Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 3397

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                

    Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

    Нэхэмжлэгч: *******, ***** тоотод оршин суух, Д.А-ын /РД: 0000/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ***** тоотод оршин суух, Г. Б-д /РД: 0000/ холбогдох

7,310,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.А миниий бие БНХАУ-ын Эрээн хотын Хуан Юу худалдааны төвд байрлах “Ч” дугуй худалдааны компаниас том оврын авто машины дугуй зээлээр авч борлуулдаг байсан. Энэ компанитай түншлээд 3 жил болж байгаа ба бидний хооронд хамтран ажиллах бичгийн гэрээ байхгүй. Итгэлцлээр харилцсан.

Би өмнө нь хятад компанид 10 гаруй жил ажилласан бөгөөд уг компанийн захирал намайг “Ч” компанийн захиралд “Д.Аад дугуй зээлээр өгч заруул” гэж хэлэн өгч би уг компанийн дугуйг зээлээр авч борлуулахаар болсон.

Би ”Ч” компаниас авсан дугуйн дээр 5.000-10.000 төгрөг нэмж борлуулж байсан бөгөөд ингэж ажилласаар 3 жил болсон.

Дугуйны борлуулалт муу байгаагаас гадна “Ч” компани зээлээр дугуй өгөхөө больсон тул Монгол хьюндай компанийн байранд түрээслэж байсан дугуйны агуулахын байрыг 2020 оны 9 сарын 30-ны өдөр компанид нь хүлээлгэн өгсөн.

Ч.Б ах 4-р цахилгаан станцын урд “Х** Б” гэдэг дугуйны дэлгүүрт хуучин дугуй борлуулж байсан ба би түүнд “Та хуучин дугуй зарж байхаар надаас шинэ дугуй зээлээр аваад зар. Зарсны чинь дараа тооцоо хийе” гэхэд зөвшөөрсөн.

Ингээд Ч.Б нь 2020 оны 1 сарын 9-ний өдөр 26 ширхэг дугуй, 2020 оны 2 сарын 14-ний өдөр 14 ширхэг, нийт 40 ширхэг дугуй зээлээр авсан.

Ч.Б ахад дугуй зээлээр өгөх үед надад 49 ширхэг дугуй үлдсэн байсан бөгөөд 40 ширхэгийг нь Ч.Б ах зээлээр аваад мөнгийг нь 2020 оны 4 сарын 23-ны өдөр өгөхөөр тохирсон.

Би Ч.Б ахаас 25 ширхэг дугуй буцаан авсан бөгөөд  үлдсэн 15 ширхэг дугуйг нь Ч.Б ах мөн бусдад зээлээр өгсөн юм билээ. Би түүнээс удаа дараа мөнгөө нэхсэн бөгөөд надад 15 ширхэг дугуйны үнэ 17.830 юанийг өгнө гэдгээ зөвшөөрч баримт үйлдсэн.

Иймд 15 ширхэг дугуйны үнэ 17.830 юань буюу 7.310.000 төгрөгийг хариуцагч Ч.Баас гаргуулж өгнө үү.

Юаны ханшийг Хаан банкны аппликейшн ашиглаж байгаад уг банкны 2020 оны 4 сарын 23-ны өдрийн ханшаар тооцсон гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Г.Бд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7.310.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.А нь БНХАУ-ын Эрээн хотын Хуан Юу худалдааны төвд байрлах “Ч” компаниас том оврын тээврийн хэрэгслийн дугуй зээлээр худалдан авч борлуулах үйл ажиллагааг явуулдаг хэмээн тайлбарлалаа.

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Г.Бтай харилцан тохирч 2020 оны 1 сарын 9-ний өдөр 26 ширхэг /20+6/, 2020 оны 2 сарын 14-ний өдөр 14 ширхэг, нийт 40 ширхэг дугуйг Ч.Бд хүлээлгэн өгсөн нь дугуй хүлээлгэн өгсөн зарлагын баримтаар тогтоогдож байх ба хариуцагч Ч.Б нь уг дугуйг хүлээн аваагүй хэмээн эсэргүүцэн тайлбар, баримт ирүүлээгүй болно.

Хариуцагч Г.Б зээлээр худалдан борлуулахаар хүлээн авсан 40 ширхэг дугуйнаасаа 25 ширхэгийг нь нэхэмжлэгч Д.Аад хүлээлгэн өгсөн нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч Д.Ааас зээлээр авсан 15 ширхэг дугуйны үнэ 17.830 юанийг нэн даруй төлнө гэх тайлбарыг 2020 оны 4  сарын 23-ны өдөр, мөн дахин 2020 оны 5 сарын 1-ний өдөр 15 ширхэг дугуйны үнэ 17.830 юанийг Д.Аад 2020 оны 7 сарын 1-ний өдөр гэхэд төлж барагдуулахаар тус тус хүлээн зөвшөөрч тайлбараа гаргаж байжээ.

/ХХ-ийн 6-7 дугаар тал/

Хариуцагч буюу худалдан авагч Г.Б нь нэхэмжлэгч Д.Аын БНХАУ-ын Эрээн хотын Хуан Юу худалдааны төвд байрлах “Ч” компаниас зээлээр худалдан авсан дугуйнаас нийт 15 ширхэг дугуйг бусдад зээлээр худалдсан талаараа бичгээр тайлбар гарган үүний мөнгийг Д.Аад хүлээлгэн өгөхөөр хүлээн зөвшөөрсөн байх хэдий ч уг төлбөрөө төлөөгүй байна.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд худалдан авагч Г.Б худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг төлөх үүрэгтэй.

Гадаад валютын үүргийг монгол төгрөгөөр гүйцэтгэх бол үүрэг гүйцэтгэх үеийн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцох ба тухайн үеийн гэдэг нь нэхэмжлэл гаргах үеийг ойлгодог.

Нэхэмжлэгч Д.А нь 15 ширхэг дугуйны үнэ 17.830 юанийг нэхэмжлэл гаргах үеийн 2020 оны 7 сарын 6-ны өдрийн ханшаар бус дугуйны үнийг төлнө гэсэн 2020 оны 4 сарын 23-ны өдрийн ханшаар нэхэмжилж байх ба тэрээр юаны ханшийг Монгол банкнаас зарласан ханшаар бус Хаан банкны ханшаар тооцсон тул хуульд заасны дагуу Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцох нь зүйтэй гэж үзлээ.

2020 оны 4 сарын 23-ны өдөр Монгол банкнаас зарласан юаны ханш 393,55 төгрөг байсан ба уг мэдээлэл нь Монгол банкны www.mongolbank.mn мэдээллийн санд байршиж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу ханшийн лавлагааг  нотлох шаардлагагүй гэж үзсэн болно.  

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Баас 7.016.996 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Аад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 239.004 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

Хариуцагч Г.Бд нэхэмжлэлийн хувийг 2020 оны 7 сарын 9-ний өдөр гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.

/ХХ-ийн 11-13 дугаар тал/

2020 оны 9 сарын 24-ний өдрийн 15 цагт шүүх хуралдаан болохыг хариуцагч Г.Бд 2020 оны 9 сарын 16-ны өдөр мэдэгдсэн бөгөөд хариуцагч Г.Б уг өдрийн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ч түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйлүүдэд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх хугацаа олгох, мэтгэлцэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг 2020 оны 10 сарын 2-ны өдрийн 9 цагт хэлэлцүүлэхээр хойшлуулсан болно.

/ХХ-ийн 16-17, 19-23 дугаар тал/

Хариуцагч Г.Бд шүүх хуралдааны товыг хуралдаан болохоос 9 хоногийн өмнө мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгч нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг үндэслэн хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

/ХХ-ийн 25, 26 дугаар тал/

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Баас 7.016.996 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Аад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 239.004 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Аын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131.910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Баас 127.221 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Аад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх  хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.САРАНГҮН