Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 01309

 

     С.Э, Ч.А нарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/0727 дугаар шийдвэртэй, С.Э, Ч.А нарын нэхэмжлэлтэй, “З” ОНӨААТҮГ-т холбогдох

    Лицензийн гэрээний үүрэгт 2 683 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Г, Э.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

     Нэхэмжлэгч С.Э, Ч.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ж, С.Э, Ч.А нар 2006 онд троллейбус JEA-800, тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем, JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур, хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус "Дуобус-МЛ" зэрэг оюуны бүтээлийг бүтээж 2007 он, 2008 онд дээрх бүтээлүүдээ JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур бүтээлд 3178 дугаар, троллейбус JEA-800 бүтээлд 2927 дугаар, тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF & N систем бүтээлд 3177 дугаар, хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус "Дуобус-МЛ" бүтээлд 3181 дугаар, троллейбус JEA-800 бүтээлд 1801 дугаартай патентуудыг тус тус авсан. Улмаар 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дээрх 2927 дугаартай патенттай троллейбус JEA-800, тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF&N систем, JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур,   хосолмол   тэжээлийн   үүсгэвэрт троллейбус "Дуобус-МЛ" зэрэг шинэ бүтээлийг Цахилгаан тээвэр компанитай патентийн лицензийн гэрээ байгуулсан. Уг лицензийн гэрээний 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "лиценз авагч нь шинэ бүтээлийг ашигласны төлбөрийг лиценз өгөгчид төлөх ба төлбөрийн хэмжээ талууд харилцан тохиролцсон шийдвэрлэснээс хойш 4-5 жилийн дотор бэлнээр төлнө” гэж заасан. Тодруулбал, 2009-2012 оныг дуустал энэ гэрээний 1 дүгээр зүйлд заасан шинэ бүтээлүүдийн жил бүрийн төлбөрийг шинээр троллейбус, дуобус, электробус, монбусуудыг үйлдвэрлэснээр олсон орлого, цахилгааны хэмнэлт зэрэг бусад үр ашгаас тооцож олгоно" гэж заасан. Мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт "лицензээр ашиглах шинэ бүтээлийн үнэт чанар, төрөл, ашиглах хэлбэр, үйлдвэрлэлийн хэмжээ, тооцоологдож байгаа эдийн засгийн үр ашиг, бодит орлогыг харгалзан лиценз шинээр троллейбус, дуобус. электробус, монбусуудыг үйлдвэрлэснээр олсон орлого болон хэмнэлтээс олсон орлогыг жил тутамд 25%-тай тэнцэх хэмжээний шимтгэлт төлбөрийг лиценз авагч лиценз өгөгчид жил бүр төлөх үүрэгтэй” гэж заасан.

       “Ц” ОНӨААТҮГ-ын 2014 оны аудиторын тайланд тусгагдсанаар 2006-2013 онуудад 50 ширхэг, 5,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий троллейбус, дуобус үйлдвэрлэж ашиглалтанд оруулсан ба өөрийн нөөц бололцоогоо ашиглан дотооддоо троллейбус үйлдвэрлэн гаргаснаар нийт орлогын нийлбэрээр 21,3 тэрбум төгрөгийн өгөөжтэй ажилласан байна гэж үзсэн. Мөн Оюуны өмчийн газрын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04 тоот батламжаар Оюуны өмчийн газрын үнэлгээний комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн дээрх 2927,  3177, 3178, 3181, 1801 дугаар патенттай шинэ бүтээл, бүтээлийн ашигтай загварыг нийт 4 260 000 000 төгрөгөөр үнэлж батламж олгосон. Энэ нь аудитын дүгнэлтэнд дурдсан 21,3 тэрбум төгрөгийн 20 хувь болно.

   Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь хэсэгт шинэ бүтээл бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиогч нь "шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах эрхтэй" гэж заасан. Патент эзэмшигч нар харилцан тохиролцсоны дагуу С.Э, Ч.А нар нь төлбөрийн 63 хувийг авахаар тохиролцсон туп Монгол Улсын өмчийн газрын үнэлгээний комиссын үнэлгээний дагуу 4 260 000 000 төгрөгний 63% болох 2 683 800 000 төгрөгийг гаргуулахаар “З” ОНӨААТҮГ-т өргөдөл гаргасан боловч хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иймд “З” ОНӨААТҮГ-аас бидэнд дээрх 2 683 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Э, Ч.А нарын лицензийн төлбөр 2 683 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч байна. Учир нь: гэрээнд зааснаар хийх ёстой 40 троллейбусыг хийгээгүй тул нэхэмжлэгч нарын шаардах зүйл уг үнийн дүнд хүрэхгүй, тооцооллын алдаа гаргасан байна. Талуудын хооронд байгуулсан патентийн лицензийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “40 ширхэгээс доошгүй шинэ бүтээлийг үйлдвэрлэж нийлүүлсэн тохиолдолд лицензийн шагнал олгох үндсэн үзүүлэлт болно” гэж заасан байгаа. Мөн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 40 ширхэгээс дээш тооны шинэ бүтээл угсарсан тохиолдолд уг гэрээг патентийн гэрээг бүртгүүлэхээр тохиролцсон. Энэ 40 ширхэг троллейбусыг үйлдвэрлээгүй тохиолдолд патентийн лицензийн шагнал  яригдахгүй байхаар урьдчилсан нөхцөлийг гэрээнд тусгасан байна. 40 троллейбус хүрэхгүй байна гэхээр хэрэгт аудитын дүгнэлтийн хавсралт дэлхийн зах зээлийн үнэ дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмнэлт гэсэн хүснэгтийн 4-10 дугаар хэсэгт UB most буюу Улаанбаатар Москвагийн троллейбусны заводын хамтын ажиллагааны дүнд хамтарч угсарсан троллейбусны 26-30 дугаартай буюу нийт 12 ширхэг троллейбусыг патентийн лицензийн гэрээний дагуу хийгээгүй. Тэгэхээр энэ 12 троллейбусыг хасахаар 38 ширхэг троллейбус шинээр угсарсан байх тул нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

      Патентийн тухайн хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт “энэ хуулийн 16.7-д зааснаар зохиогч өөрийн нэр дээр патент, гэрчилгээ авсан тохиолдолд ажил олгогч тухайн бүтээлийг ашиглахдаа патент, гэрчилгээ эзэмшигчид гэрээний үндсэн дээр зохих төлбөр төлнө” гэж зааснаар гэрээгээр талуудын төлбөрийн хэмжээ тогтоогдсон байна. Бидний байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт 20-25 хувьтай тэнцэх хэмжээний гэж хоорондоо 5 хувийн интервальтай тогтоосон. Яг эцсийн байдлаар 20 хувь юм уу 25 хувь гэдгийг тогтоогоогүй байгаа учраас шагналын хэмжээг эцэслэн тогтоогоогүй гэжээ.

      Шүүх: Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “З” ОНӨААТҮГазраас 1 405 800 000 /нэг тэрбум дөрвөн зуун таван сая найман зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Э-д 1 278 000 000 /нэг тэрбум хоёр зуун далан найман сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.А-д тус тус олгож,

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж. хариуцагчаас 13 576 950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Төлбөрийн хэмжээ нь Патентын тухай хуульд заасан шаардлагад буюу гэрээгээр тодорхойлсон хэмжээ тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

      Лицензийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “лицензээр ашиглах гэж байгаа шинэ бүтээлийн үнэт чанар, төрөл, ашиглах хэлбэр, үйлдвэрлэлийн хэмжээ, тооцоологдож байгаа эдийн засгийн үр ашиг, бодит орлогыг харгалзан лиценз авагчийн ...олсон орлого, цахилгааны хэмнэлтээс жил тутам олсон орлого болон хэмнэлтээс 20-25 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлт төлбөрийг лиценз авагч нь лиценз өгөгчид жил бүр төлөхөөр тохиролцов” гэж зааснаас үзэхэд нэгдүгээр эдийн засгийн үр ашгийг харгалзан хувь хэмжээг талууд харилцан тохиролцож тогтоох ёстой, хоёрдугаарт жил бүр төлбөрийг төлөх ёстой. Талууд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан төлбөрийн хэмжээг харилцан тохиролцож тогтоосон үйл баримтыг нотлох баримт хэрэгт байхгүй. Талууд ийнхүү төлбөрийн хэмжээг харилцан тогтоогоогүй. Төлбөрийг жил бүр төлөх зохицуулалт нь өмнөх 6.3 дахь заалттай зөрчилдөж байх тул чухам аль заалтыг баримтлах, яагаад тухайн заалтыг баримтлах талаар Иргэний хуулийн 198 дугаар зүйлд нийцүүлэн дүгнэлт хийгээгүй.

   Хэрэгт авагдсан нотлох баримтыг хамааралтай ач холбогдолтой талаас нь бүрэн бодитой үнэлэлгүйгээр тооцооллын хувьд алдаатай шийдвэр гаргасан. Хариуцагч аудитын дүгнэлт болон Оюуны өмчийн газрын үнэлгээг няцаасан баримтыг хариуцагч тал баримтаар гаргаж өгөөгүй, 21,3 тэрбум төгрөгийн өгөөжтэй ажилласан талаарх аудитын дүгнэлтийг няцаагаагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Гэтэл хариуцагчаас аудитын дүгнэлтэд дурдсан өгөөж болон орлогын талаар нэг бүрчлэн няцаалт өгсөнийг шүүх харгалзаж үзсэнгүй. Тодруулбал, “Дөлгөөн хайрхан уул аудит” ХХК-ийн дүгнэлтийн “Дэлхийн зах зээлийн үнэ, дотооддоо үйлдвэрлэсэн өртгийн зөрүүнээс үүссэн хэмнэлт” гэх хүснэгтийн 4-10, 26-30, дугаарт бичигдсэн троллейбус нь Нийслэлийн 2008, 2009 оны төсвийн хөрөнгө оруулалтаар ОХУ-ын Москва хотын троллейбусны үйлдвэртэй хамтран угсрах 12 ширхэг UB-MOS загварын троллейбус байгааг харгалзан үзээгүй. Уг троллейбуснуудыг патентын лицензийн гэрээний дагуу үйлдвэрлэсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Эдгээр 12 троллейбусыг үйлдвэрлэхэд үүсэн 3 211 849 080  төгрөгийг хэмнэлт гэх 12 936 868 290 төгрөгөөс хасч тооцсоноор патент ашиглан дотооддоо троллейбус үйлдвэрлэснээс үүсэх бодит хэмнэлт 9 725 019 210 төгрөг болно.

       Аудитын дүгнэлтийн “Шинээр үйлдвэрлэсэн троллейбусны гүйлт, олсон орлого” гэх хүснэгтийн 1-2, 8 дугаарт бичигдсэн троллейбус нь лицензийн гэрээ байгуулагдахаас өмнөх хугацаанд үйлдвэрлэгдсэн, 3-7, 9-16 дугаарт бичигдсэн троллейбус нь МТрЗ-6223 буюу Москвагийн троллейбусны заводод үйлдвэрлэгдсэн троллейбус юм. Эдгээр нь зохигчдын хооронд 2008 оны 12 дугаар сарын 25-нд байгуулагдсан лицензийн гэрээний зүйл биш учраас орлогыг хасч тооцох ёстой байжээ. Дээрх троллейбусны орлого 2009-2013 онд 2 844 544 940 төгрөг бөгөөд үүнийг нийт орлого 8 038 333 370 төгрөгөөс хасвал үлдэх орлого нь 5 193 788 430 төгрөг болох юм.

        Лицензийн гэрээнд хамаарах орлого болон үйлдвэрлэлийн хэмнэлтийг тооцвол /5 193 788 430 + 9 725 019 210/ нийт 14 918 807 640 төгрөг болж байна. Үүний 20 хувь нь 2 983 761 528 төгрөг болох бөгөөд 33 хувь буюу 984 641 304 төгрөгийг С.Э-д, 30 хувь буюу 895 128 458 төгрөг Ч.А-д ногдох юм. Нэхэмжлэлийн шаардлагаас 804 030 237 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт С.Э-д 984 641 304 төгрөг, Ч.А-д 895 128 458 төгрөгийг олгохоор өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

      Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдолтой танилцаж дахин тооцоолол хийхэд хариуцагчийн зөвшөөрөхгүй байгаа 804 030 243 төгрөгөөс 511 320 774 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлтэй хэдий боловч лицензийн гэрээ байгуулагдсанаас хойш урт хугацаа өнгөрсөн цаашид шүүхийн шат дамжин хугацаа алдахаар байна. Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан 1 879 769 763 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 804 030 237 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх гомдлыг зөвшөөрч энэ үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Э, Ч.А нар хариуцагч “З” ОНӨААТҮГ-т холбогдуулан лицензийн гэрээний үүрэгт 2 683 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж, хариуцагч “З” ОНӨААТҮГ-аас 1 405 800 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Э-д, 1 278 000 000 төгрөг нэхэмжлэгч Ч.А-д тус тус олгож, шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 804 030 237 төгрөгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо нэхэмжлэлийн шаардлагаас 804 030 237 төгрөгийг зөвшөөрөхгүй гэснийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа 1 879 769 763 төгрөг болгож багасгасан байх тул хариуцагч “З” ОНӨААТҮГ-аас 984 641 304 төгрөгийг С.Э-д, 895 128 458 төгрөгийг Ч.А-д тус тус олгож, хариуцагчийн зөвшөөрлийг батлах үндэслэлтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардлагаа багасгасныг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Талууд улсын тэмдэгтийн хураамжийн талаар тусгайлан тохиролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тохиолдолд төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байхаар зохицуулсны дагуу хариуцагч “З” ОНӨААТҮГ-аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 4 178 101 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/0727 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “З” ОНӨААТҮГ-аас 984 641 304 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д, 895 128 458 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.А-д тус тус олгож, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “З” ОНӨААТҮГ-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 178 101 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Г.ДАВААДОРЖ                             

                                                                                                            Д.БАЙГАЛМАА