Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/141

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн, улсын яллагч Ц.Эрдэнэбат, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Сиб татуурга констракшн” ХХК-д халаалт,******* ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******,******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.

/РД: /

                                                   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын *******-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт сум 1 дүгээр баг Бүрд гэх газарт үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж толгой, бие рүү нь хэд хэдэн удаа цохиж, өшиглөж, үснээс нь зулгааж түүний биед баруун тохой, хоёр өвдөг, баруун шилбэнд зулгаралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2023 оны ** дугаар сарын ***-ны өдөр нөхөр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Өлзийт суманд аавындаа очсон юм. 2023 оны *** дугаар сарын ***-ны өдөр манай аав *** гэр болох Өлзийт сум Өлзийт Бүрд гэх газар монгол гэрт би, манай нөхөр болон хүүхдүүд, ээж, аав, дүү *** нар байсан юм. Удалгүй хоорондоо юм ярьж байгаад дүү *** надад хандаж *** /дүү/ та хоёр миний найз охиныг дээрэлхээд байгаарай, чамайг алаад өгье гээд гэнэт үснээс зулгаагаад толгой руу 2-3 удаа цохисон. Би гэрээс гараад зугтаатал миний араас гүйцэж ирээд намайг үсдээд газар унагаагаад чирээд, толгой тархи, бие рүү олон удаа өшиглөсөн. Манай гэрийнхэн араас ирж салгах гэсэн боловч миний үснээс тавихгүй, аавын элэг хэсэгрүү 2-3 удаа өшиглөж ухаан алдуулсан. ...Би босоод машин руугаа гүйж зугтаасан. ...Удалгүй манай дүү явчихсан юм шиг болохоор нь гэрт орох гэтэл манай дүү гүйж ирээд дахин үсдээд, цохиж чи цагдаа дуудсан уу гээд үсдээд дараад дээрээс өвдөглөөд дэвсээд хүзүүний яс хугалсан юм шиг байгаа юм. ...*** санаатайгаар хүүхдийн бэлэг эрхтэн лүү цохиж гэмтэл учруулсан зүйл байхгүй. Манай дүү хохирол төлбөрт 300,000-400,000 төгрөгийн эм авч өгсөн. Олон удаа үснээс зулгааж чирсэн, түлхэж унагаасан тоог нь яг сайн мэдэхгүй байна. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Дүү минь уучлалт гуйсан, бид эвлэрсэн гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 14-16, 109 тал/,

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2023 оны *** дугаар сарын ***-ны өдөр гэр нүүлгэх гээд ярьж байтал том хүү **** ажлаас нь дуудахад эгч та зугаалгаар явах гэж байгаа юм чинь аав, ээжийг нүүлгээд яв гэсэн. Эгч **** нь чи буулга гээд хоорондоо маргалдахад би дундуур орж салгаад хониндоо явсан. Охин зугаалгаар яваад өгсөн, хүү хотруу ажилдаа явсан. ...***, **** түлхээд унагаахад би дундуур нь орж болиулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 тал/,

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2023 оны *** дугаар сарын ***-ны өдөр манай хүүхдүүд гэр бүлээрээ ирчихсэн байсан. Хүү *** эгч *** гэр нүүлгэлцэхээс болж маргалдсан. **** Улаанбаатар хот руу яаралтай ажилтай явах болсон юм. Хүн ажилтай гээд байхад явуулахгүй юм гээд *** толгойтой үснээс зулгаагаад газар чирээд үснээс нь 2-3 удаа зулгаагаад ногоон дээр жаахан чирчихсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 тал/,

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2023 оны *** дугаар сарын ***-ны өдөр би адуунд яваад иртэл аав, ээж, эхнэр, манай хүүхдүүд, **** нар байсан. Манай эхнэр уйлчихсан байж байсан. *** зодсон гээд үс толгой нь арзайсан, хоёр өвдөг нь шалбарч цус гарсан байсан. Аав та нар яах гэж хэрэлдэж байдаг юм гэхэд **** босож ирээд аавын цээж рүү өшиглөж аав амьсгалж чадахгүй гэрээс гараад явсан. ...Бид нар бүгд гэрээсээ гартал эхнэр лүү *** дайраад үснээс нь татаж зулгаагаад аав, ээж дундуур нь орж салгасан. ...Манай хүүхдийг *** цохиж зодож гэмтэл учруулсан зүйл болоогүй. Эхнэрт ил харагдах шарх гэмтэл байгаагүй, өглөө гүү барьсаны дараа эхнэр өмдөө сөхөж үзүүлэхэд хөл нь энэ тэнд олон газар шалбарсан байсан. Өмнө нь гэмтэл байгаагүй, унаж бэртсэн зүйл болоогүй зүгээр байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26, 107 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №*** дугаартай “...1. *** биед баруун тохой, хоёр өвдөг, баруун шилбэнд зулгаралт, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн удаагийн үйлчлэлээр, хоногийн өмнө үүссэн байх боломжтой. З. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хавтаст хэргийн 87-89 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

        Шүүгдэгч нь бусдын бие махбодид хүч хэрэглэн халдвал хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

        Шүүгдэгч **** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        Иймд шүүгдэгч **** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

       Хохирогч **** шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд суухгүй, гомдол саналгүй гэж хариу мэдэгдсэн байна.

            Шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

             Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг, хохирол төлснийг, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Прокурорын санал болгож, шүүгдэгч **** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар **** төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

            Иймд шүүгдэгч **** овогт ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                         Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт ******* 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг  хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА