| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/03238/и |
| Дугаар | 183/ШШ2020/02615 |
| Огноо | 2020-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2020/02615
2020 9 29 183/ШШ2020/02615
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, дамбадаржаа оршин суух, Т.гийн О. /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, үйлдвэр, тоотод оршин суух, Б.ийн З /РД:/-т холбогдох,
5 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.О., хариуцагч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай хамаатны Н.Н гэдэг хүн манай найз Буянт ухаа-2 хороололд түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж байна гэхээр нь хүүхдээ байртай болгохын тулд тэр байранд оръё гэсэн чинь Н.Н нь Б.Зын утсыг өгөөд холбогдоорой гэсэн. Б.Зтай холбогдоход одоо улсын баярын өмнө айлуудаа оруулах гэж байгаа болохоор цөөхөн байр үлдсэн, та 5 500 000 төгрөгийг өгчих гээд 2019 оны 6 сарын 24-ний өдөр Б.Зын ... тоот дансаар 5 500 000 төгрөгийг өгсөн. Миний нэр дээр 8 хувийн зээлтэй байгаа учраас байр олдохгүй гэсэн тул нөхрийнхөө нэр дээр байр авахаар болсон. Бичиг баримтаа бүрдүүлээд, мөнгөө шилжүүлээд байж байтал орой нь Б.З утсаар ярьж байгаад манай гэрийн гадаа машинтай ирж бичиг баримтыг авсан. Түүнээс хойш одоохон, удахгүй орно гэж жил гаруй болсон тул Б.Заас 5 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие түрээсийн байранд гурван хүүхэдтэйгээ амьдардаг. 2018 оны 9 сард манай найзын ажил дээр таньдаг хүн нь орж ирээд 972 айлын орон сууцанд орж байгаа, өөрийн гэсэн орон сууцтай болох боломж байна гэхээр нь орох оронтой болчих юм болов уу гээд асуутал 2 000 000 төгрөг өгчих гэсэн. Түүний дараа тэр хүнтэй чинь уулзъя гэхэд төрийн орон сууцанд ажилладаг гээд хүн авчирч уулзуулсан. Тэгээд би итгэсэн, миний гар утсанд цахимд бүртгэгдлээ гэсэн мсж ирж байсан. Энэ тухайгаа найз нартаа ярьсан бөгөөд Н.Н гэдэг хүн нь таньдаг хүнээсээ сонссон байсан. Н.Н нь надаас орон сууцанд орж болдог юм болов уу судлаад өгөөч гэж надаас асуусан, тэгэхэд нь би өөрөө тэнд ажилладаггүй. Ингээд материалаа өгсөн, болох болохгүйг сайн мэдэхгүй байна гэхэд. Манай ах эгч байгаа тэд нарыг оруулаад өгөөч, асуугаад байна, цаашаа асуугаад өгөөч гэхээр нь би яг энэ хүн шиг дамжуулаад цааш нь асуусан. Тэр үед асуухад байр нь засвар хийгдэж байгаа хүмүүс нь ороогүй байгаа гээд бичиг баримтыг нь бүрдүүлээд, авлигалын мөнгө 5 500 000 төгрөгийн хамт өгчих гэсэн. Б.З миний дансанд 5 500 000 төгрөг нь орсон боловч уг мөнгийг би өөрийн данснаасаа төрийн орон сууцанд оруулж өгнө гэсэн Л.Батчимэгт 3 500 000 төгрөгийг дансаар, н.Доржсүрэнд 2 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Л.Батчимэг, н.Доржсүрэн нар нь хурдан бичиг баримтыг нь аваад ир, тэгэхгүй бол оройтно гэхээр нь бичиг баримтаа авч өгсөн. Миний бие 2 000 000 төгрөгөө өгсөн хохирогч болсон. Энэ хэрэг нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа тул иргэний хэргийг эрүүгийн журмаар шалгагдаж дустал түдгэлзүүлж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.О. нь хариуцагч Б.Зд холбогдуулан 5 500 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Б.З 5 500 000 төгрөг өгвөл Буян-Ухаа-2 түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж хэлсний дагуу аман хэлцэл хийж 2009 оны 06 сарын 24-ний өдөр түүний дансанд 5 500 000 шилжүүлсэн боловч одоо хүртэл байранд орж чадаагүй тул мөнгөө буцаан гаргуулна... гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...тухайн мөнгийг би захиран зарцуулаагүй, цааш нь Л.Батчимэг, н.Доржсүрэн гэх хүмүүст дамжуулж өгсөн. Нэхэмжлэгч энэ мөнгийг түрээсийн байранд орох хахуулийн мөнгө гэдгийг анхнаасаа мэдэж байсан... гэж тус тус тайлбарлав.
Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч тэдгээрийн тохиролцоо нь хуульд нийцсэн байх учиртай.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд түрээсийн орон сууцанд хамрагдах зорилгоор маргааны зүйл 5 500 000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцсон нь хуулиар хориглосон, гэмт хэргийн шинжтэй зүйл хэлцлийн объект болсон байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус юм.
Нэхэмжлэгч нь 2019 оны 6 сарын 24-ний өдөр хариуцагч Б.Зын эзэмшлийн Хаан банк дахь 500785944 тоот дансанд Уртнасан-с гэх утгаар 5 500 000 төгрөг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна.
Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаах үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.О. нь хариуцагч Б.Заас 5 500 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.
Хариуцагчийн тус мөнгийг бусдад шилжүүлсэн тул хариуцахгүй гэх татгалзал үндэслэлгүй болно.
Иймд хариуцагчаас 5 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.О.т олгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 102 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 102 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Б.Заас 5 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.О.т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 102 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ