| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/03213/И |
| Дугаар | 3356 |
| Огноо | 2020-09-30 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 3356
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ***** давхар, “МД” ХК-ийн /РД: 0000/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ****** тоотод оршин суух, Д*******гийн Бд /РД: 0000/ холбогдох
197.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунболор,
Хариуцагч Д.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “МД” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунболор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Б болон “МД” ХК нар нь 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс 1 жилийн хугацаатай 1810007620001 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж даатгуулагч Д.Б 435.000 төгрөгийн даатгалын хураамжийг даатгагчид төлөхөөр тохиролцож, эрсдэлээ даатгуулсан.
Гэрээний хугацаанд 2 удаа нийт 265.000 төгрөгийн нөхөн төлбөр авч байсан. Гэтэл даатгуулагч 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 237.500 төгрөгийн даатгалын хураамжийг төлсөн боловч үлдэгдэл 197.500 төгрөгийн даатгалын хураамжийг төлөхгүй байна.
Иймд Д.Бас Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т “Даатгуулагч даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу даатгалын гэрээний хураамжийн төлбөрийн үлдэгдэл 197.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би “МД” ХК-тай 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр даатгалын гэрээ байгуулсан ба тус компаниас ирүүлсэн мессежийн дагуу сар бүр даатгалын хураамжид 43.500 төгрөгийг төлж байсан. Даатгалын хураамжид нийт 237.500 төгрөгийг төлсөн.
Мессеж ирээгүй тасалдсаны улмаас миний машинд учруулсан хохирлыг барагдуулаагүй. Мөн эсрэг машины хохирлыг барагдуулсан нь ойлгомжгүй байна. Анх гэрээ байгуулахад “МД” ХК-ийн ажилтан сар бүр мессеж явуулж надаас даатгалын хураамж нэхэмжлэнэ гэсэн би мессеж ирэхээр нь хураамжаа төлдөг байсан.
Мэдээлэл өгдөг байсан учраас төлдөг байсан бөгөөд мэдээллээ өгөөгүйгээс хураамж төлөөгүй. Гэрээгээр мессэж ирүүлнэ гэж тохироогүйгээ эд нар зөвтгөж байна.
2019 оны 6 дугаар сард та хураамжаа яаж төлөх бэ гэж ярьж байсан бөгөөд одоо хураамж төлөөгүй гэж байгааг ойлгохгүй байна.
Намайг даатгалын хураамж төлөөгүй үндэслэлээр миний машинд учирсан хохирлыг өгөөгүй атлаа нөгөө машинд даатгалын нөхөн төлбөр өгсөн байгааг ойлгохгүй байна. Иймд “МД” ХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “МД” ХК нь хариуцагч Д.Бд холбогдуулан даатгалын хураамжийн үлдэгдэл 197.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
“Мандал женерал даатгал” ХХК нь 2017 оны 1 сарын 30-ны өдөр оноосон нэрээ “МД” ХХК болгон өөрчилсөн нь, “МД” ХХК нь 2018 оны 9 сарын 21-ний өдөр хэлбэрээ өөрчлөн “МД” ХК болсон нь бүртгэлийн байгууллагын лавлагаагаар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 35-36 дугаар тал/
Нэхэмжлэгч буюу даатгагч “МД” ХК болон даатгуулагч тоёота кроун маркийн ******* УНЦ улсын дугаартай авто машины эзэмшигч хариуцагч Д.Б нар нь 2018 оны 10 сарын 4-ний өдөр “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ”-г мөн “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г тус тус 1 жилийн хугацаатай байгуулсан ба жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээгээр даатгуулагч даатгалын зүйлээ даатгагчид даатгуулах, даатгагч нь гэрээнд заасан эрсдэл үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгохоор, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр даатгуулагч нь даатгалын зүйлийг гэрээнд заасан эрсдэлээс даатгуулж даатгалын хураамж төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирлыг хэлэлцэн тохирсоны дагуу төлөхөөр тус тус тохирчээ.
Гэрээ бүрт талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 5-6, 40-41 дүгээр хуудас/
Тоёота кроун маркийн, арлын ******* дугаартай, 85-85 УНЦ улсын дугаартай авто машины эзэмшигч Д*******гийн Б болох нь тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болохыг дурдлаа.
/ХХ-ийн 34 дүгээр тал/
Даатгуулагч Д.Б Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний дагуу даатгалын хураамжид 78.408 төгрөг, Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу даатгалын хураамжид 356.592 төгрөг, нийт 435.000 төгрөгийг төлөх үүрэгтэй нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдлоо.
Д.Б нийт хураамжийг сар бүрийн 11-ний өдөр 43.500 төгрөгөөр төлөхөөр тохирсон талаар хэн аль нь маргаагүй.
Даатгуулагч Д.Б гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 10 сарын 4-ний өдөр 43.500 төгрөг, 2018 оны 12 сарын 4-ний өдөр 43.500 төгрөг, 2019 оны 1 сарын 11-ний өдөр 87.000 төгрөг, 2019 оны 2 сарын 28-ны өдөр 43.500 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш тэрээр сар бүрийн 11-ний өдөр төлөх хураамжаа төлөөгүй бөгөөд 2019 оны 6 сарын 21-ний өдөр 20.000 төгрөг төлснөөр тэрээр даатгалын хураамжид 237.500 төгрөг төлсөн нь авлагын дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдлоо.
/ХХ-ийн 5-6, 9, 40-41 дүгээр тал/
Гэрээний явцад даатгалын тохиолдол болж даатгуулагч Д.Б 2019 оны 1 сарын 23-ны өдөр 95.000 төгрөгийн нөхөн төлбөр авсан бөгөөд 2019 оны 6 сарын 4-ний өдөр зам тээврийн осол болж тоёота кроун маркийн ******* УНЦ улсын дугаартай авто машины жолооч Д.Б Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4 дэх заалтыг зөрчин киа бонго маркийн ******* УНЕ дугаартай Ч.Ганболд жолоочтой авто машинтай мөргөлдөн зам тээврийн осол гаргасан ба жолооч Ч.Ганболдолд даатгагч 2019 оны 6 сарын 21-ний өдөр 170.000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна.
Даатгуулагч Д.Б 2019 оны 6 сарын 4-ний өдрийн зам тээврийн ослын улмаас хохирол учирсан хэмээн нөхөн төлбөр олгох материал бүрдүүлэн даатгагчид хүргүүлэхэд түүнийг 2019 оны 3, 4, 5 сарын хураамжаа төлөөгүй учир Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4.9, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-д заасныг үндэслэн нөхөн төлбөр олгох боломжгүй гэж үзжээ.
/ХХ-ийн 7, 8, 38, 39 дүгээр тал/
Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9-д “Даатгуулагч даатгалын хураамжаа хуваан төлж байгаа тохиолдолд даатгалын хураамж хуваарийн дагуу төлөгдөөгүй хуанлийн 30 хоногоос хойш гарсан аливаа хохиролд хариуцлага хүлээхгүй байх”,
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д “Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно” гэж заасан ба 8.5.3-т “Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан” бол гэж тус тус заажээ.
Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т “Дараах тохиолдлууд нь даатгалын эрсдэлд хамаарахгүй бөгөөд даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар гарсан хохирол гэж үзнэ” Үүнд: 2.2.1-т “Даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд, хэрэв даатгагчийн зөвшөөрлөөр нэмэлт хугацаа авсан бол тэрхүү хураамж төлөх нэмэлт хугацаанд төлөөгүй тохиолдолд” гэж заасан байна.
Даатгуулагч Д.Б нь даатгалын хураамжийг хуваан төлөхөөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр тохирсоноос гадна даатгалын хураамжийг хуваан төлөх баримт үйлдэн хураамжийг сар бүрийн 11-ний өдөр 43.500 төгрөгийн давтамжтайгаар төлөхөөр тохирсон бөгөөд тэрээр гэрээний үргэлжлэх хугацаанд 435.000 төгрөгийг хураамж төлөхөөс 237.500 төгрөгийг төлсөн, 197.500 төгрөгийн үлдэгдэлтэй талаар болон 2019 оны 3, 4, 5 сарын хураамжийг төлөөгүй талаар хэн аль нь маргаагүй.
Хариуцагч Д.Б даатгалын байгууллагын ажилтан мессэж ирүүлдэг байсан тул төлж байсан, мессэж ирүүлээгүйгээс төлөөгүй гэж маргаж байх ба гэрээгээр даатгагчын хүлээх үүрэгт хураамжийг төлөх хугацааг даатгуулагчид мэдэгдэх талаар тодорхойлон заагаагүй байна.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь хураамж төлөх үүргийг хүлээнэ”,
Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т “Даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх” гэж тус тус заасны дагуу даатгуулагч буюу хариуцагч Д.Б нь даатгалын хураамжийн үлдэгдлийг төлөх үүрэгтэй.
Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухайн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасныг хариуцагч Д.Бас 197.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МД” ХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухайн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т заасныг хариуцагч Д.Бас 197.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МД” ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “МД” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бас 6.580 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МД” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН