| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/03434/И |
| Дугаар | 3771 |
| Огноо | 2020-10-30 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 3771
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ***** тоотод оршин суух, А.З /РД: 0000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ******** тоотод оршин суух, Т.А /РД: 0000/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ******** тоот хаягт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ****** тоот хаягт оршин суух, Ч.С /РД:0000/ нарт холбогдох,
5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мө*******,
Хариуцагч Ч.С,
Хариуцагч Т.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,
Гэрч Т.Гэндэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мө******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.З нь Баянзүрх дүүрэг, ****** тоотод оршин суудаг ба хашаандаа “Хоёр говь” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2019 оны 8 сарын сүүлчээр дэлгүүрийнх нь хажуугаар “ЗОӨ” ХХК төвийн дулаан тавих ажил хийж байсан ба тэнд ажилладаг Ч.С гэх хүнтэй уулзан гэр болон дэлгүүртээ төвийн дулаан татуулах хүсэлтэйгээ илэрхийлсэн.
Ингэхэд нь Ч.С миний мэдэх асуудал биш тул таныг захиралтай уулзуулья гэсэн. “ЗОӨ” ХХК-ийн захирал Т.А дэлгүүрт нь орж ирж уулзсан бөгөөд тэрээр дулааны шугам тавьж болно, одоо урьдчилгаа 4.000.000 төгрөгийг энэ данс руу хийчих гээд өөрийнхөө Хаан банк дахь дансны дугаарыг өгснөөр уг 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн.
Хэд хоногийн дараа Ч.С ирж Т.А захирал чамаас 10.000.000 төгрөг аваад ир гэсэн, материал авна гэсэн, энэ данс руу хийчих гээд Хаан банк дахь 5000701157 тоот дансаа өгсөн ба 2 удаагийн гүйлгээгээр Ч.Сгийн дансанд 10.000.000 төгрөг төлсөн.
Ажил хийхгүй болохоор нь Т.Ат заасан хугацаанаасаа хэтэрлээ, ямар ч ажил хийсэнгүй гэхэд гомдол ирээд танайхыг төвийн дулааны шугамд холбож шугам тавих боломжгүй боллоо гэсэн.
Мөнгөө авья гэхэд Ч.Сгээс аваарай гэсэн. Т.А Хаан банк дахь ******* тоот данснаасаа 2020 оны 5 сарын 21-ний өдөр 4.000.000 төгрөг, 2020 оны 6 сарын 20-ны орчим 5.000.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөг шилжүүлсэн.
Иймд үлдэх 5.000.000 төгрөгийг хариуцагч Т.А, Ч.С нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.С шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.С миний бие 2016 оны 10 сараас 2019 оны 11 сар хүртэл 3 жилийн хугацаанд “ЗОӨ” ХХК-ийн ерөнхий инженерийн албан тушаалд хоёргүй сэтгэлээр ажилласан. Ажлыг маань хамт ажиллаж байсан ажилчид, манай компаниар үйлчлүүлж байсан хэрэглэгчид бахархалтай хэлэх болно.
2019 оны 9 сард Баянзүрх дүүргийн 13 хороонд “Хоёр говь” дэлгүүрийн хажуугаар дулааны шугам шинэчлэн солих ажлыг би өөрийн биеэр удирдан хийж дуусгасан, тэр хугацаанд А.З болон өөр 1 өрх айл Т.А захиралд дулаанаас шугам татуулах зөвшөөрөл авах гэтэл өгөхгүй байна. Эндээс нууцаар шугам татуулж болох уу гэж хүсэлт тавьсан.
Т.А захирал тухайн үед болно, урьдчилгаа тус бүр 4.000.000 төгрөг өгчих, энэ нь шугамнаас огтолгоо авах төлбөр, дараа нь танайд халаалт тавьж болно гэсэн. Тэгээд тэр 2 айл тус бүр 4.000.000 төгрөг захирлын данс руу шилжүүлсэн байсан.
“Хоёр говь” дэлгүүрийн хажуугаар явсан дулааны шугам шинэчлэн солих ажлыг уг шугамаас халаалтаа авдаг 70 гаран айлын мөнгөөр хийхээр тохирсон байсан ба уг мөнгийг манай нягтлан бодогч н.Солонго бид хоёрын хувийн дансаар авдаг байсан.
Дулааны шугамаас огтолгоо авах ажлыг шөнө нууцаар миний бие болон ажилчид хийж дуусгасан. Дараа нь нөгөө айл руугаа шугам татах ажиллагаа хийх гэж байхад захирал Т.А дулааны шугам сүлжээнийхэн мэдчихвэл би “ЗОӨ” ХХК-ийнхаа тусгай зөвшөөрлийг цуцлуулах аюултай юм байна гээд зогсоосон.
А.З нь “ЗОӨ” ХХК-ийн захирал Т.Ат итгэж ажлаа хийлгэх зорилгоор миний дансанд 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс 5.000.000 төгрөгийг гагнуурчин н.Гэндэнгийн дансанд шилжүүлсэн.
2.000.000 орчим төгрөгийг нь хоол хүнс, материалын зардалд зарцуулсан. Би уг хугацааны ажлынхаа хөлсөнд 2.000.000 төгрөгийг нь авсан. Үлдсэн 1.000.000 төгрөгийг н.Мөнхтүвшин, Отгонбаяр нарт цалин гэж өгсөн. Мөнгөний зарцуулалттай холбоотой баримтыг өгөөгүй. Мөнгө зарцуулсан талаар захирал Т.А мэдэж байгаа.
Бүтэн сар өдөр бүр өглөө 7 цагаас шөнө 12 цаг хүртэл, зарим өдөр хонож ажиллаж байсан. Тухайн үед надад цалин гэж 600.000 төгрөг л өгсөн. Надтай хамт ажиллаж байсан засварчдад маш бага цалин өгсөн гэж тэд гомдолтой байдаг.
Намайг амралтгүй сар ажиллаад ажил дууссаны дараа хангалттай амраарай гэж хэлж байсан хэрнээ амраад явахад ажил тасалсан нэрээр цалин хасч найз нөхдөөрөө нийлж ажил хийх боломжгүй болтол гадуурхаж байсан тул би өөрөө өргөдлөө өгөөд ажлаас гарсан.
Иймд би А.Зын нэхэмжилсэн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. “ЗОӨ” ХХК-иас нэхэмжлэн авахыг зөвлөж байна гэв.
Хариуцагч Т.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ЗОӨ” ХХК-ийн захирал Т.Аийн цагдаад өгсөн мэдүүлэг болон дансны хуулгаас харахад Т.А өөрийн дансаар авсан 4.000.000 төгрөгөө буцаан шилжүүлсэн.
Ч.С өөрийнхөө дансаар 10.000.000 төгрөг авснаас 5.000.000 төгрөгийг Т.А иргэн А.Зт шилжүүлсэн. Учир нь “ЗОӨ” ХХК н.Гэндэнд ажлын хөлс өгөх ёстой байсан ба Ч.Сгийн Т.Гэндэнд шилжүүлсэн мөнгийг ажлын хөлсөнд нь тооцсон.
Нэхэмжлэгч А.З нэхэмжлэлээ буруу гаргасан байна. “ЗОӨ” ХХК-иас нэхэмжлэх ёстой, хариуцах ёсгүй хүнд хариуцуулсан байна.
Ч.С өөрийнхөө дансаар авсан мөнгөө өөрөө төлөх ёстой гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.З нь хариуцагч Т.А, Ч.С нарт холбогдуулан 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Х.З “Дулааны шугам татах ажил хийлгэхээр “ЗОӨ” ХХК-ийн захирал Т.А, ерөнхий инженер Ч.С нарт 14.000.000 төгрөг өгсөн. Ажлаа хийгээгүй тул 9.000.000 төгрөгөө буцаан авсан. Үлдэх 5.000.000 төгрөгөө гаргуулна” гэж,
Хариуцагч Ч.С “А.Зын “Хоёр говь” дэлгүүр рүү дулааны шугам татах зөвшөөрөлгүй байсан ба дулааны шугам татуулах хүсэлт тавихад захирал Т.А болно гэсэн. Төлбөрийг “ЗОӨ” ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй”,
Хариуцагч Т.А “А.Заас авсан 4.000.000 төгрөг мөн Ч.Сгийн Т.Гэндэнд шилжүүлсэн 5.000.000 төгрөгийг тус тус буцаан өгсөн. Өөрийн дансаар авсан мөнгийг Ч.С хариуцах ёстой” гэж тус тус маргаж байна.
А.З нь “ЗОӨ” ХХК-иар дулааны шугам татах ажил хийлгэхээр 14.000.000 төгрөг өгч залилуулсан гэх гомдлыг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэст гаргасныг шалгаад Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 5 сарын 5-ны өдрийн 1980 тоот тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ”гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаан шийдвэрлэсэн бөгөөд тогтоолд хэн аль нь гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болжээ.
/ХХ-ийн 20-21, 50-66 дугаар тал/
“ЗОӨ” ХХК нь 2019 оны 9 сард Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт “Хоёр говь” дэлгүүрийн хажуугаар төвийн дулааны шугам солих ажлыг гүйцэтгэж байсан ба энэ үед “Хоёр говь” дэлгүүрийг ажиллуулж байсан иргэн А.З өөрийн дэлгүүр рүү төвийн дулааны шугам татуулах хүсэлт гаргасныг “ЗОӨ” ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байсан Ч.С компанийн захирал Т.Ат уламжлахад Т.А зөвшөөрсөн хариу өгсөн талаар талууд тайлбарласан бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй байна.
Нэхэмжлэгч А.З нь өөрийн дэлгүүрт төвийн дулааны шугам татуулах ажил гүйцэтгүүлэхийн тулд “ЗОӨ” ХХК-ийн захирал, иргэн Т.Аийн дансанд 4.000.000 төгрөг, мөн компанийн ерөнхий инженерээр ажиллаж байсан иргэн Ч.Сгийн Хаан банк дахь 5000701157 тоот дансанд 2019 оны 10 сарын 2-ны өдөр 5.000.000 төгрөг, 2019 оны 10 сарын 4-ний өдөр 5.000.000 төгрөг, нийт 14.000.000 төгрөг төлсөн нь А.Зын Хаан банк дахь депозит дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдсон ба зохигчид энэ талаар мөн маргаагүй.
/ХХ-ийн 5-7, 49 дүгээр тал/
Нэхэмжлэгч А.Зын “Хоёр говь” дэлгүүр рүү төвийн дулааны шугам татах зөвшөөрлийг эрх бүхий байгууллага олгоогүй хэдий ч Баянзүрх дүүрэг, 13 хорооны нутаг дэвсгэрт “Хоёр говь” дэлгүүрийн хажуугаар төвийн дулааны шугам солих ажлыг гүйцэтгэх явцдаа уг ажлыг хийхээр “ЗОӨ” ХХК-ийн захирал Т.А зөвшөөрч тодорхой хэмжээний мөнгийг А.Заас авсан ч зөвшөөрөлгүй шалтгаанаар уг ажил гүйцэтгэгдээгүйг зохигчид тайлбарлалаа.
Т.Гэндэн 2020 оны 10 сарын 30-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:
“...ЗОӨ ХХК-ийн ерөнхий инженер Ч.С миний ******* тоот данс руу 2019 оны 10 сард 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Материал ав гэсэн. “Хоёр говь” дэлгүүрт дулаан тавина гэж байсан ч уг ажлыг хийгээгүй. Уг дэлгүүр рүү дулаан татах ажлыг захирал Т.А, ерөнхий инженер Ч.С нар хэн аль нь ярьж байсан. Тухайн үед би “ЗОӨ” ХХК-д гэрээгээр ажиллаж байсан ба хөлсөө аваагүй байсан.
5.000.000 төгрөгийг тус компанид 2019 оны 9 сарын 15-наас 10 сарын 10 хүртэлх ажлын хөлсөнд тооцсон. Т.А захирал тухайн иргэнд мөнгийг нь шилжүүлнэ гэсэн. Уг айлын хашаанд 1.200.000 орчим төгрөгийн материал байгаа байх” гэжээ.
Эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүйн улмаас “Хоёр говь” дэлгүүрт дулааны шугам татах ажил хийгдээгүй тул иргэн Т.А Хаан банк дахь өөрийн ******* тоот данснаас нэхэмжлэгч А.Зын мөн банк дахь 5753537600 тоот данс руу 2020 оны 5 сарын 21-ний өдөр 4.000.000 төгрөг, 2020 оны 6 сарын 20-ны орчим 5.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн талаар талууд мөн маргахгүй байна.
/ХХ-ийн 7 дугаар тал/
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон“ гэж заажээ.
Хариуцагч Т.А, Ч.С нар нь Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэр “Хоёр говь” дэлгүүр рүү төвийн дулааны шугам татах тусгай зөвшөөрөл олгогдоогүй байхад уг ажлыг хийнэ хэмээн иргэн А.Заас өөрсдийн дансандаа нийт 14.000.000 төгрөгийг шилжүүлэн авснаас 9.000.000 төгрөгийг нь буцаан төлсөн бөгөөд үлдэх 5.000.000 төгрөгөө нэхэмжлэгч А.З тэднээс буцаан шаардах эрхтэй.
Хариуцагч Т.А, Ч.С нар нэхэмжлэгч А.Заас уг ажлыг гүйцэтгэнэ хэмээн мөнгийг авсан ба иргэн Т.А өөрийн авсан гэх мөнгийг төлсөн тул үлдэх төлбөрийг хариуцахгүй гэсэн нь үндэслэлгүй юм.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Т.А, Ч.С нараас 5.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Зт олгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Т.А, Ч.С нар зөвшөөрөл олгогдоогүй атал уг ажлыг гүйцэтгэнэ хэмээн өөрсдийн дансандаа тухайн мөнгийг шилжүүлэн авсан учир мөнгийг буцаан төлөх ёстой бөгөөд тэдний өмнөөс компани хариуцлага хүлээх учиргүй.
Хариуцагч Ч.С хоол хүнсэнд 2.000.000 төгрөг, ажилчдад ажлын хөлс хэмээн 1.000.000 төгрөгийг зарцуулсан гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, энэ нь нотлогдоогүй болно.
Нэхэмжлэгч А.З нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Т.А, Ч.С нараас 5.000.000 төгрөгийг нэхэмжилсэн тул түүний төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарыг үндэслэн хариуцагч нарын хэн нэгэнд нь тодорхой хувиар мөнгийг хариуцуулах боломжгүй.
Хариуцагч Ч.С өөрт хохирол учирсан гэж үзвэл энэ талаараа нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдлаа.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Т.А, Ч.С нараас 5.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Зт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Зын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.А, Ч.С нараас нийт 94.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Зт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН