Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 183/2020/00864/и |
Дугаар | 183/ШШ2020/02613 |
Огноо | 2019-09-29 |
Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2020/02613
2020 9 29 183/ШШ2020/02613
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, хаягт оршин суух, Х.Б. /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, тоот хаягт байрлах, Э.ХХК /РД:/-т холбогдох,
С.ХХК-ийн 40 хувийн хувьцааг Э.ХХК-иас буцаан олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Г.Б, үүний өмгөөлөгч Ц.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Иргэн Х.Б. нь 2016 оны 2 дугаар сард С.ХХК-ийг үүсгэн байгуулж, Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд С эмнэлэг, С эмийн сан, С эм ханган нийлүүлэх төвийг тус тус ажиллуулж байна. 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр С.ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Б. нь Э.ХХК, түүнийг төлөөлж захирал Г..тэй ХГ/019/05/16 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан байдаг. Гэрээгээр С.ХХК-ийн 40 хувийн хувьцааг буюу нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг энгийн хувьцааг Э.ХХК-д шилжүүлэн авч хариуд 100 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр тохиролцсон байдаг. Э.ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээний 3.7-д ...компанийн холбогдох бичиг баримтад өөрчлөлт орж, улсын бүртгэлд бүртгүүлсний дараа ажлын 10 хоногийн дотор хөрөнгө оруулагч нь 100 000 000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлнэ гэсэн үүргээ биелүүлээгүй. Энэ хооронд Г.. нь 2001 онд үйлдвэрлэгдсэн Хитачи нэртэй Япон улсад ашиглаж байсан 2 мянган ам долларын үнэтэй флюроскопийн Си-арм аппаратыг С эмнэлгийн тусгай зөвшөөрлөөр импортлон оруулж ирсэн. Уг аппаратыг С эмнэлгийн байранд хадгалуулж байгаад 2019 оны 11 сарын 07-ны өдөр уг төхөөрөмжөө бүрэн бүтэн хүлээн аваад явсан. Э.ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээ бодитой хэрэгжээгүй тул хөрөнгө оруулалтын гэрээнээс талууд харилцан татгалзсан бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар гэрээний зүйлийг талууд харилцан буцаах үүрэгтэй. Иймд Э.ХХК-иас С.ХХК-ийн 40 хувийн хувьцааг буцаан авах хүсэлт гаргахад, өөрөө буцааж өгье гэдэг боловч буцааж өгөхдөө тоног төхөөрөмж авахтай холбоотой гарсан зардал болох 35 000 000 төгрөгийг төл гэдэг. 35 000 000 төгрөг нь тоног төхөөрөмжтэй холбоотой гаргасан зардал. Өөрөөр хэлбэл худалдаж авсан, гаалийн бүртгэл хийсэн, гаалийн татвар төлсөн, нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн, тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлаар япон улс руу зорчсон гэх төлбөрийг шаардаад байна. Энэ тоног төхөөрөмж өөрийнх нь нэр дээр шилжсэн тохиолдолд тоног төхөөрөмжтэй холбоотой зардлыг бид хариуцах ёсгүй. Тоног төхөөрөмж нь бид нарт байгаа тохиолдол бид ямарваа нэг зардлыг хариуцна. Гэтэл тоног төхөөрөмжөө өөрөө хүлээгээд аваад явсан учраас бид хариуцахгүй. Компанийн 40 хувийг буцааж өгөхийн тулд тоног төхөөрөмжтэй холбоотой зардлыг нэхэмжлээд байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд компанийн 40 хувийг Г..өөс буцааж олгуулахыг даалгаж өгнө үү. гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... С.ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Б. нь Э.ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр №ХГ/019/05/16 тоот хөрөнгө оруулалтын гэрээ, мөн өдрөө компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулан, мөн С.ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэр гаргаж, Э.ХХК-иас 100 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг Смед ХХК-ийн С эмнэлгийн тоног төхөөрөмж, маркетинг, менежмент бусад зүйлд хөрөнгө оруулалт хийлгэх замаар авч, хариуд нь Смед ХХК-ийн 40 хувийн хувьцаа, гүйцэтгэх захирлын эрх, үүргийг Эзфон групп ХХК, түүний захирал Г..т шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Хөрөнгө оруулалтын гэрээний 3.6-д талууд гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 7 хоногийн дотор хувьцаа шилжүүлэгч нь хувьцаагаа хөрөнгө оруулагчид шилжүүлж, хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлт, шинэчилсэн дүрэм болон холбогдох бичиг баримтуудыг улсын бүртгэлд бүртгүүлснээр компани нь хөрөнгө оруулалт хүлээн авах эрх үүснэ гэж заасан боловч хувьцаа шилжүүлэгч нь хөрөнгө оруулагч талд санхүүгийн буруу ташаа мэдээллээр хуурч явсаар 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хөрөнгө оруулагчаар удаа дараа шаардуулж байж хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлт, шинэчилсэн дүрэм болон холбогдох бичиг баримтуудад өөрчлөлт орсон. Гэвч компанийн гүйцэтгэх захирлын эрх, үүргийг шинээр гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн Г..т бодитоор шилжүүлж өгөөгүй. Өөрөөр хэлбэл компанийн тамга тэмдэг, бусад бичиг баримт зэргийг хүлээлгэн өгөөгүй. Энэ хугацаанд буюу 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хооронд хувьцаа шилжүүлэгч СМед ХХК, хувьцаа эзэмшигч Х.Б. нь ...хөрөнгө оруулалтад тусгагдсан С эмнэлэгт ашиглах мэс заслын Си-арм төхөөрөмж худалдан авах, эм, эмнэлгийн хэрэгсэл борлуулах, С эмнэлгийн маркетинг зар сурталчилгаа, эмнэлгийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа материал, шархны наалт татах, борлуулах зэрэг үйл ажиллагааг цаг алдахгүй эхлүүлэх, хөрөнгө оруулалтыг түрүүлж хийх нэн шаардлагатай байна... гэсэн хүсэлтийг гаргасан учир манай зүгээс хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан өдрөөс эхэлж маркетинг зар сурталчилгааг бэлтгэх, түгээх, бусад ажлыг зохион байгуулж, Э.ХХК-ийн захирал Г.. Япон улс руу 10 354 800 төгрөгийн зардал гарган томилолтоор явж, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Япон улсын Эм каст компаниас дараах үнэ бүхий HITACHI DHF-105 СХ Си-арм төхөөрөмж, принтерийн цаас, дотоод болон олон улсын тээвэр, бэхлэгээ, зуучлалын зардал зэргийг багтааж 576 000 иен буюу тухайн өдрийн Хаан банкны ханшаар 14 198 400 төгрөгөөр худалдан авч Монгол улсад авч ирэх тухай талууд дахин ярилцаж тохироод холбогдох худалдааны гэрээг байгуулсан байдаг. Мөн 1 500 000 төгрөгийн үнэ бүхий бээлий, мэс заслын зүү зэрэг бараа бүтээгдэхүүнүүдийг тус тус худалдан авч эмнэлэгт хүлээлгэн өгсөн байдаг. Манай зүгээс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал гэж бүртгэгдсэн өдрөөс хойш хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолоор НIТАСНI DHF-105 СХ Си-арм төхөөрөмж, принтерийн цаас, дотоод болон олон улсын тээвэр, бэхэлгээ, зуучлалын зардлыг зуучлагч иргэн Б.Эрдэнэ Япон улс дахь данс руу Си-арм төхөөрөмжийн үнэ 576 000 иен буюу тухайн өдрийн хаан банкны ханшаар тооцож 14 198 400 төгрөгөөр худалдан авах, гүйцэтгэх захирлын томилолтын зардал 10 354 800 төгрөгийг хөрөнгө оруулалтаас өгөх, 7 сард багтаан Си-арм төхөөрөмжийг оруулж ирэх тогтоолыг баталж ажиллаж ирсэн. Тогтоолын дагуу 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Смед компанийн хаан банк дахь данснаас зарлага гаргаж гүйцэтгэх захирал Г.. хувьдаа худалдан авсан автомашины төлбөртэй хамт хаан банкны гадаад гуйвуулга ашиглан шилжүүлж 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гаалийн татвар 1 240 000 төгрөг, хадгалалт 33 000 төгрөг, импортын зөвшөөрлийн хураамж 100 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр зөөлт 200 000 төгрөг, тог баригч 86 600 төгрөгийг тус тус төлж С эмнэлэгт төхөөрөмжийг байрлуулж ажиллагааг нь мэргэжлийн инженерээр шалгуулан төхөөрөмж ямар нэг гэмтэлгүй ашиглахад бэлэн болгосон. Гэвч С-Мед ХХК-ийн зүгээс хөрөнгө оруулалтын гэрээний 5.2.9-д заасны дагуу компанийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн үнэн зөвийг бүрэн хариуцах, мөн гэрээний 4.1.13-д хөрөнгө оруулагчийг компанийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд хяналт тавих, танилцах бололцоогоор саадгүй хангаж ажиллана гэж үүрэг хүлээж, баталгаа гаргасан үүргээ биелүүлэхгүй, санхүүгийн мэдээллийг нуун дарагдуулах замаар хувийн дансаар, тодруулбал нэхэмжлэгч Х.Б.ийн эхнэр Дэлгэрзаяагийн хувийн дансаар орлого авч хувийн өр зээлийг төлөх зэрэг үйлдэл гаргаж байсан учир, цаашид ийм байдлаар хамтран ажиллах боломжгүй, гүйцэт хөрөнгө оруулалтаа хийх боломжгүй талаар 5 удаагийн уулзалтаар С-Мед ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Б.өд сануулсан боловч дахин компанийн орлогоор хувийн зээлээ төлж эмнэлгийн байрны түрээсийг төлөх боломжгүй, үйл ажиллагаа зогсоох эрсдэлд хүргэсэн. Иймд нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б. нь хариуцагч Э.ХХК-д холбогдуулан С.ХХК-ийн 40 хувийн хувьцааг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээ бодитой хэрэгжээгүйгээс гэрээнээс талууд харилцан татгалзсан тул гэрээний дагуу шилжүүлсэн С.ХХК-ийн 40 хувь буюу нэг бүр нь 1000 үнэ бүхий 4 ширхэг энгийн хувьцааг буцаан гаргуулна. гэж тайлбарлав.
Хариуцагч нь гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба харин нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломж олгохгүй, баримт бичгээ албан ёсоор хүлээлгэн өгөхгүй, компанийн санхүүг дур хувьдаа захиран зарцуулж байснаас гэрээ цуцлагдсан. Гэрээний дагуу компани оруулсан 35 766 136 төгрөгийн хөрөнгө оруулалтыг буцаан олгосон тохиолдолд хувьцааг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж маргав.
Талуудын хооронд 2019 оны 05 сарын 16-ны өдөр ХГ/019/05/16 тоот хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Х.Б. нь С.ХХК-ийн өөрийн өмчлөлийн 40 хувийн хувьцааг хөрөнгө оруулагч Э.ХХК-д шилжүүлэх, хөрөнгө оруулагч нь компанид 100 000 000 төгрөгийн хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар тохиролсон тохиролцоо нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Э.ХХК нь нэхэмжлэгч Х.Б.өд 2019 оны 08 сарын 15-ны өдөр гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх хугацаа тогтоож, зөрчлийг арилгаагүй тохиолдолд гэрээ цуцах мэдэгдлийг хүргүүлсэн байна. Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Х.Б.өд холбогдуулан С.ХХК-иас Э.ХХК-д шилжүүлсэн 40 хувийн хувьцааг буцаан шилжүүлэн авахыг даалгаж, 20 9677 736 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байжээ. /хх-32, хх-140/
Зохигчдын хооронд байгуулсан гэрээ урт хугацааны гэрээ байх тул энэ төрлийн гэрээнээс татгалзах асуудлыг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлд зохицуулсан. Иргэний хуулийн 221.1, 221.3-т тус тус зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээг дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болдог бөгөөд гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн тус хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломж олгоогүй гэх үндэслэлээр зөрчил арилгах хугацаа тогтоож, гэрээ цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн ба нэхэмжлэгч хүлээн авч, гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шаардан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн байна.
Нэхэмжлэгч ийнхүү гэрээ цуцлах саналыг хүлээн авсан нь талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 05 сарын 16-ны өдөр ХГ/019/05/16 тоот хөрөнгө оруулалтын гэрээ дуусгавар болсон буюу өөрөөр хэлбэл урт хугацаатай гэрээг талууд тохиролцож цуцалсан байх бөгөөд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2.1-т гэрээг цуцалсан бол хамтран ажиллах гэрээ дуусгавар болохоор заасан байна.
Мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5-д гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцална. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заажээ.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-т хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг хариуцан буцаан өгөх, энэ үүргээ гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу талууд гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үр дагавар үүснэ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.8-д хөрөнгө оруулагч нь энэхүү гэрээний 3.1-д заасан хөрөнгө оруулалтыг компанийн дансанд шилжүүлснээр хөрөнгө оруулалтыг хийсэнд тооцно гэж заасан ба С.ХХК-ийн 2019 оны 07 сарын 07-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлаар ...компанийн хувьцаа эзэмшигч Э.ХХК-ийн хөрөнгө оруулалтын мөнгөн хөрөнгийг байршуулах цаашид үйл ажиллагаанд ашиглах зорилгоор Хаан банкинд төгрөгийн данс нээлгэх, нэгдүгээр гарын үсэг зурах эрхийг гүйцэтгэх захирал Г..т олгохоор шийдвэрлэжээ. Улмаар С.ХХК-ийн 5115066284 тоот төгрөгийн харилцах дансанд Э.ХХК-иас 24 553 200 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан болох нь баримтаар тогтоогдож байна.
Дээрх хөрөнгө оруулалтаар Си-арм төхөөрөмж худалдан авахад зарцуулахыг С.ХХК-ийн 2019 оны 07 сарын 07-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж, улмаар тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулагдсан болох нь баримтаар тогтоогдож байна. Уг Си-арм төхөөрөмжийг хариуцагч эзэмшилдээ буцаан авсан үйл баримтын талаар зохигчдын хэн аль нь маргаагүй тул нэхэмжлэгчээс хариуцагч Э.ХХК-д буцаан өгөх зүйлгүй гэж дүгнэв.
Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 05 сарын 16-ны өдөр ХГ/019/05/16 тоот хөрөнгө оруулалтын гэрээний дагуу шилжүүлсэн С.ХХК-ийн 40 хувь буюу нэг бүр нь 1000 үнэ бүхий 4 ширхэг энгийн хувьцааг нэхэмжлэгч Х.Б.өд буцаан шилжүүлэхийг Э.ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 4 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 4 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2019 оны 05 сарын 16-ны өдөр ХГ/019/05/16 тоот хөрөнгө оруулалтын гэрээний дагуу шилжүүлсэн С.ХХК-ийн 40 хувь буюу нэг бүр нь 1000 үнэ бүхий 4 ширхэг энгийн хувьцааг нэхэмжлэгч Х.Б.өд буцаан шилжүүлэхийг Э.ХХК-д даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ