Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 12

 

                 Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав би, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 109 дүгээр зүйлийн 109.2.1, 109.2.2, 109.2.3 дахь хэсгүүдэд зааснаар Б.Эрдэнэчимэгт, Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2.1, 109.2.2, 109.2.3 дахь хэсгүүдэд зааснаар Э.Уянга, С.Нямсүрэн нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201601070084 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нарийн бичгийн дарга                               З.Ганцоож

            Улсын яллагч                                             М.Гэрэлбадрах

            Хохирогч                                                     Б.Чимгээ

             Хохирогчийн өмгөөлөгч                             Д.Цолмон

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч                         Л.Ганганбарс, Т.Туул, Ж.Яримпил,  

            Шүүгдэгч                                                 Б.Эрдэнэчимэг, С.Нямсүрэн, Э.Уянга нар оролцов.                                     

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 онд Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, эгч нөхөр, 6-11 насны 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 1 дүгээр гудамжны 31 тоот хашаанд оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй Түмэндэмбэрэл овгийн Балиузын Эрдэнэчимэг /РД:ЦЖ76062301/ гэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 онд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, 3 настай охины хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 5-381 тоот хашаанд оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Борноос овгийн Сүхбатын Нямсүрэн /РД:УЗ90042260/ гэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 онд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй,  тусгай дунд боловсролтой, шүдний техникч мэргэжилтэй ам бүл 4, нөхөр, 8-12 насны 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Эхлэл байрны 40 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Нээчин овгийн Энхдэлгэрийн Уянга /РД:УУ80061200/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч Б.Эрдэнэчимэг, С.Нямсүрэн, Э.Уянга нар бүлэглэж 2016 оны 04 дүгээр сарын 07-ны орой Багануур дүүргийн 1 дүгээр хороо Эрүүл мэндийн төвийн дотрын тасгийн 1-02 тоот өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан Г.Чимгээг чамд илгээмж ирлээ, гараад хар гэж хуурч эмнэлгээс гаргаж 63-73 УБК улсын дугаартай шаргал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд суулгаж, хохирогч Г.Чимгээгийн нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж, айлган сүрдүүлэхэд чиглэсэн шууд санаагаа хэрэгжүүлэх зорилгоор “нимгэвтэр дэрний уут гаргаж толгойд углаж, хүзүүгээр нь скочоор ороох, хуванцар иштэй хутганы ишээр нь гуя руу нь цохих, хар өнгийн өргөн уяагаар гар, хөлийг нь уяж, баруун бугалганд нь шприцэнд бэлдсэн тариаг тарьсан, үсийг нь хутгаар үрэх зэрэг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж”, өнөөдөр алахгүй бол энд ирсний хэрэг алга, Минжээд хэлж залуучуудаар зодуулна, хүчиндүүлнэ гэж заналхийлэх, өөрийн хэрэглэж байсан ариун цэврийн хэрэглэлийг өмднөөсөө гаргаж, хохирогч Г.Чимгээгийн аманд чихэж эрээ цээргүй, ичгүүр сонжуургүй авирлаж, толгой руу нь өшиглөх цохих зэргээр амь биед аюултай хүч хэрэглэн зодож харгис хэрцгий аргаар зориуд удтал үргэжлүүлэн Улаанбаатар хот руу бусдад мэдэгдэхгүйгээр авч явж өөрсдийн эрхшээлд оруулж хууль бусаар хорьсон.

Яллагдагч Б.Эрдэнэчимэг нь хохирогч Г.Чимгээг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны орой 17 цаг 27 минутад Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Эрүүл мэндийн төвийн дотрын тасгаас авч 63-73 УБК улсын дугаартай шаргал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд суулгаад зодсон. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 66 дугаар байрны 34 тоот орон сууцны угаалгын өрөөнд оруулж зодсон, татсан тамхиныхаа цогыг 2 удаа нүүрэнд нь дарж унтрааж 23 цаг хүртэл тарчлаан зовоож түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Б.Эрдэнэчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 03 дугаар сарын сүүлээр манай нөхөртэй Чимгээ гэдэг эмэгтэйтэй чаталж эхэлсэн. Би нөхрийнхөө фэйсбүүк хаягаар өдөр болгон ордог бөгөөд Чимгээ нь манай нөхөр лүү “хайраа санаж байна, чамайгаа тэвэрч хэвтмээр байна, чамайгаа санаад нойтон зүүд зүүдэллээ, чи минь хурдан ирээч” гэх мэтээр олон удаа бичдэг байсан. Би тэр болгоныг хараад сууж байхад надад маш хэцүү байсан бөгөөд би тэр хоёрыг 2,3 хоног харсан. Би Чимгээтэй фэйсбүүк хаягаар нь холбогдоод “чи манай нөхөртэй дахиж битгий чатлаарай, бид хоёр 2 хүүхэдтэй, 40 гарч яваа хүмүүс, хүүхдүүд маань эцгийгээ санаад шөнө бүр зүүдлээд оймсыг нь дэрлээд унтдаг” гэж зөндөө гуйсан. Тэгэхэд Чимгээ надад эгчээ би танай нөхөртэй чаталдаггүй ээ гээд байсан. Дараа нь бид хоёр бие биендээ үнэнээ хэлээд Чимгээ надад манай нөхөр намайг хуурч байсан, би танай нөхөртэй дахиж чатлахгүй, одоо болъё, холбогдохгүй гээд бид хоёр ойлголцоод бие биендээ сайн сайхныг хүсээд салсан юм. Гэтэл маргааш нь Чимгээ өөр фэйсбүүк хаягаар манай нөхөртэй дахин харьцаж эхэлсэн бөгөөд манай нөхөр рүү “хайраа би байна, чамайгаа санаад байна” гэж чат бичсэн байсан. Манай нөхөр 04 дүгээр сард Монголд ирэх байсан бөгөөд ирээд Чимгээтэй уулзаад надаас салаад хоёр хүүхдээ өнчрүүлж магадгүй гэж бодоод Чимгээтэй уулзъя гэж шийдээд Багануур явахаар болсон юм. Тухайн үед Нямсүрэн таксинд явж хүүхдээ тэжээдэг байсан бөгөөд би 50.000 төгрөг өгье гээд Нямсүрэнгийн машинаар Уянгааг гуйгаад дагуулаад Багануур явцгаасан. Би Багануур руу явах замдаа Нямсүрэн, Уянга хоёрт нэг ч үг хэлээгүй. Би Багануурт ирээд Чимгээтэй уулзаад ойлголцоод учраа олчих байх гэж бодож байсан боловч Чимгээг хараад өөрийн эрхгүй уур хүрээд уураа барьж дийлээгүй. Тэгээд би бачимдаад Чимгээг машиндаа суулгаад нүүр рүү нь гараараа цохисон, толгойд нь уут углаад, тариа тарьсан, тэр үед Уянга, Нямсүрэн хоёр машинд байгаагүй бөгөөд Уянга гадаа утсаар ярьж байсан, Нямсүрэн биеэ засах гээд явчихсан байсан. Энэ үйл явдал их хурдан буюу 1-2 минут л болсон. Тухайн үед миний уур маш их хүрч юу хийж байгаагаа хянах чадваргүй байсан. Ингээд Уянга, Нямсүрэн хоёр зэрэг шахуу машинд орж ирсэн бөгөөд тэр үед би өөрийгөө юу хийж байгаагаа ойлгоод больсон. …Би Нямсүрэнд машинаа асаа явъя гэсэн чинь Чимгээ миний утсыг аваад ир гэж Нямсүрэнд хэлсэн. Тэгээд Нямсүрэн буцаж эмнэлэг рүү орж Чимгээгийн гар утсыг авчирч өгсөн тэгээд шууд машинаа асаагаад хөдөлсөн. Хөдлөөд удаагүй байж байтал Чимгээгийн утас дуугарсан бөгөөд би утсыг нь аваад нөхөртэй нь “чи эхнэрээ харж хандахад яадаг юм бэ? танай эхнэр чинь эмнэлэгт байх хугацаандаа манай нөхөртэй харьцаад байна, би эхнэртэй чинь уулзах гэж ирсэн юм” гэж хэлээд утсыг нь тасалсан. …Тухайн үед би уурлаж догшин авирлаж биеэ барьж чадалгүй буруу үйлдэл хийснээ ойлгож байна миний буруу. Чимгээ бид хоёрын хувьд манайд очоод бие биенийгээ ойлгоод зовлон жаргалаа ярилцаад, Чимгээг би зодсондоо уучлалт гуйгаад, Чимгээ манай нөхөртэй холбогдсондоо надаас уучлалт гуйгаад эвлэрсэн байсан. Тэгээд Нямсүрэн манайд ирээд Чимгээг та одоо яваа, унаагүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд бид гурав манай гэрээс гарсан бөгөөд Чимгээ би өөрөө явъя манай найз энд байдаг гээд байсан надаас айсан байх. Тэгээд Нямсүрэн бид хоёр Чимгээг Хужирбулангийн автобусны буудал дээрээс унаанд суулгаж өгсөн. Би тэр өдөр биеэ барьж чадаагүй, уурандаа Чимгээг зодсондоо үнэхээр их харамсаж, гэмшиж байна...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч С.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би дээшээ 2 давхар руу гараад “Чимгээ гэдэг хүнийг дуудаад өгөөч” гэсэн чинь Чимгээ гэх надаас арай өндөр, бага зэргийн махлаг, миний үеийн гэмээр эмэгтэй гарч ирсэн. Тэгэхээр нь би түүнд “хотоос илгээмж ирлээ” гэсэн чинь “юу юм, цэцэг юм уу, Herbalife-аас юм уу” гэхээр нь би “та гараад харахгүй юу даа” гэсэн чинь намайг дагаад гарсан. Тэгэхээр нь би “таны нэрийг хэн гэдэг юм” гэсэн чинь “Чимгээ” гэхээр нь гэрийнх нь хаяг, утасны дугаарыг бичиж авсан. Дараа нь эмнэлгийн зогсоолын цаад талд машинаа байрлуулсан байсан болохоор машин дээрээ аваачсан чинь машины хажууд Эрдэнэчимэг, Уянга эгч хоёр зогсож байсан. Тухайн үед би “энэ хүнийг таних уу” гэсэн чинь Чимгээ нь надад “тийм ээ, танина” гээд бүгдээрээ миний машинд орж суусан. Эрдэнэчимэг эгч Чимгээд “би чамд зөндөө олон удаа хэлсэн биз дээ” гэсэн чинь Чимгээ надад “миний гар утсыг аваад ир” гэхээр нь “надад өгөх юм уу” гэсэн чинь “өгнө өө, ширээн дээр байгаа, Чимгээгийн утсыг авъя гээд ав” гэхээр нь би очоод платнаас нь утсыг нь авсан. Тэгэхэд Скай гэсэн хагархай дэлгэцтэй утас байсан. Намайг буцаад ирэхэд Чимгээгийн баруун гар талд нь Эрдэнэчимэг эгч, зүүн талд нь Уянга эгч хоёр суусан байсан. Тэгээд намайг хот руу явъя гэсэн чинь нөгөө Чимгээ, Эрдэнэчимэг эгч хоёр ярилцаад хот руу орж учраа олохоор болоод хөдөлсөн. ...Тэгээд хот руу ороод Эрдэнэчимэг эгчийн байрных нь наана Чимэгээ, Эрдэнэчимэг эгч, Уянгаа эгч гурвыг буулгасан, тухайн үед 20 цаг болж байсан. Ээжийг би гэртээ ирсэн байна гэхээр нь гэртээ оччихоод ээжийн Хонконгоос авчирсан бэлгийг Эрдэнэчимэг эгчид аваачиж өгөхөөр гэрт нь буцаад ирэхэд Чимгээ байж байсан, тухайн үед Чимгээгийн баруун нүд хөхөрчихсөн, ерөнхийдөө нүүрнийх нь хавьцаа маажуулчихсан байдалтай байсан, тэгээд тэндээс гарахад Эрдэнэчимэг эгч Чимгээг хүргэж өгнө гээд хамт гарсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 145-146 дугаар хуудас/,

             Яллагдагч Э.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр намайг гэртээ байж байхад Эрдэнэчимэг над руу залгаад “хамт юманд яваад өгөөч” гэж гуйсан. ...Эрдэнэчимэг Багануур явах замдаа зөндөө уйлсан, тэр үед надад нарийн учраа хэлээгүй, намайг зүгээр хажууд маань байж байгаач гэж хэлсэн. “Найз нь нөхөргүй 2 хүүхэд маань өнчирч магадгүй юм шиг байна” гэж хэлээд уйлаад байсан. Өөр нарийн ширийн зүйл хэлээгүй. Тэгээд явсаар Багануурт ирээд “манай нөхөртэй холбоотой хүн эмнэлэгт хэвтэж байна, би гаргаж ирээд уулзах гэсэн юм. Чи битгий хориглоорой, би зүгээр айлгана” гэж хэлж байсан. Тэгээд Нямка, Эрдэнэчимэг хоёрын хэн нь юм мэдэхгүй Чимгээ гээд байгаа эмэгтэйг дуудаж гаргаж ирсэн. Тэгээд машинд Эрдэнэчимэг, Чимгээ гэдэг хүүхнийг оруулж суулгаад 2-3 удаа алгадаж цохьсон. Эрдэнэчимэг “Уянга суу, шууд явна” гэж хэлсэн. Тэгээд намайг машинд орж суусаны дараа Чимгээгийн амыг нь дараад скочидсон. Толгой дээгүүр нь Эрдэнэчимэг өөрийнхөө өмсөж явсан курткээ тавьсан байсан, тэгээд Улаанбаатар хотод очоод Эрдэнэчимэг өөрийнхөө байрны гадаа очоод өөрийнхөө машинд суулгаад аваад үлдсэн. ...Эрдэнэчимэг тэр Чимгээ гэдэг эмэгтэйг сүрдүүлээд янз бүрийн зүйл их ярьж байсан. Би яг юу ярьж байсныг одоо сайн санахгүй байна, тухайн үед би ч өөрөө их айсан байсан. ...Эрдэнэчимэг Чимгээг эмнэлгээс гарч ирэхээр нь машинд суулгаад нүүр рүү нь 2-3 удаа гараараа нэлээд хүчтэй цохьсон. Тэгээд машины шалан дээр байсан хар өнгийн уяагаар биеийг нь ороосон. Тэгээд жолоочийн хажуу талын сандал дээр өөрийн цүнхнээсээ дотроо цагаан өнгийн шингэнтэй, өнгөгүй тариа гаргаж ирээд шприцээр шууд баруун талын булчин руу нь зоогоод дуустал нь шахчихсан. Ингээд орилоод дахиад цүнхнээсээ бололтой нэг юм гаргаад байхаар нь харсан чинь урьдчилаад бэлтгэчихсэн бололтой хар өнгийн иштэй гал тогооны зориулалттай том хутга, шар өнгийн том скоч, саарал өнгийн өнгөө алдсан дэрний уут зэрэг зүйлсийг тавьчихсан байсан. Тэгээд хар хутгаа бариад хохирогч руу дайраад орилоод загнаад байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 153-155 дугаар хуудас/, 

            Хохирогч Б.Чимгээгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бөөр өвдөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Эрдэнэчимэгийн нөхөр нь над руу фэйсбүүкээр найз болох санал явуулсан бөгөөд би саналыг хүлээн авсан. Эрдэнэчимэгийн нөхөр нь над руу юм бичээд өөрийгөө Солонгост байдаг, эхнэр, 2 хүүхэдтэй гэж байсан. Би ч мөн адил нөхөр, хүүхэдтэй гэж хэлээд бид хоёр харьцаж эхэлсэн нь үнэн. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа Эрдэнэчимэг над руу найзын хүсэлт явуулахаар нь би авсан юм. Тухайн үед би Эрдэнэчимэгийг гэж мэдээгүй. Эрдэнэчимэг над руу манай нөхөр Солонгост байдаг, намайг нөхөртэйгээ хардсан өнгө аястай мессеж бичсэн. Эрдэнэчимэг нь манай нөхөр рүү найзын хүсэлт явуулсан байсныг нь би мэдээд устгасан. 2016 оны 04 дүгээр сары 07-ны өдөр орой 17 цагийн үед над руу нэг хүн залгаад надтай уулзах гэсэн юм гээд байхаар нь би гараад уулзсан чинь чамд илгээмж ирсэн, гараад авчих гээд байхаар нь  би дагаад эмнэлгээс гарсан бөгөөд гарахдаа миний утасны дугаар, гэрийн хаягийг дэвтэр дээр бичиж авсан юм. Тэгтэл эмнэлгийн хойно нэг машин зогсож байсан, би машины арын суудал дээр нь суусан юм. Тэгээд илгээмжийг чинь багаажнаас аваад ирье гээд Нямсүрэн машинаас буугаад машины хаалгыг түгжсэн. Тэгтэл Эрдэнэчимэг, Уянга хоёр машинд орж ирээд миний хоёр талд суусан. Энэ үед Нямсүрэн байгаагүй. Тэгтэл Эрдэнэчимэг надад чи намайг таньж байна уу? гэхээр нь би таньж байна гэсэн Эрдэнэчимэг шууд миний нүүр рүү гараараа 2,3 удаа тэрнээс ч их цохьсон байх, маш олон удаа цохьсон. Тэгснээ Эрдэнэчимэг “би чамайг ална, алахгүй бол өнөөдөр энд ирсний хэрэг гарахгүй, гээд маш олон удаа цохиж зодсон. Дараа нь миний үснээс зулгаагаад шууд миний толгойд дэрний уут углаад хүзүүгээр битүү скочдсон. Дараа нь намайг “нүүрээ цааш нь болго ам хэсгийг чинь цооллоо шүү” гээд миний ам хэсгийг хутгаар цоолсон. Дараа нь цагаан өнгийн бэлдчихсэн байсан тариагаа миний баруун гарын бугалганд шахсан. Би тухайн үед маш их айсан бөгөөд энэ хүмүүсийн хэлснийг хийж байсан. Тэгээд “чиний утас хаана байна гичий минь” гээд загнаад байхаар нь би миний утас эмнэлэгт өрөөнд байгаа гэсэн чинь эмнэлэг ороод “энэ гичийгийн гар утсыг аваад ир” гээд Нямсүрэнд хэлсэн чинь Нямсүрэн нилээд удаж байж миний гар утсыг авчирсан. Тэр хооронд би Эрдэнэчимэгт зодуулаад машинд байж байсан. Тэгээд миний биеийг өргөн хар уяагаар уясанаа “битгий суудал дээр суугаад бай наад бузар биеэрээ” гээд намайг доошоо газар шалавчин дээр суулгасан. Тэр дэрний уут нимгэн гэрэлтэж байсан болохоор би юм харж байсан. Тэгээд намайг өшиглөөд алгадаад цохиж зодоод байсан. Тэгж их зодож, цохиж, хутгаар маш олон удаа цохиж байхад харж байсан мөртлөө хэн ч таслан зогсоогоогүй. Тэгж явахдаа тэр гурав дэвтэр дээр хоорондоо юм бичээд инээлдээд байсан. Тэгснээ чамайг Минжээгээр хүчиндүүлнэ, дараа нь архи ууж ирээд 10 хоног явуулахгүй, нөхрийг чинь хэн гэдэг юм бэ? хүүхдүүдийг чинь хэн гэдэг вэ? гэр чинь хаана байдаг юм бэ? гэж асуугаад дэвтэр дээр бичиж авч байсан. Тэгээд Улаанбаатар хот ороод нэг газар машинаа зогсоогоод Уянга намайг машинаас буулгаад Эрдэнэчимэгийн машинд сэлгэж суулгасан. Тэгээд явж байхдаа Эрдэнэчимэг өөрийнхөө өмднөөсөө цустай ариун цэврийн хэрэглэлээ гаргаж ирээд миний ам руу чихсэн. Маш олон удаа хэл амаар доромжилж зодож, цохиж байсан бөгөөд Эрдэнэчимэг надад “ чамайг ална, үхсэн хойно чинь хүртэл зүгээр байлгахгүй, хүүрэн дээр чинь бүжиглэнэ, цагдаа шүүхээр яваад ч барахгүй” гэх мэтээр доромжилсон. Машин солигдоод суух үедээ би өөрөө хүлээсээ тайлаад, дэрний уутаа авсан, Эрдэнэчимэг нь өөрийнхөө өмсөж байсан куртикээ өгөөд өмс гэхээр нь би өмсөөгүй нөмрөөд машинаас буугаад Эрдэнэчимэгийн машинд суухад Уянга урд суугаад Нямсүрэн машинтайгаа үлдээд явах гэж байснаа надаас “чи одоо эндээс буугаад яв, бид нар чамайг явуулна яаж явах уу” гэж асуусан бөгөөд би тухайн үед их айж сандарсан байсан болохоор Эрдэнэ суманд манай аав байдаг, би аавтайгаа яриад мөнгө аваад явж чадна гэж хэлсэн. Тэгээд Нямсүрэн машинтайгаа яваад өгсөн. Удалгүй Эрднэчимэг, Уянга бид гурав нэг байрны гадаа ирээд зогссон бөгөөд Эрдэнэчимэг бид хоёр машинаас буугаад гадаа сууж байснаа ууж байсан ундаагаараа миний нүүр рүү хэд хэдэн удаа цохьсон. Намайг манай нөхөр рүү зурагаа явуулсан уу? гэх мэтээр надтай байнга хэрцгий харьцаж байсан. Тэгээд 20-30 минутын дараа Уянга, Эрдэнэчимэгийн гэрээс гарч ирээд бид гурав Эрдэнэчимэгийнд орсон. Шууд гэртээ оруулаад угаалгын өрөөндөө оруулсан. Эрдэнэчимэг миний нүүрийг 2,3 удаа хүчээр татаж байсан тамхины галаараа түлээд миний фэйсбүүк хаягийг хэлүүлсэн. Миний утсаар фэйсбүүк хаягаар минь ороод өөрийнхөө нөхөр рүү миний түлэгдсэн нүүрний зургыг авч байгаад явуулсан чинь нөхөр нь “яагаад ийм болгож байгаа юм бэ? болохгүй шүү дээ” гэж хариу ирсэн чинь Эрдэнэчимэг манай нөхөр чамайг хайрлаад өрөвдөөд байх шиг байна, Солонгосоос ирээд чамтай цуг амьдрах юм байна гээд уурлаад байсан. Тэгснээ намайг чи манай нөхөр рүү зурагаа явуулаагүй гээд байсан чинь худлаа явуулсан л юм байна шүү дээ гээд дахиад намайг үснээс зулгаагаад маш олон удаа цохиж зодсон. Тэгээд байж байтал 23 цагийн үед Нямсүрэн гаднаас хүүхэдтэйгээ орж ирсэн бөгөөд надаас ус уух уу гэж асуухаар нь би уухгүй гэж хэлсэн. Тэр үед миний нүүр ам хөхөрчихсөн, хавдсан, хувцас урагдчихсан, левчик тасарчихсан, хүн намайг танихааргүй болчихсон байсан. Эрдэнэчимэг нь намайг өмнөө сөгдүүлж байгаад өөрийнхөө утсан дээр бичлэг хийсэн. Тэр үед намайг маш ихээр дарамталж байгаад “би энэ хүний нөхөртэй, унтаж хэвтсэн, чатаар харилцсан, хоёр хүүхдээс нь уучлалт гуйж байна” гэж хэлүүлээд 7-8 минутын бичлэг хийсэн. Тэгээд Нямсүрэн надаас одоо явуулъя хаанаас явах уу? унаа байгаа юу гэж асуухаар нь би хурдан салахын тулд унаа байгаа, би өөрөө явж чадна гэж хэлсэн чинь Нямсүрэн охиноо тэврээд явах гээд байхаар нь би Нямсүрэнг битгий яваач хамт байгаач гэж гуйсан. Яагаад гэвэл Эрдэнэчимэг намайг явуулахгүй, дахиж зодох байх гэж бодоод их айж байсан. Тэгээд удалгүй Эрдэнэчимэг, Нямсүрэн бид гурав гэрээс гараад Хужирбулан руу явсан бөгөөд явах замдаа Эрдэнэчимэг намайг одоо нөхөр рүүгээ залга юу гэж хэлэх гэж байгаа юм бэ? гэхээр нь би утсаар нөхөр рүүгээ залгаад би Эрдэнэчимэгийн нөхөртэй унтаагүй байж унтсан, нөхөртэй нь чаталсан, эхнэр нь намайг зодсон, одоо учраа олоод намайг явуулах гэж байна гэж айсандаа хэлсэн. Тэгээд Эрдэнэчимэг, Нямсүрэн хоёр Хужирбулангийн буудал дээрээс машинд суулгаад Эрдэнэчимэг мөнгийг нь өгөөд явуулсан. Тэгээд Баянзүрхийн товчоон дээр зогсож байсан чинь Багануурын дугаартай машин ирэхээр нь жолоочоос нь гуйгаад очоод мөнгийг нь өгөхөөр болоод Багануур явсан юм. ....баримтаар бол хохирол төлбөр барагдсан гэж үзэж байгаа…” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Хохирогч Б.Чимгээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…миний баруун гар талд байсан эмэгтэй нь шууд “би чамайг ална” гээд хаанаас гаргаж ирснийг нь мэдэхгүй дэрний уут шиг нимгэвтэр уут гаргаж ирээд миний толгойд угласан, дараа нь угласан уутныхаа гадуур хүзүүгээр маань скочоор битүү ороогоод толгойд угласан уутныхаа амны хэсгээр хутгаар цоолсон. Тэр хутга нь нэлээд өргөн хуванцар иштэй хутга байсан, тэр ишээр нь гуя руу цохиод байсан, бас хар өнгийн гэрийн бүслүүр шиг өргөн уяагаар миний гар хөлийг бүгдийг нь уясан. Тэнд намайг бараг 10 гаруй минут зодоод байсан. Миний толгойд анх уут угласан, миний баруун гар талд суусан эмэгтэй л зодоод байсан. Хажуу талынх нь эмэгтэй зодсон эсэхийг мэдэхгүй байна, нэг л эмэгтэй хүний хоолойгоор “чамайг ална” гээд л зодоод байсан. Харин намайг хуурч суулгасан машины урд сууж байсан хүүхэн “алаад өг, буруу хүнээрээ оролдлоо доо чи” гээд байсан. Тэгээд эмнэлгийн хашаан дотроос гарч амжаагүй байхад машин нэг зогсоод 5 орчим минут болоод хөдөлсөн. Тэгээд хөдлөхдөө намайг арын суудалны шалавч дээр их л давчуу зайд хажуу тийш нь харуулаад суулгасан. Намайг анх зодсон хүүхэн ахиад зодоод байхаар нь би “болиоч ээ, ёо ёо” гээд хашгирсан чинь нөгөө хүүхэн “тэгвэл чамд угаасаа тариа хийнэ” гээд цамцны маань гаднаас 10 граммын бололтой шприцэнд бэлдсэн байсан тариаг миний баруун гарын бугалганд маш хүчтэй зоож хийсэн. Би болж байгаа бүх үйл явдлыг хараад л явж байсан. Учир нь миний толгойд угласан уут нь нэвт гэрэлтээд юу байгаа нь харагдаж байсан. нөгөө хүүхэн “манай нөхрийг Солонгост байдаг гэж цагдаад хэлээрэй, өнөөдөр л чамайг ална, алахгүй бол энд ирсний хэрэг байхгүй, чамайг Минжээд хэлээд залуучуудаар зодуулна, хүчиндүүлнэ” гээд Минжээ гэдэг хүнтэйгээ яриад байгаа бололтой, “нөгөө гичийг чинь одоо аваад гарч байна, нөгөөдүүлээ бэлдээд байж бай, тэгээд энийг зодуулъя, хүчиндүүлнэ, бэлэн байгаарай, шөнө шоудчихаад өглөө нь очоод бас зодно, архи ууна” гээд байсан. Нөгөө хоёр хүүхэн нь над руу “хохь чинь за юу” гээд орилоод байсан, намайг гурвуулаа сэтгэлзүйгээр дарамталсан. Дараа нь замд нөгөө намайг зодоод байсан шар царайтай эмэгтэй нь салтаанаасаа ариун цэврийн хэрэглэл гаргаж ирснээ миний ам руу чихчихсэн, тэгээд дуу гаргахгүй болгож байгаад толгой руу өшиглөж зодоод байсан, тэгснээ миний үс сэгсийгээд илүү гарчихсан байсан чинь араас зулгааж байгаад ална гээд нэгийгээ “хутгаа гаргаад ир” гээд анх намайг ална гээд сүрдүүлсэн хутгаараа толгойны ар хэсгээс үс авах гээд үрээд байсан. ...Нөгөө нүдний шилтэй Уянга гэдэг хүүхэн нь саарал хаалгатай 5 давхар байр руу оруулсан. Тэгээд нэг айлд орсны дараа Уянга нь “битгий хэтрүүлээрэй, нэмж битгий зодоорой, явуулаарай” гээд байсан, тэгснээ яваад өгсөн. …Намайг галын өрөөнд байхад миний нүүрэн дээр татаж байсан тамхиа унтраасан. Тамхи унтраах газар байхгүй байна гээд нэг нэгээр нь унтраагаад байсан. ...Сэтгэл санааны хохирол 40.000.000 төгрөг, хацар дээр тамхины галаар түлж маажсан сорвийг арилгуулах, гоо сайхны хагалгаа хийлгүүлэхэд 5.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, нийт 46.500.000 төгрөг нэхэмжилнэ...”  гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Гэрч С.Янжмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Орой 17 цагийн үед Чимгээг хүн дуудаад байна гэхээр нь Чимгээ гараад явсан. Чимгээ гадуур хувцсаа өмсөөгүй гараад явахаар нь ойрхон гарсан гэж бодоод байж байсан чинь ширээн дээр байсан утас нь дугарсан. Би тухайн үед хаалган талын хажуугийн орон дээр сууж байсан чинь хаалгаар намхан нуруутай, бор ногоон өнгийн курткатай хүүхэн орж ирээд Чимгээгийн утсыг авъя гэж шүүрч аваад гараад явсан. Тэгээд Чимгээ ирээгүй бөгөөд би дотроо бодохдоо найзуудтайгаа байгаа байх гэж бодоод байж байсан чинь нөхөр нь ирж сураад нэг л биш байсан. Тэгээд 00 цаг өнгөрөөгөөд унтсан. Өнөөдөр өглөө сэрсэн чинь Чимгээгийг нүүр ам нь хөхөрчихсөн байсан. Өглөө Чимгээ тариа хийлгүүлсэн, тамхины цогоор түлүүлж, зодуулсан тухайгаа ярьсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

Гэрч С.Сарангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өрөөний Чимгээ байхгүй байсан ба сүүлд Чимэгээг сураглаад цагдаа нар хүртэл орж ирсэн, тэгээд би орой 00 цаг өнгөрөөгөөд унтсан. Өглөө нь Чимгээ ирсэн байсан, нүд, ам нь хөхөрчихсөн байсан, бидэнд танихгүй хүн авч яваад зодлоо гээд уйлсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 50 дугаар хуудас/,

Гэрч Н.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гаднаас Чимгээг дуудахад Чимгээ гараад явсан. Тэгсэн чинь Чимгээг гарснаас хойш 10 минутын дараа бор, ногоон өнгийн даавуун курткатай, мах мариа нь тэнцүү 30 хүрээгүй, шар царайтай хүүхэн ирээд Чимгээгийн дугарч байсан утсыг энэ Чимгээгийн утас мөн үү гээд шүүрч аваад гараад явсан. Тэр оройдоо Чимгээ ирээгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Гэрч М.Мэндбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдөр өөрийгөө Эрдэнэчимэг гэж танилцуулсан. Урьд нь манайхаар ирж эм тариа авдаг байсан жижиг биетэй, шар царайтай, нүдний шилтэй эмэгтэй 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн эмчийн бичигтэй ирээд эм, тариа авсан. Тухайн өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б.Эрдэнэчимэг нь 1 ширхэг цикроденк, 5 ширхэг дексометизон, 5 ширхэг шприц зэрэг эм тариа авсан байсан. Дексометизон гэдэг тариа нь харшлын эсрэг үйлчилгээтэй, харин мансууруулах, тайвшруулах үйлчилгээ байхгүй. Би баримтыг нь гаргаж өглөө...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 62-63 дугаар хуудас/,

Гэрч С.Байгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Чимгээ гэдэг өвчтөнийг үзэж байсан. 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр үзсэн. Биеийн байдал нь нойргүйдэлтэй, айдсын эмгэг ихтэй, түгшүүрлэл ихтэй, унтахгүй болсон, тайван биш байдалтай байсан. Үзлэгийн явцад хаалга онгойход цочсон, шивнэж ярьж, маш их уйлсан байдалтай байсан. Тухайн үед би тайвшруулах эм бичиж өгсөн. Мэдрэлийн эмч болон сэтгэлзүйчээс зөвлөгөө авах шаардлагатай болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Багануур дүүргийг хариуцсан эмчээс зөвлөгөө авах шаардлагатай байгаа талаар хэлсэн. Учир нь F43.0 гэсэн онош нь цочмог сэтгэлийн дарамт, стрессийн хариу урвал гэсэн онош юм. Ийм байдалтай буюу өвчтэй удаан байвал хувь хүн насан туршдаа сэтгэцийн өвчтэй болох, түгшүүр ихтэй байдаг учраас амиа хорлох зэрэг үйлдэл хийдэг. ...Тухайн онош нь олон улсын 10 дугаар ангиллын 5 дугаар бүлэгт заагдсан оношлогооны дагуу тавигдсан. Ийм өвчтэй хүн үнэн, зөв мэдүүлэг өгөх чадвартай байдаг. Солиоролд ороогүй тул үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байдаг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 65-66 дугаар хуудас/,

Мөрдөн байцаагч, цагдаагийн д/ч Б.Жаргалын 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн хэргийн газрын үзлэгийн “...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 66 дугаар байрны 34 тоотод байх ба уг байр нь 5 давхар бүдэг саарал өнгийн хойш харсан 3 хаалга бүхий орцтой, уг 34 тоот байрны голын орцонд оршин байх тул орц руу ороход гадна талын хаалга нь онгойж саадгүй орж, дотор талын хаалганых нь 2580 гэсэн кодыг тайлж, онгойлгон 4 давхарт гарвал орцных нь шатны голын хэсэг будаггүй, хоёр талаараа ногоон өнгийн будагтай шатны бариул нь цэнхэр будагтай, давхар хоорондын хэсэг нь шар, бор өнгийн дөрвөлжин хээтэй, орцны хана нь цэнхэр өнгийн будагтай, уг 34 тоот хаалга нь шатан талаасаа хоёр дахь цэнхэр өнгийн бариултай хаалга байв...” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 10-14 дүгээр хуудас/,

Цагдаагийн а/х П.Алтанцэцэгийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тухай “...Б.Чимгээгийн толгойн хэсэг үсний хуйханд үзлэгийг хийхэд баруун болон зүүн талын хэсэгт 2 газар товойсон, мөн ард талын дагз хэсэгт 1 газар овойсон байв. Духан тус газарт 4 хэсэг газарт хөндүүрлэж товойсон. Баруун нүдэн тус газарт хөхөрч хүрэн улаан өнгөтэй болсон. Зүүн нүдэн тус газрын доод зовхи хэсэгт 1 шалбархай үүссэн, баруун талын шанаан тус газарт 12 төрлийн жижиг шалбархайнууд үүссэн, зүүн талын шанаан тус газарт 10-11 төрлийн жижиг шалбархай үүссэн байв. Хүзүүн тус газарт урт нарийн шалбархай, цээжин хэсэг болон 2 хөхний хэсгээр олон шалбархай үүссэн, баруун талын гарны шуун тус газарт жижиг олон тооны хөхрөлтүүд үүссэн. Мөн эрхий хуруун тус газарт хөхрөөд хавдсан, зүүн шуун тус газарт олон тооны жижиг хөхрөлттэй, гэдсэн тус газарт ямар нэгэн үүссэн шархгүй. Хөндүүр гэх баруун болон зүүн талын 2 хөл гуян тус газарт баруун талын шилбэн тус газарт олон тооны хөхрөлтүүд үүссэн байв. Биеийн ар талын хэсэг ямар нэг шархгүй байв...” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 17 дугаар хуудас/,

Мөрдөн байцаагч, цагдаагийн д/ч Б.Мэндбаярын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн яаралтай түргэн тусламжийн хаалганы зүүн талын дээд хэсэгт байрлах камерийн бичлэгийг хуулбарлаж, үзлэг хийсэн тухай “...иргэн Г.Чимгээ нь 17 цаг 27 минутад бүдэг ягаан өнгийн хослолтой, гартаа цайвар ногоон алаг өнгийн куртка барьсан, цагаан өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн бариу өмд, пүүзэн гутал өмссөн, үсээ толгойныхоо ард боосон эмэгтэйтэй яаралтай түргэн тусламжийн хаалгаар гарч хойшоо халдварт, шүүх эмнэлгийн хэсэг рүү явах явган хүний шороон замаар орж явсан ба Г.Чимгээ буцаж орж ирсэн нь камерийн бичлэгт бичигдээгүй байна. Харин Г.Чимгээг эрүүл мэндийн яаралтай түргэн тулсамжийн төвөөс дагуулж гарсан цайвар ногоон өнгийн куртка, малгайтай ноосон цамц, хар өнгийн өмд, пүүзэн гуталтай эмэгтэй 17 цаг 31 минутад эрүүл мэндийн төв рүү орж, 17 цаг 32 минутад гарч ирээд буцаж ороод 17 цаг 37 минутад гарч ирээд зүүн тийшээ чигтээ явсан. Дахин бичлэгт бичигдээгүй. Иргэн Г.Чимгээгийн мэдүүлгийн дагуу дээрх цаг хугацаанд халдварт, шүүх эмнэлгийн хэсэг рүү орсон, гарсан тээврийн хэрэгслүүдийн бичлэгийг шалгахад Приус-20 маркийн шаргал өнгийн суудлын тээврийн хэрэгсэл 17 цаг 05 минутад орж, 17 цаг 40 минутад гарсан бичлэг байх ба бичлэгээр уг тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тодорхойлох боломжгүй байсныг тэмдэглэв...” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 18 дугаар хуудас/,

Мөрдөн байцаагч, цагдаагийн д/ч Б.Жаргалын гар утас хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд /1 дүгээр хх-ийн 27-30 дугаар хуудас/,

Мөрдөн байцаагч, цагдаагийн д/ч Б.Жаргалын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай “...уг тээврийн хэрэгсэл нь бор шаргал өнгийн Приус-20 маркийн 63-73 УБК улсын дугаартай суудлын тээврийн хэрэгсэл байлаа. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн явуулахад ард талын буюу арын зүүн суудлын урд шалан дээр ягаан өнгийн 5 мм-ийн харьцаатай хуванцар 4 ширхэг нүхтэй хувцасны товч байсныг 1-ийн тоогоор тэмдэглэж, 1 кадр зураг авч баримтжуулан хэргийн ач холбогдолтой байх тул үзлэгээр хураан авлаа. Уг товчноос 10 см-ийн зайд эмэгтэй хүний хумсны урд хэсэг байсныг 1 кадр гэрэл зураг авч хураан авлаа…” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1 дүгээр хх-ийн 33-37 дугаар хуудас/,

Шинжээчийн “...Г.Чимгээгийн биед баруун чамархайн ясны цууралт, тархины доргилт, баруун хацар, баруун гарын бугалганд шарх, баруун хацарт зулгаралт, баруун нүдний салст, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, баруун болон зүүн хөх, зүүн гарын шуу, баруун болон зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг буюу түүнээс дээш хүчин зүйлийн үйлчлэлээр, хурц үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн, халууны үйлчлэлээр нэг буюу түүнээс дээш хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн 09 шэ/185 тоот дүгнэлт /1 дүгээр хх-ийн 69 дүгээр хуудас/,

Шинжээчийн “...Б.Эрдэнэчимэг нь “Бие хүний паранойд эмгэг” сэтгэцийн эмгэгтэй байна. Б.Эрдэнэчимэг нь хэрэг үйлдэх үедээ “Бие хүний паранойд эмгэг” сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Тухайн үедээ өөрийнхөө үйлдлээ ойлгон мэдэж хянах боломжтой байсан байна. Б.Эрдэнэчимэг нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн 480 тоот дүгнэлт /2 дугаар хх-ийн 81-82 дугаар хуудас/,

Шинжээчийн “...Г.Чимгээ нь “Дасан зохицолтын эмгэг. Түгшүүрлэх сэтгэл гутрах холимог хариу урвал” сэтгэцийн эмгэгтэй байна. Г.Чимгээ нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах, болсон хэргийн талаар тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Чимгээг үзсэн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн сэтгэцийн эмч Байгальмаагийн үзэж оношилсон F 43,0 онош нь үндэслэлтэй байна..” гэсэн 1103 тоот дүгнэлт /2 дугаар хх-ийн 156-160 дугаар хуудас/,

Шинжээчдийн “...Г.Чимгээгийн биед тухайн үед тархи доргилт, баруун хацар, баруун гарын бугалганд шарх, баруун хацарт зулгаралт, баруун нүдний салст, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, баруун болон зүн хөх, зүүн гарын шуу, баруун болон зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учиржээ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ө.Шаарийбуугмйн гаргасан 09шэ/185 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Хохирогч Г.Чимгээгийн гэмтлийн дараах стрессийн эмгэг нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.10-т заасанд хамаарахгүй...” гэсэн 1567 тоот дүгнэлт /2 дугаар хх-ийн 166-167 дугаар хуудас/,

Б.Эрдэнэчимэгийг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “…Б.Эрдэнэчимэгийг ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон…” хуудас /хх-ийн 176 дугаар хуудас/,

С.Нямсүрэнг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “...С.Нямсүрэнг ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон…” хуудас /хх-ийн 167 дугаар хуудас/

Э.Уянгын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “…Б.Эрдэнэчимэгийг ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон…” /хх-ийн 195 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

           Шүүгдэгч С.Нямсүрэн, Э.Уянга нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.2.2, 109.2.3 дахь хэсгүүдэд зааснаар хохирогч Чимгээд амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, зэвсэг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж хамжигчаар оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь шүүх хуралдаанд өгсөн хохирогчийн “…Нямсүрэн, Уянга нар нь намайг зодож гар хүрсэн зүйлгүй, энэ үйлдлүүдийг Эрдэнэчимэг хийсэн. Уянга надад “буруу хүнээрээ оролдлоо доо” гэж хэлсэн. Цохиж зодсон зүйл байхгүй, тариа хийхэд гар бариагүй. Хажууд Уянга сууж явсан. Нямсүрэн машин барьж явсан…” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Эрдэнэчимэгийн “…Чимгээд учирсан гэмтэл нь миний цохилтоос болж үүссэн С.Нямсүрэн, Э.Уянга нар энэ хэрэгт оролцоо байхгүй, Нямсүрэн, Уянга хоёр намайг боль гэж зөндөө хэлсэн. Дэвтэр дээр хүртэл “одоо боль, Чимгээг буулга, эмнэлэгт хэвтэж байгаа хүн шүү дээ” гээд бичиж байсан. Уянга Чимгээг зодоогүй, цохиогүй, хэл амаар доромжлоогүй, сайн муу зүйл алийг нь ч  яриагүй. Гар ч хүрээгүй…” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч С.Нямсүрэнгийн “…би Чимгээг цохиж зодоогүй, ямар нэг зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй, зэвсэг хэрэглэх боломж олгоогүй, түүнийг дарамталсан зүйлгүй, чанга дуугаар ч яриагүй, Улаанбаатар хот руу авч явсан нь миний буруу…” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Э.Уянгын “…Хохирогч Чимгээ намайг зүүн талд нь суугаад гарыг нь барьсан гээд байгаа гэхдээ би гар хүрээгүй. Харин ч би өмгөөлж хамгаалж байсан, хотод очсон үед Б.Эрдэнэчимэг рүү Чимгээг явуулаарай гэж утсаар ярьж, мессеж хүртэл бичиж байсан. Эрдэнэчимэгийг хохирогчид халдахад боломж олгосон, гэмт хэрэг үйлдэх нөхцлөөр хангасан үйлдэл байхгүй, харин ч би боль гээд таслан зогсоохыг оролдсон. Б.Эрдэнэчимэг тухайн үед өөрийгөө хянах чадваргүй, ууртай байсан. Би Чимгээд гар хүрээгүй…” гэсэн мэдүүлэг зэргээр няцаагдаж байх тул шүүгдэгч Нямсүрэн, Уянга нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.2.2, 109.2.3 дахь хэсгүүдэд заасан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хохирогчийн өмгөөлөгчөөс Б.Эрдэнэчимэгийн үйлдлийг “хохирогчид хүнд хор уршиг учруулсан тул Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг” гэж үзэж байна гэжээ.

Шинжээч эмчийн 09 шэ/185 тоот дүгнэлтэд хохирогчид учирсан гэмтлийг “хөнгөн гэмтэл учирсан” гэж тогтоосон байх бөгөөд бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 1567 тоот дүгнэлтэнд “...Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн гаргасан 09шэ/185 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Хохирогч Г.Чимгээгийн гэмтлийн дараах стрессийн эмгэг нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.10-т заасанд хамаарахгүй...” гэсэн зэргээс дүгнэхэд гэмт хэргийн улмаас хохирогчид хүнд хор уршиг буюу хүний бие махбодид хүнд буюу хүндэвтэр гэмтэл учираагүй байна.

Иймд хохирогчид учирсан гэмтэл нь хүнд буюу хүндэвтэр гэмтэлд хамаарахгүй тул хохирогчийн өмгөөлөгчийн саналыг үндэслэлгүй гэж дүгнэв.

 Шүүгдэгч Б.Эрдэнэчимэг нь С.Нямсүрэн, Э.Уянга нартай 2016 оны 04 дүгээр сарын 07-ны орой 17 цаг 27 минутын үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо Эрүүл мэндийн төвийн дотрын тасгийн 1-02 тоот өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан Г.Чимгээг чамд илгээмж ирлээ, гараад хар гэж хуурч эмнэлгээс гаргаж 63-73 УБК улсын дугаартай шаргал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд суулгаж, хохирогч Г.Чимгээгийн нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиод “би чамайг ална” гэж заналхийлэн толгойд нь дэрний уут углаж хүзүүгээр нь скочоор ороож уутыг бэхлэн хуванцар иштэй хутганы ишээр гуя руу нь цохих, хар өнгийн өргөн уяагаар гар, хөлийг нь уях, баруун бугалганд нь тайвшруулах үйлчилгээтэй харшлын тариа тарих, үсийг нь хутгаар үрэх, “өнөөдөр алахгүй бол энд ирсний хэрэг алга, Минжээд хэлж залуучуудаар зодуулна, хүчиндүүлнэ” гэж заналхийлэх, өөрийн хэрэглэж байсан ариун цэврийн хэрэглэлийг өмднөөсөө гаргаж, хохирогч Г.Чимгээгийн аманд чихэх, толгой руу нь өшиглөх, цохих зэргээр хүч хэрэглэн зодож бусдад мэдэгдэхгүйгээр авч явж өөрийн гэрт буюу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 66 дугаар байрны 34 тоот орон сууцны угаалгын өрөөнд оруулж 23 цаг хүртэл өөрийн эрхшээлдээ байлгаж, ундааны саваар толгой руу нь цохиж, Чимгээг сөгдөж суулган гар утсаар бичлэг хийх, татсан тамхиныхаа цогийг 2 удаа нүүрэнд нь дарж унтраах зэргээр түүний биед баруун чамархайн ясны цууралт, тархины доргилт, баруун хацар, баруун гарын бугалганд шарх, баруун хацарт зулгаралт, баруун нүдний салст, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, баруун болон зүүн хөх, зүүн гарын шуу, баруун болон зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь

  Шүүгдэгч С.Нямсүрэн нь дээрх үйлдэлд Эрдэнэчимэгийн хүсэлтээр шаргал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр үйлчилсэн, “хохь чинь за юу”, “наад пизда руугаа лоом шаахгүй юу” гэх мэтээр доромжилж дарамтлан, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны орой 17 цаг 27 минутын үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо Эрүүл мэндийн төвийн дотрын тасгийн 1-02 тоот өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан Г.Чимгээг чамд илгээмж ирлээ, гараад хар гэж хуурч эмнэлгээс гарган ирж 63-73 УБК улсын дугаартай шаргал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд суулгаж Улаанбаатар хот руу бусдад мэдэгдэхгүйгээр авч явж өөрсдийн эрхшээлд оруулсан болох нь

  Шүүгдэгч Э.Уянга нь дээрх үйлдэлд Эрдэнэчимэгийн хүсэлтээр хамт явж хохирогчийг “хохь чинь за юу”, “алаад өг, буруу хүнээрээ оролдлоо доо чи” гэж хэлж дарамтлан, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны орой 17 цаг 27 минутын үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо Эрүүл мэндийн төвийн дотрын тасгийн 1-02 тоот өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан Г.Чимгээг чамд илгээмж ирлээ, гараад хар гэж хуурч эмнэлгээс гаргаж 63-73 УБК улсын дугаартай шаргал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд суулгаж Улаанбаатар хот руу бусдад мэдэгдэхгүйгээр авч явж Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 66 дугаар байрны 34 тоот орон сууцанд хохирогчийг оруулахад дэмжин туслаж, хохирогчийг өөрсдийн эрхшээлд байлгасан болох нь дээрх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож байна.

Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтуудыг үнэлэхэд шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй байна. Шүүх сэтгэц эмгэг судлалын 480, 1103 дугаартай дүгнэлтүүд, Шинжээч эмчийн 09 шэ/185 тоот дүгнэлт, бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын 1567 дугаартай үзлэг хийсэн дүгнэлтүүд нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэгтэй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

Шүүгдэгч Б.Эрдэнэчимэг нь хохирогчид амь биед нь аюултай хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн нь түүний “…“хүний итгэл даадаггүй хүүхэн бэ” гээд нүүр рүү нь 2-3 удаа цохьсон, толгойд нь уут углаад, тариа тарьсан. Хар уяагаар гар хөлийг нь хүлсэн, Тухайн үед би уурлаж догшин авирлаж бие барьж чадалгүй буруу үйлдэл хийснээ ойлгож байна. Миний буруу.…” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “…Эрдэнэчимэг шууд миний нүүр рүү гараараа 2,3 удаа тэрнээс ч их цохьсон байх, маш олон удаа тархи толгой, нүүр ам, хөл гар зэрэгт цохиж зодсон. …Эрдэнэчимэг миний нүүрийг 2,3 удаа татаж байсан тамхиараа түлсэн...” гэсэн мэдүүлэгүүд болон түүний хохирогчид хүч хэрэглэсэн дээрхи үйлдэлүүдээр тогтоогдож байна

Шүүгдэгч Б.Эрдэнэчимэг нь хохирогчид зэвсэгийн чанартай бусад зүйл хэргэлсэн болох нь түүний “…толгойд нь уут углаад, тариа тарьсан. Тухайн тариа нь диксометазон гэдэг харшилийн тариа байсан. Хутгаар толгойд нь угласан уутний ам хэсгийг цоолсон…” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “…хутганы иш хэсгээр намайг цохьсон. Миний үснээс зулгаагаад шууд миний толгойд дэрний уут углаад хүзүүгээр битүү скочдсон. намайг “нүүрээ цааш нь болго ам хэсгийг чинь цооллоо шүү” гээд миний ам хэсгийг хутгаар цоолсон. Цагаан өнгийн бэлдчихсэн байсан тариагаа миний баруун гарын бугалганд шахсан...” гэсэн мэдүүлэгүүд болон түүний хохирогчид тариур болон хутгийг зэвсгийн чанартай хэрэглэсэн дээрхи үйлдэлүүдээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэчимэг нь уг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт “…гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн этгээдийг гүйцэтгэгч гэнэ…” гэж зааснаар гүйцэтгэгчээр, шүүгдэгч С.Нямсүрэн, Э.Уянга нар нь Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт “…зааж зөвлөх, учрах саадын арилгах, унаа орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн…” гэж зааснаар, хамжигчаар оролцсон болох нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээрээ нэгдсэн байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэчимэгийн үйлдлийн улмаас хохирогч Б.Чимгээгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. 

Иймд Б.Эрдэнэчимэгийг хохирогчид тарчлаах шинжтэй үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бусадтай бүлэглэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, хүнийг хууль бусаар хорих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Нямсүрэн, Э.Уянга нарыг бусадтай бүлэглэж хүнийг хууль бусаар хорих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Чимгээ эрүүл мэндэд учирсан гэм хорын болон сэтгэл санааны хохиролд эхлээд 46.500.000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын шаардлага хангасан 951.687 төгрөгийн баримт, нэмж 2016 оны 12 дугаар сарын 26-нд өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, үзлэг оншилгоо, шатахууны зардал, бусад зардалд 171.200 төгрөг нийт 1.171.200 төгрөг нэхэмжилснээс мөн нотлох баримтын шаардлага хангасан 151.900 төгрөгийн баримт байна.  

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд байцаан шийтгэх ажиллагааны зардлыг, 100 дугаар зүйлд байцаан шийтгэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэх талаар тус тус хуульчилсан бөгөөд хохирогчийн өмгөөлөгчид төлсөн зардал нь байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул өмгөөлөгчийн хөлсийг шүүх шүүгдэгч нараас гаргуулах боломжгүй.

Хохирогч Б.Чимгээ нь шүүгдэгч нараас 6.359.600 төгрөгийг бэлнээр, “Nissan Cubeo” маркийн 64-06 УНА улсын дугаартай автомашиныг авсан болох нь Хохирогчийн “…Хохиролд 36.000.000 төгрөгийг нэхэмжилж үүнээс 5.000.000 төгрөгийг бэлнээр, “Nissan Cubeo” маркийн 64-06 УНА улсын дугаартай автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлсэн болно. Иймд Б.Эрдэнэчимэг, С.Нямсүрэн нар нь надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно…” гэсэн хүсэлт, хохирогчийн ”...баримтаар бол хохирол төлбөр барагдсан гэж үзэж байгаа…” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, шүүгдэгч нарын “…хохирогчид 6.359.600 төгрөгийг бэлнээр, “Nissan Cubeo” маркийн 64-06 УНА улсын дугаартай автомашиныг мөн хохиролд өгсөн…” гэсэн бичгийн баримт /2 дугаар хх-ийн 203-206 дугаар хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч нар хохирлыг бүрэн барагдуулсан гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэчимэг, С.Нямсүрэн, Э.Уянга нар нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Шүүгдэгч С.Нямсүрэн, Э.Уянга нарын ар гэрийн болон хувийн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Эрдэнэчимэг болон түүний өмгөөлөгч нь шүүхэд хандаж Б.Эрдэнэчимэг нь жирэмсэн болсон 8-9 недельтэй гэсэн нь Б.Эрдэнэчимэгийн жирэмсэн эмэгтэйн хяналтын “…01 дүгээр сарын 17-ны өдөр Жирэмсний хяналтад авав. Шинжилгээ төлөвлөв. IV-III 8-9 недель эмч Г.Эрдэнэсүрэн. Баянзүрх дүүргийн эмнэлэг …” гэсэн хөтөч ¹13, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хүний их эмч Б.Эрдэнэтуяа гаргасан “…Б.Эрдэнэчимэг-42 8-9 недельтэй жирэмсэн болохыг тодорхойлов…” гэсэн тодорхойлолт, ЭХО-д харуулсан зураг, эмчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул түүний хувийн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг болон дээрхи хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Эрдэнэчимэгт хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Prado гэсэн хар бичигтэй гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Эрдэнэчимэгт олгох, ягаан өнгийн товч, тэмдэглэлийн дэвтэр, хумсны хэлтэрхий зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгавал зохино.

Шүүгдэгч С.Нямсүрэнгийн унаж явсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Приус-20” маркийн  63-73 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,  фото зураг, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол зэргээр эзэмшигч нь “Эх санж” ХХКомпани болох нь тогтоогдож байна.

Иймд уг автомашин нь шүүгдэгч С.Нямсүрэнгийн эзэмшлийнх биш байх тул битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, жинхэнэ эзэмшигч “Эх санж” ХХКомпанид буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.    

Шүүгдэгч Б.Эрдэнэчимэг, С.Нямсүрэн, Э.Уянга нар нь энэ хэрэгт 10 хоног цагдан хоригдсон болно.

Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2,  283 дугаар зүйл,  290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдэд

 заасныг удирдлага болгонТОГТООХ нь:

  1. Горноос овгийн Сүхбатын Нямсүрэн, Нээчин овгийн Энхдэлгэрийн Уянга нарт холбогдуулан Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.2.2, 109.2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч Түмэндэмбэрэл овгийн Балиузын Эрдэнэчимэгийг хохирогчийг тарчлаах шинжтэй үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бусадтай бүлэглэж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, хүнийг хууль бусаар хорих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Горноос овгийн Сүхбатын Нямсүрэн, Нээчин овгийн Энхдэлгэрийн Уянга нарыг бусадтай бүлэглэж, хүнийг хууль бусаар хорих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  3. Шүүгдэгч Балиузын Эрдэнэчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэг /1/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2.1, 109.2.2, 109.2.3 дахь хэсэгт зааснаар дөрвөн /4/ жилийн хугацаагаар хорих ял тус тус, шүүгдэгч Горноос овгийн Сүхбатын Нямсүрэн, Нээчин овгийн Энхдэлгэрийн Уянга нарыг Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.2.1 дэх хэсэгт зааснаар тус бүр хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар Б.Эрдэнэчимэгт оногдуулсан нэг /1/ жилийн хорих ялыг, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2.1, 109.2.2, 109.2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн /4/ жилийн хорих ялд багтааж Б.Эрдэнэчимэгийн биечлэн эдлэх ялыг дөрвөн /4/ жилийн хорих ял байхаар тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Эрдэнэчимэг, С.Нямсүрэн, Э.Уянга нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  6. Хохирогч Б.Чимгээд шүүгдэгч нараас 6.359.600 төгрөгийг бэлнээр, “Nissan Cubeo” маркийн 64-06 УНА улсын дугаартай автомашиныг хохирол төлбөрт тооцож өгсөн болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар Б.Эрдэнэчимэг, С.Нямсүрэн, Э.Уянга нарын цагдан хоригдсон 10 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар  Б.Эрдэнэчимэгт оногдуулсан дөрвөн /4/ жилийн хорих ялыг хоёр /2/ жилийн хугацаагаар хойшлуулж энэ хугацаанд ялтанд хяналт тавихийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Нямсүрэнд, Э.Уянга нарт оногдуулсан хоёр /2/ жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтны засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн товч, тэмдэглэлийн дэвтэр, хумсны хэлтэрхий зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Prado маркийн гар утсыг эзэмшигч Б.Эрдэнэчимэгт буцаан олгосугай.
  11. Мөрдөн байцаагчийн 63-73 УБК улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож тээврийн хэрэгслийг эзэмшигч “Эх санж” ХХКомпанид буцаан олгосугай.
  12. Тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эрдэнэчимэг, С.Нямсүрэн, Э.Уянга нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  13. Б.Эрдэнэчимэг, С.Нямсүрэн, Э.Уянга нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.
  14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  15. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Эрдэнэчимэг, С.Нямсүрэн, Э.Уянга нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.БЯМБАЖАВ