Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2026/0580

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн

нэхэмжлэлтэйзахиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Л.Одбаатар

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч “М” ХХК

          Хариуцагч Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газар

          Нэхэмжлэлийн шаардлага: Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/*** дугаар, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/*** дүгээр албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 115/ШШ2026/0022 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, С.М

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч

          Хэргийн индекс: 115/2026/0005/З

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч “М” ХХК нь Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/*** дугаар, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/*** дүгээр албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

          2. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр Гаалийн тухай хуулийн 2691 дүгээр зүйлийн 2691.1.3, 2951 дүгээр зүйлийн 2951.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын харьяа Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газарт холбогдуулан гаргасан “ “М” ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалган шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гаргасан шийдвэр, тогтоолын биелэлт хангагдаагүй байхад Замын-Үүд дэх Гаалийн газар нь Гаалийн тухай хуулийн 2951 дүгээр зүйлийн 2951.1 дэх заалтыг баримтлан Захиргааны ерөнхий хуулийн 43.1, 47.1.6 дахь заалтыг тус тус зөрчин манай компанийн арилжааны банк дахь мөнгөн хөрөнгийг битүүмжлэн, шилжүүлэн авах захиргааны акт гаргаж байх тул 2024 оны 09 сарын 19-ний өдрийн 01/*** тоот захиргааны акт, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/*** тоот захиргааны актуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Засгийн газрын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулаагүй нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, Засгийн газрын бүрэн эрхийн асуудлаар гаргах шийдвэрийн талаар гишүүд саналын зөрүүтэй тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар хамтран олонхын саналаар шийдвэрлэх үүргийг хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэсэн болно. Анхан шатны шүүхээс нэгэнт тогтоосон дүгнэлт, үйл баримтад дахин дүгнэлт гаргах эрхгүй байна. Түүнчлэн тус тогтоолд Сангийн сайд дангаар шийдвэрлэх, эсхүл Сангийн сайдын албан тоот Засгийн газрын эцсийн шийдвэр мэтээр гуйвуулан тайлбарласан байгаа нь зүйд нийцэхгүй болно.

          3.2 Барилга, хот байгуулалтын сайдаас Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар нэхэмжлэгчийн гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын асуудлыг шийдвэрлүүлэх тухай саналыг нийт 5 удаагийн албан бичгээр хүргэснийг шүүхийн шийдвэр, тогтоолын биелэлт хангагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь захиргааны хэргийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн **** тоот шийдвэрээр Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн **-р хуралдааны тэмдэглэлээр барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалган үүрэг даалгавар, нэхэмжлэгчийн уг асуудлаар хандсан хүсэлтийг судалж шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “М” ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгасан.

          3.3 Барилга, хот байгуулалтын сайд нь тус шийдвэр болон гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Сангийн сайдад удаа дараа энэхүү асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасныг Сангийн сайд дэмжээгүй, хүлээж аваагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т хамааруулах үндэслэл болохгүй. Барилга, хот, байгуулалтын сайд нь чиг үүрэг, барилгын материалын салбарын бодлого чиглэлийг тодорхойлох үндсэн үүргийн хүрээнд өөрийн хамаарах салбарт тулгамдаж буй асуудал шийдлийг олж шийдвэрлүүлэх үүрэг хүлээсэн этгээд бөгөөд шүүхийн шийдвэр, тогтоолын биелэлтийг хангаж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх үүрэг хүлээсэн болно.

          3.4 Гаалийн тухай хуулийн 2951 дугаар зүйлийн 2951.1 дэх заалтыг үндэслэл болгохын тулд Гаалийн газар, хорооны даргын шийдвэр гаргасан байх урьдчилсан нөхцөл байхад тус шийдвэргүйгээр захиргааны акт гаргасан. 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ** дүгээр тогтоолын биелэлт хангагдаагүй байхад биелэлт хангагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд мөн Монгол улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ...” гэх заалт хэрэгжинэ. Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын дэд даргын Х болон Х банканд хүргүүлсэн албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлд 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 303 тоот магадлалтаар Гаалийн тухай хуулийн 2941.1, 2951.1 дэх заалт нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн орчин тогтворжсоноос хойших 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар гаалийн тухай хуульд нэмэлт оруулсан хуулийн заалт байх тул тус заалтыг баримтлан гаалийн татвар, хүү шаардахгүй гэж тодорхойлсон. Тус магадлал хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно. Тус баримтыг огт анхаарч авч үзээгүй болно.

          3.5 Өөр өөр цаг хугацаанд гаргасан шийдвэрүүдийн эрх зүйн үйлчлэлийг тодорхойлохдоо тухайн шийдвэрийн хүчин төгөлдөр болсон хугацаа, эрх зүйн үр дагавар болон өмнөх шийдвэртэйгээ ямар харилцаатай болохыг харгалзан үзэх мөн шүүхийн шийдвэрүүд нь зөрчилтэй бол сүүлд хүчин төгөлдөр болсон шийдвэр нь эрх зүйн үр дагавар үүсгэнэ. Гэтэл шийдвэр гаргахдаа дээрх нөхцөл байдлыг огт анхаарч авч үзээгүй, нотлох баримтуудыг бодитоор үнэлээгүй байна.

          3.6 Гаалийн тухай хууль бол тухайлан зохицуулсан хууль юм. Гэвч Замын үүд дэх Гаалийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/*** тоот бичиг, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/*** тоот бичигт үндэслэл болж буй 2951 дүгээр зүйлийн 2951.1 дэх заалтын аль заалтыг нь баримталж байгаа нарийвчилсан үндэслэлийг заагаагүй, хойшлуулсан татварыг төлөх харилцааг зохицуулсан зохицуулалтгүй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн *** тоот хүчин төгөлдөр шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ** тоот тогтоолын биелэлт бүрэн хангагдаагүй байхад Монгол улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь заалт, Тавдугаар зүйлийн 3 дахь заалт, Арван зургаадугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчиж арилжааны банк дахь өмч хөрөнгөд шууд халдан татан авч хууль зөрчсөн илт хууль бус захиргааны акт гаргасныг хуульд нийцсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Захиргааны илт хууль бус актад үүрэг үүсгэхгүй бөгөөд анхнаасаа биелүүлэх шаардлагагүй захиргааны акт юм.

          3.7 Монгол улсын Үндсэн хуульд Төр буюу төрийн захиргааны байгууллага бусдын эрх, эрх чөлөөнд зөвхөн хуульд заасан үндэслэлээр халдах эрхтэй. Гэтэл хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байхад захиргааны акт гаргаж, өмч хөрөнгөд зүй бусаар халдаж, үндэсний үйлдвэрлэгчдэд удаа дараа дарамт шахалт үзүүлж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл бий болгож, Монгол Улсын хэмжээнд бүтээн байгуулалтыг тасалдуулах нөхцөлд оруулсаар байгаад гомдолтой байна.

          3.8 Иймд Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.  

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

          Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;

          3. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “М төслийн хэрэгцээнд импортлох техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг 2 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай” 317 дугаар тогтоолоор М төслийг хэрэгжүүлэгч “С” ХХК-тай гурвалсан гэрээ байгуулж, төслийн хэрэгцээнд импортоор оруулж ирэх техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг 2 жилийн хугацаанд үе шаттайгаар хэсэгчлэн төлүүлэхээр зохицуулах, түүний үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Б, Сангийн сайд Ч.У нарт даалгажээ.

          4. Сангийн яамны Дэд сайд С.П-ийн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Засгийн газрын тогтоол хүргүүлэх тухай” 4-2/**** дугаар албан бичгээр “...Засгийн газрын тогтоолын 3 дугаар зүйлд заасны дагуу төслийн хэрэгцээнд импортоор оруулж буй техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийг баталсан жагсаалтын дагуу гаалийн хилээр нэвтрүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын дарга О.Г-д мэдэгдсэн байна. 

          5. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Албан татвар төлөх хугацааг хойшлуулах тухай” *** дүгээр тогтоолоор “...*** дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн “2 жилийн хугацаанд үе шаттайгаар хэсэгчлэн төлүүлэхээр зохицуулах” гэснийг “төлөх хугацааг 2 жилээр сунгах” гэж” өөрчилжээ.

          6. Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд, “С” ХХК (хуучин нэрээр) нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ” 79/**/** дугаар гэрээг байгуулж, мөн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Монгол Улсын Засгийн газар болон “С” ХХК 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Албан татвар төлөх хугацааг хоёр жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ”-нд өөрчлөлт оруулах тухай” 89/***/*** дугаар нэмэлт гэрээ байгуулж, Гэрээний 2.2-д “Талууд гурван талт гэрээний хавсралтад дараах өөрчлөлтийг оруулахаар тохиролцов”, 2.2.2-д “...татвар төлөх эцсийн хугацааг 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байхаар батлахыг Гаалийн ерөнхий газрын дарга, “М” ХХК-д даалгасугай” гэжээ.

          7. Нэхэмжлэгч “М” ХХК-иас Монгол Улсын Засгийн газар, Сангийн сайдад тус тус холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн *** дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ** дугаар магадлал гарсан.

          7.1 Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ** дүгээр тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны *** дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны ** дугаар магадлалын Тогтоох хэсгээс Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ** дүгээр хуралдааны тэмдэглэлээр “М” ХХК-ийн барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгасан үүрэг, даалгавар, “М” ХХК-ийн уг асуудлаар хандсан хүсэлтийг судалж шийдвэрлэхгүй байгаа Сангийн сайдын эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, Сангийн сайдад даалгаж гэснийг хасаж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

          8. Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/*** дүгээр албан бичгээр “...Засгийн газрын тогтоолыг үндэслэн татварыг хойшлуулах асуудлыг Гаалийн байгууллага хэрэгжүүлэн ажилласан. Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт бүрдүүлэлт хийж хойшлуулсан байсан гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын өр үүсээд байна. Иймд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, өр төлбөрөө барагдуулах талаар тодорхой хариу өгч, яаралтай арга хэмжээ авах талаар” “М” ХХК-д мэдэгдэж, мөн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/*** дүгээр, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01/*** дугаар албан бичгээр нийт 18,936,849,521.28 төгрөгийн нэхэмжлэхийг тус тус хүргүүлжээ.

          9. Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэхийг хүлээн аваад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 3/*** дугаар албан бичгээр “...Улсын дээд шүүхийн 2022 оны ** дүгээр тогтоолын биелэлтийг хангуулах ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хийгдэж байна. Барилга, хот байгуулалтын сайдад хандаж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хэрхэн хангаж, биелүүлэх ажиллагаа хийгдэж байгаа талаар хугацаатай тайлбар мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд хариуг тус яамнаас гүйцэтгэх газарт хүргүүлээгүй, хүлээгдэж байна, ...татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцүүлж, эцэслэн шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэр биелэгдээгүй, хойшлуулсан татварыг төлөх хууль зүйн үндэслэлгүй байгаа хэдий ч манай компанийн зүгээс 2021, 2022, 2023 онуудад нийт 3,963,511,725 төгрөгийн татвар төлсөн байна” гэх хариуг өгсөн байдаг.

          10. Ингээд маргаж буй Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Дансны гүйлгээг хаах тухай” 01/*** дугаар албан бичгээр “...“М” ХХК-ийн “Х” ХК-д нээлгэсэн 500******** тоот дансыг орлого орох боломжтой байдлаар зөвхөн зарлагын гүйлгээг хааж, бидэнтэй хамтарч ажиллана уу” гэж, мөн 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Дансны үлдэгдэл шилжүүлэх тухай” 01/*** дүгээр албан бичгээр “...“М” ХХК-ийн танай банканд байрших дансны үлдэгдэл мөнгийг Гаалийн ерөнхий газрын төрийн сан дахь 100************ тоот дансанд шилжүүлнэ үү” гэж “Х” ХК-д тус тус мэдэгджээ.

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          11. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “гаалийн тариф гэж гаалийн татварын хувь, хэмжээг”, 3.1.2-т “гаалийн татвар гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн тарифын дагуу ногдуулах, хураах, төлөх албан татварыг”, 3.1.10-д “гаалийн болон бусад татвар төлөх" гэж энэ хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу ногдуулсан албан татварыг татвар төлөгч холбогдох татварын дансанд шилжүүлэхийг” гэж заажээ.

          12. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, гаалийн тариф нь татварын хувь, хэмжээ, харин гаалийн татвар нь уг тарифын дагуу бараанд ногдуулж, хураах албан татвар бөгөөд татвар төлөгч нь ногдуулсан татварыг холбогдох дансанд шилжүүлэн төлөх үүрэгтэй байна.

          13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...Улсын дээд шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ** тоот тогтоолын биелэлт бүрэн хангагдаагүй байхад Монгол улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь заалт, Тавдугаар зүйлийн 3 дахь заалт, Арван зургаадугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчиж арилжааны банк дахь өмч хөрөнгөд шууд халдан татан авч хууль зөрчсөн илт хууль бус захиргааны акт гаргасныг хуульд нийцсэн гэж үзсэн нь үндэслэлгүй” хэмээн маргадаг.

          14. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газраас “М” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ***** дүгээр захирамжаар “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хариуцагч “М” ХХК-д холбогдох гаалийн болон нэмэгдсэн өрийн албан татвараас чөлөөлөх эсэх асуудлыг эрх бүхий байгууллага хэрхэн шийдвэрлэхээс хамаарч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойлогдохоор байна” гэж дүгнэж иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

          15. Гаалийн ерөнхий газрын Дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Э 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай” 01/**** дугаар албан бичгээр “...гаалийн албан нэмэгдсэн өртгийн албан татварын шийдвэрлэлтийн талаар Гаалийн байгууллагын зүгээс албан ёсны уулзалт зохион байгуулах хүсэлтэй байгаа” талаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Б-д уламжилжээ.

          16. Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/**** дүгээр, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/**** дүгээр “Татварын асуудлыг шийдвэрлүүлэх тухай” албан бичгээр “...татварын дэмжлэг үзүүлэх асуудлыг манай яам дангаараа шийдвэрлэх боломжгүй тул тус компанийн хүсэлт, холбогдох мэдээллийг дахин хүргүүлж байна” хэмээн тус тус Сангийн сайд Б.Ж-д хүргүүлсэн байна.

          17. Монгол Улсын Сангийн сайд Б.Ж 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/*** дугаар албан бичгээр “...тус яам нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд тус байгууллагад дэмжлэг үзүүлэн ажилласан гэж үзэж байна, ...иймд тус компаниас дээд шүүхийн шийдвэр биелүүлж, татвараа төлөх нь зүйтэй байна” гэх хариуг өгчээ.

          18. Мөн Барилга, хот байгуулалт сайдын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай” 01/**** дүгээр албан бичгээр “М” ХХК нь Сангийн сайдын 01/*** дугаар албан бичигтэй танилцаад, тайлбар гаргасныг Сангийн сайдад хүргүүлж, Сангийн сайдын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/**** дугаар албан бичгээр шүүхийн шийдвэр биелүүлж, татвараа төлөх нь зүйтэй гэх хариуг өгсөн байна.

          19. Нэхэмжлэгч 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/*** дугаар албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайд Г.З-т “...цементийн үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж, шийдвэрлүүлэхийг Засгийн газрын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн олонхын саналаар шийдвэрлэж өгөх талаар” хүсэлтийг гаргажээ.

          20. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Р-ийн 2026 оны 01 дүгээр сарын 102-ны өдрийн ХЭГ/** дүгээр албан бичгээр “...энэхүү асуудлаар удаа дараа төрийн бүхий л шатны байгууллага албан тушаалтнуудад хандаж байгааг анхаарч, нэг мөр шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг Ерөнхий сайд чиглэл болгосныг” Сангийн сайдад уламжилсан байна.

          21. Улмаар Сангийн сайд З.М-ны 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Хариу өгөх тухай” 01/**** дугаар албан бичгээр “...цаашид тус компани нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд татварын өр төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулах нь зүйтэй” гэх хариуг Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Б, мөн “М” ХХК нарт хүргүүлжээ.

          22. Дээрх үйл баримтаас үзэхэд, захиргааны байгууллага нь Улсын дээд шүүхийн 2022 оны ** дүгээр тогтоолыг биелүүлж барилгын материалын үйлдвэр барих зориулалтаар импортоор оруулсан тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлын талаар Барилга, хот байгуулалтын сайд болон Сангийн сайд хууль тогтоомжид нийцүүлэн, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж, хариу өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

          23. Гаалийн тухай хуулийн 2951 дүгээр зүйлийн 2951.1-д “Гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр энэ хуулийн 290.1, 290.2, 291 дүгээр зүйлд заасан барааны үнийг болон 2931.1, 2931.2, 2941.1 дүгээр зүйлд заасан татвар, торгуулийг үл маргах журмаар холбогдох этгээдийн данснаас нь гаргуулан авч, улсын орлого болгох ба боломжгүй бол дансны гүйлгээг нь хаах буюу татвар, төлбөртэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нь битүүмжилнэ” гэж заасанчлан хариуцагчийн 2024 оны 01/*** дугаар, 2025 оны 01/*** дүгээр албан бичгээр дансны гүйлгээг хаах, данснаас төлбөрийг гаргуулан авах арга хэмжээ авсан нь хуульд нийцсэн байх тул түүнийг буруутгах үндэслэлгүй байна.

          24. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг үндэслэлтэй зөв дүгнэж, “...Гаалийн тухай хуульд заасан “ногдуулсан гаалийн татварыг албадан хураах, хураах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих” үндсэн чиг үүргийнхээ хүрээнд гаргасан бөгөөд энэ нь хуульд нийцсэн...” хэмээн үндэслэлтэй дүгнэжээ.

          25. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан нь захиргааны актыг гаргахдаа ямар ч хуулийн үндэслэлгүй эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гаргасан, мөн тухайн албан тушаалтанд уг асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээ олгогдоогүй байхын зэрэгцээ өөр бусад эрх бүхий этгээдийн эрхэд халдсан шийдвэр гаргасан, алдаатай байхыг ойлгоно.

          26. Энэхүү маргааны хувьд хариуцагч нь Гаалийн тухай хуулийн 2951 дүгээр зүйлийн 2951.1-д заасны дагуу маргаж буй 2024 оны 01/*** дугаар, 2025 оны 01/*** дүгээр албан бичгүүдийг эрх хэмжээний хүрээнд гаргасан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

          27. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/*** дугаар, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/*** дүгээр албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлон маргах боловч шаардлагын үндэслэлдээ болон шүүх хуралдаанд дээрх албан бичгүүд нь холбогдох хуулиудыг зөрчсөн, хууль бус захиргааны акт гэх агуулгаар тайлбарлан, мэтгэлцсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, маргаж буй хүрээнд дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           Л.ОДБААТАР

 

                                    ШҮҮГЧ                                           Б.АДЪЯАСҮРЭН

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА