Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2026/0596

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Одбаатар

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын Улсын байцаагч Л.А

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч “Б” ХХК

          Хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын Улсын байцаагч Л.А

         

          Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагч Л.А-ийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ** тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0653 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э

          Хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын Улсын байцаагч Л.А

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч

          Хэргийн индекс: 128/2026/0371/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын Улсын байцаагч Л.А-д холбогдуулан “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагч Л.А-ийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ** тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 653 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаар Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ** дугаар дүгнэлт нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн тул хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах замаар хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хариу (шийдвэр)-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг “захиргааны акт биш” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын Улсын байцаагч Л.А анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт сонсох ажиллагаа явуулах хэлбэрийг зохицуулсан бөгөөд Улсын байцаагчийн 10/**** дугаартай мэдэгдлийг эрх ашиг нь хөндөгдөж буй этгээд болох “Б” ХХК  хүргүүлж, сонсох ажиллагаанд оролцох боломжоор хангасан төдийгүй тус этгээд нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтад “саналыг бичгээр авах” гэж заасны дагуу хариу тайлбарыг албан бичгээр ирүүлсэн. Түүнчлэн Засгийн газрын 2024 оны 147 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн 5.5-д “Хяналт шалгалтад хамрагдаж байгаа этгээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.5-д заасан нөхцөл үүсээгүй гэж үзвэл энэ тухай үндэслэл, тайлбарыг гаргаж, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй”, 5.6-д “Энэ дүрмийн 5.5-д заасан үүрэгтэй холбоотойгоор шалгуулагч этгээд тендерт ирүүлсэн баримт бичиг, мэдээллийн үнэн зөв байдал, гэрээний үүргийн гүйцэтгэл болон давуу эрх тооцуулсан нөхцөлийг гэрээний хэрэгжилтийн явцад бүрэн хангасан тухай баримт бичгийг нотлох баримтын шаардлага хангасан эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувиар хяналт шалгалтын үргэлжлэх хугацаанд багтаан улсын байцаагчид хүргүүлнэ” гэж тус тус заасны дагуу нотлох үүргийн хуваарилалтаар дагуу шалгагдагч этгээдэд өөрт нь байгаа баримтыг эх хувиар нь өгөөгүй асуудлыг хариуцагчийн буруутай үйл ажиллагаа мэтээр шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 3.2-т дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагчийн зүгээс нөхцөл байдлыг тогтоохоор шаардлагатай ажиллагааг явуулж баримт дээр тулгуурлан дүгнэлт гаргасан болно. Гэтэл шүүхийн зүгээс хариуцагч нь нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

          3.2 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим системээс шалгахад “Д” ХХК 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэгдсэн байсан тул Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн этгээд үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө гэрээ байгуулж, тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулах боломжгүй эрх зүйн хувьд боломжгүй юм. Тодруулбал 2023 оны 04 дүгээр сарын 25-нд байгуулагдсан компани 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан байх боломжгүй тул тухайн гэрээг байгуулсан эсэх дээр эрх бүхий этгээдийн шийдвэр шаардлагагүй болно. Түүнчлэн дээрх тендерт хувь хүнтэй байгуулсан гэрээг хүргүүлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн 2.7-д заасан хувь хүнтэй байгуулсан гэрээг хяналт шалгалтад авч үзэх боломжгүй гэдгийг баталж байна.

          3.3 Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 653 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Дараах үндэслэлээр хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын Улсын байцаагч Л.А-ийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

          Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;

          3. Нэхэмжлэгч “Б” ХХК нь 2025 онд “Т” ХХК-иас зарласан ТТХХК/2025******* дугаартай “Түлш савлах 25 кг-ын шуудай” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцож, шалгарсан байна.

          4. Улмаар “Б” ХХК болон “Т” ХХК-иудын хооронд 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ТТТ-2025-*** дугаар “ТТХХК/2025********* дугаартай “Түлш савлах 25 кг-ын шуудай худалдан авах гэрээ”-г байгуулж, 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ТТТ-2025-*** дугаар Гэрээ дүгнэсэн актаар “Б” ХХК нь 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд нийт 744,707 ширхэг шуудай “Т” ХХК-д нийлүүлж, талууд гэрээний үүргийг бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэн гэрээг дүгнэж дуусгавар болгожээ.

          5. Гэтэл дээрх тендерт оролцсон “А” ХХК-иас 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “...“Б” ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Д” ХХК-тай байгуулсан ХХАГ-**-** дугаартай 29,000,000,000 төгрөгийн “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-г тендерийн баримт бичигт ирүүлсэн. Уг гэрээ нь илтэд хуурамч баримт бичиг үйлдсэн гэх үндэслэлтэй байх тул шалгаж өгнө үү” гэх агуулгатай хүсэлтийг Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст гаргасан байна.

          6. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Хяналт шалгалт хийх тухай” ** дугаар Удирдамжаар “...хавсралтад заасан аж ахуй эрхлэгчтэй холбоотойгоор хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан нөхцөл үүссэн эсэхийг дүгнэж, гарсан дүгнэлтийг холбогдох байгууллагад хүргүүлж зөрчлийг арилгуулах, тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад санал гаргах” Ажлын хэсгийг байгуулжээ.

          7. Ингээд маргаан бүхий акт болох Улсын байцаагч Л.А-ийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Хяналт шалгалтын тухай” ** дугаар дүгнэлтээр “Б” ХХК нь “Т” ХХК-иас зарласан ТТХХК/2025********** дугаартай “Түлш савлах 25 кг-ын шуудай” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцохдоо тендерт хавсарган хүргүүлсэн “Д” ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ХХАГ-**-** дугаар 29,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.1 дэх заалтад үндэслэн “Б” ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг мэдэгджээ.

          8. “Б” ХХК дээрх Улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамны 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/**** дүгээр албан бичгээр Улсын байцаагчийн дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Улсын байцаагч оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана”, 56.5.1-д “худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн”, 56.6-д “Улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 56.6.1-д “энэ хуулийн 56.5-д заасан тохиолдолд оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах” гэж тус тус заажээ.

          10. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, оролцогч нь тендерт тавигдах ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангаж байгаа байдлыг нотлох зорилгоор хуурамч баримт бичиг ашигласан, эсхүл бусдын баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн нь тогтоогдсон тохиолдолд Улсын байцаагч тухайн нөхцөлд дүгнэлт гаргах бөгөөд оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах эрхтэй байна.

          11. Мөн тендерт оролцогч тендерт ялах, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор санаатайгаар, зөрчлийн субьектив талын шинжийг хангаж, хуурамч баримт бичиг бүрдүүлж ирүүлсэн, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилсөн идэвхтэй үйлдэл гаргасан бол дахин тендерт оролцох эрхээ хязгаарлуулах ноцтой үр дагавар үүсгэнэ.

          12. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, “Б” ХХК нь иргэн С.Ц-тай 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ХХАГ-**-** дүгээр “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, уг гэрээний 1.4-д “Энэхүү гэрээ нь захиалагч тал аж ахуйн нэгжийн улсын бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд дуусгавар болох бөгөөд гэрээний анх байгуулсан огноо болон бүтээгдэхүүний захиалгын нөхцөлийг хэвээр хадгалан, тухайн аж ахуйн нэгжийн нэр дээр дахин байгуулна” гэж тусгажээ.

          13. “Д” ХХК нь дээрх гэрээг байгуулах үед буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан, харин 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бүртгүүлж, компанийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь С.Ц болох нь тогтоогдож байна.

          14. Харин нэхэмжлэгч “Б” ХХК нь “Т” ХХК-иас зарласан ТТХХК/2025********* дугаартай “Түлш савлах 25 кг-ын шуудай” нийлүүлэгчийг сонгох тендерийн баримт бичигт иргэн С.Ц-тай байгуулсан гэрээний 1.4-д заасны дагуу “Д” ХХК-тай нөхөн байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний огноотой гэрээг хавсаргасан байна.

          15. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” 147 дугаар тогтоолын хавсралтаар “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийг шинэчлэн баталж, уг “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн Тав. Хяналт шалгалт хийх, 5.5-д “Хяналт шалгалтад хамрагдаж байгаа этгээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.5-д заасан нөхцөл үүсээгүй гэж үзвэл энэ тухай үндэслэл, тайлбарыг гаргаж, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй”, 5.6-д “Энэ дүрмийн 5.5-д заасан үүрэгтэй холбоотойгоор шалгуулагч этгээд тендерт ирүүлсэн баримт бичиг, мэдээллийн үнэн зөв байдал, гэрээний үүргийн гүйцэтгэл болон давуу эрх тооцуулсан нөхцөлийг гэрээний хэрэгжилтийн явцад бүрэн хангасан тухай баримт бичгийг нотлох баримтын шаардлага хангасан эх хувиар, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувиар хяналт шалгалтын үргэлжлэх хугацаанд багтаан улсын байцаагчид хүргүүлнэ” гэж журамлажээ.

          16. Хариуцагч Улсын байцаагч Л.А нь хяналт шалгалтыг явуулахдаа нэхэмжлэгч “Б” ХХК-иас иргэн С.Ц-тай байгуулсан гэрээний эх хувийг болон нотариатаар гэрчлүүлсэн хувийг шаардаагүй, ирүүлээгүй шалтгааныг шалгаж тогтоогоогүй, иргэн С.Ц-тай байгуулсан гэрээний 1.4-д заасан заалтад дүгнэлт өгөөгүй, мөн “Д” ХХК-иас тайлбар, мэдүүлэг аваагүй зэрэг холбогдох нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодруулаагүй, өөр бусад байдлаар хянан шалгаж, нотлоогүй байна.

          17. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан.

          18. Өөрөөр хэлбэл, Улсын байцаагч нь шалгуулагч этгээдээс ирүүлсэн баримт, тайлбарын үндэслэлд хязгаарлагдахгүйгээр тухайн асуудалд ач холбогдол бүхий бусад нотлох баримтуудыг цуглуулж, холбогдох этгээдээс тайлбар авах, гэрээний эх хувь болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргуулан авч шалгах, гэрээний агуулга, хэрэгжилтийг тогтоох зэргээр хяналт шалгалтын бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй.

          19. Түүнчлэн хяналт шалгалтаар тогтоогдсон гэх зөрчил нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.5.1-д заасан нөхцөлд хамаарах эсэхийг тогтоохын тулд тендерт ирүүлсэн тухайн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн эсэх, эсхүл бусдын баримт бичгийг өөрчилсөн эсэх, уг баримт бичиг нь шаардлага хангаж байгааг нотлох зорилготой байсан эсэх зэрэг хуульд заасан нөхцөл бүрийг нэг бүрчлэн тогтоох шаардлагатай.

          20. Нэхэмжлэгч болон С.Ц нарын хооронд байгуулсан “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-ний 1.4-д “Энэхүү гэрээ нь захиалагч тал аж ахуйн нэгжийн улсын бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд дуусгавар болох бөгөөд гэрээний анх байгуулсан огноо болон бүтээгдэхүүний захиалгын нөхцөлийг хэвээр хадгалан, тухайн аж ахуйн нэгжийн нэр дээр дахин байгуулна” гэж зааснаас үзвэл уг гэрээний оролцогч талууд гэрээг хуурамч гэж маргаж буй эсэх, мөн бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж засварласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

          21. Иймд хариуцагч Улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасантай нийцэхгүй.

          22. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг үндэслэлтэй зөв дүгнэж, “...Улсын байцаагч нь сонсох ажиллагааг хуульд заасан журмаар явуулах, шаардлагатай нотлох баримтыг шаардан гаргуулах, худалдан авалт бодитой хийгдсэн эсэхийг бүх талаас нь нягталж шалгаагүй, энэ талаар шүүх эрх зүйн дүгнэлт өгөхөд хангалттай нотлох баримт байхгүй учраас маргааны үйл баримт нь шүүхийн шинжлэх судлах хүрээнээс хэтэрсэн” хэмээн үндэслэлтэй дүгнэжээ.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагч Л.А-ийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 653 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын Улсын байцаагч Л.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                                    ШҮҮГЧ                                           Л.ОДБААТАР

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА