| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2020/03041/И |
| Дугаар | 101/ШШ2020/03492 |
| Огноо | 2020-10-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2020/03492
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 000 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, Т*******ны овоо Я******* п*******-д байрлах “M” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн 000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, цайз 00а гудамж, 00 тоотод оршин суух 00 овогт Ч Б*******,
Хариуцагч: Монгол улсын иргэн 000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, цайз 00 гудамж, 00тоотод оршин суух 00 овогт Э Н нарт холбогдох,
33,287,442 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хануулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У*******, хариуцагч Э.Н, Ч.Б, хариуцагч Э.Нийн өмгөөлөгч Д.О******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: M 2018 оны 08-р сарын 31-ний өдөр ******* тоот хашаа, байшин барьцаалсан хэрэглээний зээлийн гэрээг Э******* овогтой Нтэй байгуулан 30,000,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай жилийн 26,40 хувийн хүүтэйгээр олгосон. Зээлийн барьцаанд БЗД **** тоот хаягт байрлах 118,5 м.кв талбайтай, хувийн сууцны зориу*******тай үл хөдлөх эд хөрөнгө болон БЗД **** тоот хаяг дахь гэр бүлийн хэрэгцээний зориу*******тай 350 мкв өмчлөх эрхийн газар зэргийг барьцаалсан. Зээлдэгч Э******* овогтой Н нь Т******* к түрээслэн ажиллуулж байхдаа өөрийн барьцаалж буй хашаа байшингаа өргөтгөн 8 нэрийн хүнсний дэлгүүр болгож ашиглахад зориулан Mнаас зээл авсан. Хүүхэд төрүүлээд бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон шалтгаанаар зээл төлөгдөхгүй хугацаа хэтэрсээр 2019.03.02-ны өдрөөс эхлэн үндсэн зээлийн өр үүсэж, төлбөр хугацаа хэтэрсэн ба өнөөдрийг хүртэлх хугацаанд 9,705,798 төгрөгийн төлөлт хийсэн ба эргэлзээтэй анги*******ай байна. Хариуцагч Э.Н нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хүлээн зөвшөөрдөг боловч түүний банканд өгсөн ам*******, хугацаа авсан үүргүүд нь биелэхгүй байна. Мөн хамтран хариуцагч Ч.Б******* гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар удаа дараа утсаар ярьж мэдэгдсэн боловч төлбөр төлөх санхүүгийн боломж байхгүй гэсэн тайлбар хэлж биелүүлэхээс татгалздаг. Банкны зүгээс уг зээлийг төлүүлэхээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллаж байгаа боловч тодорхой үр дүн гарахгүй байна. Тооцооны товийн захирал, харилцааны менежер нар зээлдэгч Э.Н, Ч.Б******* нартай олон удаагийн давтамжтайгаар утсаар холбогдох, хаягаар очиж уулзах, дуудаж биечлэн уулзах зэргээр байнга харилцсан байдаг. Ингэхдээ утсаар ярьсан тэмдэглэл зээлдэгчийн хаягаар очиж уулзах, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэх хуудас, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэж зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл зэргийг өгсөн. 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлдэгчийн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 25,980,989 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 7,192,254 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 90,799 төгрөг, нийт 33,264,042 төгрөг байна. Гэрээний үүргийн дүнгийн зөрчил нийт дүнгээрээ 11,656,298 төгрөг болсон. Иймд хариуцагч Э.Н, хамтран үүрэг гүйцэтгэгч Ч.Б******* нарын Mтай байгуулсан зээлийн гэрээг цуцалж гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 25,980,989 төгрөг үндсэн хүүгийн төлбөр 7,192,254 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 90,799 төгрөг нотариатын төлбөр 23,400 нийт 33,287,442 төгрөгийг гаргуулан Mанд олгуулж өгнө үү гэв.
Хариуцагч нар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн үндсэн шаардлагад 25,980,989 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 7,192,254 төгрөгийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 90,794 төгрөг, нотариатын зардал 23,400 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэл анх 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага дээр барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэсэн байгаа нь бие даасан шаардлага гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл 33,287,442 төгрөг гаргуулах тухай гэсэн болохоос шүүхийн шийдвэрт тусгуулах шаардлага гаргасан гэж үгийн шууд утгаараа ойлгогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын 3 дугаар хуудас дээр гэрээгээр хүлээсэн үүрэг болох 33,287,442 төгрөгийг гаргуулах шаардлагыг зөвхөн гаргасан ба нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага байхгүй гэж ойлгож байна. Тиймээс энэ шаардлагад нэмэлт тайлбар дээр хэлэх хэрэггүй байна. Хоёрдугаарт яагаад үндсэн мөнгийг зөвшөөрч байна вэ гэхээр үүргийн гүйцэтгэл зөрчигдөж эхэлсэн 2019 оны 03 дугаар сар бөгөөд талуудын байгуулсан гэрээний гэрээг цуцлах буюу дуусгавар болгох үндэслэл болсон 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсгийг үндэслэсэн. Мөн гэрээний 6.1-т хуваарийг удаа дараа зөрчсөн гэж үүргийн зөрчил 2019 оны 7 дугаар сард 519,600 төгрөг төлсөн, 2019 оны 10 дугаар сард 999,400 төгрөгийг тус тус төлсөн байна. 2019 оны 10 дугаар сараас үүргийн зөрчил үүссэн гэж үзэхээр байгаа ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2019 оны 03 дугаар сараас үүргийн биелэлт 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төлөхгүй байгаа зүйл харагдахгүй байна. Монгол банкнаас жилийн жигнэсэн дундаж хүү, зээлийн гэрээний жилийн хүү 26.40 хувиар, 26.4 хувиар тогтоосон байна. Өөрөөр хэлбэл тухайн зээлийг авахад Монгол банкны жилийн жигнэсэн дундаж хүү 20,8 хувьтай байсан ба эдгээр нөхцөлөөр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой нь тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх энэ хэмжээг баг*******ж болно гэж шүүхэд уг эрхийг олгожээ. Үндсэн зээлийн хүү илт хохиролтой байна гэж үзэж 2 хувийн хүүгээр баг*******ж өгөхийг хүсч байна. Нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж үгүйсгэж байгаа үндэслэл бол 2019 оны 10 дугаар сараас эхлээд Монгол улс, орон даяараа хүнд нөхцөл үүсч 2020 оны 02 дугаар сараас Корона вирус үүссэн. Миний үйлчлүүлэгч нар нь тодорхой ажил эрхэлдэггүй, бага насны хүүхэдтэй, хариуцагч Э.Н нь 3 жил дараалж харвасан ээжийгээ асардаг, хууль ёсны асран хамгаалагч гэдгийг нотлох баримт үүнийг шүүхэд хүргүүлсэн ба энэ үйл баримтыг шүүх хүндэтгэн үзэж хөнгөлөх ёстой. Зээлийн гэрээ дээр тодорхой хэмжээний төлбөр төлөх хуульд заасан үүрэгтэй бөгөөд гэрээний дагуу ч төлөх нь зүйтэй. Эцсийн дүнд бага насны 3 сартай, 8 сартай 2 хүүхэдтэй, ам бүл 4 хүн, эмчилгээний зардал, хэрэглээ өндөр байдаг учраас энэ хүн зээлийн гэрээг төлөх нөхцөл байдал хүнд байна. Иймд үндсэн зээлийг хүлээн зөвшөөрнө, хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг гаргаагүй гэж үзэж байгаа тул шүүх анхаарч шийдвэрлэх байх гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “M” ХХК нь хариуцагч Э.Н, Ч.Б******* нарт холбогдуулан 33,287,442 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай зээлийн болон барьцааны гэрээний үүргийн дагуу хангуулна” гэж тодорхойлсон.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 25,980,989 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг нэхэмжлэгч гаргаагүй гэж маргасан.
Нэхэмжлэгч “M” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Э.Н, Ч.Б******* нарт холбогдуулан гаргасан 33,287,442 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тус шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 12241 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт гардуулсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулна гэж дурдсан нь тус шаардлагыг гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.
“M” ХХК нь Э.Н, Ч.Б******* нартай 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ******* зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг, жилийн 48 сарын хугацаатай, сарын 2.20 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориу*******тайгаар зээлдүүлж, зээлийн барьцаанд улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, ***** тоот хаягт байршилтай 118.5 м.кв талбай бүхий хувийн сууцны зориу*******тай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориу*******тай газрыг тус тус барьцаалж, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 8-15 дахь талд/
Талуудын хооронд байгуулсан гэрээнд зохигчдын илэрхийлсэн хүсэл зоригийн байдал, агуулга зэрэг нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан “хэлцэл”-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүсжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 25,980,989 төгрөг, зээлийн хүү 7,192,254 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,799 төгрөг, нотариатын зардалд 23,400 төгрөг нийт 33,287,442 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нар тус нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 25,980,989 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрсөн.
Хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохих ёсоор гүйцэтгээгүй гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл, зээлдэгч Э.Нийн тайлбар зэрэг баримаар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 19-26, 29-32 дахь талд/
Зохигчдын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэг болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэсэн зохицуу******* мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хүү буюу хэтэрсэн хугацааны хүү тооцон шаардах эрхтэй байна.
Хариуцагч нар дэлхий нийтэд тархсан цах тахалтай холбоотойгоор зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон талаарх татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүйгээс гадна үүнтэй холбоотойгоор гэрээний хугацааг сунгах, чөлөөлүүлэх талаар зээлдүүлэгч талд аливаа хүсэлт, гомдол гарган шийдвэрлүүлээгүй байна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зохицуулсан бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн зөрчил гарсан үндэслэлээр зээлдүүлэгч нь гэрээг цуцалж, зээлдэгч нараас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь зээлийн хүүнд 7,192,254 төгрөгийг хариуцагч нараас шаардсан бөгөөд нэхэмжлэгчийн зээлийн хүүгийн тооцооллоос үзэхэд 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд тооцох 1 хоногийн хүүг 11 хоногоор тооцсон нь үндэслэлгүй байх тул илүү нэхэмжилсэн 10 хоногийн хүү болох 187,917 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. /х.х-ийн 9 дахь талд/
Хэдийгээр, нэхэмжлэгч нь хариуцагч нараас талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй боловч хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийг 2019 оны 3 дугаар сараас зохих ёсоор гүйцэтгээгүй зөрчил гаргасан байх боловч зээлдүүлэгч гэрээний үүргийг 2020 оны 6 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гарган шаардаж байгаа нь тухайн хугацаагаар зээлдэгч нарын хариуцлагын хэмжээ болох нэмэгдүүлсэн хүү нэмэгдэх үндэслэл болсон байна.
Ийнхүү, зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлдэгч нарын хариуцлагын хэмжээ нэмэгдсэн байх тул зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүү буюу хариуцлага шаардах нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “эрх”-ээ шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй гэж үзэн нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараас нотариатын зардалд 23,400 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч тус шаардлагаа баримтаар нотлоогүй тул уг шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч Э.Н, Ч.Б******* нараас үндсэн зээл 25,980,989 төгрөг, зээлийн хүүнд 7,004,337 төгрөг нийт 32,985,326 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “M” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 302,116 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн дүнгээр төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөр үүргийг хангуулна гэжээ.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж тус тус зохицуулснаар барьцааны гэрээнд барьцаалсан хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Н, Ч.Б******* нараас 32,985,326 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “M” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 302,116 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан үүргийн гүйцэтгэлийг Э.Нийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз 43 дугаар гудамж, 791а тоот хаягт байршилтай 118.5 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз 43 дугаар гудамж, 791а тоот хаягт байршилтай 350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориу*******тай газрыг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 464,788 төгрөгийн 394,588 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос илүү төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Э.Н, Ч.Б******* нараас 393,076 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “M” ХХК-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ