Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 13

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Я.Бямбаад холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201601070287 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                                Ц.Баясай

 Улсын яллагч                                                                Б.Алтанцэцэг

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                         Г.Нямдаш

 Сэтгэлзүйч                                                               Т.Дариймаа            

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                                          Д.Цэнд-Аюуш

 Шүүгдэгч                                                                  Я.Бямбаа нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1975 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Багануур дүүргийн 2 дугаар хороо, Уурхайчдын 12 тоот хашаанд оршин суух, ял шийлтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бүрэн тайж овгийн Ядамсүрэнгийн Бямбаа/РД:УГ75110113/

           Шүүгдэгч Я.Бямбаа нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Уурхайчдын 12 тоот хашаанд өөрийн гэртээ 3 настай Х.Мөнхтогтохыг үгэнд орсонгүй гэсэн шалтгаанаар алгадаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Я.Бямбаа хэрэг бүртгэлтийн шатанд “...Манай төрсөн эгч Хэрлэн нас бараад түүний хүү 3 настай Мөнхтогтох нь манай ээж, дүү хоёр дээр амьдрах болсон. Манай ээж өвдөөд эмнэлэгт хэвтээд, Мөнхтогтохыг харж байсан Нямдаш 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хот явах ажилтай болоод дүү Мөнхтогтохыг харах хүнгүй болсон учир надад хэлсэн. Би тэр орой цэцэрлэгээс нь Мөнхтогтохыг аваад Багануур дүүргийн 2 дугаар хороо Уурхайчдын 12 тоот хашаанд байрлах манай гэрт ирсэн. Би гэртээ ганцаараа байдаг учир Мөнхтогтохыг даарч магадгүй гээд маш их гал түлсэн. Тэгээд орой Мөнхтогтохыг орон дээр унтуулаад сууж байх үед гэрийн тог тасарсан. Тэгэхээр нь би гараад хажуу талын айлаас тог яасан талаар асуучихаад буцаад ороод иртэл Мөнхтогтох орон дээрээ ганцаараа уйлаад сууж байсан. Бас хамраас нь цус гарсан байсан. Тэгэхээр нь халуудсан байх тэгж байгаад орноос унасан байх гэж бодсон. Тэгээд Мөнхтогтохын цусыг арчиж тайвшруулж унтуулах гэхэд унтахгүй босч гүйгээд байсан. Гэрт тог байхгүй тас харанхуй байхад Мөнхтогтох орноос бууж ирээд халуун гал руу орчих гээд байсан. Мөнхтогтох хараа муутай болохоор түлэгдэх аюултай байсан. Галаас хол бай орондоо ор, унт гэж маш олон хэлсэн боловч орноос бууж ирээд гал руу орох гээд байхаар нь би айлгах гэж чанга дуугаар дугарсан боловч тоохгүй гал руу гүйж ирээд байсан. Тэгэхээр нь тэвэрч аваад орон дээр нь хэвтүүлээд галын хажууд сууж байтал Мөнхтогтох орноос бууж ирээд гал руу гүйгээд яг орох гэж байхаар нь хойшоо бол түлэгдэж үхлээ гээд баруун гараараа айлгах гэж маш зөөлхөн алгадсан. Тэгээд Мөнхтогтохыг аваад хамт орондоо орж амарсан. Өглөө ямар нэгэн хөхөрч хавдсан зүйлгүй байсан. Тэгээд цэцэрлэгт нь хүргэж өгсөн. Мөнхтогтох тог тасрах үед унаж гэмтсэн байж магадгүй. Гэхдээ би бас түүнийг алгадсан учир энэ гэмтэл учирсан байх боломжтой. Би буруугаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйж учраа олсон. Манай гэрийн зүгээс болон Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн төвөөс ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн. Би хоёр хүүхэд өсгөж байсан учир хүүхдэд хатуу чанга хандаж чаддаггүй. Мөнхтогтох хараа муутай учир харанхуй байхад гал руу орчих байх гэж айгаад хашраах гэж түүнийг алгадсан. Энэ миний буруу...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Я.Бямбаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…намайг Мөнхтогтохыг 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр цэцэрлэгээс нь очиж авахад нүүр ам нь зүгээр байсан. Тэгээд Мөнхтогтохтой хамт хоёулаа хоночихоод маргааш өглөө нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний 9 цаг 30 минутын үед цэцэрлэгт нь аваачиж өгсөн. Байцаагч намайг та цохьсон гээд хэлчих гэсэн, алгадсанаар нь хэргээ хүлээе гэж тохирсон, одоо бид эвлэрсэн Эвлэрлийг сайн дураараа би өөрөө хийсэн, ямар нэг дарамт шахалтгүй хийсэн…” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нямдашийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Манай дүү Х.Мөнхтогтох нь 3 настай хүүхэд учир байцаалт, мэдүүлэг өгч чадахгүй. Түүний аав байхгүй. Ээж нь саяхан нас барсан учир би түүний асран хамгаалагчаар тогтоолгох хүсэлтээ холбогдох байгууллагад нь гаргасан. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хот орж төрөл садангийн тодорхойлолт авахаар болсон учир Мөнхтогтохыг өглөө цэцэрлэгт нь хүргэж өгөөд Бямбаа ахад орой цэцэрлэгээс нь аваад гэртээ хамт хоночихоорой гэж хэлээд явсан. Орой Бямбаа ахтай утсаар ярьхад Мөнхтогтохыг цэцэрлэгээс нь аваад хамт унтах гээд байж байна гэсэн. Би өнөөдөр очиж амжихгүй өглөө цэцэрлэгт нь хүргэж өгөөрэй гэсэн. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр утсаар Бямбаа ах залгаж Мөнхтогтохыг орой аваарай. Манай адуу алга болсон байна. Би адуунд явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь манай хажуу хашааны Оюунтуяа эгч рүү утсаар залгаж Мөнхтогтохыг аваарай би очино гэж хэлсэн. Улаанбаатар хотоос гараад Багануур руу явж байхад хорооны цагдаа байна. Танай дүү Мөнхтогтохын хацар нь хөхөрсөн байна. Бямбаа ах чинь зодсон болов уу гэсэн. Тэгэхээр нь би очиж явна очоод яръя гэж хэлсэн. Тэгээд 18 цагийн үед гэртээ ирээд хартал Сайн-Очир, Оюунтуяа эгч, Мөнхтогтох байж байсан. Мөнхтогтохын зүүн талын хацар нь улайж хөхөрсөн харагдаж байсан. Тэгээд би дүүгээ аваад гэртээ орсон. Хүүхэд Гэр, бүлийн хөгжлийн төвийн сэтгэл зүйч Т.Дариймаа эгчтэй Мөнхтогтохыг уулзуулж бид гурав хамт ярилцсан. Дариймаа эгч миний дүүгийн хацар яасан юм, яагаад ёо ёо болсон юм гэхэд Бямбаа цохисон гэж хэлж байсан. Мөнхтогтох Бямбаа ахыг Бямбаа гэж дууддаг. Гэхдээ Мөнхтогтохын бие нь одоо сайн байгаа цэцэрлэгтээ явж байгаа. Бямбаа ах уучлалт гуйж бид нар одоо эвлэрсэн. Мөнхтогтохын бие сайн байгаа болохоор гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй…хэн нэгний дарамт шахалтгүй сайн дураараа эвлэрцгээсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр, 38 дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дариймаагийн өгсөн: “...Мөнхтогтохтой ярилцаж байх явцад “хэн миний дүүг цохьсон бэ” гэхэд “Бамбаа ах намайг цохьсон” гэж хэлсэн, мөн ахыг нь байлцуулалгүйгээр хүүхэдтэй ярилцаад “миний дүү ширээ мөргөсөн үү, юманд цохьсон уу” гэж асуухаар “Бамбаа ах намайг үгэнд ороогүй гээд цохьсон” гэж байсан. Эхлээд манай өрөөнд орж ирэхэд ахаасаа явахгүй, ярьж чадахгүй байсан, дараа нь бид хүүхдийн итгэлийг олох зорилгоор хүүхдийн дуртай зүйлийг асуух, сонирхсон зүйлийг нь асуугаад хүүхэдтэй ярилцлага хийж эхэлсэн. Хүүхэд өөрөө ярих явцдаа “ах цохьсон” гэж хэлсэн.  Асран хамгаалагч тогтоох шаардлагаар манай нийгмийн ажилтнууд Нямдаш болон хамаатан саднуудтай нь уулзсан. Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний А/05 дугаартай захирамжаар асран хамгаалагчаар Г.Нямдашийг тогтоосон байгаа…” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч С.Сэлэнгээгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Тухайн үед Мөнхтогтох их даарсан бололтой хоёр хацар нь улайсан байсан. 12 цаг 40 минутын үед Мөнхтогтохыг унтуулах гэж хувцсыг нь тайлах гэхэд түүний зүүн хацар, шанаа нь хөхөрч хавдсан байсан. Тэр өдөр Мөнхтогтох доошоо их гүйлгэж байсан. Тэгэхээр нь би Мөнхтогтохоос миний хүүгийн хацар нь яасан юм бэ, унаж гэмтээгүй биздээ гэхэд өөдөөс толгой дохиж цонх руу гараараа гадагш зааж байсан. Тэгэхээр нь би миний хүүг хүн цохиж ийм болгосон уу гэхэд Мөнхтогтох “...ах зодсон” гэж хэлсэн. Хэн гэдэг ах чинь вэ гэхэд ойлгогдохгүй нэр хэлээд араас нь ах гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн “...Х.Мөнхтогтохын биед тархины доргилт, зүүн хацар зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний болон эдгэлтээс хамаарна…” гэсэн 09шэ/414 тоот дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,

           Насанд хүрээгүй хохирогч Х.Мөнхтогтохын насыг тоолсон тухай тэмдэглэл, /хх-ийн 57 дугаар хуудас/

Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн төвийн сэтгэл зүйч Т.Дариймаагийн насанд хүрээгүй хохирогч Х.Мөнхтогтохтой хийсэн “… Хацар нь өвдөж байна уу, Хацрыг нь хэн цохисон бэ, Миний дүү ширээ мөргөсөн үү, Бямбаа ах нь цохисон уу гэхэд үгүй, Бямбаа ах цохисон, би Бямбаа ахаас айдаг, Бямбаа ах намайг үймүүлсэн гээд зодсон …” гэсэн ярилцлагын тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/

            Багануур дүүргийн Засаг даргын “…Дүүргийн 2 дугаар хорооны Уурхайчдын гудамжны 14 тоотод оршин суугч, Халх бүрэн тайж овгийн Хэрлэнгийн Хасбаатар /УГ01221812/, Хэрлэнгийн Мөнхтогтох /УГ13280836/ нарын төрсөн эх нь нас барсан тул асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр авга ах болох Бүрэн овгийн Гурванмөнхийн Нямдаш/УЮ94042414/-ийг тогтоосугай…” гэсэн асран хамгаалагч тогтоох тухай захирамж /хх-ийн 83 дугаар хуудас/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “...Я.Бямбаа ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон…” хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

            Шүүгдэгч Я.Бямбаа нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний орой Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Уурхайчдын 12 тоот хашаанд байх өөрийн гэртээ 3 настай Х.Мөнхтогтохыг үгэнд орсонгүй гэсэн шалтгаанаар алгадаж биед нь тархины доргилт, зүүн хацар зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Дээрх хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд шүүх эмнэлгийн 09шэ/414 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул уг дүгнэлт, мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Я.Бямбаа нь өөрийн үйлдэлдээ шууд санаатай хандсан болох нь түүний “…Мөнхтогтох хараа муутай учир харанхуй байхад гал руу орчих байх гэж айгаад хашраах гэж түүнийг алгадсан...” гэсэн мэдүүлэг болон насанд хүрээгүй хохирогч Х.Мөнхтогтохыг нүүрэн тус газар нь алгадаж гэмтэл учруулсан үйлдлээр нь тогтоогджээ.

Иймд Я.Бямбааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй бид эвлэрлийн гэрээ байгуулсан гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн тул хохирол төлбөр нэхэмжлээгүй гэж үзнэ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нямдаш, шүүгдэгч нарын хооронд байгуулсан эвлэрлийн “...Тус дүүргийн 2 дугаар хороо, Уурхайчны 14 тоотод оршин суугч Хэрлэн овогтой Мөнхтогтохын хууль ёсны асран хамгаалагч Гурванмөнх овогтой Нямдаш би өөрийн дүү Х.Мөнхтогтохыг зодсон гэх Я.Бямбаад гомдол саналгүй. Дүү Мөнхтогтохын биеийн байдал хэвийн сайн байна. Иймд цаашид энэ хүүхдийг ямар нэгэн эрсдэлд оруулахгүй асран хамгаалах болно. Бямбаатай эвлэрсэн учир энэ хэргийг хааж өгнө үү...” гэсэн гэрээ /хх-ийн 81 дүгээр хуудас/, сэтгэл зүйч Т.Дариймаагийн “…би Х.Мөнхтогтохыг зодсон гэх Я.Бямбаад гомдол саналгүй. Цаашид Я.Бямбаа нь хүүхдийн эрхийг хүндэтгэх, хүүхдийг зодож шийтгэхгүй байх, хүүхдийг гэр бүлийн зүгээс эрсдэлд оруулахгүй асран хамгаалах шаардлагатай байна. Иймд Бямбаатай эвлэрсэн тул хэргийг хааж өгнө үү…” гэсэн хүсэлт /хх-ийн 84 дүгээр хуудас/, мөн шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдал бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлах болон шүүхийн хэлэлцүүлгийн үед тогтоогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Иймд Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Я.Бямбааг эрүүгийн хариуцлагаас чөлөөлбөл зохино.  

  Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус

                                  удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Бүрэн тайж овгийн Ядамсүрэнгийн Бямбааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бүрэн тайж овгийн Ядамсүрэнгийн Бямбаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолоор баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Бүрэн тайж овгийн Ядамсүрэнгийн Бямбааг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
  5. Шүүгдэгч Я.Бямбаа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг мэдэгдсүгэй.
  6. Шүүгдэгч Я.Бямбаад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорохойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шүүгдэгч Я.Бямбаад урьд авсан батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.БЯМБАЖАВ