| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2023/0155/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/159 |
| Огноо | 2023-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
улсын яллагч Б.Түвшинтөр,
шүүгдэгч Н.У- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Ө г овгийн Н-н У-д холбогдох 2316002130219 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Д аймаг З-Ү * баг *** тоот хаягийн бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот, *** дүүрэг, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, *** регистрийн дугаартай, Ө г овгийн Н-ийн У,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.У- нь согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 14-ний орой Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах Мичид нэртэй бааранд сууж байгаад Г.Н-тай маргалдаж улмаар түүний толгой нүүр рүү цохиж баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, баруун зовхины дээд талд зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Н.У- нь 2023 оны 11 дүгээр сарын 14-ний орой Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах М нэртэй бааранд сууж байгаад Г.Н-тай маргалдаж түүний толгой нүүр рүү цохисон үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын улмаас Н.У- нь Г.Н-ын эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, баруун зовхины дээд талд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Н.У- гэм буруутай болох нь:
Хохирогч Г.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн "... Би 2023 оны 11 сарын 14-ний орой С гэж манай бүл найз бид хоёр М-А караокед орсон юм. Тэгтэл найз Ш-тай таарахад Ш- 2 найзтайгаа явж байсан. Тэгээд бид тавуулаа нийлээд 0,5 граммтай 1 шил архийг хувааж, хүн тус бүр 0,5 граммтай нийслэл пиво нэг нэгийг уусан. Тэндээс Ш-, С бид 3 гарч Мичид бааранд ороод бид гурав 0,5 грамм 1 шил архи, 3 ширхэг пиво авч уусан. Тэгээд бүжиглэж байтал Ш- нэг залууг таньдаг юм уу аль эсвэл танилцсан юм уу намайг зодсон гэх залуугийн ширээн дээр нь очоод суусан байхаар би бас тэр хүмүүсийн ширээн дээр нь очиж суугаад пивоноос нь уугаад танилцаж бариад байж байсан. Нэг мэдсэн чинь намайг нэг залуу нь цохиж намайг шалан дээр унасан байхад нүүр рүү өшиглөхөд нь ухаан алдсан байсан нэг сэрсэн чинь эмнэлэгт байсан. Би цэнхэр дээлтэй, шар дурдам бүстэй явж байсан. Тэр 5 залуучуудыг би танихгүй. Надтай хамт явж байсан Ш-, С хоёр миний хажууд зодуулах үед байгаагүй. Бор нэхийтэй залуу байсан түүнийг Ууганбаяр гэдэг гэсэн. Тэр У нь миний баруун нүд рүү цохиж унах үед нүүр рүү өшиглөж, миний биед баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, баруун зовхины дээд талд зулгаралт гэмтлүүдийг учруулсан. Одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 38-р хуудас/,
Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн "... 2023 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнийн 02 цагийн үед У, Ж, Т, Л бид 5 Мичид бааранд ороод үйлчлүүлж байтал тэнд байсан хүмүүс дотроос нэг цэнхэр дээлтэй залуу манай ширээн дээр ирчхээд манай найз Т рүү салаавч гаргаад ам хамар руу нь салаавч гаргаад байсан. Тэгээд би буланд бааранд хийж байсан эмэгтэйтэй юм яриад сууж байтал бужигналдаад эхэлсэн. Би хүнтэй юм ярьж байсан болохоор тэр даруйд нь тэд нар дээр очоогүй, сүүлд нь тэд нар дээр очиход цэнхэр дээлтэй залуу манай хэдтэй хэрүүл хийгээд байхаар нь би тэр залууд хандаад чи болиоч гэж цааш түлхээд өөдөөс чи цаашаа байгаарай гээд хэрэлдээд байсан. Тэгж байтал манай У, Т хоёр тэр цэнхэр дээлтэй залуутай зууралдаад байсан. Тэгж байсан чинь тэндээс нөгөө цэнхэр дээлтэй залуугийн найз нь гээд нэг залуу цагдаа дуудчихлаа гэж хэлсэн чинь нөгөө цэнхэр дээлтэй залуу газар хэвтээд босохгүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа эмнэлэг ирээд бид нарыг аваад явсан. Би саарал куртиктэй, У бор нэхийтэй, Т цагаан ноосон цамцтай, Л цэнхэр цагаантай шоотой цамцтай, Ж харкуртиктэй явж байсан. У-тай л зууралдаад байсан. Яг цохиж байхыг нь би анзаараагүй..." гэх мэдүүлэг/хх-ийн 43-р хуудас/,
Гэрч С.Л-ийн мөрдөн байцаалтад өгсөн "... У, Т, Ж, М бид 5 М бааранд орсон юм. Би утсаар яриад орж гараад байсан. Нэг орж ирээд бүжиглэж байсан чинь нэг цэнхэр дээлтэй залуу манай найз Т У хоёртой манай ширээн дээр ирээд юм яриад байсан. Тэгээд юм яриад байж байснаа манай найз Т рүү салаавч гараад байсан. Би тэр залуу дээр очоод болиоч гэж хэлээд ширээ рүүгээ явж гэж хэлсэн. Тэгсэн баарны эзэн эмэгтэй ирээд болиоч гэж хэлэхэд нь би гараад явсан. Би гадаа тамхи татаж байтал цагдаа ирэхэд нь буцаж дагаж орсон. Тэгтэл нөгөө дээлтэй залуу газарт хэвтэж байсан. Тэгээд бид нар эмнэлэг явж, буцаж цагдаа дээр ирсэн. М саарал куртиктэй, У бор нэхийтэй, Т цагаан ноосон цамцтай, Жавхлантөгс хар куртиктэй, би саарал малгайтай цамцтай. Би тухайн үед би байгаагүй цагдаатай ороход газарт хэвтэж байсан. У цохисон гэж байсан. Бид нар 2 шил архи уусан байсан. Би 1,60% согтолттой байсан ...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-р хуудас/,
Гэрч Б.Жийн мөрдөн байцаалтад өгсөн "... У, Т, М, Л бид 5 М бааранд сууж байсан чинь тэр зодуулсан гэх залуу манай ширээн дээр ирээд манай Т-г өдөж салаавч гаргаж янз бүрээр ааш гаргасан байсан. Нэг мэдсэн чинь пижигнэлдээд бужигналдаад эхэлсэн. Тэгсэн тэндээс нэг нь цагдаа дуудсан цагдаа ирж байгаа гэж хэлсэн чинь тэр дээлтэй залуу газар хэвтсэн байсан. Цагдаа ирээд араас нь түргэний эмч ирээд эмнэлэг авч явна гээд бид нар дагаад эмнэлэг дээр ирээд тэндээсээ цагдаа дээр ирээд манай Т, У хоёрыг зодоон хийсэн гэдгээр эрүүлжүүлэхэд хийгээд Л, М бид 3 харьж амарсан. У тэр хоёрыг барилцсан байхад би болио гэж салгасан юм. Хэн хэн нь хэнийгээ яаж цохисныг нь анзаараагүй. М саарал куртиктэй, У бор куртиктэй байсан. Бид нар дундаа 2 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Би 1,69% гарсан. Болсон асуудлыг хальт мулт л санаад байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 47-р хуудас/,
Гэрч П.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн "... 2023 оны 11 дүгээр сарын 14-ний 23 цаг өнгөрч байхад М нэртэй бааранд У, М, Л, Ж тавуулаа орсон. Сууж байтал 01 цаг өнгөрч байхад гаднаас 6-7 залуу орж ирж байсан. Манай нөгөө хэд бүжиглэж, би ширээ дээрээ сууж байтал зодуулсан гээд байгаа цэнхэр дээлтэй шар бүстэй залуу ирчихэд хэл амаар та нар эндхийн хүмүүс биш байна.Та нарыг энд алхуулахгүй пиздаа минь, гичий минь гэх мэтээр хэлж доромжлоод байсан. Тэгэхээр нь би 2 удаа түлхсэн юм. Тэгтэл дахин дахин ирээд хэрэлдээд байсан. Тэгээд хоорондоо үл ойлголцол байгаад байсан. Бид нар явъя гэж яриад би түрүүлээд гараад нөгөө хэдийгээ гарч ирэхгүй байхаар нь буцаад ортол манай Утай нөгөө дээлтэй залуу барьцалдсан байдалтай байсан. Би орж салгасан чинь тэр залуу надтай зууралдаад байсан. Би тэр залуутай цохилцсон зүйл байхгүй. Би хамт явсан хэдтэйгээ үүдэнд очиж зогсоод цагдаа дуудсан гэхээр нь цагдаа ирэхийг хүлээгээд зогсож байгаад цагдаа ирэхэд нь нөгөө залуу дээр очсон чинь шатны дээд талд газар унасан байдалтай хэвтэж байсан. Эмнэлгийн машин бас ирээд зарим нь цагдаа руу зарим нь эмнэлэг рүү явсан. Намайг явъя гэж хэлээд гадаа гараад буцаад орж ирэхэд нүд нь цохиулсан байсан. Тухайн үед Утай барьцалдсан байсан. М саарал куртиктэй, У бор нэхийтэй, Л цоохор цамцтай, Ж хар куртиктэй, би цагаан ноосон цамцтай явж байсан. Бид нар дундаа 2 шил 0,75 грамм архи хувааж уусан. Би болсон үйл явдлыг сайн санаж байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-р хуудас/,
Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, ахмад Д.Даваахүүгийн 2023 оны 11 сарын 17-ны өдрийн “1.2.Г.Н-ын биед баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, баруун зовхины дээд талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. З.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. б.Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 294 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-54-р хуудас/ зэрэг улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.У- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Н.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч Н.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгож, торгуулийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.У-т сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зэргийг мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Шүүгдэгч Н.У- нь хохирогч Г.Н-ад 250,00 төгрөг төлсөн /хх107/, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 90,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн /хх106/.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.У- нь хохирогч Г.Н-ад (Хоёр зуун тавин мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 90,000 (Ерэн мянга) төгрөг тус тус төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө г овгийн Нийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Н.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У-т оногдуулсан 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Шүүгдэгч Н.У- шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг сануулсугай.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Н.У- нь хохирогч Г.Н-ад 250,000 (Хоёр зуун тавин мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 90,000 (Ерэн мянга) төгрөг тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР