Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 159/ШШ2022/0008

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:159/2022/0010

          Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******

Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч *******

Гомдлын шаардлага: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0090087 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******, хариуцагч  Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Минжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Ариунзаяа нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч *******ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0090087 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт шүүхэд гаргасан.

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч нь 2022 оны 3 дугаар сарын 21ий өдөр Н.Зоригтбаатарыг Оросын холбооны Улсаас Монгол Улсын хилээр нэвтрэхдээ зорчигчийн гаалийн мэдүүлгийг бөглөхдөө биедээ авч явсан 2.400.000 рублийг нуун далдалсан гэх үндэслэлээр 2022 оны 3 дугаар сарын 24ий өдрийн 0090087 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар Н.Зоригтбаатарын биедээ авч явсан 2.400.000 сая рублийг хурааж, хураан авсан валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний 10.090.800 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан  байна.

Гомдол гаргагч Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор ******* 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 75 дугаар дүгнэлтийг бичиж шүүхэд ирүүлжээ. Шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0090087 дугаар шийтгэлийн хуудсыг дараах үндэслэлээр хууль бус байна гэж дүгнэлт бичжээ. Үүнд:

“... Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ахлах прокурор ******* би, тус аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******ын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Н.Зоригтбаатарыг Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар торгож, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг гомдлоор хянавал:

Н.Зоригтбаатар нь 2022 оны 3 дугаар сарын 21-ны өдөр Оросын холбооны Улсаас Монгол Улсын хилээр нэвтрэхдээ зорчигчийн гаалийн мэдүүлгийг бөглөхдөө биедээ авч явсан 2.4 сая рублийг нуун далдалж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 0090087 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар Н.Зоригтбаатарын биедээ авч явсан 2.4 сая рублийг хурааж, хураан авсан валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тухайн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн байх боловч тухайн зөрчил гаргагчийн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт заасан зөрчлийн субъект мөн эсэх, ямар зорилгоор Монгол Улсын хилээр мөнгө /валют/ авч явсан болох, Н.Зоригтбаатар нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан мэдээлэх эрхтэй субъект мөн эсэх,  мөн уг хуулийн 5 дугаар зүйлд заасан харилцагч мөн эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг явуулаагүй, эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй байна.

Түүнчлэн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд шийтгэлийн хуудасны эх хувийг хавсаргаагүй нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолоор батлагдсан “шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын 2.5-д заасан “эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсыг 3 хувь үйлдэж, эх хувийг хавсаргаж 2 дахь хувийг холбогдогчид өгч, үлдэх хувийг энэ журмын 2.4-д заасан албан тушаалтанд өгч тооцоо хийнэ” гэснийг зөрчсөн байна.

Иймд тус аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч *******ын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Н.Зоригтбаатарыг Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар торгож, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн 0090087 дугаартай шийтгэлийн хуудсыг /маягт-2/ хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч ******* 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйл Шийтгэл оногдуулах харилцааг зохицуулсан. Тус зүйлд нөхцөл үүсгэхдээ “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна.” гэж эхэлж байна. Нөхцөл байдлыг тогтоосон байх шаардлага тавигдсан гэж ойлгож байгаа. мөн зүйлийн 1.3-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй” гэж тодотгож өгсөн.

Үйлдлийг тогтоох шаардлага тавигдаж байгаа болохоос биш зорилго, хандлага гэх мэт субъектив нөхцөлийг тогтоох үүргийг эрх бүхий албан тушаалтан хүлээхгүй байхаар зохицуулагдсан байдаг. Харин 1.3 заалтын үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг тогтоох ёстой байсан. Энд эрх бүхий албан тушаалтны бичсэн шийтгэлийн хуудас дээр Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсгээр зүйлчилсэн Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсэгт “Гаалийн байгууллагад”

22.1 үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн

22.2 үнэн зөв мэдүүлэг гаргахаас татгалзсан

22.3 худал мэдүүлсэн гэсэн гурван үйлдлийг зааж өгсөн байх бөгөөд “худал мэдүүлсэн” гэх үйлдэл үйлдсэнийг нь тогтоосон. Өөр хууль биш харин Зөрчлийн тухай хууль гэж онцолсон байдалд анхаарна гэж ойлгож байна. Ингэхээр эрх бүхий албан тушаалтан  нь Зөрчлийн тухай хуульд зөрчил гэж үзсэн үйлдлийг нотолж шийтгэлийн хуудас бичсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч ******* би, иргэн Н.Зоригтбаатарын улсын хилээр орж ирэхдээ бэлэн валют болох 2.400.000 рублийг гаалийн мэдүүлэгт бичилгүй нуунд далдлах арга хэрэглэн оруулсан үйлдэлд бичсэн 0090087 дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

        Гуравдагч этгээд Н.Зоригтбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... ******* миний бие нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 4 дүгээр хэсэгт 90 тоотод ээж 2 хүүгийн хамт амьдардаг. Сэлэнгэ аймгийн Зоноз өвчин судлалын төвд биологичоор ажилладаг. Монгол Улсын хилээр 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр жолооч Н.Зоригтбаатарын авч орж ирсэн 2.400.000 рубль миний Оросын Холбооны Улсаас машин авахаар шилжүүлээд хилээр орж ирэх зарим бараанд хориг тавигдсантай холбоотойгоор оруулж ирж чадахгүй болсон тул буцааж авч байсан мөнгө юм. Тухайн үед явган зорчигч хил нэвтрүүлэхгүй байсан учраас хүн гуйж мөнгөө дайж оруулсан. Гэвч тухайн үед жолооч Н.Зоригтбаатар нь мөнгөний тоог мэдэхгүй гэсэн шалтгаанаар хил дээр мэдүүлээгүй мөнгө маань хураагдсан байсан. Нэгэнт мөнгөний эзэн нь Н.Зоригтбаатар биш ******* миний бие учраас шүүх хуралд итгэмжлэлээр Н.Зоригтбаатарыг төлөөлөн орохоор болсон.

Би 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 75 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” прокурорын дүгнэлттэй уншиж танилцсан бөгөөд энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрч санал нэг байна. Жолоочид оногдуулсан торгуулийн хэмжээг багасгаж өгөхийг хүсье. Хэдийгээр жолооч нь зөөвөрлөж орж ирсэн ч гэсэн тухайн мөнгө өөрийнх нь мөнгө биш зэргийг харгалзан үзнэ үү.” гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор ******* нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн  0090087 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй  болгуулах тухай дүгнэлт бичсэн бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон үйл баримтыг үнэлээд дараах үндэслэлээр дүнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

2.Маргаан бүхий 0090087 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Н.Зоригтбаатарыг 2.400.000 рублийг гаальд худал мэдүүлсэн гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн   11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт заасныг үндэслэн зөрчилтэй 2.400.000 рублийг хурааж, зөрчилтэй валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний 10.090.800 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

3.Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор нь мөнгөний эзэн *******ын бичгээр гаргасан гомдлоор 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 75 дугаар дүгнэлтдээ Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргагчийн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх, зөрчлийн субъект мөн эсэх, ямар зорилгоор Монгол Улсын хилээр мөнгө /валют/ авч явсан болох, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн мэдээлэх үүрэгтэй этгээд, харилцагч мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй, шийтгэлийн хуудсыг 3 хувь үйлдэж, эх хувийг хавсаргаж 2 дахь хувийг холбогдогчид өгч, үлдэх хувийг энэ журмын 2.4-т заасан албан тушаалтанд өгч тооцоо хийнэ гэснийг зөрчсөн гэж,

4.Хариуцагчаас “худал мэдүүлсэн” гэх үйлдэл үйлдсэнийг нь тогтоосон, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гэж үзсэн үйлдлийг нотолж, шийтгэлийн хуудас бичсэн нь хууль зөрчөөгүй  гэж маргажээ.

5.Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““бараа” гэдэгт гаалийн хилээр нэвтрүүлэх ... валют... ”-ыг ойлгохоор заасан, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ.” 55.3-д “Мэдүүлэгч энэ хуулийн 55.1-д заасан барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ.” 55.9-д “Улсын хилээр нэвтрэх зорчигч болон тээврийн хэрэгслийн багийн гишүүний хувийн хэрэглээний эд болон бусад барааг зорчигчийн гаалийн мэдүүлгээр мэдүүлнэ.” гэж зорчигчийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлэх үүргийг тус тус тодорхойлжээ.

6.Валютыг Монгол Улсын хилээр оруулах, гаргах журмыг тодорхойлсон Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр тус улсын хилээр оруулж болно., мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй  тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ. гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлэх үндэслэлүүдийг тодорхойлон тус тус заажээ.

            7.Мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “Гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн жагсаалт, тоо хэмжээг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.” гэж заасны дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 468 дугаар тушаалааар “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ыг баталсан байх бөгөөд уг журмын 2.3-т “Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн биедээ авч яваа валютыг гаалийн байгууллагад мэдүүлсэн тоо хэмжээгээр улсын хилээр оруулж болно ...” 6.5.5-д “Таван сая ба түүнээс дээш төгрөг, түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, чектэй” гэж тус тус зааж журамласан байна.

8.Хууль дүрмийн эдгээр зохицуулалтаар зорчигч Н.Зоригтбаатар нь 5.000.000 ба түүнээс дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют биедээ авч яваа бол заавал гаалийн мэдүүлэг бичиж нэвтрэхээр байна.

9.Холбогдогч Н.Зоригтбаатар нь Монгол Улсын хилээр 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нэвтрэхдээ их хэмжээний буюу 2.400.000 рублийг  биедээ авч явсан атлаа гаалийн байгууллагад худал мэдүүлсэн зөрчил гаргасан нь үзлэг хийсэн тэмдэглэл, зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүсэн тэмдэглэл, эд зүйл баримт бичгийг хураан авсан тэмдэглэл, холбогдогч иргэн Н.Зоригтбаатараас 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр авсан мэдүүлэг гаалийн хяналт шалгалтаар зөрчил илрүүлсэн талаарх фото, зураг, бичлэг зэргээр тогтоогджээ.

10.Холбогдогчид зөрчлийн шийтгэл ногдуулах үндэслэл болсон гэм буруу нь түүний их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхдээ гаальд худал мэдүүлсэн үйлдлээр тодорхойлогдож байгаа ба, энэ гэм буруу нь нотлогдвол   зөрчлийн шийтгэл ногдуулахаар заасан ерөнхий зарчмыг зөрчөөгүй.

11.Харин Н.Зоригтбаатар нь Монгол Улсын хилээр удаа дараа нэвтэрч байсан, их хэмжээний мөнгийг /валютыг/ хил нэвтрүүлэх гэж байгаагаа мэдэж байсан, мөн рублийг дайж өгсөн хүн гаалийн байгууллагад мэдүүл гэж хэлээгүй, гаальд мэдүүлдэг гэдэг хууль, журмыг би мэдэхгүй мөн рублийн тоог мэдэхгүй болохоор мэдүүлээгүй гэх нь зөрчлийн шийтгэл ногдуулахгүй байх үндэслэл болохгүй.

12.Иймд хуульд заасан үүргээ биелүүлээгүй гаалийн болон Зөрчлийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж Н.Зоригтбаатарыг  валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 10.090.800 төгрөгөөр торгон, тухайн зөрчилд холбогдох 2.400.000 рублийг хураах шийтгэл ногдуулахаар гаалийн улсын ахлах байцаагчийн үйлдсэн акт нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22-д Гаалийн байгууллагад 22.3-д “худал мэдүүлсэн бол... эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний ... хурааж, ... валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасантай нийцжээ.

13.Хариуцагч гаалийн улсын ахлах байцаагч нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын 2.5-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсыг 3 хувь үйлдэж, эх хувийг материалд хавсаргаж, 2 дахь хувийг холбогдогчид өгч, үлдэх хувийг энэ журмын 2.4-д заасан албан тушаалтанд өгч, тооцоо хийнэ” гэж заасныг зөрчиж хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд шийтгэлийн хуудасны эх хувийг хавсаргаагүй 2 дахь хувийг хавсаргасан нь холбогдогч Н.Зоригтбаатарыг шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3, Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Мөнгө угаах болон террорикзмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0090087 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******гийн дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар дүгнэлт гаргасан прокурор, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол шаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ж.БУРМАА