Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/132

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төмөрчөдөр, улсын яллагч Ц.Эрдэнэбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Хужирт сумын *******,******* гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Хархорин дахь сум дундын шүүхийн ******* дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар,

Хархорин дахь сум дундын шүүхийн ******* дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан,

/РД: /

                                                   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сум, , хашаанд байх өвлийн байшинд нэвтэрч 41 размерийн 1 хос хромон /түрийтэй орос/ гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн би бороо ороод байхаар нь багийн Засаг даргын байшингийн цоожийг татаж орсон. Би хулгай хийх санаа агуулж ороогүй юм. Бороо намдахаар хромон гутлыг нь аваад гарсан гэх мэдүүлэг,

Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2023 оны *** дугаар сарын ***-ны орой 20 цагийн орчим Хужирт сумын *** баг *** тоот хашаанд байх өвлийн байшингаасаа юм авах гээд хөдөө гэрээсээ ирсэн чинь манай байшингийн хаалганы цоожийг эвдэлсэн, манай байшингийн хаалга онгорхой байсан. Ороод үзэхэд эд зүйлс хөдлөөгүй, авдрын цоож зүгээр байхаар нь би юм алга болоогүй байна гэж бодоод буцаж хариад энэ тухай ээждээ хэлтэл манай ээж хамт очиж үзье гээд буцаж ирж үзсэн. Ээж чиний хромон гутлыг хураасан бараа дээр тавиад үлдээсэн алга болсон байна гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед хаалганы цүү мушгиад онгойлгосон, цоож нь онгойсон байдалтай байсан. Цүүг нь янзалсан цоож нь байгаа. ...би хромон гутлаа харвал танина баруун хөлийн хоншоор хэсэгтээ хонхорхойтой, уланд нь резин наагаагүй, түрүү хэсгийн дотор талдаа том орос бичигтэй байгаа... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 тал/,

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би *** гэрийг мэднэ. Манай урд талын үзүүрийн хашаанд зүүн тийшээ харсан ногоон хаалга байдаг. Би гэрээсээ гараад дэлгүүр явахад тэдний үүдээр явж өнгөрдөг. 2023 оны *** дугаар сарын ***-ны өдөр би дэлгүүр орох гээд цагаа сайн санахгүй байна үдээс хойш бороо орсоны дараа **** хашааны үүдээр явж өнгөрөх үед тэдний хашаанаас бор өнгийн дээлтэй, дээлээ сугалдаргалсан, өндөр малгайгүй нэг залуу гараад явж байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 тал/,

Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би тус хромон гутлыг 2023 оны *** дугаар сард сумандаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад манай сумын байнга архи уудаг *** гэдэг хүн хромон гутал сугандаа хавчуулсан явж байсан. Би хулгайн эд зүйл байж магадгүй гэж бодоод түүнийг дагуулаад ажил дээрээ очсон. Тэгээд тус гутлыг хаанаас авсан талаар тодруулахад **** тайлбарлаж чадахгүй байсан. Тэгээд маргааш нь гутлын эзнийг дагуулаад хүрээд ир гэхэд ирээгүй. Гутлыг байлгаж байсан. Манай суманд хромон гутал алга болсон хэргийн хохирогчид таньж олуулах гэхэд хохирогч ирэхгүй өдийг хүртэл байлгаж байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-10 тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 29-38 тал/,

Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 40-42 тал/

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хавтаст хэргийн 45-47 тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

       Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

       Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

    Шүүгдэгч **** болон түүний өмгөөлөгч Г.Гандөш хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруйд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно гэж заасны дагуу шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн.

       Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч **** хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *****  нэг  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх дүгнэлтийг гаргасан.

      Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

      Шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Энэ хэргийн улмаас хохирогч **** нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                     Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

            Прокурорын санал болгож, шүүгдэгч **** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар **** 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

            Шүүгдэгч ***** хулгайлах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь тогтоогдсон, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

            Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Иймд шүүгдэгч ***** овогт ***** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                          Бусад асуудлаар:

Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан арга хэмжээг авах нь зүйтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овгийн **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч **** овгийн ***** 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан арга хэмжээг авсугай.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА