| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/03276/и |
| Дугаар | 183/ШШ2020/02653 |
| Огноо | 2020-10-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2020/02653
2020 10 02 183/ШШ2020/02653
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, тоотод оршин суух, Ж.ын У. /РД:../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, дэнжийн тоотод оршин суух, Г.ийн Б., /РД:/-т холбогдох,
6 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.У., нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д, хариуцагч Г.Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Манай охин н.Д, н.Г, н.Б. гурав Шведэд хамт ажиллаж байсан найзууд. Г.Б. нь н.Д., н.Г хоёртой таараад би мөнгө өсгөдөг болсон, мөнгө өсгөнө гэж хэлэхэд нь манай хоёр гэрт нь 2,3 удаа очиж, судалж үзсэн байсан. Г.Б. байранд орсон, машин унасан дажгүй байна гээд, Г.Б.д ээжийнхээ тэтгэврийг зээлээд оруулчихъя гээд хэлсэн байсан. Тэрнээс хойш Г.Б. яриад байна гэхээр нь би охиндоо чиний найз юм бол 2 жилийн тэтгэврийн зээлээ аваад оръё гэсэн. Тэтгэврийн зээл 6 000 000 төгрөгийг аваад Алтай хотхонд Г.Б.гийнд очсон. Г.Б. надад ярихдаа гадуур судалгаа хийгээд явахад хөгшчүүл их ойлгодог залуучууд ойлгодоггүй, таны 6 000 000 төгрөг нь гадаад улсуудын оюутны багц гэсэн үг, би найдвартай таныг хохироохгүй, та надтай харьц, надад 100 000 000 төгрөгөө өгсөн хүн байгаа гэж зөндөө их гоё юм ярьсан. Тэгэхэд нь би удахгүй манай эмнэлгийн баяр болох гэж байгаа гэхэд, тэр баяраар нь сая төгрөг гаргаад өгье, тэрэнд нь санаа зовох юм байхгүй гэсэн. Түүнээс хойш арван хэд хоногийн дараа би охиноосоо долоо хоногийн дараа мөнгө өгнө гэсэн танай найз Г.Б. яасан бэ гэж асуухад, Г.Б.гаас авсан уу, өөрөө өгсөн үү мэдэхгүй нэг удаа 290 000 төгрөг өгсөн. Тэгээд сарын дараа Г.Б. руу ярихад хүлээж бай, улсууд бүгдээрээ хүлээж байгаа гэсэн. н.Г ч гэсэн аав ээжийнхээ хашаа байшинг барьцаалаад мөнгө өгсөн гэсэн. Манай охин, н.Г хоёр Г.Б. компанитай юм байна хоёулаа очъё гээд төв номын сангийн баруун талд компани дээр нь очиход хоёр гурван хүүхэн байсан гэсэн. Манай ээж мөнгөө өгсөн, орлого ерөөсөө орохгүй байна гэхэд тэнд сууж байсан хүүхэн манай компанийн үйл ажиллагаа зогсоод удаж байна. Манайх программаа шинэчилнэ гээд хүнээс мөнгө авч болохгүй гэсэн. Яах гэж мөнгөө өгсөн юм гээд манай охин, н.Г хоёрт хэлсэн байсан. Тэгвэл та нарыг цагдаад хэлнэ гэхэд тэр хүмүүс гараад явсан гэсэн. Тэр программ нь зогссон, компанийн үйл ажиллагаа байхгүй болсон байхад гэрээрээ мөнгө авсан байсан. Г.Б.гаас 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Ж.У. эгчийн охин н.Г бид гурав хамт Шведэд хамт ажиллаж байсан. Намайг сүлжээний компанид хүн дуудаж оруулсан. Сүлжээний компани нь багц худалдаж аваад, тэр багц нь 7 хоногтоо ногдол ашиг өгдөг. Компанитай жилийн хугацаатай гэрээ хийгээд, жилийн хугацаанд 6 000 000 төгрөг нь 17, 18 сая төгрөг болдог системтэй сүлжээний компани байсан. Би н.Гт хэлэхэд, н.Г компанид ороод 7 хоног болгон ногдол ашиг аваад явж байсан. н.Г нь н.Дд хэлээд, н.Д ээжийгээ та тийм багц аваач гээд тэтгэврийн зээлийг авхуулаад манайд дагуулж ирсэн. Тэр үед компани нь ачааллаа дийлэхгүй байна, та нар өөрсдөө бүртлээ хийж бай гээд компьютор дээр бид нарт зааж өгсөн. Би жирэмсэн байсан учраас манай гэрт Ж.У. эгч, н.Д хоёр ирсэн. Миний аккаунтад тийм их евро байхгүй учраас би өөр хүний аккаунтаас Ж.У. эгчид 2 430 еврогийн багц тавьж өгсөн. Өөр хүний аккаунтаас 2 430 еврог татаж аваад, Ж.У. эгчид тавьж өгөөд, авсан мөнгийг нь 2 430 еврог татаж авсан хүндээ өгсөн. Яг ийм үйл явцаар үйл ажиллагаа явж байгаад 4, 5 сар гээд ногдол ашиг нь орж ирэхээ болиод, сайт руугаа хаяа орж болоод, хаяа орж болохгүй явсаар байсан. Гэхдээ Орос, Казакстанаас мэдээлэл ирэхдээ удахгүй энэ компани нээгдэнэ, та нар тэвчээртэй хүлээж байгаарай гэсэн мэдээ ирлээ гээд хүмүүс яваад байсан. Өнөөдрийг хүртэл сайт руу нэвтэрч орж болохгүй болсон. Ж.У. эгчийг нөхөртэйгөө манайд ирэхэд би төрөөд удаагүй гэртээ байсан. Өвлийн утаанаас болоод хөдөө гэр лүүгээ яваад, өвөл, хавар, намар, зун хөдөө гэртээ байсан. Тэр үед Ж.У. эгчтэй холбоо барьж чадаагүй. н.Д, н.Г нар намайг фейсбүүк, мсж-ээр намайг миний мөнгийг аваад идчихлээ гэх утгаар ойлгож дарамталсан. Би тэр компани тийм үйл ажиллагаа явуулаад зогсоно гэдгийг би адилхан мэдэхгүй байсан. н.Г аав ээжийнхээ хашаа байшинг барьцаалаад зээл авсан гээд дарамтлаад байсан учраас, нэг ч гэсэн дарамтаас гарахын тулд өөртөө байсан приус 20 маркийн автомашиныг өгсөн. Одоо би нялх хүүхэдтэй, сарын 70 000 төгрөгийн орлоготой тул төлбөрийг төлж чадахгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.У. нь хариуцагч Г.Б.д холбогдуулан 6 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Г.Б.гийн хүсэлтээр тэтгэврийн зээл авч түүнд 6 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Тэрээр мөнгийг 7 хоног бүр еврогоор өсгөж өгнө гэж хэлсэн боловч 2018 оны 05 сарын 05-ны өдөр 295 000 төгрөг өгснөөс өөр мөнгө өгөөгүй хохироож байна. гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчээс 6 000 000 төгрөг хүлээн авсан нь үнэн боловч тухайн мөнгийг цааш нь сүлжээний компанид оруулсан. Тухайн компани нь үйл ажиллагаа явуулахаа больсон. Би хариуцахгүй гэж тус тус тайлбарлав.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд гэрээний дагуу үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба харин нэхэмжлэгч Ж.У. нь 6 000 000 төгрөгийг хариуцагч Г.Б.д өгсөн, хариуцагч нь 295 000 төгрөгийг нэхэмжлэгчид эргүүлэн төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
Хариуцагч нь ...6 000 000 төгрөгийг сүлжээний компани оруулахыг нэхэмжлэгч анхнаасаа мэдэж байсан. Тус компанид мөнгийг шилжүүлсэн... гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу нотлоогүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн эдгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.У. нь хариуцагч Г.Б.гаас шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч Г.Б. нь нэхэмжлэгчээс шилжүүлсэн 6 000 000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байх тул буцаан төлсөн 295 000 төгрөгийг хасч тооцон, 5 705 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох 106 230 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Г.Б.гаас 5 705 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.У.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 295 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 110 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 106 230 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ