Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/158

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж

 Нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

 Улсын  яллагч Б.Төрболд,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******,

Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******ад холбогдох 2323000880156 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* баг, ******* хэсэг ******* дүгээр байр тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ын *******,  регистрийн дугаар .

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал болох 377.5 килограмм хонин арцыг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын ******* багийн -ийн дээд хэсэг тоот хашаанд худалдан авч хадгалж байгаль экологид 73,235,000 /далан гурван сая хоёр зуун гучин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч С.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал болох 377.5 килограмм хонин арцыг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын ******* багийн -ийн дээд хэсэг тоот хашаанд худалдан авч хадгалж байгаль экологид 73,235,000 /далан гурван сая хоёр зуун гучин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын “...Би Завхан аймгийн ******* сумын ажил эрхэлдэг. Миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй, харин энэ хэрэгт сумын засаг даргын тамгын газрыг төлөөлөн оролцож байгаа тул шинжээчийн гаргасан экологи, эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөрийг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /х.х-ийн 42-43-р хуудас/,

- Гэрч С.гийн “...Манайх энэ ******* гэдэг айлын хашаанд буугаад 8 сар болж байна. Би өнгөрсөн жил ажилд орсон тул аймагт орж ирж амьдрах хэрэгтэй байсан болохоор тэдний хашаанд гэрээ барьж буусан. Би ихэвчлэн амралтын өдрүүдээр хөдөө гэр рүүгээ яваад ирдэг. Өнгөрсөн өвөл 12 дугаар сарын дундуур яг хэдний өдөр гэдгийг одоо тодорхой санахгүй байна. Би нэг удаа хөдөө гэр рүүгээ явчхаад иртэл хашаанд байдаг байшингийн хажууд шуудайтай зүйл хураасан байсан. Тэгтэл тэр өдөр С.******* ах ирэхдээ надад ямааны арьс авч байтал хүнд жаахан арц байхаар нь худалдаад авчихлаа гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш нэлээд байж байгаад хавар 04 дүгээр сард нөгөө арцаа тараагаад хатааж байсан. Тэгж байгаад хэд хоногоос нөгөө дэлгэж хатаасан арцаа хураагаад авчихсан байсан. Би арц авах нь гэмт хэрэг болдог талаар мэдэхгүй болохоор болдог юм байх л гэж бодсон. Тухайн үе нь өвлийн 12 сарын дундуур байсан тул цас орчихсон хүйтэн байсан бөгөөд С.******* ах Улаанбаатар хотод байж байгаад ирээд өвлийн хүнсээ гаргаж аваад буцаж явсан тул түүнд арц түүж бэлтгэх ямар ч зав зай байгаагүй тул худалдан авсан байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/, 

- Шинжлэх ухааны академи ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээч Ургамлын ангилал зүй, филогенетикийн лабораторийн эрхлэгч, доктор Н.гийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн нутагласан болон нунтаглаагүй дээж нь бүгд хонин арц (Juniperus sabina L) болохыг тодорхойлж байна. Түлхүүр шинж: жижигхэн, мм урт, хайрсархуу шилмүүстэй (Зураг 4) голомтлон дэвсэж ургадаг мөнх ногоон сөөг ургамал. 

-Нунтагласан 1 уут, нунтаглаагүй 4 уут дээжид хонин арц (Juniperus sabina L) зүйл ургамлын мөчир байна. (Зураг 4)

- Хонин арц нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар нэн ховор ургамлын жагсаалтад орсон ургамал.

- Хонин арц нь Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Ховд, Монгол Алтай, Дундад Халх, Их Нууруудын хотгор, Говь-Алтайн, Зүүнгарын говийн ургамал-газарзүйн тойргуудад уулын хээрийн хад чулуурхаг газар, голын эхэн хэсэг эсвэл эрэг дагуу, өндөр уулын доод биеэр тархдаг. Тухайн орчиндоо голомт үүсгэн ургадаг.

- MNS 1976:85 стандарт ёсоор бол нунтагласан арцны чийгшил 7-8%-иас ихгүй байхад хуурай гэж тооцдог. Шинжилгээнд ирүүлсэн нунтаг арцыг хуруугаар имрэхэд наалдахгүй, нунтаглаагүй дээж дэх мөчир нумралгүй хугарч байна. Мөн тэдгээрээс нунтаг 10.9 гр, мөчир 5.6 гр-ийг авч хатаах шүүгээнд 80°С-д 10 цагийн турш хатаагаад хатаах шүүгээнээс авсан даруйд жинлэхэд нийт жингийн 5.2-5.4 хувийг алдсан болно. Харин хатаах шүүгээнээс аваад 48 цагийн турш тасалгааны нөхцөлд хадгалаад дахин жинлэхэд эргээд 1%-иар нэмэгдсэн. Дээр дурдсан үр дүнгүүдэд үндэслэн шинжилгээнд ирүүлсэн бүх дээжийг хуурай гэж үзлээ.

- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 тоот тушаалын хавсралтад 1 кг хуурай хонин арцыг 194000 төгрөгөөр, нойтныг 100900 төгрөгөөр тус тус үнэлсэн. Хонин арцны 377.5 кг (259.9+*******7.6) хуурай түүхий эдийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 73,235,000 төгрөг болно.

- Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2-р зүйл (зураг 1), Байгалийн ургамлын тухай хуулийн судалгаанаас бусад зорилгоор түүж бэлтгэх зөвшөөрөл олгохгүй,

 - Хонин арц нь байгальдаа үрээр болон мөчрөөр нөхөн сэргэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 65-69-р хуудас/,

- Завхан аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.ийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-13-р хуудас/, 

- Завхан аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч З.ын 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-23-р хуудас/, 

Шүүгдэгч  С.*******ын “...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд байх одоо яг он сар өдрийг нь тодорхой санахгүй байна нэг өдөр ******* зах дээр явж байтал цэнхэр өнгийн хуучин портер маркийн машины тэвшин дээр ямааны арьс ачсан байхаар нь тухайн машины хажууд явж очиход 25-аас 35 орчим насны үл таних 2 залуу байсан. Би тэр хоёр залуугаас ямааны арьсаа зарах уу? гэж асуухад зарна гэхээр нь би тэр хоёр залуугаас 20 гаруй ямааны арьс, нэхий худалдаж авсан. Тэгтэл тэр хоёр залуу надад машиныхаа тэвшин дээр байсан ямааны арьсаа авч өгтөл доороос нь шуудайтай арц гараад ирсэн. Тэгтэл тэр хоёр залуу та арц худалдаж авах уу? гэж надаас асуухаар нь би ямар арц вэ? гэхэд ямаан арц байна та худалдаад авчих бид хоёрт мөнгөний хэрэг гараад байна та хямдхан ав гэхээр нь би хэдэн кг арц байгаа, хэдэн төгрөг болох талаар асуухад тэр хоёр залуу бид хоёр банканд 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг тушаах ёстой болоод байгаа бөгөөд бид хоёрт 250-аас 300 орчим кг арц байгаа та хямдхан авчих гээд гуйхаар нь би тэр хоёрын ямааны арьс, нэхий болон арцны үнийг бодож үзэхэд нийт ойролцоогоор 2,600,000 /хоёр сая зургаан зуун мянга/ орчим төгрөг болж байсан. Би тухайн үед өөрт байсан бэлэн мөнгөө үзэхэд хүрэхээр байхаар нь за за яах вэ худалдаж авъя гээд арцыг үзэхэд ерөнхийдөө гайгүй ногоон өнгөтэй муудаагүй арц байсан. Би өөрөө зарим шуудайг нь өргөж үзээд ерөнхийд нь харахад 300 кг бараг илүү болохоор санагдсан. Арцыг нь 1 кг 7500 /долоон мянга таван зуу/ төгрөгөөр бодоод шууд 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тохирох уу? гэхэд тэр хоёр залуу болно болно гээд худалдаж авсан. Би тэр хоёр залууд нийт 2,685,000 /хоёр сая зургаан зуун наян таван мянга/ төгрөг бэлнээр өгсөн. Би өөрийн худалдан авсан түүхий эд хурааж хадгалдаг байсан ******* сумын ******* багийн Завхан сургуулийн дээд хэсэг тоот хашаанд нөгөө 2 залуугаар худалдан авсан ямааны арьс, нэхий, арцаа хүргүүлээд машинаас нь буулгаж аваад хоцорсон. Тэгээд нөгөө арцаа байшингийн гадаа хураачихсан байж байгаад хавар хатаах зорилгоор байшингийн дээвэр, амбаар, грашинд дэлгэж тарааж тавьсан. Тэгээд арцыг тээрмээр тээрэмдэж буталж байгаад худалдвал илүү ашигтай байдаг гэж сонсоод Улаанбаатар хотоос малын тэжээл бутлах зориулалттай жижигхэн тээрэм худалдаж авч ирээд жаахан арц тээрэмдэж үзэхэд сайн болохгүй байсан миний бодлоор тогийн хүчин чадал хүрэхгүй байх шиг байсан ерөөсөө сайн тээрэмдэж болохгүй байхаар нь больчхоод арцаа яахаа мэдэхгүй байлгаж байтал 2023 оны 06 дугаар сард гэнэт цагдаа нар ирж шалгаад арцыг, тээрмийн хамт хурааж авсан юм. ...Миний буруу учир гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтууд байна.

Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний, ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний, элбэг ургамлыг судалгаа, шинжилгээний, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно.” гэж,

Мөн хуулийн ******* дүгээр зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэн ховор, ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж тус тус хуульчилсан.  

Шүүгдэгч С.*******ын Байгалийн ургамлын тухай хуулийн 10, ******* дүгээр зүйлүүдийг тус тус зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал болох 377.5 килограмм хонин арцыг худалдан авсан, хадгалсан үйлдэл нь Байгалийн ургамлын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу ашиг хонжоо олох зорилгоор нэн ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан  шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал хонин арц худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

  • Хохирлын талаар:

Шүүгдэгч С.*******ын зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, хадгалсан нэн ховор ургамал болох 377,5 килограмм  хонин арцны экологи эдийн засгийн үнэлгээ нь 73,235,000 төгрөг болох нь Шинжлэх ухааны академи ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээч Ургамлын ангилал зүй, филогенетикийн лабораторийн эрхлэгч, доктор Н.гийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдсон.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлнэ гэж заасан.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 13-т “байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ******* дэх заалтад заасан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг.” ойлгоно гэж,

мөн хэсгийн *******-т “байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгоно гэж тус тус хуульчилсан.

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон нь байгаль орчинд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулга юм.

Иймд шүүгдэгч С.*******ын хувьд тухайн ургамлыг түүсэн үйлдэл хийгээгүй зөвхөн худалдан авсан, хадгалсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул хохирлыг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тодорхойлохгүй бодит хохирлоор тогтоож 377,5 килограмм хонин арцны экологи-эдийн засгийн үнэлгээ 73,235,000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.

 Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал хонин арц худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээ 73,235,00 /далан гурван сая хоёр зуун гучин таван мянга/ төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байр суурьтай оролцсон бөгөөд шүүгдэгчид торгох ял оногдуулж өгнө үү гэж өмгөөллийн дүгнэлт гаргав.

Шүүх шүүгдэгч С.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж,

мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх нь зүйтэй байна.  

Мөн Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж заасныг үндэслэв.

Шүүгдэгч С.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /хх-ийн 93-р хуудас/

Шүүгдэгч С.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан бөгөөд уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх шүүгдэгч С.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.*******ын хууль бусаар худалдан авсан хонин арцаа тээрэмдэх зорилгоор худалдан авч ашигласан хөх өнгийн Фермер ДКУ-03 маркийн тээрэм төхөөрөмж, хууль бусаар худалдан авсан, хадгалсан 26 шуудай 377,5 килограмм хонин арцыг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал хонин арц худалдан авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ад оногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.*******аас 73,235,000 /далан гурван сая хоёр зуун гучин таван мянга/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан шүүгдэгч С.*******ын хууль бусаар худалдан авсан хонин арцаа тээрэмдэх зорилгоор худалдан авч ашигласан хөх өнгийн Фермер ДКУ-03 маркийн тээрэм төхөөрөмж 1 ширхэг, хууль бусаар худалдан авсан, хадгалсан 26 шуудай 377,5 килограмм хонин арцыг тус тус улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

8. Шүүгдэгч С.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            П.ДОРЖБАЛ