| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 186/2024/0041/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/33 |
| Огноо | 2024-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/33
2024 01 05 2024/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гүндалай
улсын яллагч Ц.Батзаяа
шүүгдэгч З.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З.Гт холбогдох эрүүгийн 2311000001449 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Г нь 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “М” гэх нэртэй караоке дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Чтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний дух хэсэгт шилэн аягаар нэг удаа цохиж, хохирогч Э.Чийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч З.Г нь 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг М гэх нэртэй караоке дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Чтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний дух хэсэгт шилэн аягаар нэг удаа цохиж, хохирогч Э.Чийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Э.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
гэрч С.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
яллагдагч З.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12689 дугаартай дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Хаан банкны 5890335059 дугаартай Э.Ч гэсэн дансанд 700 000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 64 дүгээр хуудас/,
шүүгдэгч З.Гын бичгээр гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаархи хүсэлт /хх-ийн 65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч З.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч З.Гт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Э.Чийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь өөрт учирсан хохирлоо баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч З.Г нь 1,126,700 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч З.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.
Улсын яллагчаас санал болгож, шүүгдэгч З.Гын хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч З.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч З.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Гт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч З.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР