Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагч Б.Түвшинтөр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н,

Шүүгдэгч Р.Нын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

Шүүгдэгч Г.Б-ы өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

Шүүгдэгч Г.Б-, Р.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Б-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Р.Н нарт холбогдох 2316000400083 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Д сумын Г тосгонд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уулын инженер мэргэжилтэй, тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт улсын байцаагч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Е сумын Ж баг уран хотхон ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Д****** регистрийн дугаартай, Ж овгийн Г-ын Б,

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Е суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, тус аймгийн **** дарга ажилтай, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Е сумын О баг *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Д***** регистрийн дугаартай, Ж овгийн Р-ийн Н,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Н нь Говь-Алтай аймгийн ****** даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Монгол улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг (Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх), Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэг (Албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах), 39.1.2 дахь хэсэг (Албаны эрх мэдлээ хэтрүүлэх), ***** үндэсний төвийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/65 дугаартай тушаал, тушаалын хавсралтаар баталсан ***** өвчний сэжигтэй дуудлагад үйлчлэх журам зэргийг зөрчин эрх бүхий албан тушаалтан болох Г.Б- нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан 04-017/070 дугаартай зөрчлийн талаарх гомдол мэдээлэлд иргэн Г.Ч-оос хураан авсан 10 ширхэг монгол тарвагыг **** өвчин судлалын төвд устгасан гэж 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 124 дугаартай албан бичгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлж нотлох баримт хуурамчаар үйлдэж бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Г.Б- нь Говь-Алтай аймгийн ***** газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч буюу Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Монгол улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг (Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх), Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10 дэх хэсэг (Улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгөө болон эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, садан төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй), 10.9.11 дэх хэсэг (Улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах;), Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг (1.Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.), 4.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтан хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийн хадгалалт, хамгаалалтыг хариуцна.), 6 дахь хэсэг (Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг хадгалах, хамгаалах, хяналт тавих үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтан тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.), 4.14 дүгээр зүйлийн 4 дахь хэсэг (Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно.) гэснийг тус тус зөрчиж 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан 04-017/070 дугаартай зөрчлийн талаарх мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа **** өвчин судлалын үндэсний төвийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/65 дугаартай тушаал, тушаалын хавсралтаар баталсан “**** өвчний сэжигтэй дуудлагад үйлчлэх журмын 4.6.3 дахь хэсэгт Халдварын сэжигтэй материалаас сорьц авч дууссаны дараа устгалд оруулахдаа халдвар судлагч эмчийн хяналтад халдвараас сэргийлэх хяналтын багийн гишүүнийг байлцуулан устгаж, хууль зүйн үндэслэлтэй устгалын явцыг дэлгэрэнгүй тусгаж, гэрэл зургаар бэхжүүлэн тэмдэглэл үйлдэнэ” гэсний зөрчиж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалын арван дөрөвдүгээр хавсралтаар баталсан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаартай улсын байцаагчийн “Барааг хураах, устгах тухай акт” үйлдэж уг актанд ***** өвчин судлалын тархвар судлалын их эмч Т.М-ийн гарын үсгийг хуурамчаар зурсан,

Мөн Г.Б- нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр аймгийн цагдаагийн газраас харьяаллын дагуу шилжүүлсэн иргэн Г.Ч-оос хураан авсан 10 ширхэг тарвага болох эд мөрийн баримтыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа өөртөө авч завшсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч нарыг гэм буруутай болон гэм буруугүйд тооцох:

Шүүгдэгч Р.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна. Хүний гуйлтаар хуурамчаар бичиг баримт нөхөж үйлдэж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Зөрчлийн улмаас устгаж байгаа эд зүйлсийг манай байгууллага гүйцэтгэнэ гэсэн ямар нэгэн шийдвэр байдаггүй. Устгах талаар ямар ч эрх зүйн баримт бичиг байхгүй. *** өвчин судлалын дуудлага биш байсан, зөрчлийн улмаас хураагдаж ирсэн гэсэн албан бичиг хийж өгөөч гэсэн. С дарга манай байгууллага он дуусгаад татан буугдаж байгаа танайхаас нэг албан бичиг дутуу гэж хэлсэн. Уг албан бичгийн он дамжаад буюу 01 дүгээр сарын 05-ны өдөр нөхөн гаргаж өгсөн байгаа. Оноос өмнө манай байгууллага татан буугдаж байгаа, нэг хэрэг хаагдах учраас танайхаас баримт дутуу байна гэсний дагуу нөхөж үйлдсэн гэсэн гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч Р.Н нь Говь-Алтай аймгийн **** өвчин судлалын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Монгол улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг (Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх), Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэг (Албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах), 39.1.2 дахь хэсэг (Албаны эрх мэдлээ хэтрүүлэх), **** өвчин судлалын үндэсний төвийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/65 дугаартай тушаал, тушаалын хавсралтаар баталсан **** өвчний сэжигтэй дуудлагад үйлчлэх журам зэргийг зөрчин эрх бүхий албан тушаалтан болох Г.Б- нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан 04-017/070 дугаартай зөрчлийн талаарх гомдол мэдээлэлд иргэн Г.Ч-оос хураан авсан 10 ширхэг монгол тарвагыг **** өвчин судлалын төвд устгасан гэж 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 124 дугаартай албан бичгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлж нотлох баримт хуурамчаар үйлдэж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэлд холбогдуулан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гэрч С.Б-ны мөрдөн байцаалтад өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 02-нд байна уу 03-нд Цагдаагийн байгууллагаас 19 ширхэг тарвагыг иргэнээс хураан авсан. Тухайн хураан авсан тарвагануудыг мэргэжлийн хяналтын газраар дамжин **** өвчин судлалын төвд журмын устгагддаг. Устгалыг хийхдээ биологич болон лаборант үзлэг хийж, бөөс бүүргийг түүж авч, нас хүйсийг нь тогтоодог. Үүний дараа лабораторийн эмч, лаборант, ариутгагч, бэлтгэгч нар дээж авч, лабораторид тарваган тахал өвчин үүсгэгчийг шинжилгээг хийдэг. Үүний дараа ариутгагч, тархвар судлагч эмчийн хяналтад цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагуудаас төлөөлөл оролцож устгаж, устгалын явцад гэрэл зургаар бэхжүүлж протокол хөтөлдөг. Энэ талаар **** өвчин судлалын үндэсний төвд мэдээлэгдсэн байдаг. Мөн тухайн тарвагыг тээвэрлэсэн хүргэсэн тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийдэг. Гэтэл энэ үйл ажиллагаа огт хийгдээгүй. Говь-Алтай аймгийн *** өвчин судлалын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Н нь дээрх үйл ажиллагааг огт хийгээгүй байж албан хариуг хүргүүлсэн. Одоо тухайн 19 ширхэг тарвага хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд ямар ч устгал хийгээгүй. Энэ талаар хандаж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Устгал хийхдээ цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөөлөн оролцуулан ариутгагч хоёр хүн, тархвар судлагч эмч оролцдог... 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Зооноз өвчин судлалын төвийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Р.Н нь ажиллаж байгаа юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-33-р хуудас/,

Гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нэг ч тарваганд устгал хийгээгүй...Хамгийн сүүлд 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр тарвага устгасан байх. Тэрнээс хойш устгал хийгдээгүй. Надаас өөр ариутгагч устгал хийсэн тохиолдолд надад байгаа бүртгэл, журнал дээр заавал бүртгэлийг хөтлөх ёстой...” гэх мэдүүлэг/хх-ийн 35-р хуудас/,

Гэрч Б.Ч-Оын мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ямар нэгэн тарваганд устгал хийгээгүй. Манай байгууллагад мэргэжлийн хяналтын газар болон Цагдаагаас ирдэг юм. Тухайн устгалд ариутгагч, тархвар судлал эмч оролцдог юм. Мөн манай байгууллагад тарвага авчирч өгсөн хүнийг байлцуулан устгалыг хийдэг юм. Манай устгалын цооногт 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хамгийн сүүлд устгалыг хийсэн. Устгал хийх ажиллагааг гэрэл зургаар бэхжүүлдэг бөгөөд мэргэжлийн хяналтаас ирсэн хүн гэрэл зургийг бэхжүүлж авдаг юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-р хуудас/,

Гэрч Т.Мийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ямар нэгэн тарвага устгал хийгдээгүй. Манай байгууллага нь тархвар судлагч 1, нян судлагч 2 эмч, нийтдээ 3 эмч ажилладаг. Миний ээлжид байх үед ямар нэгэн тарвага ирж устгагдаагүй. Харин нөгөө хоёр эмчид тарвага ирж устгагдсан талаар бол би мэдэхгүй байна. Хамгийн сүүлд 2022 оны 09 дүгээр сард устгалыг хийсэн. Тэрнээс хойш ямар нэгэн устгалыг хийгээгүй. Би дээрх цаг хугацаанд хэн нэгнээс ямар нэгэн тарвага хүлээн авсан асуудал байхгүй. “Амьтан, мэрэгчийн дуудлага хүлээн авсан устгасан бүртгэл"-д 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр “Амьтан мэрэгчийн дуудлагад үйлчилсэн тэмдэглэл”-д 2023 оны 03 дугаар сарын сарын 01-ний өдөр гарын үсэг зурсан. Тухайн үед Р.Н дарга манай байгууллага дээр 10 тарвага ирсэн гээд байгаа. Энэ нь дээр устгасан гээд гарын үсэг зураадхаарай гэж хэлсэн. Тэгээд би дээрх хоёр бүртгэл дээр гарын үсэг зурсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 57-58-р хуудас/,

      Гэрч Б.А, Т.М нарыг нүүрэлдүүлж өгсөн “...Гэрч Т.М: Би тухайн үед 10 тооны монгол тарвагыг хүлээж аваагүй. Би 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1830 - 1900 цагийн хооронд ажил дээрээ очоогүй Би тухайн үед 1730 цагийн орчимд ажлаасаа гараад дахин ажил дээрээ очоогүй. Гэрч Б.А Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ худлаа мэдүүлэг өгсөн юм. Р.Н дарга мэдүүлэг өгөхдөө тарвага ирсэн. Тарвагыг Э, М эмч нарыг устгасан талаар мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн. Би Р.Н даргыг тэгж хэлсэн болохоор өмнө нь худал мэдүүлэг өгсөн юм. Гэрч Б.Алексей 2023 оны 02 дугаар сарын эхээр байхаа өдрийг сайн санахгүй байна. Нарийн бичиг О нь дарга таныг дуудаж байна гэж хэлсэн. Тэгээд намайг өрөөнд нь яваад ороход ариутгагч Ц.Э, эмч Т.М, нарийн бичиг О, Р.Н дарга байсан. Өөр хүн байгаагүй. Р.Н дарга 10 ширхэг тарваганы асуудал байгаа. Тэр тарвагыг ариутгагч Ц.Э, эмч Т.М нарыг устгасан гэж хэлээрэй. Мөн хар өнгийн машинтай хүн ирээд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орой 18 цагт ирж устгасан гэж хэл. Цагдаагаас дуудаж мэдүүлэг авбал ингэж хэлнэ шүү гэж өөрөө энэ үгийг бидэн хэлсэн. Би тэгээд гараад явсан. Гэрч Т.М 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр байхаа өдрийг нь мэдэхгүй байна. Р.Н дарга хотод байхдаа өөр дугаараас залгаад манай дээр 10 тооны тарвага ирээд би устгасан гэж хэлчихлээ. Цагдаагаас дуудаж мэдүүлэг өгвөл устгасан гэж хэлээрэй нарийн мэдээллийг Ч-О, Э хоёроос аваарай гэж хэлсэн. Би тэгээд Ч-О тэр өдрөө очоод уулзахад Ч-О дарга надад хэлээгүй болохоор нь би цагдаагаас дуудаад мэдүүлэг авахаар нь устгаагүй гээд хэлчихсэн. Чамайг тэгээд Э-тэй хамт тарвага устгасан гэж үгээ нийлүүлээд хэлээрэй гэж хэлсэн. 2022 оны 02 дугаар сарын эхээр өдрөө сайн санахгүй байна. Р.Н дарга хотоос ирчихсэн байсан. Тэгээд О дарга ороод ир гэж байна гэж хэлэхээр нь би Р.Н даргын өрөө рүү яваад ороход өрөөнд нь Р.Н дарга, О, Э гурав байж байсан. Тэгсэн О нь 2022 оны 12 сарын 30-ны өдөр Агарч байсан юм. А-г дуудаад бас үгээ нийлүүлэхгүй бол болохгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд А-г дуудаж оруулж ирсэн. Р.Н дарга Мэргэжлийн хяналтын Г.Б- нь 10 ширхэг тарвага авчирч өгөөд Э устгаад, чи хяналт тавьсан гэж хэлээрэй гэж хэлсэн. Тухайн өдөр Г.Б- нь манай байгууллага дээр ирээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 77-78-р хуудас/,

Гэрч Ц.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл би ямар нэгэн тарваганд устгал хийгээгүй. Бусад алба хаагч нар дээр ямар нэгэн устгал хийснийг мэдэхгүй байна. 2023 оны 02 дугаар сарын эхээр байхаа өдрийг нь сайн санахгүй байна таныг даргын өрөөнд дуудаж байна гэж нэг нь хэлсэн. Би тэгээд Р.Н даргын өрөөнд ороход Т.М, Ч-О, Р.Н дарга нар байсан. А байсныг нь сайн санахгүй байна. Тэгэхэд Ч-О нь цагдаагаас дуудаж надаас мэдүүлэг авлаа. Би Б-ийн хамт очиж мэдүүлэг өглөө. Тэгээд тарвага устгаагүй талаар мэдүүлгийг өгч, бүртгэлийн хуулбарыг өгчихлөө. Та одоо устгасан талаар мэдүүлэг өгөөдөх гэж хэлсэн. Р.Н дарга нь Мэргэжлийн хяналтын газраас 10 ширхэг тарвага ирсэн, тэгээд цагдаагаас ирээд мэдүүлэг авахаар бол тэр тарвагануудыг нь устгасан гэж мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд Т.М нь тэгвэл дарга над руу залгаад устгасан гэж хэлье гэж хэлсэн. Тэгэхэд Ч-О би бүртгэлийг өгсөн гэж хэлсэн. Тэгэхэд Т.М нь бүртгэлээ шинээр хийчихье гэж хэлсэн. Тэгээд мэргэжлийн хяналтын газрын Б нь хар өнгийн машинтай ирсэн гэдэг яриа манай өрөөнд гарсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 80-81-р хуудас/,

Гэрч Ц.Мийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тарваганд устгал хийгдээгүй. Яагаад хийгдээгүй учир нь гэвэл тарвага устгал хийхээр ирсэн тохиолдолд би биологичийн хамт шимэгчийг нь түүж, лабораториос шинжилгээний материал авч, тэрний дараагаар устгал хийгддэг. Манай байгууллагын устгалын цооногт тарвага устгал хийсэн тохиолдолд ариутгагч устгасан талаар бүртгэл, тэмдэглэлийг хөтөлдөг. Тарвага устгах үед манай байгууллагаас тархвар судлагч эмчийн хяналтан дор мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн тарвагыг шилжүүлсэн хүн оролцож, устгалын явцыг гэрэл зургаар бэхүүлдэг. Устгалыг ариутгагч хийдэг юм... Би 2022 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн албан бичигт дурдагдсан 10 тооны монгол тарвагыг би нүдээр харж, үзлэг хийгээгүй. Би нэг ч тарвага хараагүй...” гэх мэдүүлэг,/хх-ийн 39-р хуудас/,

Гэрч Н.Сын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ямар нэгэн тусгай журам байхгүй. Байцаагч нь өөрөө тухайн устгуулах гэж байгаа тарвагыг хүргэж өгдөг. Шаардлагатай тохиолдол албаны машинаар хүргэж өгдөг. Тухайн үед манай байгууллага нь татан буугдаад нүүлгэлтийн ажил хийгдэж байсан учраас машин нүүлгэлт хийгээд завгүй байсан. Г.Б-ыг тарвагаа өөрөө хариуцаж хүргэж өгөөд устгуул гэж хэлсэн. Г.Б- нь ганцаараа хүргэж өгсөн байх. Устгуулах тарвагыг 50 кг- ийн цагаан гурилын уутанд хийчихсэн байсан. Уутны аман дээр хар гялгар уут цухуйчихсан харагдаж байсан. Байцаагчийн ажилд хөндлөнгөөс оролцох эрх байхгүй учраас би тэр талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 54-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1.1.Шүүгдэгч Г.Б-ы тухайд:

Шүүгдэгч Г.Б- нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын эхээр орчимд Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч буюу Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллах хугацаандаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалын арван дөрөвдүгээр хавсралтаар баталсан маягтын дагуу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаартай улсын байцаагчийн “Барааг хураах, устгах тухай акт” үйлдэж уг актанд зооноз өвчин судлалын тархвар судлалын их эмч Т.Мийн гарын үсгийг хуурамчаар зурсан,

Мөн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын эхээр орчимд аймгийн цагдаагийн газраас харьяаллын дагуу шилжүүлсэн иргэн Г.Чоос хураан авx эд мөрийн баримтаар тооцсон 10 ширхэг монгол тарвага болох эд мөрийн баримтыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа өөртөө авч завшсан болох нь:

Говь-Алтай аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч Д.Батмагнайгийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 8 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх материал” гэсэн баримтын 30 дугаартай хуудсанд байх “2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр” гэсэн багананд зурагдсан байх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Т.М гэх хүний газрын үсгийн туршилтын загваруудтай бүтцийг илэрхийлэх шинж тэмдгээрээ өөр байх тул харьцуулан шинжлэх боломжгүй байна....” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 118-122-р хуудас/,

Э.Гэрч Л.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Г-2516 дугаартай гомдол мэдээллийг шалгасан. Уг дуудлага нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад П.У нь уг гомдол мэдээллийн бүртгэлд оруулж, тухайн гомдол мэдээлэл нь зөрчлөөр орж шалгасан. Тухайн гомдол мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын газрын дарга Сын нэр дээр 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 33/08-5911 дугаартай албан тоотын дагуу холбогдох материалыг шилжүүлсэн. Н.Ч гэх хүнээс нийт 10 ширхэг тарвагыг хураан авсан. Тухайн үедээ холбогдох материалын хамт 10 ширхэг тарвагыг хүлээлгэн өгсөн. Би тухайн хүнийхээ нэрийг мэдэхгүй байна. Тухайн хүн нь Мэргэжлийн хяналтын газрын бичиг хэрэг хийдэг гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн “Амьтан, мэрэгчийн дуудлага хүлээн авсан устгасан талаарх бүртгэлийн хуулбар /хх-ийн 170-171-р хуудас/,

2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тухайн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 6-8-р хуудас/,

3оонозын өвчин судлалын үндэсний төвийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/65 дугаартай тушаал, тушаалын хавсралтаар баталсан Зоонозын өвчний сэжигтэй дуудлагад үйлчлэх журам/хх-ийн 213-216-р хуудас/,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалын арван дөрөвдүгээр хавсралтаар баталсан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаартай улсын байцаагчийн “Барааг хураах, устгах тухай акт”-ын хуулбар /хх-ийн 198-р хуудас/,

2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №2023/02 дугаартай Говь-Алтай аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 94-96-р хуудас/,

Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын архивд хадгалагдаж байгаа 04-017/070 дугаартай зөрчлийн талаарх материалаас хуулбарлан авсан баримтууд/хх-ийн 173-208-р хуудас/,

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн “Амьтан, мэрэгчийн дуудлага хүлээн авсан устгасан талаарх 2023 бүртгэлийн хуулбар /хх- ийн 219-220-р хуудас/,

Гэрч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ямар нэгэн тусгай журам байхгүй. Байцаагч нь өөрөө тухайн устгуулах гэж байгаа тарвагыг хүргэж өгдөг. Шаардлагатай тохиолдол албаны машинаар хүргэж өгдөг. Тухайн үед манай байгууллага нь татан буугдаад нүүлгэлтийн ажил хийгдэж байсан учраас машин нүүлгэлт хийгээд завгүй байсан. Г.Б-ыг тарвагаа өөрөө хариуцаж хүргэж өгөөд устгуул гэж хэлсэн. Г.Б- нь ганцаараа хүргэж өгсөн байх. Устгуулах тарвагыг 50 кг-ийн цагаан гурилын уутанд хийчихсэн байсан. Уутны аман дээр хар гялгар уут цухуйчихсан харагдаж байсан. Байцаагчийн ажилд хөндлөнгөөс оролцох эрх байхгүй учраас би тэр талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 54-р хуудас/,

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Нын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаартай “...тус төвд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10 ширхэг монгол тарвагыг Зоонозын өвчин судлалын төвийн захирлын А/65 дугаартай тушаалын дагуу устгасан болно” гэх албан бичиг /хх-ийн 211-р хуудас/,

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Нын “Тус төвд хураагдсан ирсэн 10 тооны монгол тарвагыг жавелион болон хлорын шохойгоор халдваргүйжүүлэн устгалын цооногт хийж устгалаа. Мөн тээвэрлэж ирсэн автомашиныг халдваргүйжүүлсэн болно.” албан бичиг /хх-ийн 19-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

           Шүүгдэгч Г.Б- нь Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37 дахь заалтад заасан харьяаллын дагуу Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байжээ.

Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлийн Тайлбар хэсэгт: “Энэ хуульд заасан "хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно.” гэж хуульчилжээ. Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд шүүгдэгч Г.Б- нь хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд мөн бөгөөд хууль сахиулагч байна.

Шүүгдэгч Г.Б- 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын эхэн үе орчимд 2022 оны 12 дугаар сарын 30-ны №17 дугаартай “Бараа хураах, устгах тухай” актыг үйлдэж, үүндээ тархавар судлалын эмч Т.Мийн гарын үсгийг хуурамчаар зурсан.

Дээрх үйлдэл нь эрх бүхий албан тушаалтан өөрөө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хурааж, эд мөрийн баримтаар тооцсон 10 ширхэг монгол тарвагыг устгасан тухай 2022 оны 12 дугаар сарын 30-ны №17 дугаартай “Бараа хураах, устгах тухай” актыг үйлдэн үүндээ тархавар судлалын эмч Т.Мийн гарын үсгийг хуурамчаар зурж зөрчлийн хэрэгт нотлох баримтаар авч буй үйлдлийн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж” Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийн шинжийг хангаж байна шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж” Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б- нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын эхэн үе орчимд цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэхдээ хураан авч эд мөрийн баримтаар тооцсон 10 ширхэг монгол тарвагыг хадгалах, хамгаалах үүргийг зөрчиж өөртөө завшсан.

Энэ үйлдэл нь эрх бүхий албан тушаалтан өөрөө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж буй зөрчлийн хэрэгт хураагдаж, эд мөрийн баримтаар тооцсон 10 ширхэг монгол тарвагыг хадгалах хамгаалах үүргээ зөрчиж хувьдаа авч байгаа шинжээрээ  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хураан авсан эд хөрөнгийг хадгалах хамгаалах эрх бүхий албан тушаалтан завшиж” Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэсэн.

Иймд шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хураан авсан эд хөрөнгийг хадгалах хамгаалах эрх бүхий албан тушаалтан завшиж” Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн Г.Б-ы өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд н.Сумъяабазар гэж хүн тарвагыг авсан байх магадлалтай, уг асуудлыг шалгаагүй гэж маргасан. Эрүүгийн хэрэг 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж хуульчилсан. Энэхүү яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд н.С гэсэн шүүгдэгч, яллагдагч байхгүй тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэсэн болно.

1.2.Шүүгдэгч Г.Н-н тухайд:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Нт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй байна. 

Р.Нын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 124 дугаартай “тус төвд хураагдан ирсэн хар өнгийн ууттай 10 ширхэг монгол тарвагыг жавилин, хлорын шохойгоор халдваргүйжүүлэн, цооногт хийж устгалаа. Тээвэрлэсэн автомашиныг халдваргүйжүүлсэн” гэсэн албан бичиг нь дангаар зөрчлийн хэргийг дуусгавар болгох хаах, тодорхой үйл ажиллагааг баталгаажуулах эрх зүйн үр дагаварыг агуулаагүй гэж дүгнэсэн.

Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж тус тус заасан.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэг нь тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан обьектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог. Энэхүү хоёр шинжийн аль алиныг хангасан тохиолдолд гэмт хэрэгт тооцдог. Харин зөвхөн  тодорхой үйлдэл, эс үйлдэхгүй, эсхүл дан ганц үр дагаварт түшиглэсэн яллах ажиллагаа явуулах нь хуульд нийцэхгүй гэж шүүх үзсэн.

Харин Р.Нын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэргийн шинжийг агуулсан байж болох боловч бусдад их хэмжээний хохирол учруулсан байх ердийн бүрэлдэхүүний шинжийг мөн хангаагүй байна.

Ийм учраас албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй Р.Нын үйлдлийг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй гэж үзсэн. Хийгдээгүй үйлдлийг хийсэн мэтээр албан бичгээр хариу өгч байгаа энэхүү хууль бус шинжтэй үйлдэлд Төрийн албаны тухай хууль, салбарын бусад хууль тогтоомж, дүрэм, журам, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн сахилгын дүрэм, журамд заасан хариуцлагыг хүлээлгэх боломжтой юм. Эрүүгийн хууль нь нийгмийн харилцааны хамгийн хүнд хэлбэрийг хуульчилсан байдаг. Иймээс хэлбэрийн шинжтэй энэхүү үйлдлийг шүүх гэмт хэрэгт тооцохгүй гэж дүгнэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар талуудаас хүсэлт гаргаагүй болно.

                2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж” “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хураан авсан эд хөрөнгийг хадгалах хамгаалах эрх бүхий албан тушаалтан завшиж” “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул түүнд хууль заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 53 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Б-ы тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 (Таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 (Таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 (Нэг) жилийн хугацаагаар хасаж 5,400 (Таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 (Таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Б-ы жинхэнэ эдлэх ялыг нийтийн албанд ажиллах эрхийг 1 (Нэг) жилийн хугацаагаар хасч, 10,800 (Арван мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,800,000 (Арван сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд бүрэн биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б-д сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ы цагдан хоригдсон 6 (Зургаа) хоногийн 1 (Нэг) хоногийг 15,000 (Арван таван мянга) төгрөгөөр тооцож, 90,000 (Ерэн мянга) төгрөгийг торгох ялаас хасч тооцох нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг мэдэгдэв.

   3.Гэм хор, хохирлын талаар:

   Хохирлын асуудлын тухайд: 10 ширхэг монгол тарвагын экологи эдийн засгийн үнэлгээ 2,890,000 (Хоёр сая найман зуун ерэн мянга) төгрөг нь энэ хэрэгт хамааралгүй бөгөөд Зөрчлийн хэрэгт тухайн тарвагыг анх агнасан этгээдээс гаргуулах хуулийн зохицуулалттай байна.

   Харин 2316000400083 дугаартай эрүүгийн хэрэгт хохирлын асуудал яригдахгүй бөгөөд 10 ширхэг монгол тарвагын экологи эдийн засгийн үнэлгээ 2,890,000 (Хоёр сая найман зуун ерэн мянга) төгрөгийг шүүх шийдвэрлэх үндэслэлгүй тул шүүгдэгч Г.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

4.Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Н 3 (Гурав) хоног, шүүгдэгч Г.Б- 6 (Зургаа) хоног тус тус цагдан хоригдсон, шүүгдэгч Г.Б- бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Р.Нын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 4 (Дөрөв) хуудас баримтыг хэрэгт хавсаргах зэргийг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овгийн Рийн Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.

-Шүүгдэгч Ж овгийн Г-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж” Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хураан авсан эд хөрөнгийг хадгалах хамгаалах эрх бүхий албан тушаалтан завшиж” Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5,400 (Таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 (Таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 (Нэг) жилийн хугацаагаар хасаж 5,400 (Таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 (Таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Б-ы жинхэнэ эдлэх ялыг нийтийн албанд ажиллах эрхийг 1 (Нэг) жилийн хугацаагаар хасч, 10,800 (Арван мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,800,000 (Арван сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд бүрэн биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б-д сануулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ы цагдан хоригдсон 6 (Зургаа) хоногийн 1 (Нэг) хоногийг 15,000 (Арван таван мянга) төгрөгөөр тооцож, 90,000 (Ерэн мянга) төгрөгийг торгох ялаас хасч тооцсугай.

8.Шүүгдэгч Р.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Н 3 (Гурав) хоног, шүүгдэгч Г.Б- 6 (Зургаа) хоног тус тус цагдан хоригдсон, шүүгдэгч Г.Б- бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Р.Нын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 4 (Дөрөв) хуудас баримтыг хэрэгт хавсаргах зэргийг тус тус дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ЭНХБААТАР