Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 118/ШШ2017/0063

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч П.Сувдаад холбогдох 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 0024014, 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 0024015 дугаар шийтгэврүүдийг хүчингүй болгуулах шаардлага бүхий тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалын нэхэмжлэлтэй захиргааны зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Шинэбал, хариуцагч П.Сувдаа, нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч П.Сувдаагийн эмнэлэгийн оношлогоо, эмчилгээний чанар, аюулгүй байдлыг шалгах 3.1.1 кодтой хяналтын хуудсаар аймгийн Нэгдсэн эмнэлэг, Тосонцэнгэл сум дахь Нэгдсэн эмнэлэгийн эмч, эмнэлэгийн ажилтан С.Гүнсмаа, Р.Пүрэвсүрэн, н.Бямбасүрэн, Ц.Осоржамаа, н.Гандиймаа, Т.Оргилсайхан, Д.Гансүх, А.Болормаа нар нь Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 28 дугаар зүйлийн 28.4.3, Нэгдсэн эмнэлэгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5095-2013 дугаартай Монгол улсын стандартын 10 дугаар бүлгийн 10.2, 10.2.1, 10.2.2, 10.2.3, 10.2.4, 10.2.6 дахь хэсгүүд, 11 дүгээр бүлгийн 11..19, 11.19.2, 11.19.8, 11.19.9, 11.19.14, 11.19.15 дахь хэсгүүд, 11.21 дүгээр зүйлийн 11.21.1, 11.21.2 дахь хэсгүүд, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 450 дугаартай Эрүүл мэндийн статистик мэдээний талаар авах зарим арга хэмжээний тухай, 2009 оны 307 дугаартай Эмнэлэгийн тусламж үйлчилгээний шатлал, шатлал хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх тогтолцооны загвар шинэчлэн батлах тухай, 2013 оны 446 дугаартай Эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн батлах тухай, 2017 оны 55 дугаартай Эмгэг судлалын шинжилгээ хийх журам батлах тухай тушаалуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байна. Дээрх зөрчлүүдэд хяналтын улсын байцаагч П.Сувдаа нь зөвхөн С.Гүнсмаа, Т.Оргилсайхан нарт торгуулийн арга хэмжээ авсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна гэж заасныг хангаагүй, мөн Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Мэргэшсэн эмч, резидент эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байхад торгох арга хэмжээ авсан атлаа тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж шийдвэрлээгүй, эсхүл хасуулах талаар зохих байгууллагад нь хандаж шийдвэрлүүлээгүй байгаа нь тухайн шийтгэлийн арга хэмжээ нь өөрөө зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэсэн шудрага ёсны зарчимд нийцээгүй, хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Иймд ... Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч П.Сувдаагийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 0024014, 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 0024015 дугаар шийтгэврүүдийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч миний иргэн Б.Чимэдлхамын өргөдлийн дагуу шалгасан зөрчлийн хэрэгт прокурор хяналт хийж Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байхад торгох арга хэмжээ авсан атлаа мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасч шийдвэрлээгүй байна гэж дүгнэсэн байна. Үүнд нь тайлбар хийхэд: Аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч Т.Оргилсайхан, Тосонцэнгэл нэгдсэн эмнэлэгийн эмч С.Гүнсмаа нар нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь хэсэгт заасан үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллаагүй зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр шийтгэврийн арга хэмжээ авсан. Эмчлэх эрх хасах арга хэмжээ нь Эрүүл мэндийн яамны Эмнэлэгийн мэргэжлийн Ёс зүйн хороогоор шийдэгддэг асуудал болно гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын дүгнэлттэй захиргааны зөрчилд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж 0024014, 0024015 дугаар шийтгэврүүдийг гаргахдаа хуулийн зүйл, заалт дутуу хэрэглэсэн учраас хүчингүй болгох боломжтой гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбал нь тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 0024014, 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 0024015 дугаар шийтгэврүүдийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Уг хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч П.Сувдаа нь Прокурорын дүгнэлттэй захиргааны зөрчилд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 0024014, 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 0024015 дугаар шийтгэврүүдийг гаргахдаа хуулийн зүйл, заалт дутуу хэрэглэсэн учраас хүчингүй болгох боломжтой гэж тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг ... захиргааны байгууллага бүхэлд нь хүчингүй болгох-оор заасан байх тул хариуцагчийн зөвшөөрөл үндэслэл бүхий байна.

Мөн хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй байна. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалын Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагчид холбогдуулж гаргасан 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 0024014, 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 0024015 дугаар шийтгэврүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР