Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 159/ШШ2022/0007

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:159/2022/0008/З

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Бурмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч  улсын байцаагч Ж.Жамъянсэнгэ,

          Гомдлын шаардлага: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0090085 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа, хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч улсын байцаагч Ж.Жамъянсэнгэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч  улсын байцаагч Ж.Жамъянсэнгийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0090085 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд дүгнэлт гаргасан.

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч  улсын байцаагч нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 19 цаг 00 минутанд иргэн Г.Баярцэнгэлийг Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтод Оросын холбооны улсаас Монгол Улсын хилээр нэвтрэхдээ зорчигчийн гаалийн мэдүүлгийг бөглөхдөө биедээ авч явсан 1.500.000 рублийг худал мэдүүлэн, өөрийн өмсөж явсан хувцасны дотуур биедээ ороож нуун оруулах гэж байсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар 1.500.000 рублийг хурааж, хураан авсан валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан  байна.

Гомдол гаргагч Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 44 дүгээр дүгнэлтийг бичиж шүүхэд ирүүлжээ. Шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч  улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 0090085 дугаар шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус байна гэж дүгнэлт бичжээ. Үүнд:

“... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тухайн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ба энэ тохиолдолд тухайн зөрчил гаргагчийн үйлдэл, эс үйлдэхүйн нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3-д заасан зөрчлийн хэргийн субъект мөн эсэхийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар шалгаж, ямар зорилгоор Монгол Улсын хилээр мөнгө /валют/ авч явсан болох Мөнгө угаах болох терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан мэдээлэх үүрэгтэй этгээд буюу уг хуулийн 5 дугаар зүйлд заасан харилцагч мөн эсэхийг тогтоох ажиллагааг явуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг, мөн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан үзлэг хийсэн тухай тэмдэглэлд гэрчээр гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч  улсын байцаагч Ө.Баярсайханыг оролцуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.6 дугаар зүйл “Гэрч” хэнийг хэлэх, мөн шийтгэлийн хуудас бичсэнээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон байтал 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр холбогдогчоос тайлбар гаргуулан авах ажиллагаа явуулан ямар зорилгоор мөнгө /валют/ авч явсныг тодруулах процесс ажиллагаа явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “Зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгах” гэж заасныг тус тус зөрчиж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хялбаршуулсан журмаар явуулсан байна.

Иймд тус аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч  улсын байцаагч Ж.Жамъянсэнгэ нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Г.Баярцэнгэлийг Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар торгож, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0090085 дугаартай шийтгэлийн хуудсыг /маягт-2/ хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч  улсын байцаагч Ж.Жамъянсэнгэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйл шийтгэл оногдуулах харилцааг зохицуулсан. Тус зүйлд нөхцөл үүсгэхдээ “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон” гэж эхэлж байна. Нөхцөл байдлыг тогтоосон байх шаардлага тавигдсан гэж ойлгож байгаа. 1.3-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй” гэж тодотгож өгсөн. Үйлдлийг тогтоох шаардлага тавигдаж байгаа болохоос биш зорилго, хандлага гэх мэт субьектив нөхцөлийг тогтоох үүргийг эрх бүхий албан тушаалтан хүлээхгүй байхаар зохицуулагдсан байдаг. Харин 1.3 заалтын үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг тогтоох ёстой байсан. Энд эрх бүхий албан тушаалтны бичсэн шийтгэлийн хуудас дээр Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсгээр зүйлчилсэн Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсэгт “Гаалийн байгууллагад”

22.1 үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн

22.2 үнэн зөв мэдүүлэг гаргахаас татгалзсан

22.3 худал мэдүүлсэн гэсэн гурван үйлдлийг зааж өгсөн байх бөгөөд “худал мэдүүлсэн” гэх үйлдэл үйлдсэнийг нь тогтоосон. Өөр хууль биш харин Зөрчлийн тухай хууль гэж онцолсон байдалд анхаарна гэж ойлгож байна. Ингэхээр эрх бүхий албан тушаалтан  нь Зөрчлийн тухай хуульд зөрчил гэж үзсэн үйлдлийг нотолж шийтгэлийн хуудас бичсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн “Зөрчлийн хэрэг бүртгэлийг дуусгах” гэх ойлголтоор шийтгэлийн хуудас бичсэн огноо нь хэдийгээр 03 дугаар сарын 17-ны өдөр байх боловч 22-ны өдөр нэмэлт тайлбар авсан нь дээрх ойлголтыг зөрчсөн болохгүй байх. Эхний өдөр буюу шийтгэлийн хуудас бичигдсэн өдөр иргэн Г.Баярцэнгэл нь тайлбар гаргах, гарын үсэг зурахаас эрс татгалзаж, утсаар ярьж хэн нэгнээс зөвлөгөө авсны дараа “өмгөөлөгчтэй тайлбар өгнө” гэж байсан. Гэвч 22-ны өдөр  өмгөөлөгчгүй ирээд тайлбар өгснийг эрх бүхий албан тушаалтан тайлбар авахаас татгалзах үндэслэл олдохгүй болохоор тайлбар авсан. Энэ нь холбогдогчийн эрхийг хамгаалах ажиллагаа гэж ойлгож байна. Түүнээс биш байцаан шийтгэх хууль зөрчсөн процессын алдаа гэж үзэхгүй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйл “хөндлөнгийн гэрч” 2-д “Хөндлөнгийн гэрч тухайн зөрчлийн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна” гэсэн шаардлага тавигдсан байдаг. Хилийн боомт газарт тусгай дэглэм үйлчилсэн орчинд хөндлөнгийн ямар нэг иргэх байх боломжгүй үед үзлэгийг хийж гүйцэтгэсэн байх бөгөөд өөрийн явуулж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тухайн газарт үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчийг татан оролцуулсан нь “тухайн зөрчлийн хэрэгт хувийн сонирхолгүй” байх шаардлагыг зөрчсөн болохгүй гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч  улсын байцаагч Ж.Жамъянсэнгэ иргэн Г.Баярцэнгэлийн улсын хилээр орж ирэхдээ бэлэн валют болох 1.500.000 рублийг гаалийн мэдүүлэгт бичилгүй нуун далдлах арга хэрэглэн оруулсан үйлдэлд бичсэн 0090085 дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

        Гуравдагч этгээд Г.Баярцэнгэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Би 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ОХУ-аас Монгол Улсын хилээр нэвтрэхдээ зорчигчийн гаалийн мэдүүлгийг бөглөхдөө биедээ авч явсан 1.500.000 рублийг худал мэдүүлэн нуун дарагдуулсан гэх үндэслэлээр рубль хураалган валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулсан.Тухайн үед гаалийн байцаагч Ж.Жамъянсэнгэ нь шууд хялбаршуулсан журмаар шийтгэлийн хуудас бичиж шийтгэл ногдуулахдаа

1. ямар ч мэдүүлэг асууж тайлбар аваагүй,

2. уг мөнгөний зорилго гарал үүслийн талаар юу ч асуугаагүй,

3. яагаад биедээ нуусан талаар асуугаагүй,

4. мөнгө хураах үед мөнгөний сери дугаар хөтлөөгүй ба хураан авсан рублийг яаж шийдвэрлэсэн талаар тодорхойгүй,

5. шийтгэлийн хуудасны 1 хувийг гардуулаагүй,

6. шүүхэд гомдол гаргах эрхтэй  болохыг сануулаагүй,

7. шийтгэлийн хуудсанд шууд гарын үсэг зурахыг шаардсан тул өмгөөлөгч авах хүсэлтэйгээ хэлэн гарын үсэг зураагүй.

Үүнээс 5 хоногийн дараа 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хураалгасан мөнгөний сери дугаар бүртгэсэн гэх баримтад гарын үсэг зуруулсан. Мөн мөнгөний гарал үүсэл зорилгын талаар тайлбар мэдүүлэг авсан. Иймд Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаагийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай дүгнэлтийг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаагийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр дүгнэлтийг хангаж, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч   улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0090085 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч  улсын байцаагчаас “иргэн Г.Баярцэнгэл нь “ Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хилээр нэвтрэхдээ их хэмжээний валютыг гаалийн байгууллагад мэдүүлэхдээ худал мэдүүлсэн” гэх зөрчил тогтоож 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0090085 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар биедээ авч явсан 1.500.000 рублийг нь хурааж, хураан авсан валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

             3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж заасны дагуу тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүх хуралдаан дээр дүгнэлтийн үндэслэлээ Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх ба энэ тохиолдолд тухайн зөрчил гаргагчийн үйлдэл, эс үйлдэхүй нь  зөрчлийн хэргийн субъект мөн эсэх, ямар зорилгоор Монгол Улсын хилээр мөнгө /валют/ авч явсан, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн  мэдээлэх үүрэгтэй этгээд буюу харилцагч мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй, үзлэг хийхдээ гэрчээр Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч улсын байцаагч Ө.Баярсайханыг оролцуулсан, шийтгэлийн хуудас бичсэнээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон байтал 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр холбогдогчоос тайлбар гаргуулан авах ажиллагааг явуулан ямар зорилгоор мөнгө /валют/ авч явсныг тодруулах процесс ажиллагаа явуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж,

4. Хариуцагчаас “худал мэдүүлсэн” гэх үйлдэл үйлдсэнийг нь тогтоосон, шийтгэлийн хуудас бичсэн огноо нь 03 дугаар сарын 17-ны өдөр боловч 22-ны өдөр нэмэлт тайлбар авсан нь байцаан шийтгэх хууль зөрчсөн процессын алдаа биш, хөндлөнгийн гэрч нь тухайн зөрчлийн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна гэсэн шаардлага тавигдсан байдаг. Хилийн боомт газарт тусгай дэглэм үйлчилсэн орчинд хөндлөнгийн ямар нэг иргэд байх боломжгүй үед үзлэгийг хийж гүйцэтгэсэн бөгөөд өөрийн явуулж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тухайн газарт үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчийг татан оролцуулсан нь “тухайн зөрчлийн хэрэгт хувийн сонирхолгүй” байх гэсэн шаардлагыг зөрчөөгүй гэж маргажээ.

5. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “бараа” гэдэгт гаалийн хилээр нэвтрүүлэх... валют.../-ыг ойлгохоор заасан мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “гаалийн байгууллага нь гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгч болох бөгөөд ийнхүү зөвлөгөө өгөх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.” гэж хуульчилжээ.

6. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 735 дугаар тогтоолын хавсралтаар “Гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх журам”-ын 2.1-д “Гаалийн улсын байцаагч бүр хариуцаж буй ажил үүргийн хүрээнд зөвлөгөө өгөх үүрэгтэй”, 2.4-т “энэ журмын 2.1-2.3-д заасан албан тушаалтнууд зөвлөгөөг хуулийн хүрээнд бодитой өгөх үүрэгтэй”, 3.1-д “Зөвлөгөөг ... амаар болон бичгийн хэлбэрээр өгч болно.” гэж тус тус заажээ.

7. Хариуцагч гаалийн улсын байцаагч нь холбогдогчид валютыг гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн татвараас чөлөөлөгддөг, валютыг мэдүүлээгүйн улмаас Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээх талаар мэдээлж, зөвлөгөө өгөөгүй болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, холбогдогч Г.Баярцэнгэлийн тус аймгийн Прокурорын газарт гаргасан гомдол болон шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр тогтоогдож байхаас гадна иргэд олон нийт болон гаалийн харилцаанд оролцогч нарт хууль, тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх, гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлэх зорилгоор зөвлөгөө, мэдээлэл өгөх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна.

8. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.” гэж тодорхойлсон бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ.” 1.1-д зөрчил үйлдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах  шаардлагагүй бол...” гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтаар тодорхойлсон “зөрчил” ил тодорхой, түүнийг үйлдсэн этгээдийн гэм буруу нь эргэлзээгүйгээр, баримтаар нотлогдсон, мөн зөрчил,учирсан хохирлыг нотлох хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах шаардлагагүй тодиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр хуульчилжээ.

9. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд  гаргасан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээс үзэхэд хариуцагч гаалийн улсын байцаагч нь иргэн Г.Баярцэнгэлийг ямар зөрчилд холбогдуулан шалгалт хийж байгаагаа мэдэгдэж тайлбарласан баримтанд өөрөө гарын үсэг зуран баталгаажуулаагүй, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэлийг холбогдогчид танилцуулж гарын үсэг зуруулаагүй мөн шийтгэлийн хуудас бичсэнээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон байхад холбогдогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулж,  мэдүүлэг авах ажиллагааг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хийсэн болох нь тогтоогдсон, мөн холбогдох хууль тогтоомж болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасан үр нөлөөтэй байх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн,бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг  тус тус зөрчжээ.

10. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх гэж заасны дагуу хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн байх боловч энэ журмыг хэрэглэх үед дээр дурьдсан холбогдогчийн эрх хэрэгжих бөгөөд түүнд хамаарах ажиллагааг гаалийн улсын байцаагч хийх үүрэгтэй гэж үзнэ.

11. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэмдэглэлд зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болон дараахь нийтлэг зүйлийг тусгана:” гээд 4.13 дугаар  зүйлийн 1.6 дахь заалтад “ажиллагаанд байлцсан бусад хүний хувийн баримт бичиг дэх мэдээлэл”, 1.8 дахь заалтад “оролцогч, гэрчээс санал, хүсэлт гаргасан эсэх, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн.” мөн зүйлийн 2-д “тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан, ажиллагаанд оролцсон хүн гарын үсэг зурна. Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон хүн хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурна.”  гэж заажээ.

12. Тодруулбал зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаалийн улсын байцаагч нь үйлдэл бүрээ баталгаажуулсан баримт болох тэмдэглэлийг үйлдэх үүрэгтэй байх бөгөөд тэгэхдээ тэмдэглэлд дээр дурдсан үйл баримтыг зайлшгүй тусгахыг хууль тогтоогчоос тогтоосон байна.

13. Хавтаст хэрэгт цугларсан баримтад авагдсан 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай” тэмдэглэлийг үзэхэд хариуцагч гаалийн улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлд заасан дээр нэрлэн дурьдсан тэмдэглэлд тавигдах хуулийн шаардлагыг хангаж ажиллаагүй холбогдогчоор гарын үсгийг зуруулаагүй, гарын үсэг зурахаас татгалзсан бол тэр тухай тэмдэглэлийг хийж, бэхжүүлээгүй болох нь тогтоогдож байна.

            Дээр дурдсан эрх зүйн алдаанууд нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шинжийг үгүйсгэж байх тул маргаан бүхий 0090085 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болно гэж шүүх дүгнэлээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаагийн 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 44 дүгээр дүгнэлтийг хангаж, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0090085 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.11, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 6.10 дугаар зүйлийн 1.2, 7.2 дугаар зүйлийн 2, Гаалийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаагийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч Ж.Жамъясэнгийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0090085 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ж.БУРМАА