| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2023/0161/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/163 |
| Огноо | 2023-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/163
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
Улсын яллагч Д.Ганцэцэг,
Хохирогч А.Э-,
Шүүгдэгч Э.С- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч О овгийн Э-ын С-д холбогдох 2316000000222 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5 аав, ээж эгч дүү нарын хамт Говь-Алтай аймгийн **** сумын *** баг Толгойтын *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д**** регистрийн дугаартай, О овогт Эн С,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Говь-Алтай аймгийн *** сумын төвд байрлах Кензо бааран дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хэрүүл маргаан үүсгэн А.Э-ийн биед хамрын таславчийн мурийлт, баруун дээд доод зовхи, зүүн доод зовхи, хамрын нуруу, баруун чихний ар хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Э.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах Кензо бааран дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хэрүүл маргаан үүсгэн А.Э-ийн биед халдаж зодсон үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын улмаас Э.С- нь А.Э-ийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хамрын таславчийн мурийлт, баруун дээд доод зовхи, зүүн доод зовхи, хамрын нуруу, баруун чихний ар хэсэгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Э.С- гэм буруутай болох нь:
Хохирогч А.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 13-ны орой найз Г, Ч нарын хамт Кензо бааранд бид дөрөв ороод 0.5 литрийн архи хувааж уугаад сууж байхад Г, Ч нөгөө үл таних залуу гурав түрүүлээд гарсан явсан. Би ардаас нь үүдэн дээр гарахад тэр гурав үүдэн дээр хүмүүстэй маргалдаж байсан. Би дундуур нь орж салгасан. Би буцаж Кензо баарны бие засах өрөө рүү ороход Г үүдэнд байсан хүмүүстэй маргалдаад байж байсан. Би дундуур орж салгах гэтэл ардаас өчигдөр нэрийг мэдсэн Цэкэ гэх залуу татсан. Мөн өчигдөр нэрийг нь мэдсэн Лхагвадорж уруул руу цохисон. Би доошоо тонгойтол өчигдөр нэрийн мэдсэн Содмандах миний хамар руу өшиглөж хамраас их цус гарсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-р хуудас/,
Гэрч Б.Лийн мөрдөн байцаалтад өгсөн "... Кензо баарны нолийн өрөөнд Содмандах Энхтөртэй зодолдож байсан. тэгээд Энхтөр газарт унасан байхаар нь татаж босготол хамраас нь цус гарсан байсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 32-р хуудас/,
Гэрч У.Цын мөрдөн байцаалтад өгсөн "... С ирээд Эийн хамар луу нь өшиглөөд цус гарсан ...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-р хуудас/,
2023 оны 11 дүгээр сарын 14-ний 00 цаг 39 минутаас 00 цаг 41 минутын Кензо баарны теле хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 12-14 дүгээр хуудас/
2023 оны 11 сарын 09-ны өдрийн 290 дугаартай Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Т.Алтайбаатарын “...А.Э-ийн биед хамрын таславчийн мурийлт, баруун дээд доод зовхи, зүүн доод зовхи, хамрын нуруу, баруун чихний ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. А.Э-ийн биед үүссэн гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт/хх-ийн 37-38 дугаар хуудас/ зэрэг улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.С- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Э.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч Э.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.С-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгож, торгуулийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.С-ад сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зэргийг мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Шүүгдэгч Э.С- нь хохирогч А.Э-д 3,500,000 (Гурван сая таван зуун мянга) төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 260,500 (Хоёр зуун жаран мянга таван зуу) төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн /хх23/, хохирогч А.Э- нь гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй /хх26/ гэсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.С- нь хохирогч А.Э-д 3,500,000 (Гурван сая таван зуун мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 260,500 (Хоёр зуун жаран мянга таван зуу) төгрөг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О овгийн Эн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Э.С-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-ад оногдуулсан 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Шүүгдэгч Э.С- шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг сануулсугай.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Э.С- нь хохирогч А.Э-д 3,500,000 (Гурван сая таван зуун мянга) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 260,500 (Хоёр зуун жаран мянга таван зуу) төгрөг тус тус төлсөн бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.С-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР