Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/157

 

    

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал,

Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ,

Хохирогч Э.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******,

Шүүгдэгч Я.*******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Я.д холбогдох 2223002250164 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, нөхөр, 7 хүүхдийн хамт Завхан аймгийн *******сумын ******* баг, ******* оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ын , регистрийн дугаар: .

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнх-Эрдэнээс  шүүгдэгч Я.г болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүгдэгч  Я.*******нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө Завхан аймгийн *******сумын ******* багийн ******* байрлах өөрийн гэртээ хамтран амьдарч Э.*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар Э.******* нь түүний гараас гар утсыг нь булааж авахаар дээр нь дарж унах үед Я.гийн мах хөшиглөж байсан хутга түүний хэвлийн тус газарт хутгалсны улмаас эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Хохирогч Э.ын: “...2022 оны 11 дүгээр сарын 10 орой манай гэрт *******бид хоёрыг байхад гаднаас түүний эхнэр ,нар 1 шил архи аваад орж ирсэн. Тэгээд тэр архийг түүний эхнэр болон *******бид 4 хувааж уусан. Тэгээд архи дуусаад би 1 шил архи задалсан.1 шил архи сүүлд авч өгсөн. Нийт 3 шил архинаас би 1 шил хагастай уугаад унтсан. Хэсэг унтаад босоод ирэхэд түүний эхнэр болон *******нар архи уугаад сууж байсан. Тэгсэн харина гэж байсан. Босоод ирэхэд гийн утас руу хүн янз янзын мессеж бичээд залгаад байна гээд над руу уурлаад бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. Тэгсэн түүний эхнэр ,нар та 2 одоо болиоч гэхээр нь би бид 2 өөрөө учраа олно гээд тэд нарыг явуулсан. ...Утас руу нь 1 эмэгтэй хүн залгаад г янхан мэтээр доромжилсон байсан. Тэд нарыг явсны дараа бид хоёр хоол хийж идэхээр болоод *******мах хөшиглөж байхад нь нөгөө хүн дахин утас руу нь залгахаар би утсыг нь авах гээд бугуйнаас нь бариад дээр нь дараад унасан. Гар утсаа булааж авах гээд дээр нь дарж унах үедээ би гийн нөгөө гартаа бариад мах хөшиглөж байсан хутганд нь өөрийнхөө хэвлий хэсгээ өөрөө зүсчихсэн. Тэгээд тухайн үед би уурлаад чи намайг зүсчихлээ гэж хэлэхэд би юу гэж зүсдэг юм чи өөрөө зүсчихлээ шүү дээ гэж хэлээд би түргэн дуудна гэхээр нь би яах гээд байгаа юм бэ? би өөрөө очиж үзүүлнэ, чи хүүхдүүдээ хараад гэртээ байж бай гэж хэлээд гэрээс гараад явсан. Жижигхэн зүсэгдсэн өөрөө эмнэлэг дээр очоод оёо тавиулна гэж бодоод гараад явж байтал өвдөөд, цус гараад байхаар нь би айлд орж эмнэлэг дуудсан. Зүүн, далан дээр үүссэн гэмтлийн тухайд гэвэл би хашаагаар гарах гэтэл хаалга онгойхгүй байхаар нь дээгүүр нь давж гарсан тэгээд доош буух үедээ согтуу байсан болохоор газар уначихсан. Тэр үед 1 юманд зүсчих шиг болсон юунд зүссэнээ сайн мэдэхгүй байгаа дал хэсэгт жаахан өвдөж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-44-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Гэрч Ж.гийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн эмчээр 17 цагаас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цаг хүртэл ажилласан. Энэ хугацаанд 11 дүгээр сарын 10-ны 03 цаг 46 минутад хутгалуулсан цус гарсан хүн байна гэх дуудлага хүлээн авч *******сум ******* гэх хаягаар очсон. Очоод тухайн хүнд үзлэг хийхэд аюулхай болон зүүн талын дал хэсэгт хутгалуулсан жижиг шархтай бараан ногоон өнгийн цамц, өмд өмссөн хувцас нь цус болсон байдалтай биеийн ерөнхий байдал тогтвортой, ойролцоогоор 40 орчим насны эрэгтэй хүн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,

- Гэрч Т.ийн “...Тухайн өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай хамтран амьдрагч Ч. ажлаасаа 18 цагийн үед тараад ирэхэд гэрийн ойролцоо байх Э.******* намайг “эхнэртэйгээ хүрээд ирээч” гэж урьсан юм. Өмнө нь гэр бүлийн найзууд болъё гээд байсан болохоор нь хамтран амьдрагч Ч. бид 2 найз ийн хамт Э.ын гэрт нь 20 цагийн үед очиход гэрт нь Э.******* болон хамтран амьдрагч *******гэх эмэгтэй нар байсан. Э.******* 0.75 литрийн “Хараа” нэртэй архи гаргахаар нь би дэлгүүр ороод мөн адил 0.75 литрийн “Хараа” архи авсан. Тухайн үедархи уугаагүй сүүлд 1 шил архи нэмж уусан 3 шил архийг бид 4 хувааж уусан. Намайг гараад ороод ирэхэд *******, *******нар муудалцаж байсан. Тухайн үед бид нар боль гэж хэлэхэд ******* бид нарыг хөөсөн. Тэгээд ,бид нар гараад явсан. Бид нарыг явах үед ын биед ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. ...Хэрэг болсны маргааш нь Э.ын гэрт нь ороход хамтран амьдрагч Я.*******нь “би Э.ыг хутгалчихсан” гэх хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-53-р хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч С.ын “...Би гэрлээ асаагаад хамаатны д хандан энэ хүнд тусалъя гэтэл тоохгүй унтаад байхаар нь би босоод өөрийн дугаарын утаснаас цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Тэр хутгалуулсан гэх ах ус хийгээд өг гэхээр нь би ус хийж өгсөн. Мөн тамхи татах гэсэн юм гал байна уу? гэхээр нь би тамхи асаах гал гаргаж өгсөн. Би цагдаа, эмнэлэгт дуудлага өгчхөөд гэр дотроос нөгөө хутгалуулсан гэх ахыг хараад сууж байтал хашаанд 1 эмэгтэй хүн орж ирээд “гэртээ харьяа, явъя” гээд нөгөө хутгалуулсан ахыг татаж босгох гээд байсан. Тэгсэн нөгөө хутгалуулсан гэх ах би үхлээ хүүрээ гээд явахгүй байсан чинь нөгөө эмэгтэй хутгалуулсан гэх ахын цээжний урд хэсгээс гарсан цусыг харчхаад яваад өгсөн. Тэр эмэгтэйг хаашаа явсан талаар нь мэдээгүй. Тэгээд удалгүй цагдаа, эмнэлэг ирээд нөгөө ахыг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 65-67-р хуудас/,

- Гэрч Т.ын “...Би Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтэст ажилладаг бөгөөд тухайн хэрэг гарсан өдөр болох 2022 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 03-04 цагийн үед ажлаа тараад *******сумын ******* баг тоотод байх гэртээ очтол манай урд хашааны Э.******* Я.тэй гадаа архичид авчирсан гэх утгатай юм яриад, муудалцаж байтал чи намайг хутгалчихлаа шүүдээ гэж Э.******* хэлэхээр нь би хашаан дээгүүр хартал Э.******* болон түүний эхнэр Я.*******нар гэрийнхээ гадаа зогсож байгаад гэр рүү орж байсан. Гэр рүүгээ ороод хүн амьтантай утсаар яриад байгаа бололтой чимээгүй болчихоор гэртээ орчихсон. Цаашаагаа юу болсон талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Д.гийн: “...Эмчлүүлэгч Э.******* нь тухайн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр манай Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний 1,666,555 төгрөгийн үйлчилгээ авсан байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан нийт 1,666,550 төгрөгийн хохирлыг буруутай этгээдээс бүрэн дүүрэн нөхөн төлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 152-153-р хуудас/,

- Шинжээч П.гийн: “...Тухайн гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой юм. Зах ирмэг нь тэгш шарх 1 ширхэг оёдол тавьсан байсан. ...Иртэй зүйл гэдэгт хутга, хайч болон ир үзүүртэй төмөр гэх мэт зүйлүүд хамаарч болно. ...Мөрдөгчийн мэдүүлэг шалгасан тэмдэглэлд Зураг №07 үсэрч унах үедээ зүссэн гэх төмрийн зургийг харах үед тухайн зураг №07 дээр байгаа төмрөөс уг гэмтэл үүссэн байх боломжтой харагдаж байна. Яагаад гэвэл тухайн зүүн даланд учирсан гэмтэл нь 1.3 см зах ирмэг тэгш мэс заслын 1 ширхэг оёдол тавьсан шарх байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 158-р хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-25-р хуудас/,

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-28-р хуудас/,

- 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-34-р хуудас/,

- 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 154-156-р хуудас/,

- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч П.гийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 572 дугаартай “...1.Иргэн Э.ын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийд шингэн хуралт, зүүн далны дээд хэсэгт шарх гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Иргэн Э.ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 95-97-р хуудас/,

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч З.ын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 73 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн ногоон цоохор өнгийн даавуун цамцанд 1 ширхэг зүсэгдэлтийн гэмтэл үүссэн байна. Энэ гэмтэл нь шинээр үүссэн гэмтэл байна.

2. Уг зүсэгдэлтийн гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Шинжлэгдэж буй ногоон цоохор өнгийн цамцанд үүссэн зүсэгдэлтийн гэмтэл нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн иштэй эвхэгддэг хутгаар үүссэн гэмтэл байж болно.” гэх дүгнэлт /хх-ийн 113-116-р хуудас/,

- Шүүгдэгч Я.гийн “...Тэгээд тэр архийг бид 5 хувааж уугаад сууж байсан чинь надын утас руу 1 хүүхэн залгаад чи ыг явуулахгүй байна. Наад хүн чинь үр хүүхэдтэй хүн гэж хэлэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ? гэж хэлсэн чинь тухайн хүн утсаа тасалсан. ...Тэгээд ******* хоол хийж идье гэж хэлэхээр нь би гэрийнхээ зүүн талын орон дээр мах хөшиглөөд сууж байтал миний утас дахиад дугарсан. Тэгээд утсаа авсан чинь өмнө над руу залгасан хүүхэн яриад намайг чи ыг явуулахгүй үр хүүхэдтэйгээ янхандуулаад явуулахгүй байгаа юм уу? гэж хэлээд утсаар ярьж байтал ******* намайг наад утсаа өгөөдхөөч гэж хэлээд миний дээрээс дараад би зүүн талын орны доод хөл хэсэгт орон дээрээ дээшээ хараад унасан. Би унах үедээ мах хөшиглөж байсан хутгаа баруун гартаа барьчихсан байсан тэр чигээрээ унасан. Тэгсэн ******* миний дээрээс дараад уначихсан. Тэгээд би ыг чи хутган дээр уначихсан байна цаашаа босооч гэж хэлэхэд ******* намайг тэгвэл утсаа өг гэж хэлээд миний утсыг аваад боссон. ...Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 133-134-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Я.*******нь өөрийн үйлдлийг хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулах санаа зорилгогүйгээр буюу хохирогч Э.ын өөрийг нь дарж унасан үйлдлийн улмаас түүний мах хөшиглөж байсан хутга нь хэвлий хэсэг рүү нэвтэрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байх тул болгоомжгүй гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 Иймд шүүгдэгч Я.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Я.*******нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд тэрээр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлтийг гаргаж байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Харин хохирогч Э.ын эрүүл мэндэд учирсан хохирлын эмчилгээтэй холбоотой Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,666,550 /нэг сая зургаан зуун жаран зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийн зардал гарсан болох нь /хх-ийн149-р хуудас/ баримтаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, йлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу уг зардлыг шүүгдэгч Я.гээс гаргуулж уг санд олгуулах нь зүйтэй байна. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар Завхан аймгийн *******сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Я.*******нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн цамцыг хохирогч Э.*******д буцаан олгож, хар иштэй эвхэгддэг тонгорог хутга 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.  

Шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Шүүгдэгч ******* овогт ын г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.г төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар Завхан аймгийн *******сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18, 19 дүгээр бүлэгт зааснаар шүүгдэгч Я.гийн төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 5. Шүүгдэгч Я.*******нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ногоон өнгийн цамцыг хохирогч Э.*******д буцаан олгож, 1 ширхэг хар иштэй эвхэгддэг тонгорог хутгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай. 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Я.гээс 1,666,550 /нэг сая зургаан зуун жаран зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Шүүгдэгч Я.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

 9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ДОРЖБАЛ