Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/35

 

  2024        01         05                                  2024/ШЦТ/35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Гүндалай,

улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О-од холбогдох эрүүгийн 2302000000407 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Онь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “У” худалдааны төвийн 2 дугаар хаалганд байрлах алт, мөнгөний дарханы  үйл ажиллагаа явуулдаг ажлын байрандаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 485 дугаарт багтсан 30 миллиграмм хэмжээтэй Давсны хүчил /HCL/-ийг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Онь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Онь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2000 оноос хойш алт мөнгөний дархан ажил эрхэлдэг. Одоогоор би тус бодисыг хэрэглээд 23 жил болж байна. Би 36 насандаа анх хүүхэдтэй болсон. Энэ хугацаанд тус бодисыг хэрэглэснээр ямар нэгэн байдлаар надад болон манай хүүхдүүдэд хортой зүйл илэрсэнгүй. Би тус бодисыг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Улсын яллагч эрүүгийн 2302000000407 дугаартай хэргээс

-Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 11-18-р хуудас),

-Эд мөрийн баримтаар тооцох тухай 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоол (хх-ийн 23-р хуудас),

-Мөрдөн шалгах ажиллагаа хүчинтэйд тооцох тухай 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 535 дугаартай прокурорын тогтоол (хх-ийн 21-22-р хуудас),

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06/6031 дугаартай албан бичиг (хх-ийн 27-р хуудас),

-Гэрч С.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би М.Оыг танина. 2009 оноос хойш бид 2 хамт дархан хийж байсан, дарханы юмаа залгаж асуудаг байсан... М.О ах алт мөнгөний  дарханы ажлыг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “У” худалдааны төв дотор хийдэг юм. Алт мөнгөний дархан хийхдээ “Давсны хүчил”-ийг алт, монетоор хийсэн эд зүйлээ өнгөлөхийн тулд ашигладаг байсан. Өөрөөр хэлбэл давсны хүчил дээрээ ус нэмж шингэлээд металлаар хийсэн эд зүйлээ бага зэрэг халааж байгаад уусмалдаа дүрж өнгөлдөг байсан. Давсны хүчлийг бүх алт мөнгөний дархнууд өнгөлгөөнд ашиглаж байгаа, одоогоор давсны хүчлээс өөр өнгөлгөөнд ашиглах нийтэд түгсэн сайн бодис байхгүй байгаа... Давсны хүчлийг манай “У” дээр явуулын хүн 100 граммаар савлаад худалдаад явж байдаг, тэр хүнээс 100 граммыг 10.000 төгрөгөөр авч хэрэглэдэг юм. Тунсаа гэдгийг бол Уы урд байдаг дэлгүүрт зардаг тэр дэлгүүрээс авч хэрэглэдэг... Би тэр хүнийг сайн танихгүй одоо зүс царайг нь санахгүй байна, утасны дугаар нь байхгүй, хамгийн сүүлд 2022 онд худалдаад явж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 32-33-р хуудас),

-Гэрч Н.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Чингэлтэй дүүргийн У худалдааны төв дотор алт мөнгөний дарханы үйл ажиллагаа 2000 оноос хойш 20-иод жил жил явуулж байгаа. Дархан хийхдээ ашигладаг бодисынх нь нэрийг бол мэдэхгүй байна, алт монетоор хийсэн эд зүйлээ өнгөлөхийн тулд нэг бодист дүрээд байдаг, дахиж халаагаад буцаж гаргаж усанд дүрээд байдаг, яг ямар төрлийн бодис ашигладаг гэдгийг бол мэдэхгүй... Хаанаас авсан талаар мэдэхгүй, хааяа ороход ашиглаж байдаг, ямар металлаар юм хийж байгаагаасаа шалтгаалаад ашигладаг, голдуу алтаар эд зүйл хийхдээ дүрж өнгөлж ашигладаг юм... Нэг л бодис шилэнд хийгээд эд зүйлээ дүрж өнгөлж ашигладаг...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-р хуудас),

-Гэрч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Химийн хорт болон аюултай бодис гэдгийг Химийн болон хорт аюултай бодисын тухай хуульд дэлгэрэнгүйгээр ийм бодисыг аюултай гэнээ гэж зааж өгсөн байдаг. Хүн болон байгаль орчинд хорт нөлөө учруулахуйц цаашдаа үхэлд хүргэхүйц бодисыг хорт бодис гэдэг. Аюултай бодис гэдэг нь тэсэрдэг дэлбэрдэг, шатамхай түлдэг физик шинж чанаруудтай исэлддэг бодисуудыг химийн аюултай бодис гэж нэрлэдэг. 2015 оны Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд сайд нарын хамтран баталсан А/356/396 дугаартай тушаалд химийн хорт болон аюултай бодисын ангиллыг баталсан байдаг... Химийн хорт болон аюултай бодисыг ашиглахад хууль болон дүрэм журамд ашиглах салбарыг зааж өгсөн заалт бол байхгүй Химийн хорт болон аюултай бодисыг улс орны бүх салбарт ашиглаж болох бөгөөд шаардлагатай бүх салбарт хэрэглэж болно... Аж ахуй нэгж байгууллага нь 2015 оны Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтран баталсан А356/396 хамтарсан тушаалын хавсралтын 485 дугаарт бүргэгдсэн Хлорт ус төрөгчийн хүчил буюу Давсны хүчил гэх бодисыг ашиглахдаа Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах шаардлагатай... Иргэн ............................. регистрийн дугаартай М.О нь химийн хорт болон аюултай бодис ашиглахаар Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрөл аваагүй болно...” гэх мэдүүлэг (хх-ийн 39-41-р хуудас),

-Гэрч А.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Давсны хүчил /HCL/ гэж бодисын талаар сайн мэднэ, энэ бодис нь химийн хорт аюултай бодисын жагсаалтад багтсан хортой бодис юм, бодисуудыг хор аюулын зэрэглэлээр ангилдаг бөгөөд нэгдүгээр ангилал буюу хамгийн хортой ангилалд давсны хүчил багтдаг юм. Хор хөнөөлийн хувьд амьсгал боогдуулна, амьсгалын систем, зам гэмтээх, нүд цочроох, арьсанд хүрсэн тохиолдолд шууд түлдэг хор аюултай бодис юм. Тасалгаанд ил задгай саванд байлгавал ууршиж амьсгалын зам систем гэмтээдэг... Гадуур худалдаалагдаж байгаа давсны хүчлийн хамгийн өндөр хувьтай нь 35%-тай байдаг. Үлдсэн 65% нь ус байдаг. 23.89%-ийн агуулгалтай давсны хүчил бол өндөр агуулгатайд тооцогдоно, хор аюулын хэмжээ их буюу, дээрх ярьсан шиг хор аюулыг үзүүлнэ гэсэн үг юм. Химийн хорт аюултай бодисыг их бага хэмжээнээс нь хамаарч хор аюулыг нарийн тодорхойлох боломжгүй, өөрөөр хэлбэл 30 мл хэмжээтэй давсны хүчил нь хүний арьсанд болон амьсгалын замд нөлөөлөх бүрэн боломжтой юм. Жишээлбэл: 30 мл хэмжээтэй 23.89%-ийн агуулгатай давсны хүчлийг хүн андуурч уусан тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 42-р хуудас),

-Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/392 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн шинжээч Ш.Нямдэлгэрийн “...Шинжилгээнд ирүүлсэн “улаан өнгийн тагтай шилтэй шингэн зүйл”, шар өнгийн савтай нунтаг цагаан бодис” нэртэй 2 ширхэг дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “улаан өнгийн тагтай шингэн зүйл” нэртэй дээж нь 30 мл орчим хэмжээтэй бараан өнгөтэй бохирдол ихтэй шингэн байв. Химийн шинжилгээгээр 23.8%-ийн агуулгатай давсны хүчил /HCL/ болохыг тогтоов. “Шар өнгийн савтай нунтаг цагаан бодис” нэртэй 10 грамм орчим хэмжээтэй цагаан нунтаг нь натрийн тетраборат /Na2B4O7 10H2O/ буюу бура болохыг нил улаан туяаны спектрометр /FTIR/-ийн аргаар тодорхойлов. Давсны хүчил нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 485 дугаарт багтсан. Давсны хүчлийг металл цэвэршүүлэх, бордоо, будагч бодис, нэхмэлийн үйлдвэрт өргөн хэрэглэдэг. Мөн винил хлорид, дихлорэтан зэрэг органик бодисын үйлдвэрлэлд хэрэглэдэг. Алтыг ялгаж цэвэршүүлэх, өнгөлөхөд ашиглана. Натрийн тетраборат нь Монгол Улсын Химийн хорт аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын талаарх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад одоогоор манай улсын ангилалд хамруулсан 3155 бодисын жагсаалтад батлагдсан байдаг. Натрийн тетраборат  энэ жагсаалтад багтаагүй ч олон улсын химийн хор аюулын ангиллаар нүд цочроох 2-р ангиллын /H319/, нөхөн үржихүйд хортой 1В ангилал /Н360FD/-д хамаарна. Металл хайлуулж цэвэршүүлэхэд хэрэглэнэ. Хортон шавжийн устгалд хэрэглэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “улаан өнгийн тагтай шилтэй зүйл” нэртэй дээж ойролцоогоор 30 мл байв. Уг бодис бохирдол ихтэй, шаардлага хангах бодис биш тул цаашид ашиглах боломжгүй. “Шар өнгийн савтай нунтаг цагаан бодис” нэртэй дээж 10 грамм орчим байв. Уг бодис бохирлогдоогүй цэвэр байсан тул ашиглах боломжтой. Хор аюулын лавлахын мэдээллээр давсны хүчлийн уур, манан нь нүд арьсанд түлэгдэлт үүсгэн амьсгалын замын эрхтэнг гэмтээнэ. Нүдэнд эдгэшгүй гэмтэл үүсгэнэ. Амьсгалах, залгихад үхэлд хүргэж болзошгүй. Олон удаагийн давталт, удаан хугацааны өртөлтөөр эд эрхтэнд гэмтэл учруулна. Усны хүчиллэг байдалд нөлөөлж усан орчны организмд хортой нөлөө үзүүлнэ. Хөрс руу асгарсан тохиолдолд хөрсний гадаргуугаас их хэмжээгээр ууршина. Натрийн тетраборат нь нүдэнд ноцтой цочрол үүсгэнэ. Нөхөн үржихүйд хортой. Эхийн хэвлийн дэх ургийг гэмтээх аюултай. Өндөр шүлтлэг чанартай тус усан орчинд хортой. Давсны хүчлийг агааржуулалт сайтай, хуурай металл бус доторлогоотой агуулахад сайтар таглаж хадгална. Зөвхөн анхны саванд нь хадгална. Шатамхай бус идэмхий аюултай бодис. Ажиллахдаа хамгаалалтын бээлий хувцас, амьсгалын замын хамгаалалт хэрэглэнэ. Харьцсаны дараа гар, нүүр, ил гарсан хэсгүүдийг сайтар угаана...” гэх шинжээчийн дүгнэлт, лабораторийн шинжилгээний дүн (хх-ийн 48-54-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нь “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч М.М.Оод холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Онь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “У” худалдааны төвийн 2 дугаар хаалганд байрлах алт, мөнгөний дарханы  үйл ажиллагаа явуулдаг ажлын байрандаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 485 дугаарт багтсан 30 миллиграмм хэмжээтэй Давсны хүчил /HCL/-ийг хууль бусаар хадгалсан болох нь: хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 11-18-р хуудас), эд мөрийн баримтаар тооцох тухай 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоол (хх-ийн 23-р хуудас), мөрдөн шалгах ажиллагаа хүчинтэйд тооцох тухай 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 535 дугаартай прокурорын тогтоол (хх-ийн 21-22-р хуудас), Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06/6031 дугаартай албан бичиг (хх-ийн 27-р хуудас), гэрч С.Эын мэдүүлэг (хх-ийн 32-33-р хуудас), гэрч Ц.Бын мэдүүлэг (хх-ийн 39-41-р хуудас), гэрч А.Дын мэдүүлэг (хх-ийн 42-р хуудас), Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/392 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн шинжээч Ш.Нямдэлгэрийн шинжээчийн дүгнэлт, лабораторийн шинжилгээний дүн (хх-ийн 48-54-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад "химийн хорт бодис" гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг, 3.1.2 дахь заалтад "химийн аюултай бодис" гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг ойлгоно” гэжээ.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлд Химийн хорт болон аюултай бодисын ангиллын талаар заасан ба 4.1 хэсэгт “Химийн бодисыг шинж чанар болон хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөллөөр нь: 4.1.1 дэх заалтад “хортой”, 4.1.2 дахь заалтад зааснаар “аюултай” гэж тус тус ангилдаг. Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална, 5 дугаар зүйл 5.1 дэх хэсэгт “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.14-т заасан тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь холбогдох хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг дагаж мөрдөнө.” гэж тус тус заасан байна.

М.М.Оын хууль бусаар ашиглаж, хадгалж байсан Давсны хүчил гэх бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисыг ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан талаарх улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй ба үүнийг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч М.Онь “Давсны хүчил” гэх нэршилтэй химийн хорт бодисыг хууль бусаар хадгалсан үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд түүний үйлдлийг  прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Оыг Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Энэ хэргийн улмаас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Хоёр. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг,

шүүгдэгч М.Онь “Гэр бүлийн хүн бид 2 хамт У үйлчилгээний төвд ажилладаг. Манай эхнэр оёдлын үйл ажиллагаа явуулж би алт мөнгөний дарханы үйл ажиллагаа явуулдаг. У үйлчилгээний төвийн цахилгаан, халаалт зэргийг тасалж үйл ажиллагаа явуулах боломжгүй болж эхнэр бид хоёр хоёулаа ажилгүй болсон тул өндөр торгуулийн ял төлөх чадваргүй байна. Иймд ял шийтгэлээс чөлөөлж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүхээс М.М.Оыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан М.М.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу өмнө 20 жилийн турш дарханы үйл ажиллагааг хуулийн хориглолт, саадгүй хэвийн явуулж байсан байдал, үүний улмаас хүн, хуулийн этгээдэд эрүүл мэндийн болон бусад хохирол, хор уршиг учраагүй шинж чанар, төрийн байгууллагын шийдвэрээс шалтгаалан гэр бүлээрээ ажлын байргүй болж санхүүгийн байдал эрс муудсан зэрэг хувийн байдлуудыг нь тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс хамгийн хөнгөн ялыг сонгож 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал” зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Гурав. Бусад асуудлын талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа улаан өнгийн тагтай шилтэй шингэн зүйл болон шар өнгийн савтай нунтаг цагаан өнгийн зүйлс зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Экологийн цагдаагийн албанд даалгаж, шүүгдэгч М.Онь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.Оыг 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.Оод оногдуулсан 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа улаан өнгийн тагтай шилтэй шингэн зүйл болон шар өнгийн савтай нунтаг цагаан өнгийн зүйлс зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Экологийн цагдаагийн албанд даалгасугай.

5. Шүүгдэгч М.Онь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М.Оод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                        Г.УУГАНБААТАР