Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2020/03037

 


2020 11 03 183/ШШ2020/03037

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, байрлах, Х.ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, тоот хаягт оршин суух, Н.ын Б. /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд нийт 79 516 730,02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагч Н.Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Иргэн Н.Б. нь тус банктай 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр №2015112319 тоот зээлийн карт эзэмших гэрээг байгуулан 12 500.00 ам.долларын зээлийн эрхийг, бэлэн мөнгө шилжүүлгийн гүйлгээ болон худалдан авалтын гүйлгээнд сарын 2.0 хувийн хүүтэй, хорин дөрвөн сарын хугацаатай хувийн хэрэгцээнд зориулан авсан. Өнөөдрийн байдлаар картын эрх болох 12 500 ам.доллароос 12 118.1 ам.долларыг зарцуулсан байна. Карт эзэмшигч нь карт эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар төлбөр нь зарцуулсан дүн 12 118.19 ам.доллар, хугацаа хэтрэлтийн шимтгэл 3 742.26 ам.доллар, хүүгийн авлага 11 992.94 ам.доллар, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 7 000 төгрөг болсон. Тиймээс карт эзэмшигч иргэн Н.Б.аас картын эрхээс хэрэглэсэн төлбөр болох нийт 27 853,39 ам.доллар буюу 79 509 730,02 төгрөг, / 2020 оны 09 сарын 18-ны өдрийн Монгол банкны албан ханш 2 854.58 төгрөг/, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 7 000 төгрөгийн хамт нийт 79 516 730,02 төгрөгийг Худалдаа, хөгжлийн банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Худалдаа хөгжлийн банкнаас зээлийн карт аваад хувийн хэрэгцээнд зарцуулсан тул хэрэглэсэн мөнгөө төлөхөд татгалзах зүйлгүй. Мөнгөө төлөхөд доллароор төлөх ба одоогийн ханшаар төл гээд байгаа. Худалдаа хөгжлийн банкны зээлийн карт нь хоёр янз байдаг. Нэг нь бэлэн мөнгө, нөгөө нь бэлэн бусаар тооцоо хийдэг. Монгол улсад ажиллаж байгаа арилжааны банкны бүх машинаас төгрөг гардаг болохоос, доллар гардаггүй учир төгрөг авсан. Энэ хугацаанд миний бие гадаадад зорчоогүй, гадаадад гүйлгээ хийгээгүй. Энэ нь Худалдаа хөгжлийн банкны дансны мэдээллээс харагдана. Тиймээс төгрөгөөр авсан мөнгөө төгрөгөөр төлнө. Хэрэв доллароор гэрээ хийгдсэн, доллароор төл гэж байгаа бол 2020 оны 01 сарын 10-нд батлагдсан Монгол улсын иргэний хуулийн 218 дугаар зүйлд заасны дагуу зээл авснаас хойш хугацаанд ханш өөрчлөгдсөн байх юм бол ханшийг анх авсан үеийнх нь ханшаар тооцно гэсний дагуу тооцуулах хүсэлтэй байна. 218.1-д зааснаар мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдсөн байвал мөнгөн тэмдэгтийн ханшийг тухайн олгосон өдрийнхөөр тооцно. Төгрөгөөр авсан бол 218.2, доллароор авсан бол 218.1-д хамаарч байгаа тул Монгол улсын иргэний хуулийн дагуу 218.1, 218.2-ын дагуу тухайн үеийн ханшаар тооцох шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.ХХК нь хариуцагч Н.Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 79 509 730,02 төгрөг, хохиролд 7 000 төгрөг, нийт 79 516 730,02 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар мараагүй ба, харин гэрээний дагуу зээлийг ам.доллароор биш төгрөгөөр авсан тул ам.доллароор тооцож төлөх үндэслэлгүй, хэрэв ам.доллароор төлөх бол хуульд зааснаар гэрээ байгуулах үеийн ханшаар тооцож төлнө... гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргав.

 

Шүүх дараах хуульд зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2015 оны 11 сарын 23-ны өдөр 2015112319 тоот платинум карт эзэмших гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Х.ХХК нь зээлдэгч Н.Б.т 12 500 ам.долларын лимиттэй зээлийн картыг 2015 оны 11 сарын 22-ны өдрөөс 2017 оны 11 сарын 22-ны өдрийг хүртэл 24 сарын хугацаатай, бэлэн мөнгөний шилжүүлгийн гүйлгээнд сарын 2 хувийн, худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувийн хүүтэй, төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч нь сар бүрийн 20-ны өдөр заавал төлөх төлбөр 30 хувийг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр зээл олгох гэрээнд хамаарах ба гэрээ нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д хэлцэл гэдгийг талуудын хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлнэ гэж, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар талуудын зарчимд үндэслэсэн, зээлийг ам.доллароор олгохоор тохирсон гэж үзэх тул хариуцагчийн гэрээний дагуу зээлийг ам.доллароор биш төгрөгөөр авсан тул ам.доллароор төлөхгүй... гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т ...Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө... гэж заасан ба хариуцагч уг хуулийн зохицуулалтыг үндэслэн маргаж байх боловч дээрх зохицуулалт нь мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдөх, хуучин төгрөгийг шинэ төгрөгөөр солих, эсхүл төгрөгийг бүр өөр мөнгөн тэмдэгтээр буюу гадаадын мөнгөн тэмдэгтээр солихыг ойлгох юм.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн буюу 2020 оны 09 сарын 17-ний өдрийн Монгол банкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2 854,28 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т ...гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар ...тооцно. гэж заасантай нийцнэ.

 

Хариуцагч нь гэрээний дагуу зээлийн картыг ашигласан, төлөлт хийгээгүй үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтрүүлсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар 2015 оны 11 сарын 23-ны өдөр 2015112319 тоот платинум карт эзэмших гэрээний дагуу зарцуулсан дүн буюу үндсэн зээл 12 118,19 ам.доллар, хүү болон нэмэгдүүлсэн хүүд 11 992,94 ам.долларыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч тэдгээрийн тохиролцоо нь хуульд нийцсэн байх учиртай. Гэрээнд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохирсон атлаа хугацаа хэтрүүлсэн шимтгэл төлөх үүргийг зээлдэгчид давхар ногдуулсан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж заасантай нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан зардал буюу нотариатын зардал 7 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага үндэслэлтэй, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасантай нийцнэ.

 

Иймд хариуцагч Н.Б.аас үндсэн зээл 12 118,19 ам.доллар, хүү болон нэмэгдүүлсэн хүүд 11 992,94 ам.доллар, нийт 24 112 ам.доллар буюу 68 829 633 төгрөг, хохиролд 7 000 төгрөг, нийт 68 836 633 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 682 581 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 555 534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 502 133 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Б.аас 68 836 633 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 682 581 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 555 534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 502 133 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ