| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0185/З |
| Дугаар | 221/МА2026/0505 |
| Огноо | 2026-07-22 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2026/0505
С ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа
Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л
Нэхэмжлэгч: С ХХК
Хариуцагч: Гаалийн ерөнхий газар
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийнн гаалийн улсын байцаагч Ц.Д, Т.Х
Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн улсын байцаагч нарын 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03-21311003-25-I05510 болон 03-2131003-25I05511 мэдүүлгийн дугаар бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулсан шийдвэрийн илүү ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах, уг шийдвэрийн улмаас илүү ногдуулсан татвар болох 9,284,276.50 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах” тухай
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б
Хариуцагч Ц.Д
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2026/0185/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК-иас анх Гаалийн улсын байцаагч Ц.Д, Т.Х нарын 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03-21311003-25-I05510 болон 03-2131003-25I05511 мэдүүлгийн дугаар бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, уг шийдвэрийн улмаас илүү ногдуулсан татварыг буцаан гаргуулахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Гаалийн улсын байцаагч нарын 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03-21311003-25-I05510 болон 03-2131003-25I05511 мэдүүлгийн дугаар бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулсан шийдвэрийн илүү ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах, уг шийдвэрийн улмаас илүү ногдуулсан татвар болох 9,284,276.50 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах гэж өөрчилсөн.
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2026/0439 дүгээр шийдвэрээр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.3, Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Сутайн буянт ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч Ц.Д, Т.Х нарын 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн мэдүүлгийн 03-21311003-25-I05510 болон 03-2131003-25I05511 дугаар бүхий бараанд татвар ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн мэдүүлсэн барааны гаалийн үнийг хэлцлийн үнийн аргаар тодорхойлж, илүү ногдуулсан гаалийн болон бусад татварыг тооцож, асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.
3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-ийн давж заалдах гомдлын агуулга:
С ХХК нь 03-2131003-25-I05510, 03-2131003-25-I05511 дугаартай гаалийн мэдүүлгээр Daewoo BS106 загварын автобус /2017 онд үйлдвэрлэгдсэн, 8702.10.90 барааны ангиллын кодтой, хөдөлгүүрийн дугаар KL5UM52BDHU010264, KL5UM52BDHU010199, цагаан алаг өнгөтэй, хөдөлгүүрийн багтаамж 8900сс, дизель хөдөлгүүртэй, 32+1 сандалтай, нийтийн тээврийн зориулалттай, 2 хаалгатай/-ыг 2 ширхгийг гаалийн байгууллагад мэдүүлсэн.
Гаалийн байгууллагын бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч нь мэдүүлсэн барааны дагалдах бичиг баримтын шалгалт хийхдээ Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Олон улсын гэрээ, конвенци, Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр, ГЕГ-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/82 тушаалаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар", 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/30 дугаар тушаалаар батлагдсан "Импортын барааны гаалийн үнийг шалгах, гаалийн үнийг тодорхойлох заавар"-ыг үндэслэн гаалийн үнийн хяналтыг хэрэгжүүлсэн.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д "Гаалийн үнийг тодорхойлох арга болон гаалийн үнийг мэдүүлэгч үнэн зөв, бодитой тодорхойлсон эсэхийг гаалийн байгууллага шалгаж, шийдвэр гаргана" гэж заасны дагуу мэдүүлсэн барааг дагалдах бичиг баримттай тулган шалгасан.
Гэтэл тухайн аж ахуй нэгжийн 03-2131003-25-105510, 03-2131003-25-105511 мэдүүлгийн дагалдах бичиг баримт дахь гадаад худалдааны гэрээний 4 дүгээрт барааны ачих боомтыг "Инчеон боомт, бусад гадаад худалдааны бичиг баримтад "Пёонгтаек боомт" гэсэн зөрүүтэй, мөн гэрээний 8 дугаарт 2 автобусны нийт төлбөр 22 000 000 вон, гэрээний 6 дугаарт эхний 50 хувийн төлбөрийг гэрээнд гарын үсэг зурсаны дараа, 2 дахь үлдсэн 50 хувийн төлбөрийг тээвэрлэлтийн баримт бичгийг хүлээн авсны дараа төлнө гэж заасан боловч 22 000 000 воны төлбөрийг нэг удаа төлсөн баримт хавсаргасан байдаг. Мөн бодит байдал дээр KL5UM52BDHU010199, KL5UM52BDHU010264 гэсэн арал дугаартай 2 автобус импортлосон мөртлөө гадаад худалдааны гэрээний 8-д KL5UM52BDHU010199, KL5UM52BDHU0101995 гэсэн арлын дугаарууд бичигдсэн байгаа нь дагалдах бичиг баримтын мэдээлэл илт зөрүүтэй гэдэг нь харагдаж байна.
Гаалийн татвар, гаалийн тарифын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-т гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан бол Гаалийн байгууллага нь гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргaap тодорхойлж болно гэж заасны дагуу импортлогчийн үнээс өөр аргаар тодорхойлсон. Өөрөөр хэлбэл импортлогчийн хэлцлийн үнээр үнэлэх хууль эрх зүйн үндэслэлгүй тул Гаалийн татвар, гаалийн тарифын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2.2.4 зүйлийг үндэслэн тухайн барааг интернетээр нийтэд зориулан тараасан экспортын үнээр харьцуулан гаалийн үнийг тодорхойлсон.
Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т "Гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх" 63.1.3-т "Гаалийн болон бусад татварын ногдуулалт зөв эсэх"-ийг гаалийн байцаагч шалгана гэж тус тус заасан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4.4 дэх хэсэгт "хуулийн дээрх зохицуулалтуудаас үзэхэд, импортын барааны гаалийн үнийг тодорхойлох үндсэн арга нь хэлцлийн үнийн арга бөгөөд энэ нь хилийн чанадаас худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнийг ойлгоно, гаалийн үнэ тодорхойлоход ашиглах мэдээлэл үнэн зөв, баримтаар нотлогдсон байна, нотлогдоогүй бол хэлцлийн үнийн аргыг хэрэглэхгүй байхаар тодорхой зохицуулсан байна" гэж дүгнэсэн нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна.
Мөн түүнчлэн шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4.7 дахь хэсэгт "... Гэвч эдгээр үндэслэлүүд нь хариуцагчаас тухайн барааны гаалийн үнийг тодорхойлох үндсэн арга болох хэлцлийн үнийн аргыг хэрэглэхээс татгалзах үндэслэл биш байна" гэж дүгнэсэн буруу. Учир нь нэхэмжлэгчийн гаалийн бүрдүүлэлтийн хийхдээ хавсаргасан баримт нь зөрүүтэй байдаг. Зөрүүтэй тохиолдолд Гаалийн татвар, гаалийн тарифын тухай хуулийн 8.3.1-д гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан бол Гаалийн байгууллага нь гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж болно гэсэн заалтын дагуу импортлогчийн үнээс өөр аргаар тодорхойлсон.
Өөрөөр хэлбэл импортлогчийн хэлцлийн үнээр үнэлэх хууль эрхзүйн үндэслэлгүй тул Гаалийн татвар, гаалийн тарифын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2.2.4-д заасныг үндэслэн тухайн барааг интернэтээр нийтэд зориулан тараасан экспортын үнээр харьцуулан гаалийн үнийг тодорхойлдог.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4.18-д "Гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх нь гаалийн үнийг тодорхойлоход чухал ач холбогдолтой байдаг. Гэхдээ мэдээлэл зөрүүтэй байдал нь аливаа байдлаар гаалийн үнийг тодорхойлоход нөлөөлөхгүй тохиолдолд энэ нь гаалийн үнийг тодорхойлох аргыг өөрчлөх үндэслэл болохгүй бөгөөд дээрх нөхцөл нь хуулийн энэхүү үндэслэлд хамааралгүй" гэж дүгнэж байгаа хуульд нийцээгүй дүгнэлт гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2026/0439 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч С ХХК-иас анх Гаалийн улсын байцаагч Ц.Д, Т.Х нарын 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03-21311003-25-I05510 болон 03-2131003-25I05511 мэдүүлгийн дугаар бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, уг шийдвэрийн улмаас илүү ногдуулсан татварыг буцаан гаргуулахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Гаалийн улсын байцаагч нарын 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03-21311003-25-I05510 болон 03-2131003-25I05511 мэдүүлгийн дугаар бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулсан шийдвэрийн илүү ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах, уг шийдвэрийн улмаас илүү ногдуулсан татвар болох 9,284,276.50 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах” гэж өөрчилсөн.
3. Хэргийн үйл баримтын тухайд,
3.1. Нэхэмжлэгч С ХХК нь Бүгд Найрамдах Солонгос улсын Юнекс трейдинг ХХК-тай 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан UX-UZ-10 тоот худалдах, худалдан авах гэрээгээр DAEWOO үйлдвэрийн BS106 маркийн 2017 онд үйлдвэрлэгдсэн 2 ширхэг автобусыг тус бүр 11,000,000 вон нийт 22,000,000 вон байхаар, харин төлбөрийн нөхцөлийг гэрээнд гарын үсэг зурсны дараа 50 хувь, хоёр дахь төлбөрийг тээвэрлэлтийн баримт бичгүүдийг хүлээн авсны дараа 50 хувийг төлөхөөр тохиролцсон.
3.2. Ингээд Замын-Үүд дэх гаалиар 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03-21311003-25-I05510 болон 03-2131003-25I05511 дугаар мэдүүлгээр тус тус 2 ширхэг автобусыг барааны бүрдүүлэлт хийж, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн нэхэмжлэх, тээвэрлэлтийн зардал тушаасан төлбөрийн баримт, тээврийн хэрэгслийн дагалдах баримт бичгүүдийг хавсарган гаальд мэдүүлсэн.
3.3. Уг мэдүүлгийг хянасан Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн гаалийн улсын байцаагч нараас гаалийн үнийг тодорхойлоход хавсаргасан баримт бичигт тусгасан мэдээлэл зөрсөн гэж үзэж, хэлцлийн үнийн аргаар бус уялдуулан хэрэглэх аргыг ашиглаж, тус бүр 1 ширхэг автобусанд 11,849,305.35 төгрөгийн татвар ногдуулсан байна.
3.4. Нэхэмжлэгч Сутайбуянт ХХК-иас гаалийн улсын байцаагч нарын дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Улаанбаатар хотын Гаалийн газар, Гаалийн ерөнхий газрын харьяа Барааны ангилал, үнэ үнэлгээний хэлтэст тус тус гомдол гаргасан байх бөгөөд Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн цахим төвийн даргаас 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/877 дугаар шийдвэрээр “...Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8.3.1 дэх хэсэгт заасны дагуу хэлцлийн үнийн аргаас татгалзсан гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээж, харин барааны онцлог шинжтэй нийцүүлэн гаалийн үнийг дахин хянах...”-аар шийдвэрлэсэн.
3.5. Тус шийдвэрийн дагуу гаалийн улсын байцаагч нараас 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр барааг дахин үнэлж, нэг автобусанд гаалийн болон бусад татварт нийт 10,741,085.89 төгрөгийг ногдуулахаар шийдвэрлэсэн.
4. Гаалийн улсын байцаагч нарын 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03-21311003-25-I05510 болон 03-2131003-25I05511 мэдүүлгийн дугаар бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулсан шийдвэрийн илүү ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,
4.1. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Гаалийн үнийг тодорхойлох арга болон гаалийн үнийг мэдүүлэгч үнэн зөв, бодитой тодорхойлсон эсэхийг гаалийн байгууллага шалгаж, шийдвэр гаргана”, 8.3-д “Гаалийн байгууллага нь дараахь тохиолдолд бодит мэдээллийг үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж болно” гээд 8.3.1-д “гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан бол”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Импортын барааны гаалийн үнийг тодорхойлоход дараахь аргуудыг дор дурдсан дарааллын дагуу хэрэглэнэ”, 9.1.1-д “хэлцлийн үнийн арга”, 9.1.6-д “уялдуулан хэрэглэх үнийн арга”, 10 дугаар зүйлийн 10.1-д “хэлцлийн үнийн аргыг импортын барааны гаалийн үнийг тодорхойлох үндсэн арга гэж үзнэ”, 10.2-т “Хилийн чанадаас худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнийг импортын барааны хэлцлийн үнэ гэнэ” гэж тус тус заажээ.
4.2. Дээрхээс үзэхэд гаалийн байгууллага нь гаалийн үнийг мэдүүлэгч үнэн зөв, бодитой тодорхойлсон эсэхийг шалгаж, шийдвэр гаргах эрх хэмжээтэй бөгөөд мэдүүлэгч гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримтаа баталгаажуулаагүй, тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт хангалтгүй байвал импортын барааны гаалийн үнийг тодорхойлох үндсэн арга нь хэлцлийн үнийн аргаар бус гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлохоор тусгасан.
4.3. Мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д “Дараахь тохиолдолд хэлцлийн үнийн аргыг хэрэглэхийг хориглоно” гээд 6 тохиолдолд хэлцлийн үнийн аргыг хэрэглэхийг хориглохоор зааснаас гадна Гаалийн ерөнхий газрын даргын 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/30 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Импортын барааны гаалийн үнийг шалгах, гаалийн үнийг тодорхойлох заавар”-ын 2.1-т “Мэдүүлэгчийн тодорхойлсон гаалийн үнийг шалгахад Гаалийн тухай хуулийн 35, 60 дугаар зүйлд заасан гаалийн үнийг тодорхойлоход ашигласан баримт бичгийг үндэслэнэ”, 3.3.3-т “...импортын барааны гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримтыг дараах байдлаар шалгана”, 3.3.3.1-д “импортын барааны гаалийн үнийг тодорхойлоход шаардлагатай бичиг баримт бүрдсэн эсэх”, 3.3.3.2-т “бичиг баримтуудын огноо, баталгаажуулалт (гарын үсэг, тамга тэмдэг гэх мэт) хүчин төгөлдөр эсэх”, 3.3.3.3-т “тухайн бичиг баримтыг хэн, хэзээ, ямар зорилгоор үйлддэг болох, ямар мэдээллүүдийг агуулсан байх ёстой зэргийг анхаарах”, 3.3.3.4-т “бичиг баримт тус бүрийн үйлчлэл, форматыг анхаарах”, 3.3.3.5-д “зөвхөн тухайн бичиг баримтлан дээрх мэдээллийг өөр хооронд нь харьцуулж уялдуулан шалгах”, 3.3.3.6-т “гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бүх бичиг баримт дээрх мэдээллийг хооронд нь уялдуулан шалгах”, 3.3.4-т “мэдүүлсэн үнийг тухайн импортын бараанд төлсөн бодит төлбөртэй уялдуулан шалгана. Төлсөн болон төлбөл зохих үнийн дүн, төлбөр төлсөн огноо, төлбөрийн нөхцөл, арга тухайн төлбөрийг хэнд төлсөн зэргийг анхаарна” гэж нарийвчлан зохицуулсан.
4.4. Дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагчаас С ХХК-ийн мэдүүлсэн барааг дагалдах бичиг баримттай тулган шалгаад гадаад худалдааны гэрээний 4 дүгээрт барааны ачих боомтын нэр зөрүүтэй, 2 автобусны нийт төлбөр 22,000,000.00 воныг 50, 50 хувиар 2 удаа төлөхөөр гэрээнд заасан ч 22,000,000.00 воны төлбөрийг нэг удаа төлсөн гэж маргасан нь тухайн барааны гаалийн үнийг тодорхойлох өөр аргыг хэрэглэх үндэслэлд хамаарахгүй байна.
4.5. Тодруулбал, нэхэмжлэгч С ХХК болон БНСУ-ын Юнекс трейдинг ХХК нарын хооронд байгуулагдсан 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн UX-UZ-10 тоот худалдах, худалдан авах гэрээнд зааснаар төлбөрийн нөхцөлийг 11,000,000.00 воныг 2 удаа төлөхөөр тохиролцсон ч нэхэмжлэгч төлбөрийг 1 удаагийн төлөлтөөр 100 хувь төлснөөр гэрээний үнийн талаарх мэдээлэл өөрчлөгдсөн, зөрүүтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
4.6. Түүнчлэн, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д “Энэ хуулийн 10.1-д заасан аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо хэлцлийн үнэд ороогүй, эсхүл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдах тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдаа, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан дараахь зардлыг нэмж тооцно”, 10.3.1-д “тухайн барааг Монгол Улсын хилийн өртөө хүртэл тээвэрлэхтэй холбогдон гарсан дараахь зардал”, 10.3.1.1-д “тээврийн зардал, тээврийн болон экспортын бичиг баримт бүрдүүлэхэд гарсан зардал, тээврийн хэрэгсэл болон чингэлэг ашиглалтын хөлс, түрээсийн төлбөр”, 10.3.1.2-т “тээвэрлэлтийн үед барааг ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачих болон арчлан хамгаалахад гарсан зардал”, 10.3.1.3-д “даатгалын хураамж” гэж тус тус заасан.
4.7. Худалдах, худалдан авах гэрээнд заасан FOB (Free on Board) буюу нэрлэсэн нийлүүлэх боомтын нэрийг оруулах нөхцөл нь Олон Улсын гадаад худалдааны ИНКОТЕРМС-2020-д тусгагдсанаар гэрээгээр урьдчилан тохиролцсоны дагуу худалдагч талын нэрлэсэн ачаалах боомт дээрээс худалдан авагч талын нэрлэсэн хөлөг онгоцны тавцан дээр барааг байрлуулснаар тухайн барааны алдагдал, гэмтлийн эрсдэл худалдагчаас худалдан авагчид шилжих ба тэр цэгээс хойших бүх зардлыг худалдан авагч хариуцахаар байна.
4.8. Дээрх FOB нөхцөлийн дагуу худалдагч болох БНСУ-ын Юнекс трейдинг ХХК нь барааг ачуулах боомт хүртэлх зардлыг хариуцахаар, барааг хөлөг онгоцны тавцан дээр байрлуулснаас хойших зардлыг худалдан авагч тал болох нэхэмжлэгч С ХХК хариуцахаар тохиролцсон.
4.9. Хэрэгт авагдсан баримтаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны тээвэрлэлтийн зардалд автобус тус бүр нь 3600 ам.доллар, нийт зардал 7200 ам.доллар байхаар тохиролцсон байх бөгөөд худалдах, худалдан авах гэрээнд талууд хүргэлтийн нөхцөлийг FOB гэж тохиролцон, гарах боомтыг “Инчеон боомт” гэсэн боловч дагалдах баримт бичигт барааг “Пёонгтаек боомт”-оор тээвэрлэсэн зөрүүтэй байгаа нь нэхэмжлэгчийн мэдүүлсэн барааг хэлцлийн үнийн аргаас өөр аргаар тодорхойлох үндэслэлд хамаарахгүй.
4.10. Энэ талаар анхан шатны шүүхийн “…гаалийн хилээр нэвтрүүлэх барааны тээвэрлэлтийн зардал автобус тус бүр нь 3600 ам.доллар, нийт зардал 7200 ам.доллар болох талаар хэргийн оролцогч хэн аль нь маргаагүй төдийгүй хариуцагч улсын байцаагчаас ...бараа ачих боомт нь тээвэрлэлтийн зардалд нөлөөлөх боловч энэ тохиолдолд хоёр ойрхон боомт байгаа учраас тээвэрлэлтийн зардалд нөлөөлөхгүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан зэргээс үзвэл дээрх нөхцөл байдал нь гаалийн үнийг хэлцлийн аргаар тодорхойлохоос татгалзах үндэслэл болохооргүй байна…” гэх дүгнэлт үндэслэлтэй.
4.11. Мөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “...бодит байдал дээр KL5UM52BDHU010199, KL5U52BDHU010264 гэсэн арал дугаартай 2 автобус импортолсон мөртөө гадаад худалдааны гэрээний 8-д KL5UM52BDHU010199, KL5UM52BDHU0101995 гэсэн арлын дугаарууд бичигдсэн байгаа нь дагалдах бичиг баримтын мэдээлэл илт зөрүүтэй гэдэг нь харагдаж байна...” гэж дурдсан боловч хариуцагч нараас гаалийн үнийг тодорхойлсон үндэслэлд тусгагдаагүй тул дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
4.12. Иймд гаалийн улсын байцаагч нарын 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03-21311003-25-I05510, 03-2131003-25I05511 мэдүүлгийн дугаар бүхий барааны гаалийн үнийг уялдуулах аргаар тодорхойлсон шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
5. Гаалийн улсын байцаагч нарын шийдвэрийн улмаас илүү ногдуулсан татвар болох 9,284,276.50 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,
5.1. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Гаалийн байгууллага илүү төлөгдсөн гаалийн болон бусад татварыг дараахь тохиолдолд буцаан олгоно”, 43.2.3-т “гаалийн болон бусад татварыг илүү төлсөн, эсхүл илүү ногдуулсан бусад тохиолдолд”, Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Татвар төлөгч дараахь эрх эдэлнэ”, 17.1.4-т “илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах...” гэж тус тус заасан.
5.2. Хариуцагч гаалийн улсын байцаагч нараас гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж, нэхэмжлэгч 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 03-21311003-25-I05510, 03-2131003-25I05511 дугаар мэдүүлгүүдээр мэдүүлсэн бараанд тус бүр 10,734,085.89 төгрөгийн гаалийн татвар ногдуулсныг нэхэмжлэгч талаас төлсөн ч уг гаалийн татвар ногдуулсан арга нь буруу байх тул уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид илүү ногдуулсан гаалийн болон бусад татварыг буцаан олгох үндэслэлтэй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2026/0439 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН