| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2024/0040/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/39 |
| Огноо | 2024-01-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч Д.Б-***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Б-***холбогдох 2303007520602 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1971 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, 49 дүгээр байр **** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Цамхаад овогт Д-ийн Б (регистрийн дугаар:ус7105*****).
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
2. Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б-***нь гэм буруу, хэргийн зүйлчлэл болон прокуророос танилцуулсан ялыг хүлээн зөвшөөрч оролцсон.
3. Шүүгдэгч Д.Б-***нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 122 дугаар сургуулийн зүүн талын замд “Тоёота Сай” маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, мөн дүрмийн 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 1.3. замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчиж эсрэг урсгал руу орж Тоёота приус-20 маркийн ***** тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Т.М-****эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
3.1. Цагдаагийн байгууллагын өргөдөл, гомдлын бүртгэл (хавтаст хэргийн 5)
3.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-10 хуудас),
3.3. Хохирогч Т.М-****мэдүүлэг (хавтаст хэргийн 15 хуудас),
3.4. Иргэний нэхэмжлэгч Х.О***мэдүүлэг (хавтаст хэргийн 19 хуудас),
3.5. Гэрч Д.Б-****мэдүүлэг (хавтаст хэргийн 27 хуудас),
3.6. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Г-***мэдүүлэг (хавтаст хэргийн 22, 25 хуудас),
3.7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн 13721 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 хуудас),
3.8. “Хас үнэлгээ” ХХК-н үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 57-62 хуудас),
3.9. Авто тээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 79 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 64 хуудас),
3.10. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1334 магадлагаа (хавтаст хэргийн 71 хуудас),
3.11. Д.Г-***мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэргээ хүлээсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 108 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдсон.
4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан.
5. Хохирол-хор уршиг:
5.1. Иргэний нэхэмжлэгч Х.О***6,000,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авч бүрэн хохиролгүй болсон талаар гар бичвэр (хавтаст хэргийн 95 хуудас) хохирогч Т.М-ээс эрүүл мэндийн хохиролд 1,000,000 төгрөг авсан талаарх гар бичвэр (хавтаст хэргийн 96 хуудас)-ээр хохирол хүлээн авсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх нөхцөл байдлыг бүрэн хангасан.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасны дагуу улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авч, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Цамхаад овогт Д-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэсэгт зааснаар Д.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Д.Б-***үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Б-***мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Т.М-д 1,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.О-т 6,000,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ