөрийн гарын үсэг зурж итгэмжлэл олгоогүй, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нарын итгэмжлэлд тамга дарагдсан боловч гарын үсэг нь дардас байсан. Үүнд шүүгч ач холбогдол өгөөгүй нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна. Мөн нэмэгдүүлсэн шаардлагаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө татаж авсан. Уг асуудлаар авч хэлэлцээгүй, сөрөг нэхэмжлэлд ч энэ талаар тусгагдаагүй байхад нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг компанид буцаан олгохгүй заасан байна. Түүнчлэн нэхэмжлэгч компанийн хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангуулах захирамжаар маргаан бүхий 3 дугаарыг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байхыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас хариуцагч компанид мэдэгдсэн байтал эрх мэдлээ ашиглан дээрх дугааруудыг бусдад шилжүүлсэн. Энэ талаар хариуцагчийн төлөөлөгч шүүхэд байнга худал мэдүүлдэг. Дараа дугаарт төлбөрийн ямар нэгэн үлдэгдэлгүй байхад шүүгч тогтоохдоо дараа төлбөрт үйлчилгээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утаснуудын төлбөрт нийт 3 376 741 төгрөг гаргуулж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч  “М” ХХК-д холбогдуулан 9910-5990, 9910-4838, 9905-5464 дугаар дээрх лизингийн төлбөрийг 2 211 750 төгрөгөөр тогтоолгох /хх.1-2/, уг дугааруудыг нэхэмжлэгч компанийн нэр дээр буцаан шилжүүлэх нэмэгдүүлсэн шаардлага /хх.95/ гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч марган үүрэн холбооны дараа төлбөр болон зээлээр худалдан авсан гар утаснуудын төлбөрт нийт 3 376 741 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх.76/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Г” ХХК нь дугааруудын ашиглах эрхийг шилжүүлэх тухай нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж, үндсэн лизингийн төлбөрийг 2 211 750 төгрөгөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин шүүх хуралдаанд оролцсон байна. /хх.122/

 

Талуудын хооронд 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 9910-5990, 9910-4838 дугаарын үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний 20171591 тоот гэрээ, 9910-5990 дугаар дээр 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үүрэн телефон холбооны дараа төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээний гар утас, төхөөрөмжтэй 20171591 тоот багцын гэрээ, мөн өдөр гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах 20171591 тоот нэмэлт гэрээ, 9910-4838 дугаар дээр 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ, мөн өдөр үүрэн телефон холбооны дараа төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээний гар утас, төхөөрөмжтэй багцын гэрээ,  9905-5464 дугаар дээр 2016 оны 05 дугаар сарын 29-ны өдөр гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ, мөн өдөр үүрэн телефон холбооны дараа төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээний гар утас, төхөөрөмжтэй багцын гэрээ тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх.4-14/

 

Эдгээр гэрээнүүдэд зааснаар талууд холбогдох дугааруудыг ашигласныг төлбөрийн гэрээнд зааснаар сар бүр төлөх, гар утасны төхөөрөмжийг хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж нэхэмжлэгч сар бүр төхөөрөмжийн дүнгээс үнийг нь хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “лизингийн төлбөрийг 2 211 750 төгрөгөөр тооцуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болно. Нэхэмжлэгч нь өөрийн гүйцэтгэх үүргийг шүүхээр урьдчилан тогтоолгохоор гаргаж буй шаардлага тодорхой бус буюу шүүхээр ямар эрхээ, хэрхэн хамгаалуулах гэж байгаа нь тодорхой бус шаардлага гаргажээ. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заагдсан ямар эрх нь зөрчигдсөнийг хамгаалуулахаар шаардаж байгаа нь тодорхой бус байх тул уг шаардлагыг шүүхээс хангах, нөгөө талд үүрэг хүлээлгэх боломжгүй. Гэрээний дагуу өөрийн гүйцэтгэвэл зохих үүргийг ямар нэг эрх зүйн үр дагаваргүйгээр, дангаар нь шүүхээр тодорхойлуулах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нотолж чадаагүй тул уг шаардлагыг хангах боломжгүй байна.

 

Харин хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээр нэхэмжлэгчээс утасны төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлэхээр шаардсан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь ашиглалтын төлбөрийн үлдэгдэлгүй гэж хариуцагч тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч компаниас утасны дугаар ашиглалтын төлбөр бус харин тоног төхөөрөмжийн үнийг шаардсан байна. Талуудын хооронд 2 төрлийн худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэж, нэхэмжлэгч “Г” ХХК нь 54 000 төгрөгийн багц 2 /хх.78-79, 82-83/, 9 900 төгрөгийн багц 1 /хх.80-81/-ын үйлчилгээг хэрэглэхээр, түүнчлэн Iphone 6S Gold 16GB, Iphone 6S Rose Gold 64 GB, Samsung Galaxy S7 EDGE утасны төхөөрөмжийг хөнгөлөлттэй үнээр 1 400 000 төгрөг, 1 150 000 төгрөг, 1 700 000 төгрөгийн үнээр зээлээр худалдах хэлцэл хийгдсэн. /хх.7-15/

 

Хариуцагч  “М” ХХК-ийн хувьд төхөөрөмжийг худалдах гэрээнүүдэд буюу хөнгөлөлттэй үнэ болон цуцлах үеийн үнэлсэн 2 өөр төрлийн үнэ бичжээ. Талуудын хоорондын гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байх бөгөөд мөн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар үг хэллэг нь ойлгомжгүй байвал санал хүлээн авагч буюу нэхэмжлэгч “Г” ХХК-д ашигтайгаар шийдвэрлэх учиртай. Өөрөөр хэлбэл, гар утасны төхөөрөмжийн үнийг тодорхойлсон гэрээний стандарт нөхцөл тодорхой бус байна. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дах хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний үнэ тодорхой байх ёстой бөгөөд гэрээг цуцалсан тохиолдолд болон хөнгөлөлттэй үнээр гэсэн 2 төрлийн үнэ заасан байх бөгөөд хэрэглэгчид хөнгөлөлттэй үнэ санал болгосон хөнгөлөлттэй үнийг Иргэний хуулийн 201 дүгээр зүйлд зааснаар гэрээний үнэ гэж үзнэ.

 

Хэргийн 84 дүгээр талд авагдсан баримтад хариуцагч  “М” ХХК нь 7 428 381 төгрөгийн авлагаас 4 051 630 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан гэх баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн байх бөгөөд зөвхөн уг баримтад үндэслэн 3 ширхэг гар утасны төлбөрийн үлдэгдэл 3 376 741 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл, 3 376 741 төгрөгийн үлдэгдэл байгаа гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч компани баримтаар нотолж чадаагүй байна. Харин нэхэмжлэгч “Г” ХХК нь 2 211 750 төгрөгийн үлдэгдэл байгаа гэх тайлбарыг өөрийн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа заасан тул уг хэмжээгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 6 дугаар зүйлд нийцнэ.

 

Хэргийн 122 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч “Г” ХХК нь нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзсан татгалзлаа /хх.118/ шүүх хуралдааны өмнө гаргаагүй, харин шүүх хуралдааны үед гаргасан байна. Энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5 дах хэсэгт заасны дагуу дуусгавар болсон гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дах хэсэгт зааснаар уг нэхэмжлэлийн хэсэгт төлсөн улсын тэмдэгтийн хураамж буцаан олгохгүй.

 

Түүнчлэн хариуцагч нь утасны ярианы төлбөрийг бус, төхөөрөмжийн үлдэгдлийн үнийг шаардаж байхад Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх тухай заалтыг хэрэглэх шаардлагагүй тул уг заалтыг тогтоох хэсэгтээ баримталсныг хасах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн 182/ШШ2018/00627 дугаар шийдвэрийн,

тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсгийн баримтлан 9910-5990, 9910-4838, 9905-5464 дугаар дээрх лизингийн төлбөрийг 2 211 750 төгрөгөөр тогтоолгох “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Г” ХХК-иас нийт 2 211 750 төгрөгийг гаргуулж хариуцагч  “М” ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дах заалтыг “68 978” гэснийг “50 338” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 50 340 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.ОТГОНЦЭЦЭГ

 

        ШҮҮГЧ                            Ч.ЦЭНД

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ