Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 159/ШШ2022/0009

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                              

Хэргийн индекс: 159/2022/0011/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Б.Мөнхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Ариунзаяа,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч Ж.Жамъянсэнгэ,

Гомдлын шаардлага: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 0090084 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Ариунзаяа, хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч Ж.Жамъянсэнгэ, гуравдагч этгээд Г.Ганбат, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Амартүвшин, гэрч Г.Ринчин-Очир  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Гомдол гаргагч Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Ариунзаяа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 0090084 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдол гаргасан.

            2. Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч Ж.Жамъянсэнгэ 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр иргэн Г.Ганбатыг Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хилээр орж ирэхдээ их хэмжээний валютыг гаальд мэдүүлэхдээ худал мэдүүлсэн. Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3-д заасан гаалийн байгууллагад худал мэдүүлсэн зөрчил гаргасан гэж үзэж 1.000.000 рублийг хураан авч, валютын үнийн дүнгийн 15 хувиар торгох шийтгэл оногдуулжээ.

3. Гомдол гаргагч Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Ариунзаяа 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ. Шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ:

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Ариунзаяа би, тус аймаг дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч Ж.Жамъяансэнгийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Г.Ганбатыг Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар торгож, хялбаршуулсан журмаар зөрчил шалгаж шийдвэрлэсэн материалыг гомдлоор хянавал: Г.Ганбат нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Оросын холбооны улсаас Монгол Улсын хилээр нэвтрэхдээ зорчигчийн гаалийн мэдүүлгийг бөглөхдөө биедээ авч явсан 1,000,000 рублийг худал мэдүүлэн нуун далдалж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 0090084 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар Г.Ганбатын биедээ авч явсан 1,000,000 рублийг хурааж, хураан авсан валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тухайн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн байх боловч тухайн зөрчил гаргагчийн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт заасан зөрчлийн субъект мөн эсэх, ямар зорилгоор Монгол Улсын хилээр мөнгө /валют/ авч явсан болох, Г.Ганбат нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан мэдээлэх эрхтэй субъект мөн эсэх,  мөн уг хуулийн 5 дугаар зүйлд заасан харилцагч мөн эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг явуулаагүй, эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй байна. Мөн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан үзлэг хийсэн тухай тэмдэглэлд гэрчээр гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч Ө.Баярсайханыг оролцуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлд заасныг зөрчсөний зэрэгцээ үзлэг хийх ажиллагаанд эд зүйлийн эзэмшигчийг оролцуулсан эсэх нь тодорхойгүй, зөрлийн материалын 11 дүгээр талд авагдсан тэмдэглэлд эзэмшигчийн гарын үсэг зурагдаагүй байна. Эрх бүхий албан тушаалтан нь шийтгэлийн хуудас бичсэнээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон байтал 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр холбогдогчоос мэдүүлэг авах ажиллагаа явуулан ямар зорилгоор мөнгө /валют/ авч явсныг тодруулах процесс ажиллагаа явуулсан нь дээрх хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь “зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгах” гэснийг тус тус зөрчсөн болох нь баримтаас харагдаж байна. Түүнчлэн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд шийтгэлийн хуудасны эх хувийг хавсаргаагүй нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолоор батлагдсан “шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам”-ын 2.5-д заасан “эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсыг 3 хувь үйлдэж, эх хувийг хавсаргаж 2 дахь хувийг холбогдогчид өгч, үлдэх хувийг энэ журмын 2.4-д заасан албан тушаалтанд өгч тооцоо хийнэ” гэснийг зөрчсөн байна. Иймд тус аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч Ж.Жамъяансэнгийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Г.Ганбатыг Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар торгож, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн 0090084 дугаартай шийтгэлийн хуудсыг /маягт-2/ хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч Ж.Жамъянсэнгэ 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйл шийтгэл оногдуулах харилцааг зохицуулсан. Тус зүйлд нөхцөл үүсгэхдээ “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон” гэж эхэлж байна. Нөхцөл байдлыг тогтоосон байх шаардлага тавигдсан гэж ойлгож байгаа. 1.3-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй” гэж тодотгож өгсөн. Үйлдлийг тогтоох шаардлага тавигдаж байгаа болохоос биш зорилго, хандлага гэх мэт субьектив нөхцөлийг тогтоох үүргийг эрх бүхий албан тушаалтан хүлээхгүй байхаар зохицуулагдсан байдаг. Харин 1.3 заалтын үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг тогтоох ёстой байсан. Энд эрх бүхий албан тушаалтны бичсэн шийтгэлийн хуудас дээр Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсгээр зүйлчилсэн Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсэгт “Гаалийн байгууллагад”

22.1 үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн

22.2 үнэн зөв мэдүүлэг гаргахаас татгалзсан

22.3 худал мэдүүлсэн гэсэн гурван үйлдлийг зааж өгсөн байх бөгөөд “худал мэдүүлсэн” гэх үйлдэл үйлдсэнийг нь тогтоосон. Өөр хууль биш харин Зөрчлийн тухай хууль гэж онцолсон байдалд анхаарна гэж ойлгож байна. Ингэхээр эрх бүхий албан тушаалтан Ж.Жамъянсэнгэ нь Зөрчлийн тухай хуульд зөрчил гэж үзсэн үйлдлийг нотолж шийтгэлийн хуудас бичсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн “Зөрчлийн хэрэг бүртгэлийг дуусгах” гэх ойлголтоор шийтгэлийн хуудас бичсэн огноо нь хэдийгээр 03 дугаар сарын 17-ны өдөр байх боловч 22-ны өдөр нэмэлт тайлбар авсан нь дээрх ойлголтыг зөрчсөн болохгүй байх. Эхний өдөр буюу шийтгэлийн хуудас бичигдсэн өдөр иргэн Г.Баярцэнгэл нь тайлбар гаргах, гарын үсэг зурахаас эрс татгалзаж, утсаар ярьж хэн нэгнээс зөвлөгөө авсны дараа “өмгөөлөгчтэй тайлбар өгнө” гэж байсан. Гэвч 22-ны өдөр  өмгөөлөгчгүй ирээд тайлбар өгснийг эрх бүхий албан тушаалтан тайлбар авахаас татгалзах үндэслэл олдохгүй болохоор тайлбар авсан. Энэ нь холбогдогчийн эрхийг хамгаалах ажиллагаа гэж ойлгож байна. Түүнээс биш байцаан шийтгэх хууль зөрчсөн процессын алдаа гэж үзэхгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйл “хөндлөнгийн гэрч” 2-д “Хөндлөнгийн гэрч тухайн зөрчлийн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна” гэсэн шаардлага тавигдсан байдаг. Хилийн боомт газарт тусгай дэглэм үйлчилсэн орчинд хөндлөнгийн ямар нэг иргэх байх боломжгүй үед үзлэгийг хийж гүйцэтгэсэн байх бөгөөд өөрийн явуулж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тухайн газарт үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчийг татан оролцуулсан нь “тухайн зөрчлийн хэрэгт хувийн сонирхолгүй” байх шаардлагыг зөрчсөн болохгүй гэж үзэж байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч  улсын байцаагч Ж.Жамъянсэнгэ иргэн Г.Ганбатын улсын хилээр орж ирэхдээ бэлэн валют болох 1.000.000 рублийг гаалийн мэдүүлэгт бичилгүй нуун далдлах арга хэрэглэн оруулсан үйлдэлд бичсэн 0090084 дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд Г.Ганбат 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

“... Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 0090084 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэрэгт гуравдагч этгээдийн зүгээс дараах тайлбарыг хүргүүлж байна. Миний бие Г.Ганбат нь 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилээр Оросын холбооны Улс руу 1.000.000 рубльтэй гарсан. Тухайн үед найман шарга зах дээр рублийн ханш унасан байсан учраас /өмнө нь Оросын холбооны Улсад амьдардаг байсан/ энэ боломжийг ашиглан хүнсний бараа бүтээгдэхүүн оруулж ирж монголд зарснаар амьдрал ахуйдаа нэмэр болно гэж бодсон. Тиймээс хамаатан садан найз нөхдөөсөө мөнгө зээлэн рубль авч хилээр гаран Оросын холбооны Улсад очиход ихэнх хүнсний бараануудад хязгаарлалт болон хориг тогтоосон байсан учраас ашиггүй болж эргээд буцахаар болсон. Ингээд 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 рубльтэйгээ Оросын холбооны Улсаас гараад Монгол Улсын хилээр орж ирэхэд дээрх рублийг мэдүүлээгүй гэсэн шалтгаанаар хурааж авсан. Гэхдээ би амаар надад рубль байгаа гэж хэлж байсан. Тухайн үед надад гаальд мэдүүлнэ гэж огт хэлээгүй харин хориотой бараа байгуу юу гэж асуухад нь би хар тамхи, архи дарс бусад хориотой бараа гэж ойлгон байхгүй гэж хэлэхэд шууд рентген хэсэг рүү түлхээд оруулсан. Миний бие олон жилийн өмнө хүнд зодуулж унаж татах, хэл яриа гацах зэрэг өвчтэй болсон ба мөнгө энэ байдлаас сэргийлж биедээ бүсэлж гарсан. Өмнө нь 2 удаа ухаан алдаж байсан болохоор Улаанбаатараас гарахдаа л мөнгөө бүсэлж гарсан байсан. Дээрхи мөнгийг би өөрт байсан эд зүйлүүдээ барьцаанд тавьж мөнгө найз болон үеэл ахаасаа зээлж явсан мөнгө юм. Одоо дээрхи хүмүүс нь өдөр болгон надаас мөнгөө нэхэж үнэхээр хэцүү байна. Тухайн үед гаалийн байцаагч надад тодорхой ойлгуулсан бол ийм зүйл болохгүй байсан. Иймд гаалийн улсын байцаагч Ж.Жамъянсэнгийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 0090084 дугаартай шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйл болох Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчсөн гэж байгаа. Энэ нь уг зөрчлийн үндсэн шинж бөгөөд 22.1-т “үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн” 22.2-т “үнэн зөв мэдүүлэг гаргахаас татгалзсан” 22.3-т “худал мэдүүлсэн” гэх нь дээрх зөрчилтэй холбоотой юм. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчихдөө дээрх гурван заалтыг давхар агуулсан байхыг шаардаж байна. Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3-т “худал мэдүүлсэн” гэж байгаа юм. Гэтэл тухайн мэдүүлэг бөглөсөн баримтаас харахад тийм, үгүй гэсэн асуумжид Г.Ганбат нь тийм, үгүй гэдгийг бөглөөгүй юм. Тийм, үгүй гэсэн асуумжийг бөглөөгүй нь худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Мөн худал мэдүүлснийг нотлох баримтад байсан гэрэл зураг, бичлэгээр нотолно гэж хариуцагч хэлж байна. Энэ нь эргэлзээтэй байна. Нотлох баримтаар шинжлэн судалсан бичлэгээс үзвэл Г.Ганбат нь цаана нэг хуудас бөглөж байгаа мэт харагддаг. Түүнд байцаагчаас гаалийн мэдүүлгийг бөглөх талаар тайлбарлаж байгаа эсэх нь тодорхойгүй, өөрийг нь наац цааш нь оруулж гаргаад байгаа зураглал харагдаж байна.

Тухайн үед болсон процессийн хугацааг харахад хүртэл тодорхой тайлбарласан зүйл харагдахгүй байна. Тэгэхээр энэ хүнд амаараа тайлбарласан, асуумж бөглүүлсэн, эрх, үүрэг тайлбарласан гэх зүйл тогтоогдохгүй байна. Хяналтын байгууллага аливаа зүйлийг тайлбарлахдаа ямар нэгэн байдлаар нотлох үүрэг хүлээдэг. Тайлбарласан гэх  бичлэг нь дуу байхгүй, тайлбарлаж байгаа нөхцөл байдал нь бичлэгээс харагдахгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлд заасан мөнгө угаах гэдэг нь өөрөө гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэж үзэхээр байна. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар терроризмыг санхүүжүүлэх гэдэг нь террорист үйл ажиллагаанд зарцуулагдсаныг мэдсээр байж зөрчил үйлдсэнийг ойлгохоор байна.

Монгол Улсын хилээр бэлэн мөнгө оруулах болон гаргахдаа зорчигч 15.000.000 төгрөгөөс дээш төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгө Монгол Улсын хилээр оруулж ирэхдээ энэ талаар гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлнэ гэж байгаа. Гэтэл Г.Ганбатыг эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Г.Ганбатыг 15.000.000 төгрөгөөс дээш хэмжээний бэлэн мөнгө авч явсныг гаалийн байгууллага яаж нотолж байгаа вэ, мөн шийтгэлийн хуудаст валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж байгаа боловч яг хэдэн төгрөгөөр торгож байгаа нь тодорхойгүй. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “... Улсын болон орон нутгийн төсөвт төлөх төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд эдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно” гэж заасан байна. Хууль хяналтын байгууллага торгох үйлдэл хийж байгаа бол мөнгөн дүнг заавал бичих ёстой. Гэтэл шийтгэлийн хуудаст валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэж бичсэн байгаа нь ойлгомжгүй, мөнгөн дүнг яаж тооцох нь тодорхойгүй байна. Мөн тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцож торгууль оногдуулах ёстой.

Хавтаст хэргийн 21 дүгээр хуудаст авагдсан тэмдэглэлээс үзвэл Г.Ганбатад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчил холбогдогчид эрх, үүргийг танилцуулах ёстой байхад Г.Баярцэнгэл гэх иргэн өмгөөлөгч авна мэдүүлэг өгөхөөс татгалзсан тухай тэмдэглэл үйлдэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх үүргийг Г.Ганбатад танилцуулаагүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан эсэх нь эргэлзээтэй, нэг ч мэдүүлэг аваагүй байна. Зөрчилд холбогдогчоос шийтгэл ногдуулсан өдрөө нэг ч мэдүүлэг аваагүй атлаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа буюу 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр холбогдогчоос мэдүүлэг авсан. Мөн мэдүүлэгт өмгөөлөгч оролцуулсан тухай тэмдэглэл байсан боловч энэ нь өмгөөлөгч бус Г.Ганбатын үеэл Г.Ринчин-Очирыг өмгөөлөгч гэж оролцуулсан нь Г.Ганбатын эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.7 дугаар зүйлд “хөндлөнгийн гэрч тухайн зөрчлийн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна” гэж заасан гэтэл эрх бүхий албан тушаалтнаас өөрийн ажил чиг үүргийн хувьд ижил буюу тухайн өдөр цуг ээлжинд ажиллаж байсан байцаагчийг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан нь хууль зөрчсөн үйлдэл байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.” мөн зүйлийн 5 дахь хэсэгт “хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж тус тус заасны дагуу шийтгэлийн хуудас болон бусад нотлох баримтууд нь тухайн зөрчлийн үйлдлийг нотолж чадахгүй байна.

Мөн шүүхэд гаргасан тайлбар нь хаанаас ямар байгууллага гаргаж байгаа нь тодорхойгүй, албан тушаалтан нь тодорхойгүй, гарын үсэг зурхаараа үсэг бичиж, товчлол хийж Ж.Жамъянсэнгэ гээд гарын үсгээ зурсан байдлыг хэрхэн ойлгох гэх мэт ойлгомжгүй асуудлууд их байгаа учир нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй байгаа тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй байна гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ахлах прокуророос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1.1, 1.4-т тус тус заасны дагуу бичсэн  2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 76 дугаар дүгнэлт үндэслэлтэй байх тул Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 00900084 дугаар шийтгэлийн хуудас[1]-ыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 00900084 дугаар шийтгэлийн хуудсаар Г.Ганбатыг Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих гээд тус зүйлийн 22.3-д зааснаар гаалийн байгууллагад худал мэдүүлсэн зөрчил гаргасан гэж үзэж 1.000.000 рублийг хурааж, валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн зорилт нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1"мөнгө угаах" гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг, мөн зүйлийн 3.1.2"терроризмыг санхүүжүүлэх" гэж террорист этгээд, террорист үйлдэл, үйл ажиллагаанд зарцуулагдахыг мэдсээр байж шууд болон шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, өөрчилсөн, шилжүүлсэн, зарцуулсныг тус тус ойлгохоор байна.

Гэтэл хариуцагч гуравдагч этгээдийн биедээ авч явсан гадаад валют нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэсэн ойлголтод хамаарч байгаа эсэхийг шалган тогтоох зорилгоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан чиг үүргийг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дутуу хэрэгжүүлжээ.

Тодруулбал, Г.Ганбатын биедээ авч явсан гадаад валют нь гэмт хэрэг үйлдэж олсон эсэх, террорист этгээд, террорист үйлдэл, үйл ажиллагаанд зарцуулагдахыг мэдсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй, энэ талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх, мөн зүйлийн 2-т заасан баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийгээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж заасныг зөрсөн гэж үзэхээр байна.

2. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11гаалийн хяналт гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлж, биелэлтийг нь хангуулах зорилгоор гаалийн байгууллагаас хэрэгжүүлэх цогц арга хэмжээг” ойлгох бөгөөд Гаалийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1-д тус тус заасны дагуу гаалийн байгууллага нь гаалийн хууль тогтоомжийг гаалийн харилцаанд оролцогчид болон нийтэд чөлөөтэй, үнэ төлбөргүй мэдээлэх үүрэгтэйгээс гадна гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх ба зөвлөгөө өгөх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батлахаар зохицуулсан байна.

Гаалын ерөнхий газрын даргын 2008 оны 735 дугаар тушаалын хавсралтаар баталсан Гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх журам-ын 2.1 “Гаалийн улсын байцаагч бүр хариуцаж буй ажил үүргийн хүрээнд зөвлөгөө өгөх үүрэгтэй.”, 2.4 “Энэ журмын 2.1-2.3-д заасан албан тушаалтнууд зөвлөгөөг хуулийн хүрээнд бодитой өгөх үүрэгтэй.”, 3.1 “Зөвлөгөөг... аман болон бичгийн хэлбэрээр өгч болно.” гэж тус тус заажээ.

Гэтэл гуравдагч этгээд нь мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэх зорилгоор бус, өөрийн найз болон үелээс тус бүр 12 сая төгрөг[2], эхнэрийн болон түүний эгчийн ээмэг, бөгжийг барьцаалан зээлдүүлэх газар тавьж 6 сая төгрөг[3] зээлж, тус мөнгөөрөө Оросын Холбооны Улсаас унаж татдаг өвчтэй тул эм болон хүнс барааг хямд үнээр авч, худалдан борлуулж ашиг олох зорилготой байсан боловч бараанд хориг тавьсан байсан тул бараагаа авалгүй, 1.000.000 рублийг биедээ буцаан авч явсан болох нь түүний эрх бүхий албан тушаалтанд 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг, тус өдөр эрх бүхий этгээдэд бичгээр гаргасан гуравдагч этгээдийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримт зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагч зорчигчийг /гуравдагч этгээдийн/ гаалийн мэдүүлэг бөглөх үед нь түүнд Гаалийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-т заасан зохицуулалтыг тайлбарлаж, валютыг гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн татвараас чөлөөлөгддөг, гаальд мэдүүлснээр ямар нэгэн татвар ногдуулахгүй. Харин мэдүүлээгүйн улмаас Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээх талаар мэдээлж, зөвлөөгүй нь гуравдагч этгээдээс Сэлэнгэ аймгийн Гаалийн газарт 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр, Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр, шүүхэд 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр тус тус бичгээр гаргасан тайлбар болон хариуцагчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэргээр тогтоогдлоо.

Иймд дээрх үйл баримтаас үзвэл хариуцагч гаалийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ иргэд олон нийт болон гаалийн харилцаанд оролцогч нарт хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх, гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлэх зорилгоор зөвлөгөө, мэдээлэл өгөх үүргээ бүрэн, бодитой хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

3. Эрх бүхий этгээд зөрчлийг хянан шалгахдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дараах журмыг зөрчсөн байна.

Зөрчлийн хэрэг бүртгэлт гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг ойлгох бөгөөд эрх бүхий этгээд нь мөн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан зөрчил шалгах ажиллагааг явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхээр хуульчилсан.

 Дээрх ажиллагааг хуулийн хүрээнд хийж гүйцэтгэсэн бол эрх бүхий этгээдээс зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаж, холбогдох шийдвэрийн аль нэгийг гаргана гэж заасны дагуу хариуцагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1.2-д зааснаар холбогдогч /гуравдагч этгээд/-д 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 0090084 дугаар шийтгэл оногдуулснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгасан атал 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр холбогдогч /гуравдагч этгээд/-оос мэдүүлэг[4], тайлбар[5] авсан нь ойлгомжгүй байна.

Улмаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтны энэ хуулийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэр, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол гаргах, давж заалдах хугацаа дуустал хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг зохих журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг зөрчлийн хэрэгт хавсаргана.” гэж заасныг зөрчиж, хураан авсан гадаад валютын хадгалалтын талаар зөрчлийн хэргийн материалд хавсаргаагүй, шүүхээс шаардсны дагуу гаргаж өгсөн баримтад улсын орлогын няравт хүлээлгэн өгсөн гэж тэмдэглэл[6] үйлдсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 3“Хураан авсан үндэсний болон гадаад валютыг тусгай дансанд байршуулна.” гэж заасантай нийцэхгүй.

Мөн түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд шийтгэл оногдуулах шийдвэрийн талаар зохицуулсан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ ... оногдуулах шийтгэл ... түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл... -ийн талаар тусгана.” гэж заасны дагуу маргаан бүхий акт болох 0090084 дугаар шийтгэлийн хуудаст ...торгох, валютын үнийн дүнгийн 15 хувь гэх боловч тухайн торгуулийн үнийн дүнг монгол төгрөгт тухайн үеийн ханшаар шилжүүлээгүй, түүнийг хэдэн төгрөгөөр, хэрхэн торгож байгаа нь ойлгомжгүй бөгөөд зөрчлийн хэрэгт шийтгэлийн хуудасны эх хувийг хавсаргах атал хуулбар хувийг хавсаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу гарсан Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журмыг зөрчжээ.

Хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу холбогдогчийн эрхийг хангаж зөрчлийн хэргийн материалыг танилцуулаагүй, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх болон зөрчлийн хэрэгтэй танилцах боломж олгоогүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлд тэмдэглэл үйлдэх журмын талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 9“Зөрчил шалгах ажиллагаанд оролцсон хүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тэмдэглэлд гарын үсэг зурах боломжгүй бол энэ тухай эрх бүхий албан тушаалтан тайлбар бичиж тэмдэглэлд хавсаргана.” гэж заасны дагуу  хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд холбогдогчоор гарын үсэг зуруулаагүй, шалтгааныг тайлбарласан бичгээр гаргасан баримтыг тэмдэглэлд хавсаргаагүйн зэрэгцээ хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл болон шүүхэд 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа холбогдогчийн нэрийг Г.Ганбат, Г.Баярцэнгэл гэж хоёр өөр байдлаар бичсэн нь зөрчлийн хэргийн материал болон гуравдагч этгээдийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул эрх бүхий этгээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулаагүй гэж шүүх дүгнэв.

Иймд дээрх нөхцөл байдлаас үзвэл  иргэн Г.Ганбатыг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчиж, гаалийн байгууллагад худал мэдүүлсэн зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл оногдуулсан нь дээр дурдсан холбогдох хууль тогтоомж болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан хуульд үндэслэх, 4.2.4-т заасан үр нөлөөтэй байх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг тус тус зөрчсөн байх тул Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 00900084 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин прокурорын дүгнэлтэд хөндлөнгийн гэрчээр зөрчлийн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг бус харин адил чиг үүрэг бүхий гаалийн улсын байцаагч Ө.Баярсайхныг оролцуулсан гэх боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлд  заасны дагуу хүний биед үзлэг хийхэд хөндлөнгийн гэрчийг байлцуулах шаардлагагүй бөгөөд харин эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 7-д ...эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно.” гэж заасны дагуу шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн гэрч байлцуулахаар хуульчилсан байх тул хариуцагчаас холбогдогч /гуравдагч этгээд/-ийн биед үзлэг хийсэн ажиллагааг үгүйсгэх үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй.

Мөн түүнчлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1“Дараах этгээд энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан гүйлгээний талаар энэ хуулийн 16.1-д заасан Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд гуравдагч этгээд нь тус хуулийн 4 дүгээр зүйлд заасан мэдээлэх үүрэгтэй этгээд биш бөгөөд тэрээр мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан гүйлгээ хийгээгүй тул түүний гаальд бус санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх гүйлгээ хийсэн этгээд мөн эсэхийг шалгах нь уг зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн  22.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2, 2.4 дүгээр зүйлийн 1.5, 3.1 дүгээр зүйлийн 2, 4.12 дугаар зүйлийн 2, 3, 6.10 дугаар зүйлийн 1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.4, 4.2.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Ариунзаяагийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагч Ж.Жамъянсэнгийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 00900084 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Ариунзаяа нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХЗАЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 10-р хуудас

[2] Хавтаст хэргийн 19-27-р хуудас

[3] Хавтаст хэргийн 28-30-р хуудас

[4] Хавтаст хэргийн 8-9-р хуудас

[5] Хавтаст хэргийн 17-18-р хуудас

[6] Хавтаст хэргийн 56-р хуудас