| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/04658/И |
| Дугаар | 3790 |
| Огноо | 2020-11-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 3790
2020 11 02 101/ШШ2020/03790
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 15-р хороолол, 2-р байр, 159 тоотод оршин суух, Р.Эийн /РД: 0000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, 85-р байр, 903 тоотод оршин суух, Д.Бд /РД: 0000/ холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 11.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Д.Б гэх залууг өмнө нь таньдаг байсан ба тэрээр 2017 оны 5 сард 22.000.000 төрөг хэрэгтэй байна, лексус 570 маркийн авто машинаа барьцаалья гэсэн. Би үүнийг нь зөвшөөрөөд түүнд 2017 оны 5 сарын 30-ны өдөр 22.000.000 төгрөгийг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлсэн.
Ингээд 22.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт үйлдээд таньдаг учраас итгээд нотариатаар баталгаажуулаагүй. Улмаар Д.Б надад лексус 570 маркийн авто машинаа үлдээсэн бөгөөд машиныг барьцаалж байгаа талаар ямар нэг бичгийн баримт үйлдээгүй.
1 сарын дараа Д.Б нь 10.500.000 төгрөг өгөөд машинаа банк бус санхүүгийн байгууллагад барьцаалаад үлдэгдэл мөнгийг чинь өгье гээд аваад явсан.
Гэсэн хэдий боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байгаа ба миний бие дээрх асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан боловч Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 12 сарын 5-ны өдрийн 4680 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор уг асуудал гэмт хэргийн шинжгүй, зээлийн гэрээний харилцаа тул шүүхэд ханд гэсэн.
Би Д.Бд итгээд ямар нэгэн баримт үйлдэлгүйгээр машиныг нь өгөөд явуулсан. Мөнгөө нэхэхэд эхлээд ах мөнгийг чинь өгнө, ажил дуусахаар өгнө гэдэг байсан.
Өнгөрсөн 5 сард чи ахынхаа мөнгийг өгөөч гэхэд бас л ажил дуусахаар өгнө гэсэн боловч өгөөгүй. Би сүүлдээ шүүхэд хандахгүй бол энэ хүнээс мөнгөө олж авч чадахгүй юм байна гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Миний хувьд би зүрхний шигдээс өвчтэй бөгөөд өнгөрсөн 4 сард 3-р эмнэлэгт эмчилгээ хийлгэн судас тэлэх мэс ажилбарт орсон. 11 сард дараагийн шатны эмчилгээгээ хийлгэнэ. Эмчилгээний зардал их өндөр гардаг.
Өнгөрсөн хугацаанд Д.Б нь үлдэгдэл 11.500.000 төгрөгөөсөө нэг ч төгрөг төлөөгүй. Иймд түүнээс 11.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Э нь хариуцагч Д.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Р.Эийн “... 10-60 УНТ улсын дугаартай лексус 570 маркийн машиныг барьцаалж 20.000.000 төгрөг зээлсэн. 10.500.000 төгрөгийг буцаан авсан. Машинаа хадгаламж зээлийн хоршоонд тавиад үлдэгдэл мөнгийг чинь өгнө гэж машинаа авч яваад үлдсэн мөнгийг өгөхгүй байна” гэх гомдолд 2018 оны 3 сарын 31-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Бүрэнзэвсэг шалгажээ.
Уг хэргийг шалгах явцад Д.Б цагдаагийн байгууллагад “...Р.Э ахаас зээлсэн мөнгөнөөс 11.500.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг боломжоороо өгнө гэхэд Р.Э тэг тэг гэж байсан” гэж мэдүүлсэн байна.
Ингээд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 12 сарын 5-ны 4680 дугаартай тогтоолоор Р.Э нь Д.Бд залилуулсан нь тогтоогдохгүй ба иргэний журмаар шүүхэд ханд хэмээн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан бөгөөд тогтоолд хэн аль нь гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болжээ.
/ХХ-ийн 6-7 дугаар тал/
Нэхэмжлэгч Р.Эрдэнэбилэг нь хариуцагч Д.Бд 2017 оны 5 сарын 30-ны өдөр 22.000.000 төгрөгийг хүлээлгэн өгч баримт үйлдэн тэд хэн аль нь гарын үсгээ зуран баталгаажуулсан нь мөн өдрийн мөнгө хүлээлцсэн баримтаар тогтоогдож байх ба хариуцагч Д.Б үүнийг эсэргүүцээгүй.
/ХХ-ийн 5 дугаар тал/
Зээлийн гэрээний үндсэн шинж нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох бөгөөд 2017 оны 5 сарын 30-ны өдөр Д.Б 22.000.000 төгрөгийг хүлээн авсан нь зохигчийн тайлбар болон мөнгө хүлээн авсан баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.
Нэхэмжлэгч Р.Э нь 2017 оны 5 сарын 30-ны өдөр 22.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүтэй зээлсэн гэх боловч талууд уг мөнгө хүлээлцсэн баримтдаа өгч буй мөнгийг хүүтэй зээлсэн талаараа тусгаагүй тул уг зээлсэн гэх мөнгөнд хүү тооцох боломжгүй.
Мөн нэхэмжлэгч Р.Э нь хариуцагч Д.Бд мөнгийг зээлэхдээ авто машиныг нь барьцаалсан тухай ямар нэг бичгийн баримт үйлдээгүй гэж тайлбарласан болохыг дурдлаа.
Хариуцагч Д.Б нь өнгөрсөн хугацаанд уг зээлсэн 22.000.000 төгрөгөөс 10.500.000 төгрөгийг нь төлсөн, үлдэх 11.500.000 төгрөгөө гаргуулна хэмээн нэхэмжлэгч Р.Э маргасныг хариуцагч Д.Б эсэргүүцээгүй, мөн үүнтэй холбоотой ямар нэг тайлбар бичгээр гаргаагүй байна.
Зээлдэгч буюу хариуцагч Д.Б нь 2017 оны 5 сарын 30-ны өдөр хүлээн авсан 22.000.000 төгрөгөөс 10.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Р.Ээд буцаан өгсөн бөгөөд тэрээр үлдэх хэсэг болох 11.500.000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Р.Э түүнээс зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Баас 11.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Ээд олгох нь зүйтэй.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Р.Э нь хариуцагч Д.Бд зээлдүүлсэн 22.000.000 төгрөгтэй холбоотой цагдаагийн байгууллагад гомдол гарган Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 12 сарын 5-ны 4680 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй, иргэний журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн тул нэхэмжлэгч Р.Эийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
Хариуцагч Д.Бд нэхэмжлэлийн хувийг 2020 оны 10 сарын 8-ны өдөр гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 13-18 дугаар тал/
Хариуцагч Д.Бд шүүх хуралдааны товыг хуралдаан болохоос 7 хоногийн өмнө мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгч нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг үндэслэн хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
/ХХ-ийн 21, 23-27 дугаар тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Баас 11.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Ээд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Эийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас 198.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Ээд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН