| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/03172/и |
| Дугаар | 183/ШШ2020/02461 |
| Огноо | 2020-09-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2020/02461
2020 9 15 183/ШШ2020/02461
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын зам гудамж, тоот хаягт оршин суух, овогт Д.ы Б /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, тоот хаягт оршин суух, овогт О.ын А /РД:/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие О.Атай 2012 онд танилцаж 2013 оны 8 дугаар сараас эхлэн хамтран амьдарсан. 2016 онд охиноо төрөхөд бид Чингэлтэй дүүргийн иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг нь авч охин маань эцгээрээ овоглосон. Бид зан харьцаа таарамжгүй, мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2018 оны 2 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Охин А.Н маань харъяа цэцэрлэгтээ хамрагдсан. 2019, 2020 онуудад охиноо хувийн цэцэрлэгт хамруулж байсан. Одоог хүртэл охины эцгээс охины сургалт, хувцас, цэцэрлэг, хоол унд зэрэг шаардлагатай зүйлсэд нэг ч удаа санхүүгийн тусламж үзүүлж байгаагүй. Иймд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин А.Нд эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч О.А нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчид 2012 оноос эхлэн дотносож, 2013 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн бөгөөд Д.Б, О.А нарын дундаас 2016 оны 12 сарын 18-ны өдөр охин А.Н төрсөн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч О.А нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул А.Нд хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр охин А.Нд эцэг О.Ааас тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу охин А.Нг эх Д.Бгийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурьдах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин А.Нд 11 хүртэлх нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.Ааас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин А.Нг эх Д.Бгийн асрамжинд үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Ааас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ