Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2020/ДШМ/16

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 14 өдөр                               2020/ДШМ/16                                                                Зуунмод

 

 

Н.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн,

Хохирогчийн өмгөөлөгч С.Сувдмаа,

Хохирогч Л.Отгонбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, М.Мэндсүрэн,

Шүүгдэгч Н.Б-,

Нарийн бичгийн дарга У.Золчимэг нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал хянан шийдвэрлэсэн, 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/389  дугаар шийтгэх тогтоолтой Н.Б-д холбогдох 1934003820420 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Баян овогийн Намбудъяагийн Б-, 1964 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Төв аймаг Баянжаргалан сумын Улаан ухаа 2 дугаар багт оршин суудаг, Улаанбаатар хот Багануур дүүрэг 1 дүгээр хороо сургалтын задгай 2 гудамж 1 тоотод оршин суух засаг захиргааны бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ____________,

Шүүгдэгч Н.Б- нь Төв аймгийн Баянжаргалан сум Эрдэнэ 3 дугаар багийн нутагт 2019 оны 05 сарын 06-ны өдөр Л.Отгонбаттай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/389 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Баян овогт Намбудъяагийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 650.000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 217.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Н.Б- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Эрүүгийн 1934003820420 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-гаас 1.104.500 /нэг сая нэг зуун дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулж, Төв аймгийн Баянжаргалан сумын 3-р багийн иргэн Боржигон Ленжийн Отгонбат /РД:НГ78081770/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 129.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б- болон түүний өмгөөлөгч А.Мөнхтулга, М.Мэндсүрэн нар давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй Эрүүгийн хууль болон бусад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйлчлэлийг эс зөвшөөрч гэм буруугүй болохыг нотлох байр суурьтай оролцсон. Мөн хэргийн бодит байдлыг нотлон тогтоогоогүй, шалгавал зохих зарим нөхцөл байдлыг дахин шалгах үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах байр сууриа илэрхийлсэн. Хэргийг шүүх хурлаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасны дагуу гэмтлийн зэрэг тогтоосон шинжээч эмч нар болон Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвийн эмч Д.Мөнхтуяа нараас мэдүүлэг авахуулах, 562 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон "Сонгдо" эмнэлгийн 2019.06.05-ны өдрийн хохирогч Л.Отгонбатын толгойн КТГ-г зургийг Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний газраас, мөн Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвөөс 2019.05.07-ны өдрийн 35 дугаартай "Түргэн тусламжийн дуудлагын хуудас"ийг тус тус нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Хавтаст хэргийн 37-р талд авагдсан шинжээч эмч М.Отгонбаатарын 2019.05.14-ны өдрийн 306 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн. Мөн 41-р талд авагдсан шинжээч эмч Б.Батчимэгийн 2019.08.07-ны өдрийн 3 сарын дараа гаргасан 562 дугаар шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэрэгт хамаарна гэсэн. Шинжээч М.Отгонбаатар, Б.Батчимэг нараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг аваагүй. Иймд шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулан мэдүүлэг авч хохирогчийг цохиж гэмтээсэн гэмтэл тухайн үед үүссэн эсэх биений аль хэсэгт хичнээн удаагийн үйлчлэлээр үүссэн байж болох, тухайн үед гэмтэл авсан юм уу аваагүй юм уу, авсан бол гэмтлийн ямар зэрэгт хамаарах талаар зайлшгүй тодруулах шаардлагатай байсан.

Нотлох баримт гаргуулах буюу 562 дугаар шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл авсан нь 2019.06.05-ны өдрийн "Сонгдо" эмнэлгийн толгойн КТГ-ээр эмч Орхоны шинжилгээгээр тогтоогдсон гэж үзсэн боловч энэ шинжилгээ нь хавтаст хэрэгт авагдаагүй байна. Шинжээч энэ шинжилгээг хаанаас ямар үндэслэлээр хэдийд гаргуулсан бэ?. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд шинжээчийн эрх үүргийг хуульчилсан. Мөн зүйлийн 1.1-д "хавтаст хэргийн материалаас шинжилгээ хийх зүйлд холбогдох хэсэгтэй нь танилцах", 1.3-т "дүгнэлт гаргахад хэрэгцээтэй нэмэлт баримт ирүүлэх талаар шүүх, прокурор, мөрдөгчид хандаж хүсэлт гаргах" эрхтэй гэсэн заалт хэрэгжсэн болон дээрх нотлох баримт байгаа эсэх нь эргэлзээтэй байхад шүүх хянан шийдвэрлэсэн.

Хэрэг учрал болсны маргааш буюу 2019.05.07-ны өдөр хохирогч Л.Отгонбат нь Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвд яаралтай дуудлага өгсөн байдаг. Энэ дуудлагаар эмч Д.Мөнхтуяа, жолооч Д.Нямсүрэн нар тус сумын Эрдэнэ 3-р баг Шинэ ус гэх газар гэрт нь очиж эмчийн үзлэг хийсэн. Эмчийн үзлэгээр нүүр болон бусад газарт ил харагдах шарх шалбархай хавдсан хөхөрсөн зүйл байхгүй гэж тогтоосон байдаг. Хохирогч өөрөө эмчид урд орой хүнтэй муудалцаж шанаа орчим цохиулсан, толгой өвдөнө, шилэн хүзүүгээр хөшиж, даралт ихэснэ гэсэн тайлбар өгсөн байгаа нь тухайн үед хохирогчид хамар ясны хугарал, мурийлт үүссэн нөхцөл байдал тогтоогдоогүй байх бодит нөхцөл байдлыг шалгаагүй, тодруулаагүй эдгээр ажилтнуудаас мэдүүлэг аваагүй, эмнэлгийн үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулаагүй нь мөн эргэлзээтэй байдлыг бий болгож байна.

Дээрх үйл баримтыг нотлох шаардлагыг хангаагүйгээс бодит нөхцөл байдлыг нотлон тогтоолгүй шүүх хурлыг үргэлжлүүлэн гаргасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, оролцогчдын эрхийг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн хохирогч тухайн үед нүүрэндээ маск зүүсэн байдалтай ирснийг бүх гэрчүүд мэдүүлсэн байдаг. Гэтэл хохирогч би маскгүй очсон гэдэг. Ямар шалтгаанаар масктай байснаа хүлээн зөвшөөрөхгүй мэлзээд байгаа шалтгаан нөхцлийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй болно. Эцэст нь хохирогч хамар ясны хугарал гэмтлийг тухайн үед авсан нь уу үгүй юу үнэхээр ийм гэмтэл байсан нь уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байхад гэм буруугүй хүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт маш их гомдолтой байна.

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдлыг нотлон тогтоогоогүй, хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтууд хэрэгжээгүй болно. Мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг чанд сахиагүй байх тул гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх заалт хэрэгжээгүй гэж үзнэ.

Иймд ЭХХШТХ-ийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.18-ний өдрийн 2019/ШЦТ/389 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч С.Сувдмаа давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.18-ний өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хууль болон бусад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. ЭХ-ийн 11.6. дугаар зүйлийи 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйлчлэлийг эс зөвшөөрч гэм буруугүй болох талаар

2. Шүүх бидний гаргасан хүсэлтийг хангаагүй гэжээ.

Хохирогч Л Отгонбат нь 2019.05.06-ний өдөр Б-д зодуулж 2019.05.07-ний едөр цагдаагийн газарт өргөдөл өгөх гэсэн боловч тухайн өдөр Баянжаргалан сумын цагдаа нь ээлжийн амралттай байсан учир 2019.05.07-ний өдөр өөрийн гараар бичсэн өргөдлөө 2019.05.09-ний өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт өөрийн биеэр авч ирж өгсөн.

Төв аймгийн цагдаагийн газраас хохирогчийг Төв аймгийн Шүүхийн шинжилгээний газарт шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулах зорилгоор биеэ үзүүлээд ир гэж явуулсан. Энэ үед хохирогч нь газар мэдэхгүй тул өөрийн сонгож авсан өмгөөлөгч С.Сувдмаатай Төв аймгийн шуүхийн шинжилгээний газарт очиход дансанд шинжилгээчий мөнгө тушаагаад ир гээд хохирогч Отгонбатын биед гадна үзлэг хийсэн. Харин Л.Отгонбатыг Төв аймгийн эмнэлэгт үзүүлээд ир гээд явуулсан. Л.Отгонбат Төв аймгийн эмнэлгийн газарт үдээс хойш яваад очиход цаг байхгүй дараагийн 1 дэх өдөр хүртэл байхгүй гэж хэлсэн. Энэ талаар шүүх эмнэлгийн эмчид хэлчихээд хөдөөнөөс унаатай хүнтэй ирсэн тул малруугаа яараад явчихсан. Энэ өдөр нь 5 дахь өдөр байсан.

Хохирогч Отгонбатыг хэсгийн төлөөлөгч нь 4-5 хоногийн дараа дуудаад шинжээчийн дүгнэлттэй танилцуулсан. Гэтэл хохирогч Л.Отгонбатыг ямарч эмнэлгийн шинжилгээ дотуур үзлэг хийгдээгүй байхад Төв аймгийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн эмч М.Отгонбаатар гаднаас нь харж гаргасан шинжээчийн дүгнэлтэндээ хэсэг газрын үзлэгт хамар өвчин эмзэглэлтэй, рентген шинжилгээнд яваад ирээгүй тул дүгнэлтийг гаргав гээд Л.Отгонбатын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь гэмлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт гаргасан байсан.

Энэ дүгнэлттэй хохирогч түүний өмгөөлөгч нар танилцаад хохирогчийн толгой, хамар өвдөөд байсан тул Улаанбатар хотод 2019.05.17-нд Мөнгөнгүүр эмнэлэгт, 2019.06.05-ний өдөр Сонгодоо зэрэг эмнэлэгт үзүүлсэн энэ бичигнүүдээ үндэслэн хяналтын прокурор Мөнхцэцэгт гаргасан гомдолдоо дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах талаар бичсэн ба үүнийг прокуророос хангасан. Энэ хооронд хохирогч Сувд-Эрдэнэ, Гантүшинг, Нямбаяр гэх мэтийн олон байцаагч дээр хэрэг байсан.

2019.05.14-ний өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай санал гаргасан. Бидний гомдлын дагуу 2019.05.22-ний өдөр Отгонбат нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хохирол учирсан гэх гэмт хэргийн гомдол мэдээллийг шалгахдаа шалгавал зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. 2019.07.22-ний өдрөөс 2019.09.22-ний өдөр хүртэл шүүх эмнэлгийи дүгнэлтийг дахин гаргуулах,и:аардлагатай ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэх зорилгоор хэрэг бүртгэлтийн хугацааг 2 сараар сунгасан байсан.

Мөрдөн байцаагч Г.Гантүшиг хамгийн сүүлд 2019.08.02-ни й өдөр шинжээч томилсон. Төв аймгийн шүүхийн шинжилгээний шинжээч Б.Батчимэг 2019.08.07-ний өдөр шинжээчийн дүгнэлт гаргахдаа. Эмнэлгийн бичиг баримт дээр үндэслэн шүүх эмнэлгийн дүгнэлтийг гаргав гэж бичсэн байсан Отгонбатын хамар ясны зүүн тал хугаралтай хамрын таславч зүүн тийш мурийлттай эмч Орхон пжээ гээд дүгнэлт* гаргасан эх сурвалжийг заагаад дүгнэлтээ гаргасан байдаг.

Бид дээрх дүгнэлтийг гаргасан. Шинжээч эмчийг нас барсан гэж сонссон.

Шүүгдэгч Н.Б- анхнаасаа өөрийн үйлдсэн хэргээ хүлээсэн. Мөн гэрчүүд ч цохисон талаар мэдүүлдэг.

Хавас хэргийн 000027 хуудас Б.Сувд-Эрдэнэ байцаагч Н.Б-гаас мэдүүлэг авахад шанааруу нь гараараа цохисон Отгонбатыг эргүүлээд цохих гэхээр нь гараараа хаасан. Эхнэp дундуур орж шанага далайгаад салгасан. Би Отгонбатыг зүүн гараараа шанаа хэсэгт нь нэг цохисон. Цохиход Отгонбатын амнаас бага зэрэг улаан өнгөтэй шүлс гарч байсан.

Мөн хавтас хэргийн 000048 дугаар хуудсанд яллагдагчаас мэдүүлсэн мэдүүлэгтээ: Тогтоолтой танилцсан би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Л.Отгонбатын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Доромжлоод байхаар нь гараараа цохисон гэж үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн байсан.

Энэ хэргийн гэрч Батжаргал аав уурлаад нүүр лүү нь цохисон. 1 удаа гараараа цохисон.

Гэрч Батбаатар аав уурлаад түрүүлж цохисон.

Гэрч Нэргүй манай нөхөр уурлаад нэг удаа цохих шиг болсон гэх мэдүүлэг. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Отгонбатын биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байхад өмгөөлөгч нар нь энэ хэргийг удаашруулах, хохирол төлүүлэхгүй байх зэрэг хэргийг улам удаашруулж хөөн хэлэлцэх хугацаа хүлээх гэсэн санаа гэж үзэж байна.

Мөн шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хавтас хэрэгт хүлээсэн атлаа шүүх хурал дээр хүлээхгүй байсан ба шүүхээс түүний ялыг хөнгөн оногдуулсан гэж хохирогч үзэж байна.

Хэргийн холбогдогч нарын зүгээс шүүхэд хүсэлт гаргахдаа өгсөн нотлох баримт нь нотлох баримтыг шаардлага хангаагүй. Хохирогчийг үзэхээс өмнөх яаралтай тусламжийн дуудлагын хуудас байх ба энэ нь мөрдөн байцаалтын явцад бэхжүүлэн авагдаагүй баримт байна. Энэ баримтыг хэргийн холбогдогч Н.Б-гийн дүү Энххишиг нь тус эмнэлгийн архиваас гуйж авсан байдаг. Албан газар тамга тэмдэггүй, канондсан албаны бичиг баримтаа хувь хүний гуйлтаар өгөх ёсгүй. Тус эмнэлэгийн их эмч Мөнхтуяа хохирогчид болохоор хамар хавдартай, нүд хөхрөлттэй хэвлий хавиар эмзэглэлтэй гэсэн бичиг хийж өгсөнийг бид хэсгийн төлөөлөгчид нь өгсөн.

Н.Б- нь хүний биед гэмтэл учруулчихаад үйлдсэн хэргээ хүлээхгүй, гэмшихгүй, өнөөдрийг хүртэл хохирогчид нэг ч төгрөгний хохирол барагдуулаагүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Энэ хэргээс болж хохирогч Улаанбаатар Төв аймагт нааш цааш зөндөө олон удаа ирж очсон байдаг.

Дээрх үндэслэлээр шүүгдэгчийн давж заалдсан өргөдлийг хангахгүй орхиж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү!” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн гаргасан дүгнэлтэндээ: Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдож байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч С.Сувдмаа гаргасан тайлбартаа: Энэ хэрэг мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтэнд хугацаа их алдсан. Сүүлийн дүгнэлт нь Сонгдо эмнэлэгийн Орхон гэдэг эмчийн дүгнэлтийг үндэслэж гарсан. Гантүшиг байцаагчид Мөнхтуяа эмчийн хийж өгсөн тодорхойлолт, Сонгдо эмнэлэгийн бичиг, СД зэргийг өгөх гээд очиход эзгүй байсан тул доор жижүүр дээр үлдээгээд явсан. Дараа нь эдгээр баримтууд алга болсон байсан. Хэргийг удаашруулж, хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгуулахаар ийм гомдол гаргаад байна. Шүүгдэгч гэм буруутай нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээсэн хэрэг байгаа. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч  Л.Отгонбат гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан саналдаа: Анхан шатны шүүх хуралдаанд гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулъя, Сонгдо эмнэлэгийн болон бусад баримтуудыг гаргуулъя гэдэг хүсэлтийг гаргасан. Шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын шаардлага хангахгүй баримтад үндэслэж гаргасан байгаа. Анх эмч дуудлагаар гэрт нь очиж үзлэг хийхэд хохирогчийн биед гэмтэл учраагүй байсан. Хоёр шинжээчийн хоёр дүгнэлтийн нэгийг яагаад үгүйсгэсэн үндэслэлээ шүүх тогтоолдоо заагаагүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн гаргасан саналдаа: А.Мөнхтулга өмгөөлөгчтэй санал нэг байна. Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Б-д холбогдох эрүүгийн 1934003820420 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

Шүүгдэгч Н.Б- нь Төв аймгийн Баянжаргалан сум Эрдэнэ 3 дугаар багийн нутагт 2019 оны 005 сарын 06-ны өдөр Л.Отгонбаттай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч Г.Гантүшиг 2019 оны 08 сарын 01-ний өдөр “Шинжээч томилж шинжилгээ хийгэх тухай” тогтоол гаргаж, Л.Отгонбатын биед гэмтэл учирсан гэх хэрэгт шинжилгээ хийлгэхээр шинжилгээний байгууллагад даалгажээ /хх-н 40х/, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн шинжилгээний байгууллага нь мөрдөгчийн тогтоолыг хүлээн авмагц шинжээчид шинжилгээ хийлгэхээр даалгана. Шинжээчийн 2019 оны 08 сарын 07-ны өдрийн “хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №562 дүгнэлтийг шинжээч Б.Батчимэг гаргасан боловч мөрдөгчийн тогтоолын ард шинжээч эмч д/ч Эрхэмбаярт дүгнэлтийг гаргахаар даалгасан гарын үсэггүй цохолт байна. Үүнээс дүгнэхэд шинжээч Б.Батчимэг нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар томилогдсон эрх бүхий шинжээч мөн эсэх нь эргэлзээтэй байна.

Шинжээчийн “Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №562” дүгнэлтэд Ленж овогтой Отгонбатын биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор Шүүх эмнэлэгийн үзлэгийг ирүүлсэн эмнэлэгийн бичиг баримт болох 2019.06.05-ны УБ Сонгдо эмнэлэг Толгойн КТГ дээр үндэслэж шүүх эмнэлэгийн дүнэлтийг гаргав гэжээ. Шинжээчийн дүгнэлтээ гаргахдаа үндэслэсэн “2019.06.05-ны УБ Сонгдо эмнэлэг Толгойн КТГ” баримт бичиг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдаагүй, мөрдөгч шинжилгээнд ямар объект явуулж байгааг тогтоолдоо заагаагүй байх тул шинжээчийн №562 дугаартай дүгнэлтийн обьект нь тодорхой бус байна.

Шүүх дээрх шинжээч томилсон ажиллагаа, шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагаа зэрэг нь хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж үзэхгүйгээр шинжээчийн дүгнэлтийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Б- нь “танхайн” сэдэлтээр хохирогч Л.Отгонбатын биед хөнгөн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Мөн түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийн бодит байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.6-д заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл нь бүрэн гүйцэд, бодитой нотлогдоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Б-д холбогдох эрүүгийн 1934003820420 дугаартай хэргийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн ШЦТ/389 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Н.Б-д холбогдох эрүүгийн 1934003820420 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцаасугай.

            2. Хэргийг прокурорт очтол Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.БОЛОРМАА

 

 

     ШҮҮГЧИД                                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

                                                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ