Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 123/2017/0005/З |
Дугаар | 387 |
Огноо | 2017-10-18 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 387
Н.Э-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд, хариуцагч Г.Бямбадорж нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 123/ШШ2017/0009 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0501 дүгээр магадлалтай, Н.Э-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 123/ШШ2017/0009 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.7, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Э-ийн Баянжаргалан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/04, мөн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/10 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0501 дүгээр магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 123/ШШ2017/0009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Хариуцагч болон анхан, давж заалдах шатны шүүхээс Н.Э-ийг Үндэсний аудитын газрын харьяа Төв аймгийн Аудитын газрын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн албан шаардлагаар зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзсэн бөгөөд тус албан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4 дэх хэсэгт “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасан байна. Гэтэл хариуцагчийн зүгээс маргаан бүхий актын үндэслэл болсон Үндэсний Аудитыг газрын харьяа Төв аймгийн аудитын газрын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн албан шаардлагыг огт танилцуулаагүй, мэдэгдээгүй, тэр ч бүү хэл албан томилолтоор ажиллаж байхад ажлаас халсан бөгөөд надад тайлбар хийх, дахин шалгалт явуулах эрхийг хангаагүй, боломж олгоогүйд гомдолтой байна.
Учир нь Н.Э хууль тогтоомж болон дээд шатны албан тушаалтны шийдвэрийн дагуу холбогдох арга хэмжээг авч, ажиллаж ирсэн тул дээрх зөрчлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа нотлон тайлбарлая.
Аудитын газраас ирүүлсэн менежментийн захидлын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 12 өдөр зөвлөмжийн мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөг баталж төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн.
- Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зөрчлийн талаар:
1. Аудитын газраас ирсэн менежментийн захидлын дагуу Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж дутагдсан эд хөрөнгүүдийг холбогдох эздээр төлүүлэхээр шийдвэрлэж, холбогдох эздээр тайлбар бичүүлж биелүүлсэн.
2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан “Сумын өмчийн харилцааг зохицуулах журам”-аар сумын өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт, иргэн хуулийн этгээдэд ашиглуулах, эзэмшүүлэх эрх, үүрэг нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, түүний орлогч болон өмчийн төлөөлөгч нар бүрэн хариуцдаг. Харин сумын Тамгын газрын эд хөрөнгийг эзэмшигч нарт хүлээлгэн өгч эд хөрөнгийн хариуцлагын гэрээгээр зохицуулагдаж байх тул дээрх гарсан гээд байгаа зөрчлүүдийг Н.Э-т хамаатуулж байгаа нь илт үндэслэлгүй байна.
Засаг даргын зүгээс Аудитын газраас ирсэн албан шаардлагыг надад танилцуулж, тайлбар мэдүүлэг авах, шалган тогтоох атал улс төрийн шинжтэй явуургүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.
-Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх мөн санхүүгийн тайлан мэдээг гаргах талаар:
1. Сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А\54 тоот захирамжаар шилэн дансанд мэдээлэл оруулах хуваарь баталж гаргасан. Гэтэл дээрх хуулийг хэрэгжүүлээгүй гэх зөрчил буюу ажил үүрийг төсөв, төрийн сангийн мэргэжилтэнд даалгасан болно. Иймд зөрчилд дурдсан ажил үүргийг нэхэмжлэгч хариуцахгүй тул бусдын гаргасан зөрчлийн Н.Э-т халдаан хэрэглэж байгаа нь үндэслэлгүй байна.
2. Сумын Засаг даргын Тамгын газрын 3-р улирлын санхүүгийн тайлангийн тухайд дараах хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хоцроосон болно.
Сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн тайлан гаргах, тайлагнах нь нягтлан бодогчийн ажил үүрэг болно. Харин тухайн үед сумын хэмжээнд шүлхий өвчин гарч сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 27 өдрийн А-491 тоот захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдал хорио цээрийн дэглэм зарлаж ажилчид постонд гарсан бөгөөд хүн хүч хүрэлцэхгүйн улмаас нягтлан болон Н.Э постонд суусны улмаас хуулийн хугацаанд тайлан гаргаж чадаагүй болно. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байх нь тухайн үеийн нөхцөл байдлаар тогтоогддог. Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм дууссаны дараа тайлан буцаан түргэн шуурхай гаргаж холбогдох байгууллагад хүргүүлж хянуулсан болно.
- Мөн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн талаар:
Хариуцагчийн зүгээс маргаан бүхий актыг гаргахдаа:
1. Маргаан бүхий актын үндэслэл болсон буюу зөрчлийг шалгаж тогтоосон гэх баримт материалтай танилцуулаагүй,
2. Хариуцагчаас захиргааны сөрөг нөлөөлөл бүхий актыг гаргахдаа Н.Э намайг оролцуулж сонсох ажиллагаа хийгээгүй, ажлаас халах тухай шийдвэр гаргах гэж байгааг мэдэгдээгүй байхад давж заалдах шатны шүүх дүгнээгүйд гомдолтой байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн дараах заалтуудыг ноцтой зөрчиж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “Бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж оролцоог хангах” гэсэн тусгай зарчим, мөн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасныг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн шийдвэр болсон гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт болон хариуцагчийн тайлбар Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1-28.1.6-д заасан заалтуудын алинд нь ч хамаарахгүй байна. Иймд захиргааны байгууллага нь бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 28.1-д зааснаас бусад тохиолдолд заавал оролцоог нь хангаж, сонсох ажиллагаа явуулах зохицуулалттай байна.
Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хангах боломжгүй гэж дүгнэв.
Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Н.Э-ийг үүрэгт ажлаас нь халсан тус сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/04, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/10 дугаар захирамж нь “ ...албан үүргээ хангалтгүй биелүүлснээс төрийн албанаас халах” тухай Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтад нийцжээ.
Н.Э-ийг ажлаас халсан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 14 дүгээр тогтоолыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/10 дугаар захирамжаар зөвтгөж гаргасан, ингэхдээ өмнөх Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгоогүй тул нэхэмжлэгчээс дээрх 2 захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Маргаан бүхий актад дурдагдсан Н.Э-ийг ажлаас халах үндэслэлд хамааралтай зөрчил нэг бүрийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой, дэлгэрэнгүй дурдаж, зөв дүгнэлт хийсэн, үүнийг үгүйсгэх боломжгүй.
Тодруулбал, Төв аймгийн аудитын газрын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 251 дүгээр албан шаардлага, 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/559 дүгээр албан бичиг, Менежментийн захидал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2 дугаар хуралдааны тэмдэглэл, аймгийн “Засаг даргын нэрэмжит үзлэг”-ээр сумдын Засаг даргын Тамгын газрын дүгнэгдсэн үнэлгээ зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Н.Э-ийн гаргасан зөрчил тогтоогдсон байна.
Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.6-д “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн мэргэшлээ дээшлүүлэх”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1-д “төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах”, 16.5.6-д “дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх” 16.5.7-д “байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах” гэж хуульд заасан нийтлэг үүрэг, бүрэн эрхээ нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч, төсвийн шууд захирагчийн хувьд хэрэгжүүлэн ажиллаагүй байгааг шүүхүүд зөв дүгнэжээ.
Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4-д “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заажээ.
Дээрх журамд зааснаар зөрчил гаргасан эсэх нь тодорхой бус, маргаантай тохиолдолд зөрчлийг заавал шалган тогтоох шаардлагатай бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгч зөрчил гаргасан, хуульд заасан үүргээ биелүүлээгүй болох нь нэгэнт илэрхий тодорхой буюу баримтаар тогтоогдсон байхад заавал зөрчлийг хянан шалгах шаардлагагүй, нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь Төв аймгийн Аудитын газрын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн албан шаардлагыг мэдэгдээгүй, танилцуулаагүй гэх боловч нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд албан ажлаа хийж байсан байх тул “...түүнд мэдэгдээгүй гэх үндэслэлгүй...” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасныг зөрчиж, маргаан бүхий акт гарах талаар нэхэмжлэгчээс тайлбар авч, сонсох ажиллагааг хийгээгүй гэх гомдол үндэслэлгүй.
Учир нь нэхэмжлэгч Төрийн албаны тухай хууль болон бусад хуульд заасан үүргээ зөрчсөн болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдсон, түүнийг ажлаас халах үндэслэл бүрдсэн бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийсэн эсэхээс үл хамаарч тухайн нөхцөл байдлын үр дагавар өөрчлөгдөхгүй тухайн тохиолдолд хариуцагчийг маргаан бүхий захиргааны акт гаргахдаа “сонсгох ажиллагаа хийгээгүй” гэж буруутгах боломжгүй юм.
Үүнээс гадна Н.Э-ийн албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “...удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлд хамаарахаар байтал хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тодорхойлсон 26 дугаар зүйлийг баримталсан нь буруу байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар нэгэнт тогтоогдсон байх тул хариуцагч Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэсэн нь маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэв.
Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргаанд хамаарал бүхий Төрийн албаны тухай болон бусад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 123/ШШ2017/0009 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0501 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ