Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2020/02614

 


 

2020 9 29 183/ШШ2020/02614

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, оршин суух, Г.ын Б. /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, тоот хаягт оршин суух, Б.н Г. /РД:/-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, нэмэлт зардал 6 813 700 төгрөг болон цаашид гарах нэмэлт зардлыг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б., хариуцагч Б.Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Б.Г.тай 2004 онд танилцаж, 2012 оноос өөрийнх нь хүсэлтээр үерхэж, бидний дундаас охин Б.Д. 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төрсөн. Охиноо төрөхөд миний бие Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг өөрөөрөө овоглож авсан. Б.Г. нь тухайн үед Тайван улс ру сургалтад явсан байсан. Бидний зан харилцаа, гэр бүлээс гадуурх харилцаанаас болж хамт амьдарч байгаагүй, мөн хамт амьдрах боломжгүй болсон тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Мөн охин Б.Д. нь энэ жил Орос Монголын хамтарсан 3 дугаар сургуулийн бэлтгэл ангид суралцаж байгаа бөгөөд сургалтын төлбөр, өдөр өнжүүлэх зэрэг гарсан зардал нийт 6 813 700 төгрөгийг гаргуулах, цаашид сургалтын төлбөр болон өдөр өнжүүлэхийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Г. нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...2016 онд эхнэр төрөөд 3, 4 хоногийн дараа надад улсаас Тайван руу мэргэжил дээшлүүлэх боломж олдсон тул мэргэжил дээшлүүлэхээр яваад ирэхэд хүүхдийнхээ нэрийг ч мэдэж чадахгүй, бэлэг аваад очиход тоож байгаа ч шинж байхгүй. Би арай ч ийм айлд хүргэн ороогүй байлгүй гэж бодоод эднийхээс зөндөө гуйсан. Бэр гуйхаар ах дүүсээ дагуулж очиход намайг хүлээж аваагүй. Аавтайгаа хамт амьдарч байсан байраа зараад Хан-Уул дүүрэгт хамтран амьдарч байтал надад тавьдаг шаардлага нь би чиний гэр орныг цэвэрлэж чадахгүй гээд шал угааж байсан алчуур, угаадас зэргийг надруу шиддэг байсан. Бидний босгох гэж байгаа амьдрал гэж зөндөө аргадаж хэлж байсан. Зодооны хувьд миний хүзүү цээжийг битүү самардаад ажилд минь явуулдаг байсан. Маргааш ажил дээрээ очиход бүх эмч нар юу болсон талаар асуудаг байсан. Дараагийн удаа дахин давтагдахад би биеэ хамгаалсан, түүнээс биш надад хүн амьтан зоддог характер байхгүй. Би өөрөө эмэгтэйчүүдийн эх барих эмч. Намайг охиндоо юм өгдөггүй гэж байна. Охиндоо хүссэн юмыг нь авч өгдөг, төрсөн өдрөөр нь бэлэг, өвлийн хувцасыг нь дагуулж яваад авч өгдөг байсан. Чи охиноо өсгөж байгаа юм чинь би юугаар туслах вэ гэж асуугаад мөнгө өгдөг байсан. Охинынхоо нэрийг би мэддэггүй байсан. Хадмынхаас асуухаар нэрийг ч хэлдэггүй байсан нь надад эмгэнэлтэй, харамсалтай байна. 2 жилийн хугацаанд намайг юу ч өгөөгүй гэж байна. Энэ үнэн, сүүлийн хоёр жил би өөрөө осолд ороод хоёр ч удаа хагалгаанд орсон, гурван сар эмнэлэгт хэвтэж, хөдөлмөрийн чадваргүй байсан тул санхүүгийн боломж байгаагүй. Өнгөрсөн жил аав маань бөөрний дутагдалд орж, нэг бөөрөө авхуулж, зүрхний хагалгаанд орсон тул надад санхүүгийн боломж гараагүй. Миний цалин 812 000 төгрөг, энийг би чамд жилээр нь өгсөн ч 10 000 000 төгрөг л гарна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б. нь хариуцагч Б.Г.т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, нэмэлт зардал 6 813 700 төгрөг гаргуулах, цаашид гарах зардлыг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2004 онд танилцаж, 2012 оноос эхлэн дотносож хамтран амьдарч эхэлсэн бөгөөд Г.Б., Б.Г. нарын дундаас 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр охин Б.Д. төрсөн байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 48 дугаар зүйлийн 48.1-т Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон буюу сургуульд орсон бол түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Г.Б. нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, нэмэлт зардалтай холбогдуулан 6 813 700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Б.Г. нь охин Б.Д.ыг өөрийнх нь хүүхэд мөн эсэхэд маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн тухай хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлөх, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарсан нэмэлт зардлыг хуульд заасан хэмжээгээр хариуцах нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр охин Б.Д.д эцэг Б.Г.аас тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.

 

Хариуцагч Б.Г. нь охин Б.Д.ын асрамжийн асуудлаар маргаагүй тул мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу охин Б.Д.ыг эх Г.Б.ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

 

Харин нэхэмжлэгч Г.Б. нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарсан нэмэлт зардал болох 6 813 700 төгрөгийг нэхэмжилсэн ч тус зардлыг хариуцагч Б.Г. дангаараа хариуцах нь үндэслэлгүй бөгөөд хүүхдийг төрснөөр эцэг, эх тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан тул дээрх зардлыг хуваан хариуцуулах хуульд нийцнэ.

 

Мөн хүүхдийг өсгөн, хүмүүжүүлэхтэй холбогдон гарах нэмэлт зардлыг цаашид хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргасан ч хэдэн төгрөгийн зардал гарах, эсхүл гарсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хангахгүй орхив.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурьдах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь: 

 

1.   Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Б.Д.ыг 11 хүртэлх нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Ганаяраас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Б.Д.ыг эх Г.Б.ийн асрамжинд үлдээсүгэй.

 

2.   Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу зохигчдын дундаас төрсөн охин Б.Д.ыг өсгөн, хүмүүжүүлэхтэй холбогдон гарсан нэмэлт зардал болох 6 813 700 төгрөгийн 50 хувь болох 3 406 850 төгрөгийг хариуцагч Б.Г.аас гаргуулан нэхэмжлэгч Г.Б.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 406 850 төгрөг болон цаашид гарах нэмэлт зардлыг хариуцагчаар хариуцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Б.ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 212 140 төгрөгөөс 194 169 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 17 971 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгч Г.Б.т буцаан олгохоор, хариуцагч Б.Г.аас 139 660 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ