| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0969/З |
| Дугаар | 221/ма2026/0506 |
| Огноо | 2026-07-22 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 221/ма2026/0506
М Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч татварын улсын байцаагч Ц.М, Н.Х, У.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, Н.Бнар
Нэхэмжлэгч: М Ц ХХК
Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, Н.Х, У.О
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21240000111 дугаартай нөхөн ногдуулалтын актын 1, 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Н.О
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С
Хариуцагч Н.Х
Хариуцагч У.О
Хариуцагч Ц.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2026/0969/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М Ц ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21240000111 дугаартай нөхөн ногдуулалтын актын 1, 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0428 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 20.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч М Ц ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын зөрчлийн 1 дэх хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.М, Н.Х, У.О нараас гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс үл хөдлөх хөрөнгийг дуусаагүй барилга гэж үзэхдээ Улсын дээд шүүхийн 2026 оны 04 сарын 14-ний өдрийн 001/ХТ2026/0040 дугаар тогтоолыг тайлбарлан, шийдвэрлэсэн. Дээрх эш татсан шийдвэрийн "Хянавал" хэсгээс үзэхэд эндээс баригдаж дуусаагүй, "дуусаагүй үйлдвэрлэл" дансанд өртгөө хуримтлуулан бүртгэж байгаа барилгын хувьд гаргасан тогтоол болох нь харагдаж байна.
Манай тохиолдолд баригдаж дуусаад ашиглалтанд орсон барилга байх ба бид "дууссан барилга" гэж үзэж Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл. Татвар ногдуулах үл хөдлөх эд хөрөнгө: 3.1.-д "Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна. " 4 дүгээр зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч: 4.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна: 4.1.1. өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар; гэж заасныг үндэслэн 2024 оны 12 сарын 31-ны өдрийн № HA-21240000111 тоот нөхөн ногдуулалтын актаар төлбөр ногдуулсан.
Дуусаагүй барилга (буюу баригдаж дуусаагүй барилга байгууламж) гэдэг нь зураг төслийн дагуу барилга угсралтын ажил нь эхэлсэн боловч бүрэн дуусаагүй, улсын комисс хүлээж аваагүй, ашиглалтад ороогүй байгаа барилгыг хэлнэ. Энэхүү ойлголтыг салбар бүрээр нь авч үзвэл дараах өөр өөр агуулгатай байдаг.
Хууль эрх зүйн хувьд: Барилгын тухай хуулийн 48.3.-Д "Гэрчилгээ олгогдоогүй, дуусаагуй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно." гэж зааны дагуу ашиглах эрхгүй хөрөнгө юм.
Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн хувьд: НББОУС-16 /Үндсэн хөрөнгө/-д зааснаар аж ахуйн нэгж өөрийн хэрэгцээнд (удирдлагын зорилгоор эсвэл үйлдвэрлэлд ашиглахаар) зориулан барьж буй дуусаагүй барилгыг дараах байдлаар бүртгэж, тайлагнадаг: Анхны өртгөөр хүлээн зөвшөөрөх: Дуусаагүй барилгыг барьж байх хугацаанд түүнд гарч буй бүх шууд зардлуудыг (материал, цалин, зураг төсөл, зөвшөөрлийн хураамж гэх мэт) "Дуусаагүй барилга" гэсэн хөрөнгийн дансанд өртгөөр нь хуримтлуулан бүртгэнэ. Хэрэв барилгын санхүүжилтэд зориулж зээл авсан бол холбогдох хүүгийн зардлыг НББОУС-23 (Зээлийн зардал)-ын дагуу барилгын өртөгт капиталжуулж (нэмж) болно. Элэгдлийг тухайн хөрөнгө "удирдлагын зүгээс төлөвлөсөн зориулалтаар ашиглахад бэлэн болсон" (байршил болон төлөв байдалд хүрсэн) үеэс эхлэн тооцно гэж заасан байдаг.
М Ц ХХК нь Д аймгийн Д сумын нутаг дэвсгэрт байрлах **** үйлдвэрийн цогц барилгыг 2017 оноос ашиглалтад оруулж Монголын зах зээлд Европ стандартын **** үйлдвэрийг ашиглалтад оруулан одоог хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг. Дээрх хөрөнгүүд нь татвар төлөгчийн санхүүгийн тайланд үндсэн хөрөнгийн хэсэгт барилга, байгууламжаар бүртгэгдсэн бөгөөд 2018 оны 07 сарын 01-нд ашиглалтанд орсон бүртгэлтэй байдаг. Эдийн засгийн эргэлтэд орж үйлдвэрлэл явуулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулж байсан нь татвар төлөгчийн бүртгэл, тайлан, цахим төлбөрийн баримтын систем /и-баримт/, вэб хуудас дээрх мэдээллүүдээр батлагдаж байна. Тухайлбал: Хяналт шалгалтад хамрагдсан онуудад 2020 онд 104,5 тэрбум төгрөг, 2021 онд 134,3 тэрбум төгрөг, 2022 онд 217,6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулалтын орлого олсон татварын албаны цахим тайлангийн системд ирүүлсэн тайлангаар нотлогдож байна. М Ц ХХК-ийн хувьд 2020-2022 онуудад барилга барихтай холбоотой зардал гараагүй учир материал, цалин, нийгмийн даатгал, машин механизм, зээлийн хүүгийн зардлуудыг тайлант үеийн зардлаар бүртгэсэн байгаа нь мөн татвар төлөгчийн бүртгэл, тайлан журналын бүртгэлээс харагдаж байна. /дуусаагүй барилга мөн бол дуусаагүй барилга дансанд хуримтлуулан бүртгэдэг./
Мөн татварын зорилгоор үйлдвэрийн барилга, байгууламжид жил бүр элэгдлийн зардал, зээлийн хүүгийн зардал гэж тусган татвар ногдуулах орлогоос хасаж тооцож байсан нь дуусаагүй барилгын шинжийг огтхон ч илэрхийлэхгүй байна. Хяналт шалгалтын явцад дээрх барилгыг Үл хөдлөх эд херенгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй шалтгаанаа гадны байгууллагаар хийлгэсэн барилгын зураг теслеес шалтгаалсан гэж тайлбарлаж байсан. Өөрөөр хэлбэл, гадаадын байгууллагын хийсэн зураг төслийг улсын комисс хүлээж авдаггүй учир дотоодын компаниар дахин телевлөж байгаа тухай 2024 оны 11 сарын 29-ний өдрийн ярилцлагын тэмдэглэгд зураг хийлгэсний дараа улсын комиссоор орж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахаар дурдсан байгаа.
М Ц ХХК нь татварын албанд хүлээн зөвшөөрч илгээсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар цемент бүтээгдэхүүний орлого хүлээн зөвшөөрсөн орлого, цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогод ногдуулсан албан татварын тайлан, үнэ шилжилтийн тайлангууд зэрэгт мөн барилга хот байгуулалтын газарт барилгын бүтээгдэхүүний стандартын гэрчилгээ авах, үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл авах зэрэгт үйлдвэрлэл явуулж буйгаа ирэлхийлсэн байдаг. Энэ бүгдээс дүгнэвэл дуусаагүй барилгад үйл ажиллагаа явуулан төрийн байгууллагад тайлагнаж ирсэн нь барилга, байгууламжийг дууссан гэдгийг илэрхийлсэн байдаг.
Үнэлгээний талаар: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно." гэж заасан байдаг.
М Ц ХХК-ийн дээрх хөрөнгүүд нь улсын бүртгэлд дуусаагүй дуусаагүй барилгын бүртгэлтэй тул дуусаагүй барилгын үнэлгээ бүртгэгдсэн. Данс бүртгэлд үндсэн хөрөнгийн /дуусаад, ашиглалтанд орсон барилга/ бүртгэлээр бүртгэгдсэн. Иймд бид санхүүгийн данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тооцож татвар ногдуулсан. Энд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл. Эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах 13.1-д Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна: 13.1.1-д "үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэ, гүйцэтгэл еөрчлөгдөх;” гэсэн заалтуудыг зөрчсөнийг дурдах нь зүйтэй юм. Дээрх бүгдээс М Ц ХХК-ийн Д аймгийн Д сумын нутаг дэвсгэрт байрлах **** үйлдвэрийн цогц барилга нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваагүй ч Дуусаагүй барилга биш Дууссан барилга болох нь харагдаж байна. Татвар төлөгчийн өөрийн цахим хуудсанд үйлдвэрийн барилгыг ашиглалтад оруулсан гэж тайлбарласан байгаа зэрэг нь зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 80-90 хувийн гүйцэтгэлтэй гэсэн гэрчилгээтэй, мөн үл хөдлөх бүртгэлийн газарт бүртгүүлэлгүй төлөх цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам, цахилгаан дамжуулах станц бусад үл хөдлөх эд хөрөнгө нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл. Татвар ногдуулах үл хөдлөх эд хөрөнгө: 3.1.-д "Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна” 4 дүгээр зүйлд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч”, 4.1-т Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна”, 4.1.1-т “өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар” гэж заасныг зөрчсөн байсан.
Жич: Татвар төлөгч 2019 оны нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр, хяналт шалгалтад хамрагдаагүй 2023 оноос үйлдвэрийг барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэн төлбөл зохих татварыг ногдуулан төлж байгаа болно.
Дээрх олон үндсэн хөрөнгийн шалгуур шаардлагыг хангасаар байтал Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс зөвхөн дуусаагүй барилгын гэрчилгээтэй гэдэг үндэслэлээр баригдаж дуусаагүй барилга гэж буруу дүгнэж 2026 оны 05 сарын 04- ний өдрийн 128/ШШ2026/0428 дугаартай шийдвэрийг гаргасан. Хэрвээ ашиглалтанд ороод, үйлдвэрлэл явуулаад, олон хүн ажиллуулах нөхцөл боломжтой барилга, байгууламжийг "дуусаагүй барилга"-ын гэрчилгээтэй гэдэг үндэслэлээр баригдаж дуусаагүй барилга гэж үзвэл "Барилгын тухай” хууль, "Нягтлан бодох бүртгэлийн тухай” хууль, “Татварын ерөнхий хууль", "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хууль, “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай" хуулиудыг зөрчсөн үйлдэл болно.
Иймд татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын хэрэгжилтийг хангуулж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0428 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д заасан Нөхөн ногдуулалтын актын зөрчлийн 1 дэх хэсгийг хүчингүй болгох тухай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, Н.Бнараас гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үлдэх хэсгээс маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21240000111 дугаар нөхөн ногдуулалтын актын зөрчлийн 3 дахь хэсэгт нэхэмжлэгч нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд 2022 онд 10,763,113,605.52 төгрөгийн алдагдлыг илүү шилжүүлэн тооцож албан татвар ногдуулах орлогоо бууруулсан гэж үзэж нехен ногдуулалтын акт үйлдэж, татвар ногдуулсан болно.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2, 14, 15, 16 дугаар хэсгүүдэд дүгнэсний дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгч М Ц ХХК-ийг ашигт малтмалын хэд хэдэн тусгай зөвшөөрөл эзэмшдэг, ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд мөн болохыг үйл баримтын хувьд нэгэнт тогтоосон байна. Мөн Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 14-т дурдсаны дагуу нэхэмжлэгч талын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийн 20 дугаар зүйл (Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох) тухай дээрх заалт болон Засгийн газрын 2009 оны 287 дугаар тогтоолоор баталсан "Уул уурхай, дэд бүтцийн салбарт алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох журам"-ын 1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч компани уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг тухай удаа дараа тайлбарласан. Гэтэл Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 18-т анхан шатны шүүх уг журмын 1.2 дахь заалтыг авч үзэлгүй, харин журмын 2.3 дахь заалтыг үндэслэл болгож, тайлангаар гарсан алдагдлын зөвхөн уул уурхай, дэд бүтцийн салбарын үйл ажиллагаанд нэхэмжлэгчийн олборлолт болон боловсруулалтын (цемент үйлдвэрлэлийн) үйл ажиллагааг хоорондоо "давхар", тус тусдаа эдийн засгийн салбар гэж үзсэн байна.
Энэхүү дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй. Учир нь журмын 2.3-т заасан "эдийн засгийн бусад салбарт үйл ажиллагаа давхар эрхэлдэг” гэдэг урьдчилсан нөхцөл нэхэмжлэгчийн хувьд огт үүсээгүй болно. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "ашигт малтмал ашиглах" гэдэгт олборлохоос гадна "...түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг" тодорхой хамааруулсан тул нэхэмжлэгч компанийн өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлосон түүхий эдийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуульд заасан нэг цогц "ашиглах" харилцаанд бүрэн багтдаг болно. Иймд нэхэмжлэгчийн хувьд "олборлолт" ба боловсруулах ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуульд заасан нэг цогц "боловсруулалт" гэсэн хоёр тусдаа, харилцан "давхар" эдийн засгийн салбарын үйл ажиллагаа огт байхгүй тул журмын 2.3 дахь заалтыг нэхэмжлэгчид хамааруулан хэрэглэх үндэслэл байхгүй байсан бөгөөд шүүх уг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно.
Харин эсрэгээрээ тухайн маргаан бүхий харилцаанд хамааралгүй заалт болох “2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль-ийн 19 дүгээр зүйл (Албан татвараас хөнгөлөх)-ийн 19.16 дахь заалтыг үндэслэл болгосон. Нэхэмжлэгчийн зүгээс албан татварын хөнгөлөлт эдлэх тухай маргаагүй. Харин гарсан алдагдалаа ирээдүйд шилжүүлэн тооцуулах талаар маргасан. Гэтэл анхан шатны шүүхийн зүгээс уул уурхайн цогц төслийн салшгүй нэг хэсэг болох үйлдвэрлэлийн үйл ажиллагааг "уул уурхайн үйл ажиллагаа биш" хэмээн явцууруулан дүгнэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэх болон Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын харилцааг зохицуулахад ашигладаг "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"- ыг баримталж маргааныг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглсэн явдал юм.
Өөрөөр хэлбэл 2006 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ын тухай хуулийн 20 дугаар зүйлд уул уурхай, дэд бүтцийн салбарын алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох бие даасан харилцааг зохицуулсан. Харин шүүхийн үндэслэл болгосон "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал" нь ААНОАТ-ын хөнгөлөлт үзүүлэх болон НӨАТ-ын тухай хуулийн 8.2, 8.3-т заасны дагуу зөвхөн НӨАТ ногдуулах, түүнээс чөлөөлөх бараа, ажил үйлчилгээг ангилах зорилготой, системчлэлийн хувьд НӨАТ- ын хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт юм. Улмаар ААНОАТ-ын тухай хуулийн 19.14.4-т "барилгын материалын үйлдвэрлэл" эрхэлдэг татвар төлөгчийг тусдаа, бие даасан хөнгөлөлтийн ангилал болгон тусгайлан заасан нь мөн уг салбарын ангилал зөвхөн 19 дүгээр зүйлийн хөнгөлөлтийг хэрэгжүүлэх зорилгоор ашиглагддагийг, харин 20 дугаар зүйлийн алдагдал шилжүүлэх харилцаанд хамааралгүй болохыг батлах нэмэлт нотолгоо болно.
Иймд албан татварын хөнгөлөлт (ААНОАТТХ-ын 19 дүгээр зүйл) болон НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлэхэд зориулагдсан салбарын ангиллыг ААНОАТ-ын алдагдал шилжүүлэх бие даасан харилцаанд шууд хамаатуулан хэрэглэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан алдаатай дүгнэлт болсон гэж үзэж байна.
5.2. Нэхэмжлэгч нь уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа тул алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцоход 4-8 жилийн хугацааг баримтлах тухайд:
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 16, 17-д дүгнэсэн нь дараах байдлаар үгүйсгэгдэнэ. Засгийн газрын 2009 оны 287 дугаар тогтоолоор баталсан "Уул уурхай дэд бүтцийн салбарт алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох журмын 1.2-т зааснаас харвал Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид хамаарах этгээд нь 1/ ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй. 2/ ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулдаг байхыг шаардсан байна. Шүүхээс емне тогтоосны дагуу нэхэмжлэгч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын 2017/001А тусгай зөвшөөрөл, Ашигт малтмалын ашиглалтын МѴ- 016898, MV-009427 дугаар тусгай зөвшөөрлүүдийг хууль ёсоор эзэмшдэг.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий...-ээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн хамааруулахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани нь шохой, шохойн чулуу, шавар зэрэг түгээмэл болон энгийн ашигт малтмалыг өөрсдөө олборлож, олборлосон ашигт малтмалыг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болох "цемент” үйлдвэрлэдэг тул дээрх журамд заасан нөхцөлийг хангасан Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж гэж үзэх үндэслэл бүрдэнэ.
М-ийн үйлдвэрийн төсөл нь "Хөх цавын шохойн чулууны ордыг ашиглах Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийн дагуу уулын ажил явуулах, олборлох, тээвэрлэх, боловсруулах үйл ажиллагааг нэгдмэл цогцоор нь төлөвлөн хэрэгжүүлж буй төсөл юм. Нэхэмжлэгч нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан санхүү, бүртгэлийн тусгай зохицуулалтыг дагаж мөрддөг бөгөөд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцөө батлуулж, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны шийдвэрээр уул уурхай, баяжуулах үйлдвэр хүлээн авах журмын дагуу тус үйлдвэрийг ашиглалтад оруулсан гэдгийг анхаарах нь зүйтэй байна.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 17-т дүгнэсэн нь хоёр өөр эрх зүйн ойлголтыг хольж хутгасан алдаа юм. Тусгай зөвшөөрөлд заагддаг "ашигт малтмалын төрөл" (жишээ нь, түгээмэл тархацтай, барилгын материал гэх мэт) нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашиглалтын нөхцөл, төлбөрийг ялгах зорилготой ангилал бөгөөд аж ахуйн нэгжийн "эдийн засгийн үйл ажиллагааны салбар"-ыг тодорхойлдог ангилал огт биш. Харин "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал" нь аж ахуйн нэгжийн эрхэлж буй үйл ажиллагааг ангилдаг, дээр дурдсанчлан зөвхөн НӨАТ болон ААНОАТ-ын 19.14-т заасан хөнгөлөлтийг хэрэгжүүлэхэд зориулагдсан өөр зорилготой хэм хэмжээний акт юм. Тусгай зөвшөөрөлд бичигдсэн ашигт малтмалын төрөл "барилгын материал" гэдгээс шалтгаалан тухайн компанийн эрхэлдэг эдийн засгийн салбар мөн "барилгын материалын үйлдвэрлэл" болно гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй, хоёр ялгаатай ангиллыг хольж хэрэглэсэн алдаа болно.
Эдгээр үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь ашигт малтмал олборлон боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх уул уурхайн цогц, тасралтгүй үйл ажиллагааг нэгдмэл нэг ТЭЗҮ-ийн дагуу хэрэгжүүлж буй хуулийн этгээд болохын дээр Засгийн газрын 2009 оны 287 дугаар тогтоолоор баталсан "Уул уурхай дэд бүтцийн салбарт алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох" журмын 1.2-т заасан шаардлагад бүрэн нийцэж байгаа болно.
ААНОАТ-ын тухай хуулийн 20 дугаар 20.2, 20.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь татварын тайлангаар гарсан алдагдлаа 4-8 жилийн хугацаанд шилжүүлэн тооцох хууль ёсны боломж, эрхийг нь нээлттэй олгочихсон байхад татварын улсын байцаагчид тухайн журмыг хэрэглээгүй, татвар төлөгчид хуулиар олгогдсон энэхүү эрх, боломжийг эдлүүлэхгүйгээр акт тавьсныг анхан шатны шүүхээс бүрэн тогтоож, оновчтой дүгнэлт өгөөгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0428 дугаартай шийдвэрийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21240000111 дугаартай маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч нар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч М Ц ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21240000111 дугаартай нөхөн ногдуулалтын актын 1, 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
4. Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21240000111 дугаартай нөхөн ногдуулалтын актын
1 дэх хэсгээр: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангаар 2020, 2021, 2022 онуудад 233,659,280,171.05 төгрөгийн үнэлгээтэй, Д аймгийн Д суманд байрлах **** үйлдвэрийн барилга, байгууламжид үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар дутуу ногдуулсан,
2 дахь хэсгээр: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2020 онд 803,275,294.25 төгрөг, 2021 онд 174,991,150.00 төгрөг, 2022 онд 521,953,130.00 төгрөгийн төлбөрийн баримтаар нотлогдоогүй бараа бүтээгдэхүүн, тээврийн зардлыг хасаж албан татвар ногдуулах орлогоо бууруулсан,
3 дахь хэсгээр: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 2022 онд 10,763,113,605.52 төгрөгийн, 2,032,373,098.47 төгрөгийг төлөхөөр тайлагнасан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй,
4 дахь хэсгээр: Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд 2021 онд 1,862,952,360.60 төгрөгийн, 2,032,373,098.47 төгрөгийг төлөхөөр тайлагнасан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй гэж тус тус үзэж татварын хяналт шалгалтаар илэрсэн нийт 717,136,499,151.99 төгрөгийн зөрчилд 9,130,067,248.5 төгрөгийн нөхөн татвар, 3,569,995,966.99 төгрөгийн торгууль, 3,684,842,115.84 төгрөгийн алданги, нийт 16,384,905,331.33 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн.
5. НА-21240000111 дугаартай нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар дутуу ногдуулсан гэх үндэслэлийн тухайд,
5.1. Хариуцагч талаас маргаан бүхий актын 1 дэх заалтын үндэслэлээ “...Үйлдвэрийн цогц барилгын гүйцэтгэлийг 80-90% гэж бүртгүүлсэн нь тус компанийн барилгын өмчлөх эрхийг баталгаажуулсан бүртгэл юм... ашиглалтад орсон барилгаа нэхэмжлэгч тал бүртгүүлээгүй зөрчил гаргасан...” гэж тайлбарлан маргасан.
5.2. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна”, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 10 дугаар зүйлийн 10.10-т “Барьж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулан, эсхүл захиалгаар барьж байгаа бол хөрөнгө оруулагч, захиалагч нарын мэдүүлгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгчдийн дундын өмчлөлд, эсхүл дундаа хэсгээр өмчлөгч нарын тус тусын өмчлөлд энэ хуулийн 10.6-д заасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан.
5.3. Дээрхээс үзэхэд үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулахаар зохицуулагдсан боловч дуусаагүй барилгын тухайд бүрэн ашиглалтад ороогүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй зэрэг байдлаас шалтгаалан үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах эрх зүйн үндэслэлгүй байна.
5.4. Харин энэхүү маргааны тухайд, нэхэмжлэгч компани нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй шалтгаанаа гадны байгууллагаар хийлгэсэн барилгын зураг төслөөс шалтгаалан улсын комисс хүлээн аваагүй байсан гэж тайлбарласан бөгөөд шүүх хуралдааны явцад улсын бүртгэлд бүртгүүлсэн талаараа дурдсан.
5.5. Түүнчлэн нэхэмжлэгчээс татварын албанд илгээсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар цемент бүтээгдэхүүний орлого хүлээн зөвшөөрсөн орлого, цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогод ногдуулсан албан татварын тайлан, үнэ шилжилтийн тайлангууд зэрэгт мөн барилга хот байгуулалтын газарт барилгын бүтээгдэхүүний стандартын гэрчилгээ авах, үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл авах зэрэгт үйлдвэрлэл явуулж буйгаа илэрхийлсэн бөгөөд уг барилгыг зориулалтын дагуу ашиглаж, үндсэн үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг нөхцөл байдлыг дүгнээд хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан нь үндэслэлтэй.
5.6. Улсын дээд шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 001//ХТ2026/0040 дүгээр тогтоолын Хянавал хэсгийн 24-т “Харин барилга баригдаж 100 хувийн гүйцэтгэлтэй болсон /ашиглалтад орсон, зориулалтын дагуу ашиглах боломжтой/ ... үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлүүлэхээр үүсгэсэн нэхэмжлэхүүд ... татвар ногдох эд хөрөнгийн агуулыг бүрэн илэрхийлэх...” гэснээс үзэхэд “дуусаагүй барилга” гэдэг ойлголт нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй гэх агуулгаар биш харин бүрэн ашиглаж эхлээгүй гэдэг ойлголтыг агуулж байна.
5.7. Харин маргаан бүхий тохиолдол нь нэхэмжлэгч нь **** үйлдвэрийн цогц барилгыг ашиглалтад оруулж одоог хүртэл үйлдвэрлэл явагдаж, санхүүгийн тайланд үндсэн хөрөнгөд 2018 оны 07 дугаар сарын 10-нд бүртгэгдсэн, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ жил бүр борлуулалтын орлогоор тайлагнасан, уг барилга байгууламжид жил бүр элэгдлийн зардал, зээлийн хүүгийн зардлал гэж тусган татвар ногдуулах орлогоос хасаж тооцсон тул хариуцагчаас үл хөлдөх эд хөрөнгийн татвар нодуулсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 пүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна:”, 4.1.1-д ” өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, ...;” гэж заасанд нийцжээ.
5.8. Иймд анхан шатны шүүх “...нөхөн ногдуулалтын актын маргаан бүхий энэ хэсэгт хамаарах зөрчил нь татварын хууль тогтоомж, үзэл санаанд нийцээгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна...” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. НА-21240000111 дугаартай нөхөн ногдуулалтын актын 2 дахь хэсгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зөрчлийн тухайд,
6.1. Татварын албанаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2019 оны үйл ажиллагаанд хийсэн татварын хяналт шалгалтаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх алдагдлыг 39,134,526,556.47 төгрөг гэж баталгаажсан алдагдлаас 2022 онд 26,980,905,519.08 төгрөгийг шилжүүлэн тооцсоныг дэд бүтэц, уул уурхайн салбараас бусад салбарын хувьд алдагдал шилжүүлэх тооцоог 2 жилийн хугацаа хэтэрсэн гэж үзэж 2,821,266,683.88 төгрөгийн нөхөн татвар, 846,380,005.16 төгрөгийн торгууль, 697,191,422.92 төгрөгийн алданги, нийт 4,364,838,111.96 төгрөгийн төлбөр ногдуулсан.
6.2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Албан татвар ногдох орлогоос энэ хуулийн 15 дугаар зүйлд зааснаас бусад мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан нийт зардлыг хасч илүү гарсан хэсгийг нь татварын тайлангаар гарсан алдагдал гэнэ”, 20.2-т “Энэ хуулийн 20.1-д заасан алдагдлыг дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд уг алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан 4-8 жилийн, бусад салбарын хувьд 2 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцох бөгөөд хөрөнгө оруулалтын хугацаатай уялдуулан дэд бүтэц, уул уурхайн салбарын алдагдал тооцох хугацааг Засгийн газрын баталсан журмын дагуу зохицуулна”, 20.3-д “Энэ хуулийн 20.2-т заасны дагуу албан татвар ногдуулах орлогоос жил бүр хасагдах алдагдлын хэмжээ нь дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд тухайн жилийн албан татвар ногдуулах орлогын дүнгийн 100 хувь, бусад салбарын хувьд 50 хувиас хэтрэхээргүй байх бөгөөд уг хасагдах алдагдлыг тухайн татвар төлөгчийн албан татвар ногдуулах орлогоос тооцно” гэж,
Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.16-д “Энэ хуулийн 19.14-т заасан хөнгөлөлтийг үзүүлэхдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.2-т заасан "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг баримтална” гэж зааснаар татварын хяналт, шалгалт хийх хугацаанд хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбар ангиллыг шинэчлэн батлах тухай” 319, А/160 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтад Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилалын Салбар В-д уул уурхай, олборлолтын дотор дэд ангийн түвшингээр ангилсан.
6.3. Дээрх уул уурхай, олборлолтын ангилалаас үзэхэд нэхэмжлэгч М Ц ХХК-ийн Ашигт малтмалын газраас олгосон шохойн чулуу, шавар, гөлтгөнө, цемент зэрэг ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшсэн талбайгаас олборлосон шохойн чулуу, шавар, гөлтгөнө зэрэг боловсруулсан цемент үйлдвэрлэж байгаа нь олборлосон түүхий эд, материалыг боловсруулах үйл ажиллагаа нь уул уурхайн салбарт орохгүй.
6.4. Иймд М Ц ХХК-ийн эзэмшиж, ашиглаж буй MV-009427 дугаартай Д аймгийн Д сумын Хөх цав орд (баяжуулах, боловсруулах үйлдвэр)-ын ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн ашигт малтмалын төрөл нь салбарын хувьд уул уурхайн салбарт хамаарахгүй тул аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх алдагдал шилжүүлэх хугацаа нь бусад салбарын хувьд 2 жил байна.
7. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, ... 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ”, 82 дугаар зүйлийн 82.1-т “татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно”, 82.1.1-т “төлбөл зохих татварын дүнг 50 хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар”, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “...буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн заалтыг дагаж мөрдөнө” гэж тус тус заасны дагуу нөхөн ногдуулалтын актыг үйлдэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх заалтын дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлагыг ногдуулсан нь хуульд нийцсэн байна.
8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0428 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийг 1 дэх заалтыг, “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 20.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М Ц ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21240000111 дугаартай нөхөн ногдуулалтын актын 1, 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН