| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2024/0076/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/82 |
| Огноо | 2024-10-01 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч П.Эрдэнэбат /томилолтоор/,
хохирогчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Ө-***нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Ө-***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 2208012612206 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн. 1984 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн оператор мэргэжилтэй, хувиараа хүнсний захуудаар явж мах шулах ажил эрхэлдэг, ам бүл 1, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 3 дугаар гудамжны **** тоотод оршин суудаг, урьд
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Цэвээн овогт Б-ийн Ө (регистрийн дугаар:ЙЛ8408****).
Холбогдсон хэргийн утга:
Шүүгдэгч Б.Ө-***нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” зах дээр урьдны зүс таних А.А-***8700 килограмм 73,080,000 төгрөгийн үнэтэй хонины махыг “маргааш борлуулаад мөнгийг нь өгнө хэмээн” аваад 27,000,000 төгрөгийг өгч, зөрүү 46,080,000 төгрөгийн хохирол учруулсан нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2023 оны 12 сарын 18-ны өдрийн 1455 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.
2. Шүүгдэгчээс: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас, хохирол төлсөн баримтуудыг шинжлэн судлуулахаар оролцсон.
3. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
5. Шүүгдэгч Б.Ө-***нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” зах дээр А.А-***8700 килограмм 73,080,000 төгрөгийн үнэ бүхий хонины махыг “маргааш мөнгийг нь өгнө хэмээн” худал хэлж аваад 27,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч, 46,080,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
5.1. Хохирогч А.А-***н“...би хувиараа “Эмээлт” зах дээр 2019 оноос хойш 5 хошуу малын мах авч бусдад худалдаалдаг ажил эрхэлж байгаа. Улирал болон үнийн өсөлтөө дагаад 5 хошуу малын аль нэгнээр нь дагнах эсхүл зөвхөн, хонь, ямаа авах зэргээр ажилладаг. Одоогоос хоёр жилийн өмнөөс буюу 2020 оноос А.Ө-** гэх залууг Эмээлт малын зах дээр зүс таних болсон. Тэнд мах шулдаг ажил хийдэг байсан ба хааяа надад мах худалддаг байсан юм. Тийм болохоор зүс мэдэхээс ойртож нөхөрлөж байгаагүй, 2021 оны 12 дугаар сарын сүүлээр болон 2022 оны 01 дүгээр сарын эхээр над руу *****дугаарын утсаар хэд хэдэн удаа А.Ө-** залгаад мах шулах ажил байна уу? Мах байна уу? Хэрвээ байвал би дэнжийн мянгад оруулаад зараад өгье. Ажилгүй хэцүү байна гэхээр нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Эмээлтийн малын зах дээр уулзаад надаас мах авахаар болсон. Би А.Ө-**д 8700кг хонины махыг кг бүрийг нь 8400 төгрөгөөр бодож өгсөн чинь би үүрээр авч очоод зарчихаад маргааш буцаагаад мөнгийг чинь өгнө гэхээр нь би хамтарсан бичиг хийгээд гарын үсэг зурцгаая чи маргааш зарж амжихгүй бол хоёр хоногтоо багтааж зарж мөнгөө өгөөрэй гээд гэрээ хийхэд А.Ө-** гарын үсгээ зураад махаа ачаад аваад явсан. Тэр өдрөөс хойш маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хаан банкны 5017106479 дугаарын данснаас "А.Ө-**гөөс" гэсэн утгаар миний ****дугаарын данс руу 13 цаг 37 минутад 5,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 цаг 03 минутад ***** дугаарын данснаас "А.Ө-**гөөс" гэсэн утгаар 13,500,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 11- ний өдрийн 21 цагт “А.Ө-** мах" гэсэн утгаар 8,500,000 төгрөгийг тус тус шилжүүлж нийт 27,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш үлдэгдэл мөнгөө өгөхгүй өнөөдрийг хүрчихлээ. Утсаар нь залгахаар утсаа огт авахгүй байгаа. Нэг л удаа өмгөөлөгчийн хамт Соёлын төв өргөөний орчим уулзахад мөнгө чинь байхгүй үрчихсэн. Урьд өмнө нь өртэй байсан хүмүүсдээ өгчихсөн. Одоогийн байдлаар мөнгө байхгүй гэж хэлээд байсан. Тэрнээс хойш дахиж уулзаагүй. Миний ч утсыг авахаа больсон. Би 73,080,000 төгрөг авах ёстойгоос 27,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч одоо 46,080,000 төгрөгийн хохирол учирсан байх тул уг мөнгөө эргүүлэн авмаар байна. Тухайн хүн маань ор сураггүй алга болчихлоо... А.Ө-**баяр гэх залуу 2023 оны 11 дүгээр сарын дундуур *****дугаараас миний *****дугаар руу залгаад “чи намайг ахиад шоронд явуулах гээд байгаа юм уу, чи өргөдөлөө авчих иргэний шүүхээр шийдвэрлүүлье” гэж хэлсэн. Би тэгэхээр нь үгүй гэж хэлсэн.... Анх мах өгөх үедээ бид 2 цаасан дээр 8,700 кг хонины махыг 1 килограммыг 8,400 төгрөгөөр бодож А.Ө-** надад зарж өгөхөөр болоод ачиж явсан гэж баримт гэрээ шиг юм хийгээд харилцан гарын үсгээ зураад өгөөд явуулсан юм. А.Ө-** надад 7 хоногийн өмнө удахгүй мөнгөтэй болно өгнө гээд явсан одоо хүртэл ирээгүй байна.... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 хуудас),
5.2. Гэрч Ц “... би монголоор ойлгоно сайн ярьж уншиж, бичиж чадахгүй. Би дээд боловсролтой. Би мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. А.Ө-**баяр нь 2020 оны 7 дугаар сарын үеэс эхлэн манай үйлдвэр дээр болон Эмээлтийн бусад үйлдвэрүүд дээр мах шулдаг байсан залуу бөгөөд сүүлд мах авдаг болсон юм шиг байсан. Би энэ хүнтэй ерөнхийдөө ажил хэргийн холбооноос өөр асуудал байхгүй. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1 кг хонины мах *****төгрөгийн үнэтэй байсан. А.Ө-**баяр надаас 2022 оны 01 дүгээр сарын эхээр гадуур ажил байхгүй байна чамд ажил байна уу гэж асуухаар нь би манай эхнэр А.А-***асуучих хэрвээ зөвшөөрвөл би хөдөөнөөс удахгүй мах орж ирэхээр чамд ажил бодъе гэсэн тэгээд маргааш нь надад хөдөөнөөс мах ирээд манай эхнэр Алтаншагай А.Ө-**баяртай уулзаад махаа гэрээ хийгээд өгөөд явуулсан байсан ба А.Ө-**баяр уг махыг үнэ нэмж зараад махны мөнгийг эргүүлж өгөх ёстой байсан. Тэгээд тал мөнгийг нь өгөөд үлдэгдэл мөнгийг өнөөдрийг хүртэл өгөлгүй алга болсон юм. Би сайн санахгүй байна гэхдээ А.Ө-**баяр надаас 20,000,000 төгрөг зээлээч гэж хэлээгүй бас би махны мөнгөнөөс хэрэглэж бай гэж хэлээгүй. А.Ө-**баяр шууд утсаа салгаад алга болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 хуудас),
5.3. Б.А.Ө-**баярын яллагдагчаар өгсөн “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж байна. Би анх 2002 оноос хойш махны ченж мах шулах ажил хийж байсан бөгөөд 2019 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт зах дээр махны үйлдвэртэй А.Ө-** гэх хятад улсын иргэнтэй танилцаад мах нийлүүлж өгч авдаг ажил хийж байгаад танилцсан бөгөөд тэр үед бас А.Ө-**гийн эхнэр А.А*** зүс таних болсон тэгээд 2021 онд дэлхий даяар Короно өвчин гараад ажил хийх боломжгүй болж махны үйлдвэр болон ченжүүд дампуурсан байх үед би 2021 оны 12 дугаар сарын 20-ны сүүлээр А.Ө-**гийн ******дугаар руу залгаад" найз нь мөнгөгүй байгаад байна ажил төрөл байна уу? Найздаа 20,000,000 төгрөг зээлээч ажил эхлэхээр өгчихье" гэж ярьсан чинь А.Ө-** тухайн үед одоохондоо надад бэлэн мөнгө алга надад ажил орж ирвэл би чам руу эргээд залгая гээд салгасан бөгөөд удалгүй 2022 оны 1 дүгээр сарын эхээр А.Ө-** өөрөө над руу залгаад надад хөдөөнөөс мах ирж байна чи надад энэ махнуудыг зарж өгч чадах уу? гэхээр нь би зах зээлийн ханшнаас 1 кг-г нь 200-300 төгрөгөөр хямд авчихвал би наад махыг чинь зараад өгч болно гэж хэлсэн. Тэгээд маргааш нь надаас А.Ө-** өөрөө залгаад хөдөөнөөс мах ирж байна зах дээр хонины мах ямар үнэтэй байгаа талаар асуухаар нь би хамгийн сайн мах ******төгрөгийн ханштай байгаа талаар хэлсэн чинь А.Ө-** чи тэгвэл надаас ирж мах ав одоо хөдөөнөөс мах ирж байгаа" гэхээр нь яваад очсон чинь А.Ө-**гийн авсан мах нь 8700 орчим кг дан хонины дунд зэргийн махнууд байхаар нь би наад махыг чинь зах зээлийн ханшаар нь яаж ийж байгаад зарчихна харин чи надад зээлнэ гэсэн мөнгөө яах юм бэ, өгөх юм уу? гэсэн чинь А.Ө-** надад чи наадахаасаа хэрэглэхээ хэрэглэж бай гээд надад мах өгөөд би ажилтай болчихлоо гээд явсны дараагаар би махнуудыг ачаад хүчит шонхор зах дээр очоод 1 кг махыг 8,000 төгрөгөөр зараад дууссан бөгөөд А.Ө-**тай утсаар яриад хаашаа явуулах юм бэ гэсэн чинь надад эхнэр А.А-*** Хаан банкны дансыг өгөхөөр тэр дансанд 8,500,000-р, 13,500,000-p, 5,000,000-p 3 хуваагаад нийт 27,000,000 төгрөг шилжүүлээд үлдсэн мөнгийг цувж орж ирээд байхаар нь би Хүчит шонхор зах болон Нарантуул зах дээр зүс таних махны ченжүүдтэй хамт 5 хоногийн дотор мөрийтэй тоглоод 27,000,000 орчим төгрөг мөрийнд алдсан бөгөөд үлдэгдэл мөнгийг фейсбүүк дээр бага хүүтэй хөрөнгө оруулалт зээл гаргана гэсэн хүмүүстэй холбогдоод алдсан, ... хохирлоос би 1 сая төгрөг төлсөн, үлдэгдэл хохирлыг би захуудаар явж мах шулаад төлж барагдуулж чадна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
6. Залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.
Хуурамч бичиг баримт үйлдэх, иргэний эрх зүйн харилцаагаар халхавчилсан дүр үзүүлсэн гэрээ хэлцэх хийж хохирогчийн эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн болгож авах эсвэл хохирогч итгэж үнэмшин өөрөө өмчөө шилжүүлэн өгөх нь залилан мэхлэх гэмт хэрэгт ашигладаг аргуудын нэг.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн хохирогчийг урьд зүс таних, хааяа нэг махны наймаа хийдэг байсан, махыг нь шулж өгдөг байсан байснаа ашиглан гэрээ хийх байдлаар хуурч мэхлэн махыг чинь борлуулаад өгье хэмээн өөрийн захиран зарцуулах эрхэд шилжүүлэн авснаар Залилах гэмт хэргийн шинж хангагдсан.Хуурч мэхлэх гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар эд хөрөнгөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авах үйлдлийг ойлгоно.
Иргэний эрх зүйн харилцаанаас залилах гэмт хэргийн ялгагдах гол шинж нь өнгөн дээрээ өнгөн дээрээ гэрээ хэлцэлтэй байгаа мэт харагдавч, уг хэлцлээр халхавч хийн, бусдаас авсан эд зүйлийг буцааж өгөхгүй гэсэн субьектив санаатай идэвхитэй үйлдэл байна.
Шүүгдэгч Б.Ө-***нь хохирогч А.А.А*** урьд зүс таньдаг, мах шулдаг ажил хийдэг талаар мэддэг, хаяа түүнээс мах худалдаж авдаг байсан гэх урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь далимдуулан 2022.01.07-ны өдөр А.А-***нагуулахаас 1кг махыг 8,400 төгрөгөөр үнийг тооцож, 8,700 тонн хонины махны үнийг 2022.01.09 гэхэд А.А-*** ****тоот дансанд хийнэ гэж итгүүлэн аваад үлдэгдэл 46,080,000 төгрөгийг буцаан өгөлгүй хувьдаа захиран зарцуулсан шунахай сэдэлттэй, санаатай үйлдэл байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл шүүгдэгч Б.Ө-***нь “мах зарж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн.
7. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокурорын шүүгдэгч Б.А.Ө-**баярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
8. Хохирлын талаар: Шүүгдэгч Б.Ө-***нь хохирогч А.А-***н****дугаар данс руу 46,080,000 төгрөгийн хохирлоос 1,000,000 төгрөг төлсөн болох нь мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А.Ө-**А.Ө-**с махны үлдэгдэл төлбөр болох 45,080,000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.А***“Сонгинохайрхан дүүрэг, 38 дугаар хороо залуус хороолол 48а-***** тоот хаягтай, рд:вк9610******”-д олгохоор шийдвэрлэв.
9. Эрүүгийн хариуцлагын талаар:
9.1. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ө-***эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байхгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан.
9.2. Хохирогчийн өмгөөлөгч: Хохирогчийн хохирлын төлбөрийг төлж барагдуулах боломжийг олгох үүднээс прокурорын гаргасан ялын саналыг дэмжиж байна, Хэрвээ энэ хүн хоригдоод явбал хохирол барагдахад хүндрэл гарах учраас нэмж, хохирол төлөх үүрэг хүлээлгэж өгнө үү гэв.
9.3. Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, би хохирлыг Эмээлт зах дээр мах шулж байгаад төлнө, би сард 1,5-2 сая орчим төгрөг олдог тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх санал гаргасан.
9.3. Шүүгдэгч Б.А.Ө-**баярын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
9.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж хуульчилсан.
9.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно” гэж, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” гэж тус тус заажээ.
9.5. Шүүгдэгч Б.Ө-***нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд урьд хамтран ажиллаж байсан харилцааг далимдуулсан, учирсан хохирол, хор уршиг их биш, хохирогчид учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, улсын яллагчийн ялын санал, хохирогчийн өмгөөлөгчийн ялын санал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газар болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 02 жилийн хугацаанд явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэж, шүүгдэгчид мөн гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
10. Бусад асуудлын талаар.
10.1. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Цэвээн овогт Б А.Ө-** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А.Ө-**ыг Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 02 жилийн хугацаанд явахыг хориглох, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Ө-***мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Ө-***гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх зааснаар Б.А.Ө-**А.Ө-**с 45,080,000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.А***“Сонгинохайрхан дүүрэг, 38 дугаар хороо залуус хороолол 48а-1163 тоот хаягтай, рд:вк9610*****”-д олгосугай.
6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ