| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2023/0134/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/138 |
| Огноо | 2023-12-04 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/138
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн, улсын яллагч Д.Алимаа, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, *******,******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
******* /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны өдөр Хужирт сумын 3 дугаар багийн нутаг Бэрхийн булан гэх Улсын тусгай хамгаалалттай газар нутагт урсах Орхон голоос зохих зөвшөөрөлгүйгээр 4 ширхэг Зэвгэ загас, 7 ширхэг Хадран загас нийт 11 ширхэг загас уурга ашиглан агнаж, амьтны экологид 199,300 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын би буруу зүйл хийсэн байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Манай байгууллагаас 7 ширхэг хадран, 4 ширхэг зэвгэ загасны нийт 398,600 төгрөгийн акт тавьсан байсан. Тус төлбөрийг төлсөн учир миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Өөр өөрсдийн уургаа угсарч бэлдэн загасчилж эхлэн нийт 38 ширхэг загас барьсан байх үед Хужирт сумын цагдаа нар ирж баригдсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 тал/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны 2023 оны **** сарын **-ны өдрийн **** дугаартай: “...5. Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 тоот тогтоолоор 1 ширхэг хадран загас 11,900 төгрөг, 1 ширхэг зэвэг загас 29,000 төгрөг, 7 ширхэг хадран загас *11,900=83,300 төгрөг, 4 ширхэг зэвэг загас *29,000=116,000 төгрөгийн үнэлгээ гарч байна...” гэсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 53-54 тал/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны Улсын байцаагчийн 2023 оны *** сарын ***-ны өдрийн **** дугаартай “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж 4 ширхэг зэвгэ загас 232,000 төгрөг, 7 ширхэг хадран загас 166,000 төгрөгийн үнэлгээ гарч байна. ...Нийт 398,600 төгрөгийн нөхөн төлбөрийг Төрийн сан банкны дансанд төлүүлэхээр шийдвэрлэв...” гэсэн акт, /хавтаст хэргийн 57 тал/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны 2023 оны *** сарын ***-ны өдрийн *** дугаартай ...Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар баг Орхон голын ... солбилцол нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байгаа болно...” гэсэн албан тоот, хавсралт зураглал, /хавтаст хэргийн 92-93 тал/,
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн *** дугаартай ...Шинжилгээний объектын 2023 оны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 100,800 төгрөг /нэг зуун мянга найман зуун төгрөг/-өөр үнэлэгдэв...” гэсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 68-71 тал/,
Загасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-21 тал/,
Загас агнасан гэх уурганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 25-27 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 1-2 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч **** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Энэ хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөрт 398,600 төгрөгийг шүүгдэгчээс төлсөн /хавтаст хэргийн 85 тал/, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч **** тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нөхөн төлбрийг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгож, шүүгдэгч **** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч **** овогт **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7 ширхэг хадран, 4 ширхэг зэвгэ загас, хар өнгийн үүсэн бариултай, саарал өнгийн дамартай, хүрэн өнгийн уурга нэг ширхэгийг тус тус устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овогт ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр загас агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** овогт ***** 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7 ширхэг хадран, 4 ширхэг зэвгэ загас, хар өнгийн үүсэн бариултай, саарал өнгийн дамартай, хүрэн өнгийн уурга нэг ширхэгийг тус тус устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА