Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2020/02361

 


 

2020 9 08 183/ШШ2020/02361

 

... УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, тоот хаягт оршин суух,  овогт Ж.ийн С. /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, тоот хаягт оршин суух, ... овогт Н.ийн Ц /РД:/-д холбогдох,

 

 

Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ... ХД 71 дүгээр байр, ... тоот хаягт байршилтай, 46,74 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг түүний эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол 34 541 896 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, орон сууцны төлбөрт шилжүүлсэн 43 000 000 төгрөг, хохирол 17 223 583 төгрөг, нийт 60 223 583 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, түүний өмгөөлөгч Ш.С. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, түүний өмгөөлөгч О.Д, нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2017 оны 9 дүгээр сард RЕMAXд хандаж байраа Н.Цд зарсан. Нэхэмжлэгч авлигатай тэмцэх газрыг анх байгуулагдсан цагаас нь эхлэн ажиллаж байгаа тул байгууллагаас байрыг хөнгөлөлттэй нөхцлөөр авах боломж гарч ирсэн учир байранд хамрагдахын тулд ипотекийн зээлгүй байх ёстой байсан. Иймд байрны урьдчилгаа төлбөрийг төлөх зорилгоор байраа зарсан. Анх байрыг 98 000 000 төгрөгөөр худалдаж аваад 45 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагчид орон сууцыг 70 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцож, 28 000 000 төгрөгийн урьдчилгаа авсан. 45 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэдгийг Н.Ц мэдэж байсан ба Н.Ц нь хамт банкин дээр очоод зээлийн эдийн засагчаас тодруулаад гарын үсэг аваад, нотариатчид хамт очиж, ярилцаад гэрээгээ хийсэн. Н.Ц гэрээний хугацаанд сарын дараа мөнгө орж ирнэ, тухайн үед илүү ч мөнгө өгөх боломж байгаа. Гэхдээ засвар хийгээд байрандаа орно гээд 28 000 000 төгрөгийг өгсөн. 42 000 000 төгрөгийг Н.Ц өгч, манайхаас 3 000 000 төгрөгийг өгөөд 45 000 000 төгрөгийг төлж зээлийг хаах талаар ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр байранд орсон. Сарын дараа гэрээний хугацаа дуусахад удахгүй мөнгийг өгнө гэж байсан. Манай зүгээс үлдэгдэл мөнгөө өгчихвөл, зээлийг хаамаар байна гэдгээ хэлсэн. Бидний зүгээс байрныхаа боломжоо алдах гээд байна гэдгийг хэлж, мөн энэ хугацаанд мөнгөө нэхэж байсан. Н.Ц нь энэ оны төгсгөл дээр шүүхээр шийдүүлье гэж хэлсэн. Бид нар одоо байр авах боломжоо алдсан, байргүй болсон тул гэрээнээс татгалзан байраа буцааж авах хүсэлтэй байна. Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлуудаа тооцуулах хүсэлтэй. Гэрээний үүргээ биелүүлээгүй 33 сарын хугацаанд зээлийн хүүнд 8 917 918 төгрөг, зээлтэй холбоотой амь насны даатгал 246 978 төгрөг, түрээсийн байрны төлбөр 2 250 000 төгрөг, хариуцагч нь тухайн байрыг эзэмшээгүй байсан бол олох ёстой орлого буюу сарын 700 000 төгрөгөөр түрээсэлнэ гэж тооцвол 23 100 000 төгрөг нийт 34 544 896 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 332 035 төгрөг төлсөн. Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ... ХД 71 байр, ... тоот хаягт байршилтай 46.74 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай Ү- эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Н.Цгийн эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү. Олох ёстой байсан орлого, гэрээнээс татгалзаж байгаа үндэслэл нь нэхэмжлэгчийн буруугаас биш хариуцагчийн буруугаас болж байгаа. Байранд засвар хийж байгаа нь өөрийн хэрэгцээнд, гурван жилийн хугацаанд өөртөө хэрэглэж байгаа, нэхэмжлэгчийн буруутай үйлдэл тогтоогдохгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Өгсөн мөнгөний хувьд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор тооцоолоод өгч авахаа шийдвэрлэх боломжтой байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Н.Ц нь хүүхдүүдийнхээ сургуульд ойр байх зорилгоор 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр маргаан бүхий байрыг худалдаж авахаар тохиролцоод гэрээ байгуулсан. Тухайн орон сууц нь Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байгаа тул Н.Цгээс шилжүүлэн авч буй мөнгөөр зээлийг төлж, барьцаанаас чөлөөлж, нэн түрүүнд Н.Цгийн нэр дээр шилжүүлнэ гэж тохиролцсон. Хариуцагчийн урьдчилгаанд төлсөн 28 000 000 төгрөгөөс банкны зээлд нэг ч төгрөг төлөөгүй байсан ба ямар учраас банкны зээлийг төлж багасгахгүй байгааг асуухад үлдэгдэл төлбөрийг төлсөний дараа хамтад нь төлж зээлээ хаана гэж анх тохиролцсоноос өөр тайлбар өгсөн. Хариуцагч нь тухайн үед 4 750 000 төгрөгийн засвар хийсэн тул наймаагаа буцаахыг хүсээгүй, банкны зээлд төлөх ёстой 43 000 000 төгрөгийг гүйцээж өгөхөөр тохиролцож 2017 оны 11 сарын 28-ны өдөр 15 000 000 төгрөгийг нэмж нийт 43 000 000 төгрөг өгсөн. Ж.С. нь нийт 43 000 000 төгрөгийг хүлээж авсан боловч тухайн мөнгийг зээлд төлөөгүй, банкны зээл нь яг хэвэндээ байгаа нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Орон сууцны төлбөрийн үлдэгдлийг бүрэн төлсөн ч Ж.С. банкны зээлээ төлж байраа Н.Цд шилжүүлэх ямар ч санаа сэдэл байхгүй, анхнаасаа дүр үзүүлэн энэ гэрээг хийсэн. Н.Ц нь үлдэгдэл 27 000 000 төгрөгийг төлье, орон сууцны зээлийг бүрэн дарж миний нэр дээр шилжүүлэн өгөх баталгаа гаргаж өг гэхэд Ж.С. нь үлдэгдэл 27 000 000 төгрөг дээр 20 000 000 төгрөгийг нэмж төл, орон сууцны үнэ өссөн. Үгүй бол би байраа буцааж авна, би авлигатай тэмцэх газарт ажилладаг байрнаасаа хөөгөөд гаргаж чадна гэж сүрдүүлсэн байдаг. Шүүхэд маргаан үүссэний дараа үлдэгдэл 27 000 000 төгрөгийг төлөөд байраа авах биш одоо байгаа зээлийн үлдэгдлийг төлөөд байраа авъя гэж санал тавьсан боловч зөвшөөрөхгүй байгаа. Ж.С. нь байраа худалдах санаа зорилго байгаагүй, Н.Цгийн мөнгийг авч өөр зүйлд ашиглах зорилготой надтай дүр үзүүлэн гэрээ хийсэн гэж үзэж байгаа. Тиймээс 2017 оны 09 сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр хэлцэлд хамаарахаар байна гэж бодож байна. Нэхэмжлэгч нь мөнгө авах зорилготой байсан нь тайлбар үйл баримт, нотлох баримтаар харагдаж байгаа. Иргэний хуулийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, уг орон сууц нь худалдаа хөгжлийн банканд байсан тул банкны эдийн засагчаас хамт очиж зөвшөөрөл авсан гэж байгаа нь худал бөгөөд үүнийг нотлох баримт хэрэгт байхгүй. Худалдаа хөгжлийн банктай байгуулсан гэрээний 6.2.7-д банкны зөвшөөрөлгүйгээр худалдахгүй байх үүргийг зээлдэгч Ж.С. хүлээсэн байдаг. Н.Ц зээлтэйг нь мэдэж байсан ч түүнээс авсан мөнгөөрөө төлөөд өгнө гэж итгэн нотариатаар гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзнэ. Гэрээ нь нэгэнт хүчин төгөлдөр бус учраас мөн хуулийн 56.6-д заасан энэ гэрээг байгуулсан буруутай этгээд Ж.С.д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэл нь гэрээний дагуу шилжүүлсэн 43 000 000 төгрөг, орон сууцанд засвар оруулсан 4 750 000 төгрөг. Хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан мөнгө хүлээн авсан нь Ж.С.ийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл. Н.Цгийн олох ёстой байсан орлого буюу хадгаламжийн хүү 12 108 383 төгрөг болж байгаа. 15 000 000 төгрөгөөс тооцоход 2017 оны 12 дугаар сарын хүү 462 250 төгрөг, 2018 оны 1-12 сарын хүү 5 160 000 төгрөг, 2019 оны хадгаламжийн хүү 4 859 000 төгрөг, 2020 оны 1-4 сар хүртэл хүү нь 1 648 333 төгрөг нийт 29 000 000 төгрөг болж байгаа. Ж.С.д өгсөн мөнгө нь Н.Цгийн хадгаламжид байсан мөнгө, хүүгээрээ ийм хэмжээний мөнгө олох ёстой байсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага 60 223 583 төгрөгийг Ж.С.ээс нэхэмжилж байна гэв

 

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.С. нь хариуцагч Н.Цд холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ... ХД 71 дүгээр байр, ... тоот хаягт байршилтай, 46,74 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг түүний эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол 34 541 896 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, орон сууцны төлбөрт шилжүүлсэн 43 000 000 төгрөг, хохирол 17 223 583 төгрөг, нийт 60 223 583 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэн аль нь харилцан эс зөвшөөрч маргав.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулахад нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...өөрийн өмчлөлийн орон сууцыг 70 000 000 төгрөгөөр хариуцагчид худалдахаар тохирч, урьдчилгаанд 43 000 000 төгрөг авсан. 2017 оны 10 сарын 20-ны дотор үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахаар тохирсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул орон сууцаа эзэмшилдээ авна, 2 жилийн хугацаанд орон сууцыг түрээсэлсэн бол олох байсан түрээсийн орлого болон энэ хуцагаанд банкинд төлсөн хүүгийн төлбөрийг гаргуулна... гэж,

-хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгч Ж.С. нь орон сууцны өмчлөх эрхийг Н.Цд шилжүүлэх хүсэл зориггүй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул орон сууцны төлбөрт шилжүүлсэн мөнгө болон өөрт учирсан хохирлыг гаргуулна... гэж тус тус тайлбарлав.

 

Шаардлагын үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулах, гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролыг хариуцагчаас гаргуулах агуулгатай, хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул урьдчилгаанд төлсөн мөнгө, учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дэмжиж мэтгэлцэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2017 оны 09 сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ж.С. нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ... ХД 71 дүгээр байр, ... тоот хаягт байршилтай, 46,74 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 70 000 000 төгрөгөөр Н.Цд худалдахаар тохиролцож, урьдчилгаа 28 000 0000 төгрөгийг 2017 оны 09 сарын 13-ны өдөр, үлдэгдэл 42 000 000 төгрөгийг 2017 оны 10 сарын 20-ны өдөр төлөх, орон сууц нь Худалдаа хөгжлийн банкны зээлийн 45 000 000 төгрөгийн барьцаанд байгааг мэдэж ойлгож байгаа болно. 2017 оны 10 сарын 20-ны өдөр байрны зээлийг болон орон сууцны нийт төлбөрийг дуусгаж, орон сууцны өмчлөлийг шилжүүлэхээр талууд тохиролцжээ. /хх-6/

 

Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба талуудын хооронд байгуулсан 2017 оны 09 сарын 13-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд талууд хүсэл зоригоо гарын үсгээрээ баталгаажуулсан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч Н.Ц нь гэрээ байгуулсан өдөр буюу 2017 оны 09 сарын 13-ны өдөр 28 000 000 төгрөг, 2017 оны 11 сарын 28-ны өдөр 15 000 000 төгрөг төлсөн ба энэ хугацаанаас хойш огт төлөлт хийгээгүй талаар талууд маргаагүй болно.

 

Харин хариуцагч ...гэрээний дагуу төлсөн 43 000 000 төгрөгөөр банкны зээлийг хаах үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөрөө төлөөгүй гэж тайлбарлаж байх боловч гэрээний 2.2-т ...үлдэгдэл 42 000 000 төгрөгийг 2017.10.20 дотор өгч авахаар талууд харилцан тохиролцов. Орон сууц Худалдаа хөгжлийн банкны зээлийн 45 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа худалдагч тал мэдэж ойлгож байгаа болно. 2017.10.20-ны өдөр байрны зээлийг болон орон сууцны нийт төлбөрийг дуусгаж, орон сууцны өмчлөлийг шилжүүлэхээр талууд тохиролцов. гэж зааснаас үзэхэд түүний тайлбар няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл худалдан авагч буюу хариуцагч нь үлдэгдэл төлбөрөө төлснөөр худалдагч тал болох нэхэмжлэгч нь орон сууцыг барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон байх тул нэхэмжлэгчийг гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 222 дугаар зүйлийн 222.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж зааснаар хариуцагч орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2017 оны 10 сарын 20-ны өдрийн дотор төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн нь мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 2... дүгээр зүйлийн 2....3-т гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн ...9.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй болно.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-т хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг хариуцан буцаан өгөх, энэ үүргээ гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу талууд гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үр дагвар үүсэх тул худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч Н.Цгийн эзэмшилд шилжүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ... ХД 71 дүгээр байр, ... тоот хаягт байршилтай, 46,74 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Н.Цгээс орон сууцны урьдчилгаанд шилжүүлсэн 43 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Сарангэрлээс гаргуулж, хариуцагчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс 2017 оны 10 сараас 2020 оны 06 сар хүртэл 33 сарын хугацаанд зээлийн хүүд 8 917 918 төгрөг, ам нас, эд хөрөнгийн даатгалд 246 978 төгрөг, түрээсийн байранд төлсөн 2 250 000 төгрөг, хариуцагч орон сууцыг эзэмшээгүй байсан бол зах зээлийн ханшаар сар бүрийн 700 000 төгрөгөөр түрээслүүлж болох байсан орлого 23 100 000 төгрөг, нийт 34 541 896 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч нэхэмжлэгчийн бусад этгээдтэй байгуулсан гэрээний үүрэг хийгээд ам нас, эд хөрөнгийн даатгалын хураамж, орон сууц түрээсэлсэн гэх зардлыг хохиролд тооцох үндэслэлгүй нь дээр олох байсан орлого гэж тодорхойлсон шаардлагагаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 34 541 896 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд дээр дүгнэсэнчлэн талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр, гэрээний зүйл болох орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ж.С. 2013 оны 11 сарын 27-ны өдөр бүртгэгдэж, 000289360 дугаар гэрчилгээ авсан өмчлөгч байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар нэхэмжлэгч хохирол төлүүлэхээр шаардах эрхгүй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хувиарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Цгийн эзэмшлээс эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ... ХД 71 дүгээр байр, ... тоот хаягт байршилтай, 46,74 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг чөлөөлүүлж, нэхэмжлэгч Ж.С.д олгож, нэхэмжлэгч Ж.С.ээс орон сууцны төлбөрт хүлээн авсан 43 000 000 төгрөг буцаан гаргуулж, хариуцагч Н.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 34 541 896 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 56.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Саранцэцэгээс хохирол 60 223 583 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 839 985 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 602 235 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 507 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ