Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/29

 

   2024        01         04                                  2024/ШЦТ/29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Г.Ууганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гүндалай

улсын яллагч О.Нандинцэцэг

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Нандинцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Бт холбогдох эрүүгийн 2311021101722 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч А.Б нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Д" нэртэй шөнийн цэнгээний газрын үүдэнд байрлуулсан байсан Х.Тгийн эзэмшлийн ............ УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг архины шилээр цохиж хагалсны улмаас 440,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ.

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Д" нэртэй шөнийн цэнгээний газрын үүдэнд байрлуулсан байсан Х.Тгийн эзэмшлийн ............ УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг архины шилээр цохиж хагалсны улмаас 440 000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Х.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Л.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч Н.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1734 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-34 дүгээр хуудас/, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 50 дугаар хуудас/, шүүгдэгч А.Бын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаарх хүсэлт /хх-ийн 52 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч А.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Х.Тгийн тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарч түүнд 440,000 төгрөгийн хохирол учирсныг /хх-ийн 24 дүгээр хуудас/ шүүгдэгч А.Б нь төлж барагдуулсан /хх-ийн 50 дугаар хуудас/ тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас санал болгож, шүүгдэгч А.Бын хүлээн зөвшөөрсөн 600 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иймд шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалах болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай.

6. Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.УУГАНБААТАР