| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/03434/И |
| Дугаар | 3913 |
| Огноо | 2020-11-09 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 3913
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ***** тоотод оршин суух, Х*******гийн Жгийн /РД: 0000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ***** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүрэг, ******* тоотод оршин сууж байгаа, С*******ийн Б /РД: 0000/, Баянсангийн Ц /РД: 0000/ нарт холбогдох,
3,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******,
Хариуцагч С.Б, Б.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Х.Ж нь 2019 оны 8 сарын 2-ны өдөр иргэн Б.Ц, С.Б нартай түрээсийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ****** тоотыг түрээслэх гэрээг байгуулсан.
Уг 21 тоот нь орон сууц ч үйлдвэрлэлийн зориулалтаар түрээслэхээр болоод өмнө нь эмнэлэг, өдөр өнжүүлэхийн зориулалтаар түрээслэж байсан бөгөөд С.Б, Б.Ц нар нь нарийн боовны чиглэлээр түрээслэнэ гэсэн.
Тус түрээсийн гэрээний дагуу түрээслэгч С.Б, Б.Ц нар нь сар бүр 1.500.000 төгрөгийг төлөх, түрээслүүлэгч Х.Ж биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн.
2019 оны 8 сарын 2-ны өдөр барьцаа 1.500.000 төгрөг, 2019 оны 8 сарын 22-ны өдөр 8 сарын түрээсийн төлбөр 1.500.000 төгрөг, 2019 оны 9 сарын 28-ны өдөр 9 сарын түрээсийн төлбөр 1.500.000 төгрөгийг тус тус төлсөн.
Мөн 2019 оны 10 сарын 31-ний өдөр 10 сарын түрээсийн төлбөр 1.500.000 төгрөг төлсөн ба 11 сарын түрээсийн төлбөр 1.500.000 төгрөг төлөөгүй, 2019 оны 12 сарын 16-ны өдөр 12 сарын түрээсийн төлбөрт 1.500.000 төгрөг төлөхөөс 1.000.000 төгрөг төлсөн. 2019 оны 12 сарын түрээсийн төлбөрөөс 500.000 төгрөг дутуу байгаа.
Талууд өнөөгийн нөхцөл байдал, цар тахалтай холбогдуулан ярилцаж байгаад түрээсийн төлбөрийг 2020 оны 1 сараас 1.100.000 төгрөг болгон бууруулсан бөгөөд С.Б, Б.Ц нар 2020 оны 1, 2, 3 сарын түрээс нийт 3.300.000 төгрөгийг төлөөгүй.
Ингээд 2020 оны 4 сарын 1-ний өдөр 1.100.000 төгрөг, 2020 оны 5 сарын 5-ны өдөр 1.100.000 төгрөгийг буюу 2020 оны 4, 5 сарын түрээсийн төлбөрийг төлсөн.
Түрээсийн байранд 2020 оны 5 сарын 22-ны өдөр очиход С.Б, Б.Ц нар байгаагүй ба өөр хүнд дамжуулан түрээслэсэн байсан. Уг түрээслэгчийн хэлж байгаагаар тэд сар бүрийн түрээсийг Б.Ц, С.Б нарт тогтмол төлж байгаа талаараа хэлсэн.
Х.Жгийн тухайд уг шинэ түрээслэгчтэй 2019 оны 6 сараас түрээсийн гэрээ байгуулсан ба тухайн түрээслэгч байрыг компьютер хангамж, хэвлэлийн чиглэлээр түрээслэн тэрээр төлбөрөө төлөөд гэрээ хэвийн үргэлжилж байгаа.
2019 оны 11 сарын түрээсийн төлбөр 1.500.000 төгрөг, 2019 оны 12 сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 500.000 төгрөг, 2020 оны 1, 2, 3 сарын түрээсийн төлбөр бүгд 3.300.000 төгрөг, нийт 5.300.000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс барьцаа 1.500.000 төгрөгийг хасахад 3.800.000 төгрөг болж байна.
Иймд хариуцагч С.Б, Б.Ц нараас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Б, Б.Ц нар шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.Б, Б.Ц бид Х.Жтай түрээсийн гэрээ байгуулан түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******** тоотыг нарийн боовны үйлдвэрлэл явуулахаар түрээслэхээр тохирч гэрээ байгуулан сарын түрээсийн төлбөрийг 1.500.000 төгрөг гэж тохирсон.
Өмнө нь эмнэлэг, өдөр өнжүүлэхийн зориулалтаар түрээслэж байсан гэсэн. Бид хоёр тэр өдрөө барьцаа 1.500.000 төгрөгөө Х.Жгийн дансанд шилжүүлсэн.
Эрээнээс тоног төхөөрөмж оруулж ирэн үйл ажиллагаа явуулж эхлээд 11 сард мэргэжлийн хяналтаас нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа явуулж болохгүй гээд 2019 оны 11 сарын 26-ны өдөр үйл ажиллагаа зогсоосон.
Би тухай бүрт нь Х.Ж эгчид хэлж байсан ба 2019 оны 12 сард Х.Ж эгч рүү залгаад үйл ажиллагаа явуулаагүй болохоор түрээсийн төлбөр өгч чадахгүй, хэн хэнийгээ хохироогоод яах бэ гээд 12 сарын түрээсийн төлбөрт 1.000.000 төгрөг өгье гэхэд өөрөө зөвшөөрсөн.
Тухайн түрээсийн байранд 2020 оны 1-3 сар дуустал хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, хүн амьдраагүй, бид хоёрт тухайн байрны түлхүүр нь байсан. Х.Ж эгчтэй яриад 2020 оны 1 сараас түрээсийн төлбөрийг сард 1.100.000 төгрөг байхаар тохирсон.
Үеэл дүү н.Н******* уг түрээсийн байранд 2020 оны 4 сараас компьютер, хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан ба энэ талаар Х.Жд хэлж байсан.
Бид хоёр нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө авч чадаагүй талаараа Х.Ж эгчид хэлсэн ба нөхрөөрөө хөөцөлдүүлье гэж байсан. Түрээсийн гэрээгээ болье гэдгээ хэлж байсан, гэхдээ бичгээр гаргаж байгаагүй.
******* дугаартай данс нь Б.Ц-ын данс. 2019 оны 8 сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөг, 2019 оны 9 сарын 28-ны өдөр 1.500.000 төгрөг, 2019 оны 10 сарын 31-ний өдөр 1.500.000 төгрөг, 2019 оны 12 сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөг төлсөн. Дүү н.Н*******гоос түрээсийн төлбөрийг нь аваад 2020 оны 4, 5 сард нийт 2.200.000 төгрөг төлсөн.
2020 оны 6 сард Х.Ж түрээсийн төлбөр 5.300.000 төгрөг төл гэхэд нь үнэнээ хэлье гэж бодоод барьцаа 1.500.000 төгрөг дээрээ 1.500.000 төгрөг нэмж өгөөд, хөнгөн засвар хийе гэж тохирсон. Нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа явуулах гээд байрных нь ханан дээр зураг зурсан байсныг арилгана гэсэн юм.
Бид зээлээр тоног төхөөрөмж авсан ба төхөөрөмжөө хүнд худалдсан ч мөнгөө авч чадахгүй байгаа. Бид 1.500.000 төгрөг төлөх боломжтой, илүү чадахгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Ж нь хариуцагч С.Б, Б.Ц нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг 3.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч С.Б, Б.Ц нар нь нэхэмжлэгч Х.Жтай 2019 оны 8 сарын 2-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан түрээслэгч С.Б, Б.Ц нар нь түрээслүүлэгч Х.Ж-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ****** тоотын 91 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нарийн боовны чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхээр 5 жилийн хугацаагаар түрээслэхээр харилцан тохирчээ.
Дээрхи гэрээнд талууд хэн аль нь хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсээ зуран баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн ба түрээсийн гэрээ байгуулсан талаар талууд хэн аль маргаагүй.
/ХХ-ийн 5-7 дугаар тал/
Баянзүрх дүүрэг, ******* тоотод байршилтай, 91 м.кв талбайтай, эрхий улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Х.Ж болох нь ******* дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.
/ХХ-ийн 35 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т “Түрээсийн талбайн төлбөр 1 сарын 1.500.000 төгрөг байх бөгөөд түрээсийн төлбөрийг сар бүр бодож авна. Үүнд НӨАТ ороогүй. Уг төөлбөрт ашиглалтын зардал /СӨХ, контор, цахилгаан, интернэт, кабель/ багтаагүй ба түрээслэгч тал ашиглалтын зардлаа сар бүрийн 16-ны дотор хугацаанд холбогдох байгууллагуудад төлнө”,
3.2-т “Түрээслэгч тал сар бүрийн 5-ны өдрийн дотор Х.Жгийн Хаан банкны ******* тоот дансанд түрээсийн төлбөрийг тушаана”,
3.4-т “Гэрээ байгуулахдаа түрээслэгч тал хүүлэсэн үүргээ билүүлэх баталгаа болгож түрээсийн барьцаа 1.500.000 төгрөгийг түрээслүүлэгч тал байршуулна” гэж тохирсон бөгөөд талууд энэ талаар хэн аль нь маргахгүй байна.
Талууд дээрх гэрээний сарын түрээсийн төлбөрийг харилцан ярилцан бууруулж 2020 оны 1 сараас түрээсийн төлбөрийг сард 1.100.000 төгрөг болгосон талаар тайлбарласан бөгөөд энэ тухайд хэн аль нь маргаагүй.
Гэрээ байгуулсан 2019 оны 8 сарын 2-ны өдөр түрээслэгч С.Б , Б.Ц нар нь Б.Ц-н Хаан банк дахь ******* тоот данснаас түрээслүүлэгч Х.Жгийн ******* тоот данс руу барьцаа төлбөр 1.500.000 төгрөг, 2019 оны 8 сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөг, 2019 оны 9 сарын 28-ны өдөр 1.500.000 төгрөг, 2019 оны 10 сарын 31-ний өдөр 1.500.000 төгрөг, 2019 оны 12 сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 4 сарын 1-ний өдөр 1.100.000 төгрөг, 2020 оны 5 сарын 5-ны өдөр 1.100.000 төгрөг тус тус төлсөн нь талуудын тайлбар болон Х.Жгийн Хаан банк дахь депозит дансны хуулгаар тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй болно.
/ХХ-ийн 36-42 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-т зааснаар түрээслэгч нар түрээсийн төлбөрт сар бүр 1.500.000 төгрөг төлөх үүрэгтэй ба түрээслэгч С.Б , Б.Ц нар 2019 оны 11 сар, 2020 оны 1-3 саруудын түрээсийн төлбөрийг төлөөгүй ба 2019 оны 12 сарын түрээсийн төлбөрөөс 500.000 төгрөгийг дутуу төлжээ.
Мэргэжлийн хяналтын байгууллага 2019 оны 11 сарын 26-ны өдөр үйл ажиллагааг нь зогсоосон тул түрээслүүлэгч Х.Жтай харилцан тохиролцон 2019 оны 12 сарын түрээсийн төлбөрт 1.500.000 төгрөг бус 1.000.000 төгрөг төлөхөөр тохирсон гэж хариуцагч С.Б, С.Ц******* нар тайлбарлах боловч энэ нь баримтаар тогтоогдсонгүй.
Хариуцагч С.Б нь “2020 оны 1 сарын 2-ноос эхлэн 1.100.000 төгрөгөөр түрээсийн төлбөр болгов” гэж гэрээнд тэмдэглэсэн ба талууд 2020 оны 1 сараас түрээсийн төлбөрийг 1.100.000 төгрөг болгосон талаар тайлбарлаж байх тул уг хугацаанаас төлбөрийг мөн дүнгээр нь буюу 1.100.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй.
Хариуцагч С.Б , Б.Ц нар нь нарийн боовны үйлдвэрлэлийн чиглэлээр нэхэмжлэгч Х.Жгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ****** тоотын 91 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түрээслэх хүсэлт гаргасныг өмчлөгч Х.Ж зөвшөөрөн гэрээ байгуулсан нь тухайн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг түрээслүүлэгч авах үүрэгтэй гэсэн ойлголт биш юм.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу түрээслүүлэгч Х.Ж түрээсийн төлбөрөө төлөөгүй түрээслэгч С.Б, Б.Ц нараас төлбөрөө шаардсан нь үндэслэлтэй.
Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-д “Түрээслэгч гэрээний хүчинтэй хугацаанд талбайг ашигласан эсэхээс үл харг******* түрээсийн төлбөрийг төлнө”,
6 дугаар зүйлийн 6.3-т “Түрээслэгч нь өөрийн буруугаас түрээсийн талбайг ашиглаж чадаагүй бол түрээсийн төлбөр төлөхөөс чөлөөлөгдөхгүй” гэж тус тус заасан ба түрээсийн талбайг ашиглаагүйд нэхэмжлэгч Х.Жг буруутгах үндэслэлгүй тул хариуцагч Б.Ц*******, С.Б нарыг талбай ашиглаагүй хугацааны түрээсийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй.
Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.5-д “Түрээслэгч түрээлүүлэгчийн зөвшөөрөлгүй түрээсийн байрыг бусдад давхар түрээслэх, худалдаалах, барьцаанд тавихыг хориглоно” гэж заасан ба хариуцагч С.Б, Б.Ц нар түрээсийн байрыг 2020 оны 4 сарын дундуур бусдад түрээслүүлэн төлбөрийг авч Х.Жд түрээсийн төлбөрт өгч байсан талаараа тайлбарлалаа.
Түрээслэгч С.Б , Б.Ц нар 2019 оны 8 сарын 2-ны өдрөөс 2020 оны 5 сарыг дуустал хугацааны ашиглалтын зардлын ямар нэг тооцоогүй байна.
Гагцхүү тэдгээр нь 2019 оны 11 сарын түрээсийн төлбөр 1.500.000 төгрөг, 2019 оны 12 сарын түрээсийн төлбөрөөс 500.000 төгрөг, 2020 оны 1-3 саруудыг түрээсийн төлбөр 3.300.000 төгрөг, нийт 5.300.000 төгрөгийг төлөөгүй байх ба уг мөнгөнөөс 2019 оны 8 сарын 2-ны өдөр барьцаа төлбөрт төлсөн 1.500.000 төгрөгийг хасч тооцсон нь үндэслэлтэй.
/1.500.000+500.000+1.100.000+1.100.000+1.100.000=5.300.000 төгрөг
5.300.000-1.500.000=3.800.000 төгрөг/
Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан хариуцагч С.Б, Б.Ц нараас 3.800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Жд олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасныг баримтлан хариуцагч С.Б , Б.Ц нараас 3.800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Жд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Жгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Жгаас 1.000 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж хариуцагч С.Б , Б.Ц нараас 75.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Жд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН