Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

улсын яллагч Х.Гүнжидмаа,

шүүгдэгч Л.Г- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч О овогт Лийн Г-д холбогдох 2316001990199 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Э сумд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж ах, дүүгийн хамт Г-А аймгийн Э сумын Ө багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ДР***** регистрийн дугаартай, О овогт Л-ийн Г,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.Г- 2023 оны 10 дугаар сард Говь-Алтай аймгийн Э сумд байхдаа цахим орчинд “Тэргүүн АА” гэх нэртэй клуб нээж ХААН банкны өөрийн эзэмшлийн ********, ******* тоот дансаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Л.Г- 2023 оны 10 дугаар сард Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумд байхдаа цахим орчинд “Тэргүүн АА” гэх нэртэй клуб нээж ХААН банкны өөрийн эзэмшлийн ******, ***** тоот дансаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан нь:

 

1.Л.Г- нь Тэргүүн АА гэх кпуб нээж өөрийн эзэмшлийн ХААН банкны *****, ***** тоот дансаар мөрийтэй тоглоом тоглуулдаг гэж Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны мэдээлэл, хавсралт /хх- ийн 5-6-р хуудас/,

 

          2.Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлуулах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 21-р хуудас/,

         

          3.Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай прокурорын зөвшөөрөл санал /хх-ийн 22-р хуудас/,

 

          4.2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ХААН банкны ****, ****** тоот дансны эзэмшигч Лийн Г гэх албан бичиг /хх- ийн 23, 25-р хуудас/,

 

5.2023 оны 11 сарын 13-ны өдөр Л.Г-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-20 дугаар хуудас/,

 

          6.Л.Г-ийн ХААН банкны ***** дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 26-27-р хуудас/,

 

          7.Л.Г-ийн ХААН банкны ****** дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 45-75-р хуудас/,

 

          8.2023 оны 11 сарын 29-ний өдрийн 921/4746 дугаартай redmi note 8 маркийн гар утсыг 200,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ/хх-ийн 90-92-р хуудас/,

 

9.2023 оны 11 сарын 29-ны өдрийн 09 дугаартай Л.Г-ийн redmi note 8 маркийн гар утсыг битүүмжилсэн тухай прокурорын тогтоол /хх96-р хуудас/ зэрэг улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.Г-т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан...” бол гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ

 

Шүүгдэгчийн үйлдэл нь мэдээллийн технологи буюу интернэт орчин дахь олон нийтийн сүлжээ ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “poker” тоглоомыг бусад этгээдүүд мөрий бооцоо тавин тоглох боломжийг бий болгосноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрийтэй тоглоом зохин байгуулах” гэмт хэргийн “...мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан...” шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

          Иймд шүүгдэгч Л.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

 

          2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

          Шүүгдэгч Л.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Л.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгож, торгуулийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Г-т сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зэргийг шүүгдэгчид мэдэгдэв.

 

 

          3.Гэм хор, хохирлын талаар:

         

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 4 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.

 

          Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэн олж авсан хууль бус хөрөнгө, орлогыг хураан авч улсын орлого болгож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.

 

          Иймээс шүүгдэгч Л.Г-ийн  гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон ашиг орлого болох гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 20,000 (Хорин мянга) төгрөг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан redmi note 8 маркийн гар утас нь өөрийн эзэмшлийнх нь мөн бөгөөд эвдэрч цаашид ашиглах боломжгүй болсон гэх тул утсыг үнэлсэн үнэлгээ болох 200,000 (Хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

4.Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Л.Г-ийн эзэмшлийн ХААН банк дахь *******, ****** дугаарын дансны зарлагын шилжилт хөдөлгөөн, интернэт болон мобайл банк руу хандах эрхийг хязгаарласан 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 50 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч О овогт Л-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Л.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-т оногдуулсан 600 (Зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (Зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

 

4.Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Г-т сануулсугай.

 

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Г-ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 20,000 (Хорин мянга) төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан redmi note 8 маркийн гар утас нь эвдэрч цаашид ашиглах боломжгүй болсон байх тул уг утасны үнэ болох 200,000 (Хоёр зуун мянга) төгрөгийг шүүгдэгч Л.Г-өөс гаргуулж тус тус улсын орлого болгосугай.

 

7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Л.Г-ийн эзэмшлийн ХААН банк дахь *****, **** дугаарын дансны зарлагын шилжилт хөдөлгөөн, интернэт болон мобайл банк руу хандах эрхийг хязгаарласан  2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 50 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохыг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            10.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

                       

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ЭНХБААТАР