| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/03399/и |
| Дугаар | 183/ШШ2020/02535 |
| Огноо | 2020-09-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2020/02535
2020 9 22 183/ШШ2020/02535
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамж, хаягт оршин суух, .. овогт Б.ы Н. /РД:../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чех улс, Trebizskeho хаягт оршин суух, Б.ын И. /РД:../-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Н. миний бие 1989 онд ОХУ-ын Казань хотод суралцаж байхдаа Б.И.тай танилцаж, 1992 он Улаанбаатар хотод гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 1992 онд том хүү Н.Х, 1995 онд бага хүү Н.Б нар төрсөн. 2005 онд гэр бүлээ Чех улсад амьдрахаар очиж 2008 онд охин М. төрсөн. Бидний зан харьцааны таарамжгүй байдлаас болж цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оноос тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд хүүхдүүд эхийн хамт амьдарч байсан. Миний бие 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Монголдоо эргэн ирж өнөөдрийг хүртэл ажиллаж амьдарч байгаа болно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, охин Н.М.ийг эхийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу насанд хүрэх хүртэл нь өгөх болно гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Хүүхдийг эхийн асрамжид аваад, хадгаламж нээлгээд хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд зан харилцааны тааламжгүй байдал, цаашид хамтран амьдрах боломжгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.
Гэрлэгчид зан харилцааны таарамжгүй байдлаас болсон байх бөгөөд талуудын хэн аль нь цаашид хамтран амьдрах хүсэлгүй гэж тайлбарлах тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар .. овогт Б.ы Н. /РД:../, Шаргалзуут овогт Б.ын И. /РД:../ нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасны дагуу 2008 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Н.М.ийг эх Б.И.ын асрамжинд үлдээж, мөн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Н. нь хүүхдийн тэтгэлэг олгоход татгалзах зүйлгүй гэсэн тул хуульд заасан хэмжээгээр охин Н.М.д сар бүр тэтгэлэг гаргуулах нь хуульд нийцнэ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан .. овогт Б.ы Н. /РД:../, Шаргалзуут овогт Б.ын И. /РД:../ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Б.М.ийг эх Б.И.ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Б.М.ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Н.аас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч эх Б.И.аас улсын тэмдгийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ