Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2020/03336

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн 0000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Хужирбулан 00 дугаар гудамж, 000 тоотод оршин суух, Оовогт Э Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн 00 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, Цайз 00 дүгээр гудамж 00в тоотод оршин суух, Олонх овогт ЦЭ,

Хариуцагч: Монгол Улсын иргэн 000 регистрийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, Чулуут0 дугаар гудамж 00 тоотод оршин суух, Олонх овогт Цн Г нарт холбогдох,

Газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Ц.Э, гэрч В.Эр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Б миний бие 2018 онд БЗД *** тоот газар хашааг худалдан авсан. Тухайн үед газрын бичиг баримт шилжихэд ямар ч зөрчил гараагүй. 2020 оны 4 сарын 25 өдөр гэртээ байж байхад минь Ц.Г нь 8 залуу дагуулж ирээд, ******* НАА гэсэн номертой портер машинд гэр ачиж орж ирсэн. Миний газар дээр гэрээ барьж, миний гэрийг буулгана гэж сүрдүүлэн айлгаж, нялх хүүхэдтэй минь хамт айлгасан. Тухайн үед 102 дуудлагын утсанд дуудлага өгч цагдаа нар ирсэн боловч цагдаа нарт миний бичиг баримт гэж нэг ч зүйл үзүүлээгүй. Цагдаа нарыг бас л үг хэлээр загнаж, зандраад гэрээ бариад явсан. Тэр үед цагдаа нар ямар ч арга хэмжээ авч өгөөгүй. 2020 оны 4 сарын 29-нд газрын албанд хандаж шалгуулахад холбогдох бичиг баримт миний нэр дээр байна гэсэн. Газрын өмчлөлийн гэрчилгээ, кадастрын зураг, бүх холбогдох бичиг баримтыг хавсаргасан тул миний өмчлөлийн газрыг албадан чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э миний бие төрсөн эгч Ц.С******* 2003 онд БЗД-ийн дарга байсан Гантөмөр даргын үед өгсөн 500 айлын газар хуваарилалтаас эгчийн талын Б******* гэдэг хүнээс 15,000 төгрөгийг тоолж цагаан бичгээр авч хашаагаа барин 2 гэрээрээ амьдарч байсан. Тухайн үед нь сургууль цэцэрлэг баригдаагүй учир нэг гэрээ нүүлгэж цайз захын ойролцоо ирж амьдарсан. Миний эгчийг хашаандаа амьдарч байх үед О******* гэгч хүн хашааны зургийг нь ашиглан газрын гэрчилгээг өөрийн нэр дээр авч бүүр улмаар үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулан маргааныг эхэлсэн. Гэнэт Баттуяа овогтой Уянга гэдэг хүний нэр дээр амьдарч байгаа газрын маань үл хөдлөхтэй байгааг газрын албанд ч ирж бичиг баримтаа өгөх үед л мэдсэн. Тухай бүрд нь зохион байгуулагч О******* болон П******* нарт хандаж шийдвэрлэж чадалгүй явсаар Миний эгч С******* нь 2016 оны 9 сард өвчний улмаас нас барсан бид эгч дүүс олуулаа уг газрын эргэж тойрч 2014 оны 6 сард гол гэрч эгчийн маань 5 ханатай гэр нь шатаж хашааны тал нь шатаж бид нийлж блокоор хашаагаа блокоор шинэчилсэн юм. Миний бие газрын албанд зохих баримт бичиг бүгдийг бүрдүүлж 2017 оны 5 сард өгсөн зохион байгуулагч Отгонбаяр /тухайн үед Хужирбуланг хариуцаж байсан/ өөрийн биеэр очиж үзээд та нар олон жил амьдарч байгаа энэ газрын асуудлыг шийдвэрлэж өгнө гэж олон жил 2-3 болж байна. Харин энэ хооронд хооронд ямар хүн энэ газрын мөн өөр эмэгтэйд 3 сая төгрөгөөр зарж Энхтогтох овогтой Бгийн хашаанд өөрийн дураар бууж мөн маргаан үүссэн юм. Бид газрын албанд өгсөн бичиг баримтаа шаардаж Захиргааны хэргийн шүүхэд өргөдлөө гаргаж өгсөн болно. Одоо бидэнд байгаа, материал нь газрын албаны бичиг, галын дүгнэлт л хоёр л байна гэв.

 

Хариуцагч Ц.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Г би 2003 оноос 2017 оны 12 сар хүртэл эгч Ц.С*******тай хамт БЗД-ийн *** тоот буюу одоогийн Хужирбулангийн **** тоотод амьдарч байсан үнэн. Миний эгч Ц.С******* нь тухайн үед групптэй байнга өндөр даралттай байсан Хужирбуланд 2003-2017 он хүртэл амьдарсан. Энэ хугацаанд байнга БЗД-ийн газрын албанд өргөдөл өгч газраа авахыг хүссэн боловч миний эгчийг гэрээ, хашаа бариад амьдарч байхад газрын албанд таньдаг хүнтэй бөгөөд л огт амьдардаггүй мөн нэг хадаас ч гаргаагүй хүн бичиг баримт өөр хүний нэртэй гаргуулан байнга амгалан тайван байдал алдагдуулан өмч хувьчлал гарсан. Уянга гэдэг хүнийг хайж олон хүчингүй болгох гэж он цаг өнгөрсөн. Энэ тухай одоогийн газар зохион байгуулагч анх биднийг 2015 онд амьдарч байхад ирж үзсэн. Мөн 2017 онд үзсэн гэрчилнэ. Отгонбаяр гэдэг хүн бий. Уянга гэдэг хүн нь анх яаж хашаа ч бариагүй байх зураг, кадастр хийх бичиг баримт бүрдүүлэхэд одоо болтол гомдолтой байна. Бид ингэж олон жил уг газарт амьдарч ирсэн байхад миний эгчийг 2017 онд нас бархад дахин 2018 онд өөр хүний нэртэй бичиг баримт гарсан бид 2014 онд хашаа минь галд өртөж хоорондоо ярилцаж блокоор барьсан. Гэтэл одоо манай хашааны төмөр хаалганы төмөр муудаж бид эвлүүлэн орхиод хавар 2020 оны 4 сард гэр болон хашаагаа сэлбэх гэж ирэхэд 2019 оны өвөл буусан айл олон жил амьдарсан мэтээр манай эгчийн хашаанд ичих ч үгүй амьдарна гэж байгаад гомдолтой байна. Энэ асуудлаар миний эгч Ц.Э  байнга хөөцөлдөж байгаа би энэ эгчдээ тусалж хэрэгтэй болж хамт байна. Өөрөөр дахин дахин ирэх боломжгүй. Танай шүүх анх хэн хашаа барьсан уг хүмүүс яагаад хүний амьдарч байгаа хашааг гаднаас нь зураг авч материал бүрдүүлж байгааг шийдэж өгнө гэдэгт найдаж байна гэжээ.

Зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Ц.Э, Ц.Г нарт холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах, өмчлөгчийн хувьд шаардаж байгаа гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа газар албадан чөлөөлүүлэх гэжээ.

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байх боловч өмчлөгчийн хувьд энэ эрхээ бүрэн хэрэгжүүлэхэд саад болж байгаа нөхцөл байдлыг арилгуулахын тулд газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иргэний эрх зүйн хамгаалалтын арга нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасан “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх” хамгаалалтын аргаар хамгаалагдах агуулгатай байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зохицуулсан.

Хуульд зааснаар хөрөнгөө шаардах эрхийг нэг талаас хууль ёсны өмчлөгч гаргах бөгөөд нөгөө талаас энэ шаардлагыг хариуцах этгээдийн эзэмшил нь хууль бус байх учиртай.

Нэхэмжлэгч Э.Б нь Баянзүрх дүүргийн **** тоот хаягт байршилтай 493 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг бусдаас худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр худалдан авч, өмчлөх эрхийг шилжүүлсэн авсан хууль ёсны өмчлөгч болох нь зохигч талуудын тайлбар, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын лавлагаа зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 3-4, 21 дэх талд/

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж зохицуулснаар нэхэмжлэгч Э.Бд олгосон бүртгэлийг буруу ташаа гэж үзэх үндэслэлгүй байх тул улсын бүртгэлийн бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ.

Нэхэмжлэгч Э.Бг тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох талаар хариуцагч нар маргаагүй, харин тус газрыг өөрийн төрсөн эгчийн газар байсан, тус газарт олон жил амьдарч байсан гэж маргасан.

Хариуцагч нар өөрийн төрсөн эгч, талийгаач болох Ц.С******* нь тус газрыг хууль ёсоор эзэмшиж ашиглаж байсан гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна ийнхүү эгч нь эзэмшиж, ашиглаж байсан гэх үндэслэлээр тэдгээрийг маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд дан ганц гэрчийн мэдүүлгээр хууль ёсны эзэмшигчийг тодорхойлох боломжгүй болно.

Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч нарыг Баянзүрх дүүргийн ***** тоот хаягт байршилтай 493 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байх тул тус газрын хууль ёсны өмчлөгч Э.Б нь хариуцагч Ц.Э, Ц.Г нарын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө түүнчлэн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хууль бус үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч Э.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, **** тоот хаягт байршилтай 493 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч Ц.Э, Ц.Г нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч нар нь маргаан бүхий газрын улсын бүртгэлтэй холбоотойгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасанд шүүх захиргааны хэрэг үүсгээгүй болох нь хариуцагч Ц.Эгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон тул тус маргааныг шүүх хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                      

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн *** м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас хариуцагч Ц.Э, Ц.Г нарыг албадан чөлөөлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э, Ц.Г нараас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ЭНХЖАРГАЛ